Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Хохирогч Ч.И өмгөөлөгч И.Х

Хохирогч Ч.И, Б.М,

Шүүгдэгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бд холбогдох 2124000910026 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Улсын иргэн, төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай З овогт О.Б,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Ар булгийн ам” гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 23-32 ЗАН улсын дугаартай “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 13.2 дугаар зүйлийн а-д “өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож байсан “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Ч.И эрүүл мэндэд хүнд хохирол, мотоциклийн зорчигч Б.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Ар булгийн ам” гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 23-32 ЗАН улсын дугаартай “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож байсан “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч Ч.И эрүүл мэндэд хүнд хохирол, Б.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Ч.И “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би Ч хамт Тосонцэнгэл сумаас өөрийн “Мустанг-5” загварын, улсын дугааргүй мотоциклтой гараад Идэр багийн “Ар булгийн ам” гэх газар явж байтал эсрэг талын урсгалаас цагаан өнгийн суудлын жижиг тэрэг урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн. Би зам дээрээ мотоциклтойгоо унасан чинь тэр машин миний баруун хөл дээгүүр гараад явсан. Тухайн үед би ухаан балартаад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг нэг эрэгтэй татаад та зүгээр үү яасан бэ гэж байсан. Тэгээд би ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Осол гарах үед цаг агаар тогтуухан, ямар нэгэн салхи шуурга болсон зүйл байгаагүй нар дөнгөж шингэж байсан хэдий ч гадаа гэгээтэй байсан. Осол гарах үед М гэдэг найзтайгаа хамт явж байсан. Би жолоо бариад миний араар М суугаад явж байсан. Тухайн үед хэд хэдэн машин зөрсөн гэхдээ хоорондоо зайтай явж байсан. Яг осол болох үед өөдөөс нэг машин зөрсөн гэхдээ хоорондоо зайтай явж байсан. Тэгтэл тэр машиныг ард нь явж байсан машин гүйцэж түрүүлэхээр гарч ирээд намайг мөргөж унгаагаад миний 2 хөл дээгүүр гараад явсан. Өөдөөс ирж байсан машиныг гүйцэж түрүүлэхээр машин гараад ирэхээр нь би баруун гар тал руугаа шахаад аль болох зам тавьж өгтөл нөгөө маш их хурдтай галзуу юм шиг ирээд мөргөсөн. Мөргүүлээд би босох гэтэл чадахгүй 2 хөл хөдөлж чадахгүй байсан. Тэгээд 15 орчим минутын дараа 2 цагдаа ирээд нэг үлдээд нөгөө нь дуудлага өгнө гээд явсан. Тэгээд би хэсэг байж байгаад ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа намайг хүн дуудаад байсан тэгээд сэртэл эмч ирчихсэн байсан. Миний зүүн хөлийн дунд чөмөг 2 хэсэг хугарсан, баруун талын хөлийн шилбэ хавсарсан хугарах гэмтэл учирсан. Эмчилгээний зардал болон хохирлын тооцоог баримтаар гаргаж өгнө. Надад эмчилгээнд хэрэглэ гэж 275,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,

Хохирогч Б.М “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвд хувийн ажлаар ирээд орой 18 цагийн үед буцаад өөрийн гэр байдаг Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Хөв гэх нэртэй газар луу явахаар өөрийн найз болох Ишээ гэж дууддаг хүнтэй, түүний унаж явсан “Мустанг-5” нэртэй улаан өнгийн мотоциклийн ард нь би суугаад, Ишээ жолоо барьж Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас баруун хойд зүг рүү Увс аймаг руу явдаг төв зам буюу хатуу хучилттай засмал 50 замаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас дөнгөж гараад багцаагаар 5 км орчим явсан буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Ар булгийн ам” гэх газар явж байхад замын эсрэг тал болох хойд зүгээс урагш чиглэлтэй бага хурдтай тээврийн хэрэгсэл ирж байсан ба би одоо марк, өнгийг нь санахгүй байна. Тэгсэн чинь түүний араас хажуугаар нь урсгал сөрж уг урд нь явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх гэж байгаа юм шиг саарал өнгийн тээврийн хэрэгсэл хурдтайгаар уг урд явсан машинтай зэрэгцэн урсгал сөрж хойд зүг рүү чиглэлтэй замын хөдөлгөөний дүрмийн дагуу “Мустанг-5” загварын мотоциклтой явж байсан найз Ишээ бид хоёрын урдаас тулж ирсэн тул жолоо барьж байсан Ишээ уг урсгал сөрж орж ирсэн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй зөрөх зорилгоор мотоциклийн үрүүлийг баруун гар тийш дарж замын урсгал дагуу хатуу хучилттай замын хажуу талын шороон хэсэг рүү гараад зөрөх гэсэн чинь уг урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгсэл дагаад бид хоёр тал руу буюу зүүн гар тийш дархаар нь мотоциклийн жолоо барьж явсан найз Ишээ нь дахин зөрөхөөр зүүн гар тийш мотоциклийн үрүүлийн дарсан чинь нөгөө урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгсэл засмал зам голлож ирээд мотоциклтой явж байсан бид хоёрыг мөргөсөн. Би мотоциклийн барьж явсан Ишээгийн ард сууж байсан бөгөөд мөргөлдсөнөөс болж газар хүчтэй шидэгдсэн. Ингээд би ухаан алдсан байсан ба нэг ухаан орсон чинь эмнэлэг болон цагдаа ирсэн байсан. Уг осол нь 18 цагаас 18 цагийн 15 минутын хооронд болсон. Найз Ишээгийн “Мустанг-5” маркийн мотоциклд миний санаж байгаагаар ил харагдах эвдрэл гэмтэл байгаагүй. Би уг мотоциклийн их гэрлийг асаасан эсэхийг мэдэхгүй гэхдээ их гэрэл нь унтраалттай байсан гэж бодож байна. Учир нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гарахад 18 цаг болж байсан ба гадаа нар буугаагүй, харагдах орчин сайн, тод байсан. Мотоциклтой явж байхдаа мөргөлдсөний улмаас миний зүүн талын 4-н ширхэг хавирга хугарсан, мөн баруун гарын алганы хойд хэсгийн долоовор хурууны үе халцарч шалбарсан. Надад өөр гэмтэл шарх учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх 49-51/,

Гэрч С.А “...Уг хэрэг гарах өдөр 16 цаг өнгөрч байхад надтай хамт ажилладаг Б гэдэг залуу над руу залгаад манай ажлын байгаль хамгаалагч Г, Д нар хөдөө явах гэж байна хамт яваад тэр 2-г гаргаж өгөөд ирье гэж хэлээд намайг гэрээс ирж авсан. Би гэрээсээ гараад Б унаж явсан Королло маркийн машинаар Тосонцэнгэл сумаас гараад Мэргэн даваа руу явсан. Б бид 2 Мэргэн даваан дээр гараад овооны хажууд байж байтал араас байгаль хамгаалагч Г, Днар машинтай ирсэн. Бид 4 уулзаад Б 1 литрийн хэмжээтэй нэрийг санахгүй байна нэг архи гаргаж ирсэн. Тэр архийг Д бид 2 ихэнхийг нь уусан, Г машин барьж байгаа гээд уугаагүй, Б намайг бодвол бага хэмжээтэй уусан. Нөгөө архиа дуусгаад гадаа гэгээ тасарч байхад Б бид 2 Тосонцэнгэл сум руу Даваадорж, Г нар цаашаа ажилдаа явсан. Мэргэн даваанаас наашаа гараад би Бы машины урд суудалд суугаад тасарсан байсан юу болсон талаар юу ч мэдээгүй, нэг мэдэхэд цагдаагийн ажилтан намайг татаж сэрээгээд Бы машинаас гаргаад цагдаагийн машинд суулгаад Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би ухаан ороод юу болсон талаар мэдсэн. Архи дуусаад бид нар салаад 2 тийш явцгаасан, Б бид 2 Мэргэн даваанаас Тосонцэнгэл сум руу явахад Королло маркийн тээврийн хэрэгслийг Б өөрөө жолоодоод, би хажуу талд нь суугаад явж байсан, машинд өөр хэн нэгэн байгаагүй. Би осол болсон газрыг санахгүй байна, Б надад осол болсон газар зааж өгсөн. Мэргэн даваанаас осол болсон газар хүртэл ойролцоогоор 10 км зайтай байгаа байх. Осол хэдэн цагт болсон талаар мэдэхгүй байна, би Мэргэн даваанаас Бы машинд суугаад хөдөлж байсан тэгээд юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/,

Гэрч М.А “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Асгат сум руу ажлаар явахаар болж Тосонцэнгэл сумаас өөрийн эзэмшлийн суудлын автомашинаар орой бүрий болж байхад Баянхайрхан сумын хэсгийн төлөөлөгч О.Д хамт гарсан. Бид хоёрыг Тосонцэнгэл сумаас гараад 8-9 км орчим газар явж байтал зам дээр осол гарсан байсан. Тухайн үед би замаа чөлөөлж машинаа зогсоогоод машинаасаа буугаад очоод хартал “Королла” маркийн тээврийн хэрэгсэл замын баруун гар талын эгнээнд урсгал сөрөөд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан байрлалтай зогссон байсан ба түүний хажуу талд “Мустанг” маркийн мотоцикл байсан ба тухайн 2 тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан байсан. Тухайн үед мотоциклийн хажууд 2 хүн байсан ба 1 хүн нь газарт зам дээр хэвтчихсэн хөл хугарчих шиг боллоо гээд ёолоод хэвтэж байсан. Харин нөгөө 1 хүн нь түүний хажууд зогсож байсан. Тухайн үед автомашин дотор жолоочийн хажуу талын суудал дээр нэг хүн унтаж байсан. Харин машины гадна талд нэг хүн байсан. Тухайн үед ослын газарт утасны сүлжээ барихгүй байсан учир би тухайн ослын газраас өөрийнхөө автомашинаар буцаад сумын төв рүү яваад сүлжээтэй газраас өөрийнхөө 88834588 дугаарын утаснаас Цагдаагийн хэлтсийн 70468102, сумын нэгдсэн эмнэлгийн 70468103 дугаарт ослын талаарх мэдээллийг өгсөн. Тэгсэн сумын төвөөс удалгүй Цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн ирэхээр нь О.Д бид хоёр хэргийн газрыг бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчхөөд цаашаагаа Асгат сум руу явж байсан. Тухайн үед гадаа харуй болж байсан би ослын газарт анх очих үедээ автомашиныхаа гэрлийг асаачихсан явсан юм. Миний одоо санаж байгаагаар тухайн үед 18:00 цаг өнгөрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаартай “...******* биед зүүн дунд чөмөгт ясны гандан хэсгийн далд хугарал, баруун шаант, тахилзуур ясны гандан хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 107-109/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10237 дугаартай “...Б.М биед цээжний зүүн 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх 71-72/,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн О.Б биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. О.Б биеэс авсан цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 83-84/,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн ******* биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. ******* биеэс авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /хх 74-75/,

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “...Королла маркийн 23-32 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч О.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн 3.7а-д /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүйн байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 13.2. дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно “а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гэснийг тус тус зөрчсөн байна. Королла маркийн 23-32 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой бий болохгүйгээр зорчино” мөн 3.7 а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүйн байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 13.2 дараах тохиолдолд гүйцэт түрүүлэхийг хориглоно” а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх 99/

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “....Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч гэрлээ асаагаагүй замын хөдөлгөөнд оролцож байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Ч.И нь 1,4 жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9-16 өдрийн цагт дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцон, а/ мотоцикл, мопед жолоодож яваа үед 23.9 дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно, з/өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан гэх мэт хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр гэснийг тус тус зөрчсөн байна. Уг осол хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тухайн жолооч урьдчилан таамаглан шалтгаан нөхцөлийг     арилгаж осол хэрэг гарахаас урьдчилан сэргийлж болох байсан эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хх 115/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 7-9/, замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх 15-26/ тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч О.Б “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой найз А хамт Тосонцэнгэлээс өөрийн эзэмшлийн 23-32 ЗАН улсын дугаартай “Toyota corolla” маркийн машинтай гараад Завхан аймаг Тосонцэнгэл сум Идэр багийн нутаг Мэргэний даваа ажилладаг найзууд болох Г, Д нартай уулзсан. Тэнд бид нар уулзаад 1 литрийн хэмжээтэй 1 шил “Belenkaya” гэдэг архийг хувааж уусан. Тэр архинаас би 150 грамм орчим буюу жижиг архины хундагаар 3 удаа уусан. Тэгээд тэр архиа ууж дуусаад манай найз Г, Д цааш явсан харин би найз ******* аваад өөрийн унаж явсан 23-32 ЗАН дугаартай “Toyota corolla” маркийн машинаар Тосонцэнгэл сум орохоор буцаад явсан. Тэгээд Мэргэний даваан уруудаад Тосонцэнгэл сум руу явж байгаад урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд дохио өгөөд хажуугаар нь ортол миний өөдөөс гэрэлгүй мотоцикл ирээд миний машинтай мөргөлдсөн. Тэгээд буугаад хартал тэр мотоцикл дээр явж байсан 2 хүний нэг нь зогсож байсан нөгөө нь газар хэвтэж. Би тэр 2 хүний хажууд очоод мотоциклынхноо гэрлийг асааж явахгүй яасан юм бэ” гэхэд зогсож байсан хүн нь “наадах мотоцикл чинь гэрэл байхгүй гэж хэлсэн. Осол болоод удаагүй байж байтал цагдаа ирээд, тэр цагдаа дуудлага дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийсэн. Би машиндаа найз А хамт явж байсан, өөр хэн нэгэн байгаагүй. Би юу болж байгаа талаар мэдэж байсан. Бага хэмжээний согтолттой байсан. Мотоцикл дээр явж байсан 2 хүний нэг нь газар хэвтэж байхаар гайгүй юу гээд яваад очтол баруун хөлөө бариад хөл хугарчих шиг боллоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэж, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол тус тус учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Ар булгийн ам” гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 23-32 ЗАН улсын дугаартай “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.И эрүүл мэндэд хүнд, Б.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн болох нь “...Хохирогч Ч.И тохиролцож 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн болно...” гэж, “...Хохирогч Б.М тохиролцож 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн болно...” гэж тус тус бичиж шүүгдэгч болон хохирогч нар гарын үсэг зурсан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б д ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдолгүй, хохирогч нар нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг архины шилийг устгах, машины логоог шүүгдэгчид, мотоциклын толийг хохирогчид тус тус буцаан олгож, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт О.Б Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч О.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-д зааснаар шүүгдэгч О.Б д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Ч.И, Б.М нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Belenkaya” гэсэн бичиглэл бүхий 1 литрийн архины шил 1 ширхгийг устгаж, автомашины цагаан өнгийн /никел/ лого мэт зүйл 1 ширхгийг шүүгдэгчид, мотоциклын цагаан өнгийн /никел/ толийг хохирогчид тус тус буцаан олгож, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ