Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/735

 

2022        05         20                                 2022/ШЦТ/735

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогч С.Нямсүрэн,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Батцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00491 1106 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, Эм Си Лог Хаус ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж 20 байр 41 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавана” гэх нэртэй караокед хохирогч С.Нямсүрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч С.Нямсүрэнгийн нүүрэн тус газарт өшиглөж, дэвсэж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ явдлаас хойш зөндөө бодлоо, энэ хэрэг хийсэндээ харамсаж байна. Үнэхээр хүн алддаг юм байна. Одооноос энэ алдаагаа засаад хүн шиг амьдармаар байна. Миний энэ авираас болоод Нямаа эгчид ийм гэмтэл учруулаад хохироосондоо үнэхээр харамсаж байна. Архи үнэхээр хүнийг ааш авирыг эвддэг юм байна. Үүнээс хойш энэ байдлаа засаад архи уухгүй байгаа. Нямаа эгчээсээ ямар нэгэн байдлаар уучлалт гуйж байна. Ирээдүйд гарах бүх зардлыг тань төлнө” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө байсан. Бид хэд шинэ жилээ тэмдэглэж яваад үргэлжлүүлээд манай ажлын найз Намуундарийн хүсэлтээр найз залуугийнх нь караоке руу бид нар явсан юм. Тэгээд гурвуулаа хэсэг байж байгаад Билгүүн Намуун хоёр маргалдаад байж байгааг би санамсаргүй үүдэнд явж байхдаа харсан. Тэгээд Билгүүн Намуунааг түлхээд унагааж байхаар нь чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь Билгүүн намайг цохиод авсан. Тэгээд дагзаараа савж унасан. Мэдүүлэг дээр өгсөн үйл явдал яг болсон.  Тийм зүйл болсон. Нүүрэн дээр 2-3 удаа дэвсээд тэгээд юу болсныг санахгүй байсан. Одоо ч гэсэн сайн санахгүй байгаа. Тэгээд таксинд ухаан орсон” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс

Шүүгдэгч *******ий яллагдагчаар “...их согтсон байсан учир юу болсныг сайн санахгүй байсан. Одоо эргээд бодоход Нямсүрэнгийн биед би гэмтэл учруулсан байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч би Нямсүрэнгийн эмчилгээний зардал болох ойролцоогоор 3.000.000 төгрөгийг өгсөн байгаа бас дээрээс нь нэмж цаашид гарах эмчилгээний зардал болгож 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/,

Хохирогч С.Нямсүрэнгийн “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэсэн. Манай ажлын хамт олон байсан. Эхлээд нь бид нар нэг ресторанд орсон нэрийг нь санахгүй байна дараагаар нь диско бааранд орсон. Тэгээд дуусаад ажлынхаа Түвшөө, Намуун нартай хамт караоке орохоор явсан хаана орсноо санахгүй байна ямар ч байсан Сансарт байдаг караоке байсан. Тэндээ нэг цаг орчим суусан би караокед ороод ногоон шилтэй виски байсан нэрийн нь мэдэхгүй байна вискинээс нь 2-3 удаа уусан. Ресторанд байхдаа 6-уулаа нэг 0.75 литрийн виски хувааж уусан. Бааранд байхдаа 0,33 литрийн савалгаатай нэрийг нь мэдэхгүй пиво 2-3 шилийг уусан. Сансрын туннель дээр байрлах караокед очиход Билгүүн 3-4 найзтай бас 2-3 охин байсан. Тэгээд бид 3 очсоны дараа нөгөө найзууд нь түрүүлээд яваад өгсөн. Тэгээд бид нар явах гээд байж байсан чинь үүдэнд Билгүүн нь Намуунааг коридорт түлхээд байж байсан. Тэгээд Намуунаа газар унасан тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэж Билгүүнд хэлсэн тэгээд би Билгүүн рүү яваад очсон. Тэгсэн Билгүүн миний хүзүүнээс боож аваад намайг түрээд явсан тэгээд ард дэгээ тавиад би газар дагзаараа саваад унасан тэгээд ёоё гэхийн завдалгүй Билгүүн миний нүүрэн дээр дэвслээд унасан тэгээд би ухаан балартаад шоконд орсон байсан тэгээд таксинд сэрсэн тэгээд би нүүрээ мэдэрсэн чинь аймаар болсон байсан тэгээд би орилоод явж байгаад гэмтэл орсон гэмтлийн эмнэлэг дээр очиход манай нөхөр хүүхэд 2 ирсэн байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт үзүүлээд дараагаар нь мөнгөн гүүр ороод МРI зураг авахуулсан. Миний нүүрний зүүн талын шанааны яс хугарсан, нүдний ухархай бас цууралттай гэмтэлтэй байсан тэгээд би Мөнгөн гүүр эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэж хэвтсэн дараагаар нь нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлж байгаад нүд эрүү нүүрний хагалгаанд орсон. Тэгээд би эмнэлгээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоо миний биед нүүр таллаж өвдөж байгаа бас толгой өвдөж байгаа. Билгүүн нь надад хохирлын мөнгө болгож 2021 оны 12 дугаар сарын 30-с 31-ний хооронд миний Хаан банкны 5753107713 дугаарын дансанд 10.000.000 төгрөг шилжүүлж өгсөн байгаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг бас Билгүүн нь төлсөн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1998 дугаартай

1. С.Нямсүрэнгийн биед баруун хацар ясны нум, суурь ясны баруун их далавч, хацар ясны нийлэх заадас дайрсан хугарал, баруун хоншоор ясны урд болон ар хана, баруун нүдний ухархайн доод, гадна заадас дайрсан хугарал, баруун дээд 1,2-р шүдний сулрал, зулай, зовхи, хацар, эрүү, хоншоор, хацар, бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хавана” гэх нэртэй караокед хохирогч С.Нямсүрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт өшиглөж, дэвсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч ******* /хавтаст хэргийн 58 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, хохирогч С.Нямсүрэн /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1998 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ий хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч С.Нямсүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байх тул шүүгдэгчээс цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч ******* нь хохирогчид 12.785.800 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ий үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоос төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******ий цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч С.Нямсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч *******ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 12.785.800 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ