Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00004

 

МАГАДЛАЛ

Ц.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02331 дугаар шийдвэртэй, Ц.Тын нэхэмжлэлтэй, хариуцагч УТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УТӨХК-ийн харьяа Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-оор ажиллаж байсан бөгөөд байгууллагын захиргаа нь 5024614 кодтой хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тушаасныг Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан гэж эрхэлж байсан ажил, албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ талаар би Эрчим хүчний яаманд хандаж ажлаас халсан шийдвэр материалыг хүргүүлж хянуулсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй байсаар намайг хохироосон шийдвэр гаргаж гомдлыг хүлээж аваагүй. Би энэхүү гомдлынхоо хариуг Эрчим хүчний яамнаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн огноотой 1/1866 тоот албан тоотоор 2017 оны 06 дугаар сарын 17-нд хүлээн аваад, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2017/14440 тоот захирамж гаргаж, нэхэмжлэлээ Иргэний хэргийн шүүхэд хандаж гарга гэсэн үндэслэлээр буцаасан.

Би УТӨХК-д өөрийн мэргэжил, боловсролынхоо хүрээнд даалгасан ажлыг цаг тухайд үр дүнтэй гүйцэтгэж байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан бөгөөд ямар нэг ажил мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй. Намайг ямар ч шалтгаангүйгээр, үндэслэлгүй ажлаас халж 2016 оны 11 сараас одоог хүртэл 8 сар ажилгүй хохироож байна. Иймд УТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/693 тоот ажлаас халсан тушаал хууль бус болохыг тогтоолгон ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь тус компанийн хэрэглэгчтэй харилцах албанд ажиллаж байсан ба өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил хөдөлмөрөө хийхгүй, байнга ажлын таван өдрийн гурван өдөр ажиллаж үлдсэн 2 өдөр эмнэлгээс байнга акт авдаг бөгөөд цагаа бүртгүүлэхгүй зөрчил гаргаж олон удаа цалингийн арга хэмжээ авагдаж байсан. Дээрх нөхцөл байдлаас болж ажлын байр өөрчлөх зорилгоор Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-оор шилжүүлж ажиллуулсан.

Гэтэл дээрх алдаа дутагдал байнга давтагдаж 5024615 кодтой хэрэглэгчээс цахилгааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу дөрөв дэх өдөр аваад өөр дээрээ 4 хоног байлгаж байгаад тушаасан зөрчил гаргасан. Хэрэглэгч цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлсөн байтал яагаад миний мөнгийг тушаахгүй олон хоног болсон талаар гомдол гаргаснаар уг зөрчил илэрсэн. Энэ нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил тул гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/693 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Уг тушаал гарснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Ц.Тын зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулсан ба нэхэмжлэгч гомдол гаргах хугацаагаа алдсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар УТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах тухай нэхэмжлэгч Ц.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал “өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил хөдөлмөр хийдэггүй, 5 хоногийн 3 өдөр ажиллаж, 2 өдөрт нь акт авдаг” гэж дураараа нотлох баримтгүйгээр гүжирдсэн. Акт авч байсан тохиолдлууд байсан, тэр нь хоёр удаа аваад осолд өртөж гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Мөн тэр эмэгтэйд төмрөөр толгойдоо цохиулж хүндрэлүүд гарч эмнэлгээр эмчлүүлж байсан. Гэхдээ тухайн үедээ эмнэлгийн байгууллагуудаар хүн явуулж шалгуулж байсан. Ажлын цагаа хуруугаар бүртгүүлэхгүй, байнга зөрчил гаргаж олон удаа цалингийн арга хэмжээ авч байсан гэжээ. Хоёр удаа цалингийн арга хэмжээ авч байсан нь үнэн бөгөөд 1-т 3 удаагийн хоцролтын төлөө, бусад заримтай нь тохиолдлууд ижил ч арга хэмжээ надад л авагдаж байсан. 2-т сахилгын шийтгэл хилсээр авч байсан. Дээрх үндэслэлүүдээр 2 удаа цалингийн арга хэмжээ авсны дараа ажлын байр өөрчлөн шилжүүлсэн. Гэтэл дээрх алдаа дутагдал байнга давтагдаж байсан хэмээн гүтгэсэн.

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5024615 кодтой хэрэглэгчээс авсан цахилгааны төлбөр болох 39 600 төгрөгийг амралтын өдөр давхцсан, явж байсан станцаасаа оройтож буусан гэх мэтээр 4 хоног саатаж тушаасан зөрчил гаргасан нь үнэн. Миний бие ажиллах хугацаандаа гаргасан алдаа дутагдал гэвэл яг бодит үнэн нь бэлэн мөнгө хоёр сарын төлбөрөө төлөөгүй гачигдалтай хэрэглэгч таслуулахгүйн тулд гуйсны учир түүнд туслахаар мөнгийг авч 4 хоног саатуулан ажлын байрны тодорхойлолтоос гадуур ажил хийсэн бөгөөд яг үүнийг хүсэн хүлээж байсан нөхцөл нь олгогдож халагдсанд оршино.

Иргэний шүүхэд хандсан цаг хугацааны хувьд яам болон захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 11 дүгээр сард хандсаны дараа болон тушаал гарахаас ч өмнө амаар олон янзаар хандах оролдлого хийсэн саатуулагдсан амаар хариу хүлээж хугацаа их алдсан. Захиргааны хэргийн шүүх дээр цаг алдсан ба тэнд тушаал авангуутаа хандсан боловч иргэний шүүх рүү хандахыг шууд мэдэгдэх боломжгүй байсан байна. Яамнаас мөн зарим нэг асуудлын талаар шууд төрийн дээд байгууллагад л хандах гэж ойлгож байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч УТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “нотлох баримт гаргуулах” тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Хариуцагч байгууллага нь шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримтыг ирүүлсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад буюу талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг хуралдаан даргалагч асууснаар уг нотлох баримтыг гаргасан нь тэмдэглэлд тусгагджээ. /хх39, 41, 44-60/

 

Нэхэмжлэгч Ц.Т нь байгууллагын захиргаа 5024614 тоот хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 24-ний дотор тушааж хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажлыг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан гэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна. Дээрх тохиолдолд хариуцагч байгууллагын гаргасан 16 хуудас нотлох баримт болох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолт зэргийг шүүх нэхэмжлэгчид танилцуулах зайлшгүй шаардлагатай.

 

Гэтэл энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрх зөрчигдсөн буюу талуудын тэгш байдлыг шүүх хангасан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА