Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0383/З |
Дугаар | 221/МА2024/0221 |
Огноо | 2024-03-28 |
Маргааны төрөл | Татвар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0221
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А” ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар
Гуравдагч этгээд “Ах” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.
Хэргийн индекс: 128/2023/0383/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 61 дүгээр зүйлийн 61.3, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдох Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжилсэн актыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...
2.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Том татвар төлөгчийн газар нь татварын өр хураах зорилгоор “А х” ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэх ажиллагааг Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан дарааллын дагуу хэрэгжүүлсэн.
2.2. Шүүх шийдвэрээ гаргахдаа үндэслэл болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт: “Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Татварын алба татварын өрийг хураах ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ” гээд дарааллыг нэг бүрчлэн хуульчилжээ. Гэтэл хариуцагчаас гуравдагч этгээдийн татварын өрийг хураахдаа дээрх дарааллыг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны актад 5 нэхэмжлэлийг дурдаж битүүмжлэх ажиллагааг хийжээ” гэж дүгнэжээ. Үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
2.2.1. “А х” ХХК-ийн 81.1 тэрбум төгрөгийн өрийг хураахаар Татварын ерөнхий хуулийн 55 дугаар 55.2-т “Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ: 55.2.1 .нэхэмжлэх хүргүүлэх; 55.2.2. татварын өрийг үл маргах журмаар гаргуулах; 55.2.4.хөрөнгө болон авлага битүүмжлэх ажиллагааг дарааллын дагуу хэрэгжүүлсэн. Тодруулбал нэхэмжлэх татвар төлөгчид гардуулсан бөгөөд нэхэмжлэлд заагдсан хугацаанд өрийг барагдуулаагүй учир татварын өрийг үл маргах журмаар буюу бүх банкны дансны зарлагын гүйлгээг хязгаарлан битүүмжлэх ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний дараагаар хөрөнгө битүүмжлэх ажиллагаагаар “А х” ХХК-ийн олборлон баяжуулсан хөрөнгө болох төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжлэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хэрэгжүүлэн битүүмжлэх акт тогтоосон. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татварын өр хураах процесс ажиллагаа дарааллын дагуу явагдсан эсэх асуудлаар маргаан үүсгээгүй, энэ талаар нотлох баримт шаардаагүй атлаа шүүхийн шийдвэрт ийм үндэслэлээр дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт заасан асуудлаар маргаагүй, шүүх хуралдаан дээр яригдаагүй, хавтаст хэрэгт нотлох баримт цуглараагүй байхад ийм дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, хууль тогтоомжид нийцэхгүй байна.
2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт: ...Нөгөөтэйгүүр маргаан бүхий актаар гуравдагч этгээд “А х” ХХК-ийн 81.1 тэрбум төгрөгийн татварын өрийг гаргуулахаар битүүмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.0 тэрбум төгрөгийн өрийг төлж, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэрээр 22.3 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн бүртгэлийг илт хууль бусад тооцож шийдвэрлэжээ гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
2.3.1. Энэ маргаан нь “А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаан биш, шүүхийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй, уг асуудал нь маргааны үйл баримтад хамааралгүй байхад хольж хутган шийдвэр гаргасныг зөвтгөх боломжгүй юм. Тодруулбал: “А х” ХХК-ийн өрийг хураах зорилгоор битүүмжлэх акт тогтоох үед энэ үндэслэлд дурдагдсан асуудал үүсээгүй байсан. “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт “А х” ХХК-ийн 5.0 тэрбум төгрөгийн өр барагдсан асуудал, 22 тэрбум төгрөгийн өр хүчингүй болсон хамааралтай эсэх асуудал хамааралтай эсэхийг шүүх үндэслэлтэй тайлбарлаагүй . “А х” ХХК-ийн 81 тэрбум төгрөгийн өрөөс 22 тэрбум төгрөгт хамаарах маргаан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдан шийдвэрлэгдсэн ч уг шийдвэр нь хуульд заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болоогүй буюу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гарган давж заалдах шатны шүүхэд хянагдаж байхад эцэслэн шийдвэрлэгдсэн мэт дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно, 110.1.1.энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж заасантай нийцэхгүй байна. Өнөөдрийн байдлаар татварын бүртгэл мэдээллийн санд 22 тэрбум төгрөгтэй холбогдох өр барагдаагүй бүртгэлтэй байгаа болно. Харин 5.0 тэрбум төгрөгийн өр барагдсантай “А х” ХХК, татварын алба аль аль нь маргаагүй бөгөөд битүүмжилсэн хөрөнгөөс төлөгдсөн дүнгээр бууралт хийх эсэх асуудал нь “А х” ХХК, татварын албаны хооронд шийдвэрлэгдэх асуудал байх бөгөөд энэхүү маргаанд хамааралгүй болно.
2.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт: ...хэдийгээр талууд дээрх төмрийн хүдрийг “А х” ХХК олборлосон бүтээгдэхүүн гэдэгтэй маргадаггүй хэдий ч маргаж буй үндэслэлд хамаарах тухайн төмрийн хүдрийн баяжмал нь хэний өмч гэдгийг эцэслэн тогтоох шаардлагатай гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
2.4.1. “А х” ХХК нь Говь-Алтай аймгийн нутагт орших Таяннуурын уурхайгаас олборлон баяжуулсан төмрийн хүдрийн баяжмал нь “А х” ХХК-ийн өмч мөн. “А х” болон Мнарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болсон байдаг. Түүнчлэн шүүхэд нотлох баримтаар өгсөн “А х” ХХК-аас татварын албанд гарган өгч байсан баримт бичгээрх мэдээллүүд, Гаалийн хорооноос ирүүлсэн тодорхойлолт зэргээр үлдэгдэл овоолго нь “Алтай хүдэр” ХХК-ийн өмч болох нь тогтоогдох нэг үндэслэл болно. Нөгөө талаас энэхүү 2 компани нь олон улсын Инкотермс-2020 ЕХW нөхцөлөөр гэрээг байгуулсан байдаг бөгөөд энэ нөхцөлийг хэрэглэх тохиолдолд илгээгч буюу худалдагч тал ачаа барааг хүлээн авагч буюу худалдан авагчид өөрийн үйлдвэр, агуулахад худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгч нийлүүлэлт хийхийг шаардсан байдаг нөхцөл боловч энэ мастер гэрээгээр бүх төмрийн хүдрийн баяжмалаа худалдсан гэсэн үг биш юм. Ерөнхий нөхцөл нь мастер гэрээгээр зохицуулагдах болохоос нийлүүлэгдэх тоо хэмжээ, төлбөр нь уг гэрээгээр шууд зохицуулагдсан гэсэн үг биш.
2.4.2. Түүнчлэн 2022 оны 12 дугаар сард Бургастайн гаалийн талбайд байсан төмрийн хүдрийн овоолгыг бүхэд нь МХХК-д худалдчихсан байсан уу гэвэл үгүй. Хавтаст хэрэгт авагдсан “А х” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өрийн 82/23 дугаартай албан бичигт ... Экспортын тээвэрлэлтээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 сая тн баяжиап экспортлон БНХАУ-ын хилийн бүсэд Хятад талын Хуйтонг гаалийн хяналтын агуулахад 962.8 мянган тн, Дади Хонг Үей гаалийн баталгаат агуулахад 42.7 мянган тн баяжмалыг буулгаад байна. Энэ нь улсад импортын татвар төлөөгүй худалдан борлуулаагүй байгаа болно гэж тодорхойлсноос мөн “А х” ХХК болон МХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн актаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дансны эхний болон эцсийн үлдэгдэл нь 53.449.230.67 төгрөг, барааны үлдэгдэл 0 болохыг баталгаажуулж гарын үсэг зурсан баримт байдаг. Бургастай боомт дахь Төмрийн хүдрийн баяжмалын овоолгын нэг хэсгийг л битүүмжилсэн бөгөөд үлдэх хэсгээс “А х” ХХК нь борлуулалтаа хийн БНХАУ-ын шинэ худалдан авагч Гангийн үйлдвэрт нийлүүлэн төлбөрөө авч татварын болон ШШГА, Худалдаа хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулж байна. Дээрх үндэслэлүүд нь уг овоолго нь “А х” ХХК-ийн өмч болох нь нотлогдож байна.
2.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт: Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д ... гуравдагч этгээд нь шилжүүлэхээс татгалзсан тохиолдолд битүүмжлэхгүй гэж заасан хуулийн заалтыг үндэслэл болгожээ. Уг маргааны тухайд хэн нь гуравдагч этгээд болохыг шүүх тогтоосон уу гэдэг зүйл яригдах ёстой. Гуравдагч этгээд гэж хэнийг хэлээд байгаа нь уг хэсэгт ойлгомжгүй байна. Хуулийн томьёоллоос харвал эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд байхаар боловч “А х” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэхэд хэний эрх ашиг нь хөндөгдсөн бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Бид тээвэрлэлтийн явцад замаас нь хөрөнгийг нь битүүмжлээгүй учраас тээвэрлэх явцад барааны бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй тээвэрлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй МХХК болон “А х” ХХКийн хооронд 2022 оны 12 дугаар сарын байдлаар 53.4 сая төгрөгийн авлагын тооцоо л байсан болох нь хоорондын тооцоо нийлсэн актаар нотлогдсон учраас МХХК-д борлуулсан гэдэг нь нотлогдохгүй. Иймд уг хуулийн заалтыг үндэслэн хэнийг гуравдагч этгээд гэж шүүх үзээд, хэн хөрөнгийг шилжүүлэхээс татгалзсанг нотлоогүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
2.5.1. Мөн “А х” ХХК болон МХХК нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ” /мастер гэрээ/-ний төлбөр төлөх нөхцөл нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасантай нийцэх байх бөгөөд энэ нь барааг нэр заагдсан талбайд буулгаснаас хойш 3 хоногийн дотор төлбөрийг төлснөөр өмчлөх эрх Б талд шилжихээр зохицуулагдсан нь мөн л МХХК-ийн өмч гэдэг нь нотлогдохгүй юм.
2.6. Дээр дурдсан үндэслэлүүдээр, нотлох баримтуудаар “А х” ХХК-ийн өмч болох нь тогтоогдсон, Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан өр хураах ажиллагааг хэрэгжүүлсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, шүүх хуралдааны явцад яригдаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаагүй байхад шүүх буруу дүгнэлт хийж хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан ажиллагаа хийсэн эсэхийг шүүх хуульд заасны дагуу хариуцагчаас нотлох баримт цуглуулан тогтоох ёстой байтал хийсвэр дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй юм.
2.7. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу уг хэргийн нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн эсэх, хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаанаас “А” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн бэ, “А” ХХК нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, “А х” ХХК-ийн өмчийг битүүмжлэх ажиллагаанд яагаад “А” ХХК гомдоод байгаа бэ, МХХК нь миний өмч гэдгээ юугаар баталсан нотолсон бэ, хэрэв өмч нь нотлогдсон тохиолдолд эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх нөхцөл үүсэх бөгөөд энэ компани нь “А” ХХК-д өөрийнх нь өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэл өгсөн үү гэх мэт асуудлыг хариуцагчаас тайлбарласаар байхад шүүх анхаарч үзээгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0018 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болсон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
1. “А” ХХК нь “Говь-Алтай аймгийн Бургастай боомтын дэргэд байрлах “А” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилсэн Татварын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжлэх актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Анхан шатны шүүхээс “... хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан дарааллыг хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, “А х” ХХК-ийн “Миллион Вижн Групп Лимитэд” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г дуусгавар болсон, эсхүл дүр үзүүлж хийсэн хэлцэл эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх, тухайн бүтээгдэхүүний өмчлөгч хэн болохыг эцэслэн тогтоох, битүүмжилсэн өр төлбөрийн хэмжээнд шүүхийн шийдвэрээр өөрчлөлт орсон зэргийг харгалзах нь зүйтэй” гэж дүгнэн, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... битүүмжлэх ажиллагааг дарааллын дагуу хэрэгжүүлсэн асуудлаар талууд маргаагүй, шүүх хуралдаан дээр яригдаагүй, хавтаст хэрэгт нотлох баримт цуглараагүй байхад ийм дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, хууль тогтоомжид нийцэхгүй байна. Энэ талаар баримт шаардсан бол гаргаж өгөх байсан” гэжээ.
3.1. Хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэлийн агуулга зэргээс үзвэл энэ талаар маргаагүй байх тул Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар татварын өрийг хураах ажиллагаа дарааллын дагуу хэрэгжүүлсэн эсэхийг тодруулах шаардлагагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
4. Мөн давж заалдах гомдолд “... Хуулийн томьёоллоос харвал эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд байхаар боловч “А х” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэхэд хэний эрх ашиг нь хөндөгдсөн бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Бид тээвэрлэлтийн явцад замаас нь хөрөнгийг нь битүүмжлээгүй учраас тээвэрлэх явцад барааны бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй тээвэрлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй “м” ХХК болон “А х” ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын байдлаар 53.4 сая төгрөгийн авлагын тооцоо л байсан болох нь хоорондын тооцоо нийлсэн актаар нотлогдсон учраас “м” ХХК-д борлуулсан гэдэг нь нотлогдохгүй. Иймд уг хуулийн заалтыг үндэслэн хэнийг гуравдагч этгээд гэж шүүх үзээд, хэн хөрөнгийг шилжүүлэхээс татгалзсан болохыг нотлоогүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн” гэжээ.
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “А х” ХХК-аас “маргаан бүхий битүүмжлэх актыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 8130 дугаар захирамжаар “маргаан бүхий актын улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзвэл тухайн актад холбогдуулан өөр агуулгаар шаардлага гаргасан байхыг шаардана” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
4.2. Харин нэхэмжлэгч “А” ХХК нь “м” ХХК (Захиалагч)-тай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Урт хугацаат тээврийн гэрээ” байгуулж, Тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэхээр тохирсон бөгөөд уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тээвэрлэгч нь энэхүү гэрээг байгуулснаар Таяннуурын уурхайн ачих цэгээс тогтоосон хугацаанд бүтээгдэхүүнийг ачиж, нэрлэсэн цэгт хоцрогдолгүйгээр хүргэх үүрэгтэй” гэж зааснаар “ачаа тээвэрлэх” үүрэг хүлээсэн этгээдийн хувьд тухайн битүүмжилсэн хөрөнгө нэхэмжлэгчийн талбайд байсантай холбоотой маргаан бүхий битүүмжлэх актад “А” ХХК-ийн нэрийг оруулж, улмаар тухайн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилж, захиран зарцуулах, шилжүүлэхийг хориглож, хадгалалт, хамгаалалтад нь хүлээлгэн өгчээ.
4.3. Энэхүү үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.9-д “Хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журмыг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 50, 51, 52, 53, 54, 56 дугаар зүйлд заасныг жишиг болгон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Сангийн сайдын 2019 оны 307 дугаар тушаалаар баталсан “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ын[1] 8.1-д “Битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг өртэй татвар төлөгч, эсхүл тухайн хөрөнгийг эзэмшигч гуравдагч этгээдэд хадгалуулж болно” гэж, 8.3-д “Энэ журмын 8.1, 8.2-т заасан этгээд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд татварын албаны зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасны дагуу хийгдсэн байна.
4.4. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан акт нь дээрх хуулийг зөрчөөгүй, хууль бус шийдвэр гаргаагүй байх тул үүний улмаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн “тээвэрлэх үүргээ биелүүлж, төлбөрөө авах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхгүй.
5. Мөн гомдолд “...“А х” ХХК-ийн 81 тэрбум төгрөгийн өрөөс 22 тэрбум төгрөгт хамаарах маргаан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн ч уг шийдвэр нь хуульд заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болоогүй буюу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гарган давж заалдах шатны шүүхэд хянагдаж байхад эцэслэн шийдвэрлэгдсэн мэт дүгнэлт хийсэн. “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт “А х” ХХК-ийн 5.0 тэрбум төгрөгийн өрөө барагдуулсан асуудал, 22 тэрбум төгрөгийн өр хүчингүй болсон асуудал энэ хэрэгт хамааралтай эсэхийг шүүх үндэслэлтэй тайлбарлаагүй ...” гэжээ.
5.1. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.8-д “Өртэй татвар төлөгч татварын өрөө бүрэн барагдуулсан, эсхүл энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжлэх актыг хүчингүй болгоно” гэж, дээрх журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Татварын алба дараах тохиолдолд битүүмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн цуцална: 9.1.1.татвар төлөлт, суутган тооцох, татварын тайлан залруулснаар татварын дүнд өөрчлөлт орох зэргээс хамаарч, эсхүл бусад шалтгаанаар битүүмжлэлд хамаарах татварын өр бүрэн барагдсан; ... 9.1.3.битүүмжлэлд хамаарах татвар хэсэгчлэн төлөгдсөн, суутган тооцогдсон, залруулсан тайлангаар ногдол буурсан, битүүмжилсэн хөрөнгийн үнэ өссөн болон бусад шалтгаанаас тухайн үнэ нь битүүмжлэлд хамаарах татвар болон бусад авлагын нийлбэрээс 2 дахин их болох;” гэж тус тус заасан.
5.2. Эдгээр хуулийн заалтаар татвар хэсэгчлэн төлөгдсөн, эсхүл шүүхийн шийдвэрээр татварын өрийн хэмжээг багасгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа тухайн хэмжээгээр битүүмжлэлийг хэсэглэн цуцлах боломжтой байх тул “шүүхийн шийдвэрт энэ хэрэгт хамааралгүй, өрийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэсэн” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
6. Мөн анхан шатны шүүхээс энэ хэргийн нэхэмжлэгч нь “А” ХХК байхад “битүүмжилсэн хөрөнгө нь “А х” ХХК”-ийн өмч мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь хэрэгт ач холбогдолгүй, цаашид тодруулах шаардлагагүй асуудал байх бөгөөд дээр дурдсанаар “А х” ХХК нь бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай маргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд “... “А” ХХК-ийн тухайн баяжмалыг өмчлөх эрх нь зөрчигдсөн” гэж тайлбарласан боловч “А” ХХК-ийн төлөөлөгч нь “өмчлөх эрх” зөрчигдсөн гэж маргаагүй, харин дээр дурдсан тээвэрлэлийн үйл ажиллагааны талаар тайлбарласан зэргээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болжээ.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4, 60 дугаар зүйлийн 60.9-д заасныг баримтлан Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Бургастай боомтын дэргэд байрлах “А” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилсэн Татварын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/05/01 дугаар битүүмжлэх актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг нь “2”, 5 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, 2 болон 3 дахь заалтыг бүхэлд нь хасаж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.м нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 4629 дугаарт бүртгэгдсэн. Эмхтгэл 2020 он №1