Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/1023/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1055 |
Огноо | 2022-05-07 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1055
2022 07 05 2022/ШЦТ/1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2085 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Ханбогд 4 дүгээр баг Баян гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Гарден ресиденс хотхоны 514-104 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Гарден ресиденс хотхоны 516-104 тоотод хохирогч Б.Алдармаатай гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, баруун дал орчимд хутгаар хутгалж нуруунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхи, зүүн хацар, нуруу, баруун бугалганд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацар, нуруу, цээж, баруун шуу, зүүн бугалга, шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгсэн эхнэр над руу дайраад байхаар нь би ор луу түлхээд унагаасан тэгсэн эхнэр босоод ирэхээр нь би эхнэрийнхээ толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь гараараа нүүр хэсэг нь 2-3 удаа алгадсангэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-02 дахь тал/,
Хохирогч М.Алдармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед амралтнаас гэртээ ирсэн. Тэгээд би унтаж байсан чинь орой 17 цагийн үед манай нөхөр Батзаяа, дүү Батбилэгийн хамт орж ирсэн. Тэгээд Батзаяа надтай ярилцах юм байна босоод ир гэхээр нь би боссон чинь хэрүүл өдөөд эхэлсэн “чи архи уусан юм уу” гээд ба манай ажпын залуутай хардаад байсан. Удалгүй бид хоёр маргалдаж байгаад манай нөхөр Батзаяа миний нүүрний баруун хэсэгт 2 удаа гараараа алгадсан, тэгээд намайг үсдээд чирээд миний баруун, зүүн хавиргаруу 2 удаа өшиглөсөн. Тэгсэн нөхрийн дүү Батбилэг, манай нөхрийг аваад гараад явсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн орчимд манай нөхөр гэртээ архи уусан орж ирсэн. Орж ирээд надаас таксины мөнгө 10,000 төгрөг өг гэхээр нь би байхгүй гэсэн чинь чи яасан хамаг мөнгөө архи уугаад дуусгасан уу гээд хэрэлдээд байсан. Тэгээд миний үснээс зулгаагаад, газар чирээд, гараараа 5-10 удаа миний толгой руу цохисон, тэгэхээр нь арай гэж болиулаад би гал тогооны өрөөнийхөө цонхоор юм хараад цаашаа зогсож байсан чинь манай нөхөр Батзаяа гал тогооноос хутга аваад миний баруун талын далны дээд талд 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7593 дугаартай “М.Алдармаагийн биед нуруунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхи, зүүн хацар, нуруу, баруун бугалганд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацар, нуруу, цээж, баруун шуу, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх нурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн, бусад хэсгийн цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Гарден ресиденс хотхоны 516-104 тоотод хохирогч Б.Алдармаатай гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, баруун дал орчимд хутгаар хутгалж нуруунд зүсэгдсэн шарх, зүүн доод зовхи, зүүн хацар, нуруу, баруун бугалганд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацар, нуруу, цээж, баруун шуу, зүүн бугалга, шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******, хохирогч Б.Алдармаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7593 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
*******гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч М.Алдармаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 39 дэх тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ