Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 109/2023/0020/З |
Дугаар | 221/МА2024/0184 |
Огноо | 2024-03-14 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0184
Б.Л-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г
Нэхэмжлэгч: Б.Л
Хариуцагч: Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Лд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 109/2023/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Л-аас хариуцагч Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдуулан Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Л-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6. дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3. дахь хэсгийн 33.3.2 заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Л-д холбогдох /Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер/ хэсгийг илт хууль бус болохыг тогтоож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг дутуу цуглуулсан хариуцагчийн зүгээс гаргаж өгөх нотлох баримтыг авалгүй хэргийн хянан шийдвэрлэсэн.
3.2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалтын хэрэгжилтийг хангалгүй орхиж Захиргааны Ерөнхий хууль, Боловсролын ерөнхий хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн маргаан бүхий захиргааны акттай холбоотой зүйл заалтуудын хэрэгжилтийг магадлан үзэлгүй хэргийг хянан хэлэлцсэн байна.
Иймд захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 109/ШШ2024/0003 тоот дугаар шийдвэрийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох нотлох баримт гаргаж өгөх мэтгэлцэх эрхээ хангах бололцоог олгон шийдвэрлэж өнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Б.Л-аас “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалтын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.2. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежер, арга зүйчийн ажлын байранд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сонгон шалгаруулалт явуулах зарыг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.Л-ын албан тушаал болох Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаал тусгагдсан байна.
2.3. Улмаар дээрх сонгон шалгаруулалтад иргэн Э.Н 72 оноотой тэнцсэн тул тухайн албан тушаалд томилуулах саналыг Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас 2023 оны 22 дүгээр сарын 17-ны өдрийн 01/399 дүгээр албан бичгээр Тариат сумын ерөнхий боловсролын сургуульд хүргүүлжээ.
2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь ...журмын дагуу тухайлсан байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээнд, харин багш, ажилтныг сонгон шалгаруулж, томилох эрх хэмжээ нь тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд ...хуулийн заалтуудыг Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар зөрчсөн байна, ...дээрх албан тушаалтныг сонгон шалгаруулах талаарх Боловсрол, шинжлэх ухааны газарт хуулиар тусгайлан эрх олгоогүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
2.5 Учир нь Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө”, 33 дугаар зүйлийн 33.3.2-т “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” эрхийг Боловсролын сургалтын байгууллагын захирал хэрэгжүүлнэ гэж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.4-д “аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл зохион байгуулна” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар нь Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж, харин боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх эрхийг тухайн байгууллагын захирал хэрэгжүүлэхээр хуульчилсан байхад хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж маргаан бүхий сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль зүйн үндэслэлгүй тул уг сонгон шалгаруулалтаас гарсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.
2.7. Хариуцагчаас “...Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Л нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Нийтийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсгийг зөрчиж томилогдсон тул сургуулиас албан бичгээр ирсэн хүсэлтийн дагуу Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч уг татгалзал нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.
2.7.1. Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар албан бичгээр тус сургуулийн үнэлгээ хариуцсан сургалтын менежерээр Б.Л-ыг томилох талаар мэдэгдэж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлсний дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05/3395 дугаар албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно гэх хариу ирүүлсэн,
2.7.2. Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/118 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газарт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн “ШҮҮР” ажиллагааны мэдээллийг хүргүүлсэн тайланд нэхэмжлэгч Б.Л-ын талаар тусгагдаагүй,
2.7.3. Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаартай албан бичгээр “...тус сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны хөтөлбөр хариуцсан үнэлгээний менежерийн орон тоонд захиалга өгөөгүй болно” гэх тодорхойлолт,
2.7.4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1б/5911 тоот “...дээрх сонгон шалгаруулалтыг цуцлах арга хэмжээ авч, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэх чиглэл”-ийг хариуцагчид хүргүүлсэн албан бичиг,
2.7.5. Архангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр “...Ерөнхий боловсролын сургуулийн менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалт нь тус Салбар зөвлөлд хамааралгүй асуудал бөгөөд сургалтын менежерийг томилж, чөлөөлөх асуудал нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т заасны дагуу тухайн албан тушаалыг томилох эрх бүхий албан тушаалтан буюу боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгчийн эрх хэмжээний асуудал болно” гэсэн тайлбарыг ирүүлсэн зэргээс үзвэл хариуцагч нь үндэслэлгүйгээр хууль бус сонгон шалгаруулалт зарлаж, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль бус шийдвэр болжээ. Энэ талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.
2.8. Нөгөөтээгүүр, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хууль, холбогдох дүрэм, журмыг үндэслэж шийдвэр гаргах учиртай.
2.9. Гэтэл Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 “Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 33.3.2-т “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” гэж заасныг тус тус зөрчсөн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.10. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан маргаан бүхий актад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий сонгон шалгаруулалтаас гарсан шийдвэрийн нэхэмжлэгч Б.Л-ын эрхэлж буй албан тушаалд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох болгож зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалтын Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА