Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор П.Бямбасүрэн

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/665 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бт холбогдох ....................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Батбаатарын Б.Б, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техник технологич мэргэжилтэй, "Аз Болд Трейд" ХХК-д засал чимэглэлийн ажилтай, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, ........................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

 

Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Бэлхи 112 дугаар чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Н нь "согтуу хүн хэвтэж байна, осгож байна..." гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 475 тоот хашаанаас авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр автомашиндаа суулган явах замдаа регистрийн дугаар, сангаас оршин суух хаягийг тодруулах зэрэг албан үүргээ биелүүлж байхад нь автомашин өнгөлөх зориулалтын шингэн бүхий хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж, автомашинаас буун зугтааж эсэргүүцсэн,

мөн хууль сахиулагч цагдаа М.Нн нүүрэн тус газар нь хуванцар саваар цохиж эрүүл мэндэд нь хөмсөг, дээд зовхины язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэнийг хөдөлбөргүй нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д "шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан" гэх улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж, "нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэжээ.

Б.Б гэрчээр мэдүүлэхдээ "...нэг ухаан орсон чинь миний хувцас цус болчихсон, толгой хөндүүр, халуу дүүгсэн байдалтай гандангийн гэрлэн дохионы уулзвар дээр цагаан өнгийн суудлын автомашинд сууж байхаар нь машинаас айгаад буугаад зам хөндлөн гараад эгч Уранчимэгийн гэр болох Баянгол дүүргийн замын цагдаагийн зүүн талд байрлах гэрт нь очсон чинь бас хаалганых нь кодыг мэдэхгүй байсан..." гэх /хх-16 дугаар хуудас/,

Хохирогч М.Н мэдүүлэхдээ "...Б.Б гэх залуугаас регистрийн дугаарыг нь асуугаад АСАП сангаас хаягыг нь тодруулахаар шүүгээд сууж байтал автомашины голын тавиур дээр байсан шаргал өнгийн хуванцар савтай салон өнгөлөгчийг Б.Б гэгч нь аваад үгийн зөрүүгүй миний баруун нүд хэсэг рүү 1 удаа цохисон" гэжээ /хх-12 дугаар хуудас/,

Гэрч Б.Сүхболдын "...төв зам руу гарч 103 түргэн тусламжийг өөдөөс нь тосохоор явж байтал автомашины голын тавиур дээр байсан шаргал өнгийн хуванцар савтай салон өнгөлөгчийг Б.Б гэгч нь аваад ямар нэгэн үгийн зөрүүгүй М.Нгийн нүд хэсэг рүү нэг удаа цохихоор нь машинаа зогсооход М.Н нүдээ дараад машинаас буухад уг залуу нь арын суудалнаас давж орж ирээд жолоочийн эсрэг талын хаалгаар буугаад зугтаахаар нь М.Н бид хоёр араас нь гүйж очоод бариад гарыг нь гавлаад машиндаа суулгасан юм..." гэх мэдүүлэг /хх-20-21 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №815 дугаар дүгнэлтэд "...М.Нгийн биед баруун хөмсөг, дээд зовхины язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ..." гэх дүгнэлт /хх-26 дугаар хуудас/

Шинжээчийн эмч Н.Энхцолмонгийн "...М.Нгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтлийг хязгаарлагдмал бус буюу том гадаргуутай зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй..." гэх мэдүүлэг /хх-24 дүгээр хуудас/ зэргээс дүгнэвэл хохирогч М.Нн биед учирсан баруун хөмсөг, дээд зовхины язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эсхүл хязгаарлагдмал бус том гадаргуу бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болох гэмтэл гэж үзэхээр байна.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогч М.Нн биед гэмтэл учирсан байсан эсэхийг тухайн үед дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч харсан эсэх, хохирогч М.Нд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн эсэх, түүнчлэн тухайн цаг хугацаанд дуудлагын дагуу түргэн тусламж очсон эсэх нь тодорхойгүй байх тул холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай гэж дүгнэлээ.

Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгаж хэргийг хянан шийдвэрлэх нь шударга ёсны бөгөөд гэм буруугийн зарчимд нийцнэ.

2. Шүүгдэгч Б.Бийг "Хууль сахиулагчийг эсэргүүцсэн" гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хууль сахиулагч цагдаа М.Нн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн нүүрэн тус газар нь хуванцар саваар цохиж эрүүл мэндэд нь хөмсөг, дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн байх ба "хууль сахиулагч цагдаа М.Нн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн... хөнгөн хохирол учруулсан" гэж ялласан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг зааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хохирогч М.Нгийн "...Удалгүй түргэн тусламж ирж уг залууг үзчихээд тархиндаа гэмтэл авсан байж магадгүй, гэмтлийн эмнэлэг орж зургийг нь авахуулах шаардлагатай гэж хэлээд 103-н эмч Лхагва-д хүлээлгэн өгсөн.." гэх мэдүүлэг, гэрч Б.Сүхболдын "...М.Н   бид хоёр араас нь хөөж барьж аваад гарыг нь ард нь гавлаад машиндаа суулгасан юм. Тэгээд удалгүй түргэн тусламж ирж уг залууг үзчихээд тархиндаа гэмтэл авсан байж магадгүй, гэмтлийн эмнэлэгт зургийг нь авахуулах шаардлагатай гэж хэлээд 103-н эмч Лхагва-д хүлээлгэн өгсөн...” гэж мэдүүлснээр Нийслэлийн яаралтай тусламж үйлчилгээг Б.Бт үзүүлэхээр дуудагдсаны дагуу ирж үзлэг хийсэн.

Хохирогч М.Нн эрүүл мэндэд хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлэг гэрчийн мэдүүлэг, шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 815 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар тал/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгчийн захирамжид заасан М.Нн биед гэмтэл учирсан байсан эсэхийг тухайн үед дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч харсан эсэх, хохирогч М.Нд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, зайлшгүй хийгдэх ажиллагаа биш юм.

Мөн хэрэг учрал болсны дараа дуудлагын дагуу түргэн тусламж ирж Б.Бийг үзээд тархиндаа гэмтэл авсан байж магадгүй, гэмтлийн эмнэлэгт зургийг нь авахуулах шаардлагатай гэж хэлсэн, хууль сахиулагч нар Б.Бийг 103-ийн эмч Лхагва-д хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт авагдсан, Б.Б нь гэрчээр "... өглөө Урантуяа эгчийн гэрт нь очиж толгойгоо үзүүлэхэд толгой хагарчихсан байсан, эгчээрээ    цэвэрлүүлж янзлуулчхаад амарсан..." талаар мэдүүлэг өгсөн байхад тухайн цаг хугацаанд дуудлагын дагуу түргэн тусламж очсон эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийснээр хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, хэргийн зүйлчлэл гэм бурууг тогтоох хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн 1909000980192 дугаартай "...Бэлхи 112 дугаар чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Н нь "согтуу хүн хэвтэж байна, осгож байна..." гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 475 тоот хашаанаас Б.Бийг авч авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр автомашиндаа суулган явах замдаа регистрийн дугаар, сангаас оршин суух хаягийг тодруулах зэрэг албан үүргээ биелүүлж байхад нь машины дотор талыг өнгөлөх зориулалттай шингэнтэй шаргал өнгийн хуванцар саваар нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн мөн автомашины арын суудлаас урагш давж орж ирэн тээврийн хэрэгслээс бууж зугтаан эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, дээрх хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "...тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн..." нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.

Улсын яллагчаас Б.Бийн үйлдлийг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэсэн гэж зүйлчилсэн, хүч хэрэглэхдээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байхад давхар хүндрүүлэх нөхцөл байдал болох "...эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэйн холбогдуулан өөрийг нь..." гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах, яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байгаа нь Б.Бийн үйлдсэн гэмт хэргүүдийг хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын давхардуулж, яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шалгуулахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хүний халдашгүй байх эрхийг хангах зэрэг заалтуудтай зөрчигдөж байна.

Эрүүгийн 1909000980192 дугаартай яллагдагч Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Б нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдсон, Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа талаарх хүсэлт ирүүлсэн, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мэдүүлэг авахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлсэн, хүлээлгэх эрүүгийн "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан яллагдагч Б.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 3200 нэгж буюу 3200000 төгрөгөөр торгох ял оногдуулах хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Н нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй талаараа хүсэлт ирүүлсэн, хохирогчтой эвлэрсэн үндэслэл бүрэн хангагдсан, шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцсон, шүүгдэгч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүхээс эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах буюу хүндрүүлэх нөхцөл байдлыг давхардуулан шалгуулахаар буцаасан нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас өөр үндэслэлээр хэргийг буцаасан, буцаахдаа дээрх зүйл заалтыг удирдлага болгон захирамжилж хэргийг буцааж байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Б.Бт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/665 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Б.Бт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд Б.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай байна. 

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоон, шүүгдэгчийн гэм буруу болон гэмт хэргийн хохирлын хэмжээ зэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж тогтоож гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүх, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнээд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Бт холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/665 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                                                                               

                        ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ