Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/752

 

2022        05         24                                 2022/ШЦТ/752

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1346 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч хамт Төв аймгийн Зуунмод 4 дүгээр баг Зүүн дэлгэр а1 гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо 152-15 тоотод түр оршин суух хаягтай, Л.А

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Л.А нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч С.Тэмүүлэнг шоолж инээлээ гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч Л.Агийн “2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын шинэ Монгол сургууль дээр өөрийн найз Мөрөнгоотой уулзаад дүүг нь цэцэрлэгээс авахаар явж байтал Мөрөнгоогийн ангийн нэрийг нь мэдэхгүй 4 хүүхэд бид хоёрыг хараад хоорондоо юм яриад шоолоод инээгээд байсан. Тэгээд инээгээд шоолоод байхаар нь би Мөрөнгоог дүү рүү нь явуулчхаад, нөгөөх нь араас дагз руу цохихоор нь заамдаж байсан хүүхдийн нүүрний зүүн хэсэгт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод араас нь зодоод байсныг нь дэгээдэж унагаачхаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

Хохирогч С.Тэмүүлэнгийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/

Насанд хүрээгүй хохирогч С.Тэмүүлэнгийн “би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Шинэ Монгол сургуулиасаа гараад автобусанд суух гээд гурван найзтайгаа алхаад явж байсан чинь манай найз Мөрөнгоо болон найз залуу нь хажуугаар нь явж таарахад нь бид нар юм яриад инээлдэж таарсан. Тэгээд найз залуу нь өөрийг нь шоолж байна гэж ойлгоод эргэж хараад байхаар нь бид нар урдаас нь мөн адил харсан чинь юугаа хараад байгаа юм инээдтэй байна гэж байснаа бид хэд дээр ирээд манай найз Цэлмүүнийг наашаа дагаад яз гзэд дагуулаад явахаар нь бид нар дагаад явсан тэгсэн чинь нэг буланд очоод манай найзыг унагаах гээд чадаагүй ээ. Тэгээд ноцолдоод байхаар нь би боль гээд салгасан чинь намайг тэр залуу юу гээд байгаа юм хараад байна уу гэж хэлээд миний нүүр хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн тэгээд дараа нь гарт нь нэг юм байх шиг байсан юу гэдэг нь мэдэгдэхгүй байсан тэр зүйлээ атгаж байгаад миний нүүр хөмсөг, зүүн нүдний доод хэсэгт, уруул хэсэгт нийт 3 цохиж гэмтээсэн. Зүүн талын хөмсөг сэтрээд 2 оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрсөн, уруулын дотор хэсэг язарсан шүдний аппарат салж эвдэрсэн тэр хэсэгт миний шүд өвдөж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-11 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Аригуны “2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагийн үед би найз Тэмүүлэн, Цэлмүүн, Билгүүн нарын хамт хичээлээ тараад сургуулийн гадна байж байтал Мөрөнгоо найз залуутай бид нарын хажуугаар зөрөөд өнгөрөхөд бид 4 хоорондоо юм яриад инээж байтал тэр залуу 2- 3 удаа эргэж хараад бидэн рүү гайхаад байсан. Ингэж байхдаа бид нар руу эргээд ирэх гэтэл найз охин болиулах шиг болсон. Тэгээд байж байтал Мөрөнгоо цааш яваад нөгөө залуу бид 4 чиглэж ирээд та нар шоолоод байна уу гэж хэлээд Цэлмүүнийг мөргөх гэж айлгаад та нар араас дагаад яв гээд байшингийн буланд аваачаад ... намайг зогсож байтал заамдаад авахад Тэмүүлэн хажуунаас одоо боль гээд болиулсан. Тэгсэн чинь Тэмүүлэнг заамдаж аваад нүүрэн тус газар нь 1 удаа мөргөөд гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр залуу гарандаа асаагуур атгасан байсан. Дахиад Тэмүүлэнг зодох гэтэл Тэмүүлэн болъё гээд салаад явчихсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн ийн 16-17 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Р.Билгүүний 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Аригуныг чи яасан гөлдөөр байна уу гээд заамдаад авахаар нь Тэмүүлэн болиулах гэсэн чинь заамдаж аваад хөмсөг тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөсөн, гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа, хавирга хэсэгт гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4779 дугаартай “1. С.Тэмүүлэнгийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Л.А нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч С.Тэмүүлэнг шоолж инээлээ гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Л.А /хх-ийн 45 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч С.Тэмүүлэн /хх-ийн 4-11 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Б.Ариугун /хх-ийн 16-17 дугаар тал/, насанд- хүрээгүй гэрч Р.Билгүүн /хх-ийн 18-21 дүгээр тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Л.Агийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Л.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч С.Тэмүүлэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тусгаж бичсэн мөрдөгчийн тэмдэглэлийг /хх-ийн 59 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Л.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Л.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч Л.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Л.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Л.Агийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Л.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Л.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ