Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2021/0016/З |
Дугаар | 126/ШШ2021/0017 |
Огноо | 2021-05-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 126/ШШ2021/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
“Хүннү Эйр” ХХК-ний гомдолтой Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Б.Болдбаатарт холбогдох “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Хүннү Эйр” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагважав /онлайнаар/, хариуцагч Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Б.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хүннү Эйр” ХХК-ний гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал шүүхэд гаргасан гомдолдоо: “Хүннү Эйр ХХК нь аялал жуулчлалын “ЕМАЖС” ХХК-тай байгуулсан захиалгат нислэгийн гэрээний дагуу компанийн JU26601 дугаартай онгоц 2020 оны 09 сарын 10-наас 15-ны хооронд улсын тусгай хамгаалалттай газар Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Монгол Шарын даваа, Жошим нуур, Тэнгис Шишгэдийн бэлчир зэрэг газруудад нислэг үйлдсэнтэй холбогдуулан гаргасан Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Б.Болдбаатараас ирүүлсэн №0064073 дугаар бүхий шийтгэх хуудасны хуулбарт дурдсанаар 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Манай компанийн нисдэг тэрэгний үйлчилгээ нь зөвхөн захиалагчийн санал болгосон чиглэлд аюулгүй ажиллагааг ханган гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд захиалагчийн хүсэлтэд тулгуурлан хийгддэг аялал юм. Тухайн бүс нутагт нэвтрэн орохоор аялал зохион байгуулж байгаа аялалын компани ямарч төрлийн тээврийн хэрэгслэл ашиглаж байгаагаас үл хамааран зөвшөөрлөө авах үүрэгтэй гэж бид үзэж байгаа тул дээрхи шийтгэлийн хуудсыг манай компанид бус аялал зохион байгуулсан захиалагч “ЕМАЖС” ХХК-д ногдуулах ёстой байсан гэж үзээж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Мөн шийтгэлийн хуудсанд дурдсан нам өндөрт нислэг үйлдсэн гэх үйлдэл нь иргэний нисэхийн дүрэмд зааснаар 5200 м-ээс доош өндрийг тооцдог бөгөөд Ми-8 төрлийн нисдэг тэрэгний боломжит нислэгийн дээд өндөр 4500 м-ээс дээшгүй байна гэж заасан нь холбогдох торгууль ногдуулсан шийдвэр үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Мөн зөрчил шийдвэрлэсэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч Б.Болдбаатар нь шаардлагатай нотлох баримт гаргуулж авалгүйгээр нислэгийн зөвшөөрөл олгодог байгууллагын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг нислэгийн зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагын тодорхойлолт зэргийг гаргуулж авалгүйгээр, хэргийн материал танилцуулаагүй шийдвэрлэсэн тул манай компанид ногдуулсан торгуулийн арга хэмжээг хүчингүй болгож, аялалыг зохион байгуулагч “ЕМАЖС” ХХК-д хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч: “Хүннү Эйр” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа н.Отгонсүх гэж хүн нислэгт байгаагүй юм. н.Отгонсүх нь тухайн хилийн бүсэд зөвшөөрөл олгосон гэсэн гэрчийн мэдүүлэг байна. Өөрөө хилийн бүсэд зөвшөөрөл олгосон хүн байж уг зөрчлийг гэрчилж мэдүүлэг өгсөн байгаа нь боломжгүй зүйл юм. Улсын тусгай хамгаалалттай газрын байгууллагын зорилго нь байгаль орчин хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх гэсэн байна. Манай “Хүннү Эйр” ХХК-ийн хувьд зорчигчийн аюулгүйн ажиллагааг хангаж тээвэрлэх гэсэн зорилготой агаарын тээвэрлэгч байгууллага юм. Захиалагч тал маань өөрөө аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг, аялал жуулчлалын үйлчилгээгээр бусад иргэдийг хангадаг тус тусдаа зорилготой, үйл ажиллагааны хамрах хүрээ нь мөн тус тусдаа байгууллагууд юм. Мөн зохицуулж байгаа хууль эрх зүйн актууд нь тус тусдаа гурван байгууллагыг хооронд нь салгаж, манай зүгээс шаардлагатай нотлох баримтыг гаргуулж авахгүйгээр шийтгэх тогтоол бичсэн байна. Манай “Хүннү Эйр” ХХК-тай хамтран ажиллах гэрээндээ: аялал жуулчлалын компани нь “зорчигч нарыг энэ газар хүргэж өгөх зорилготой байна” гээд манай нисэхийн захиалгыг гаргасан. Бид нарын зүгээс тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангаж, холбогдох нислэгийн зөвшөөрлийг аваад гэрээнийхээ дагуу нислэг үйлдэх үүрэгтэй. Нислэгийн зөвшөөрөл гэдэгт юу юу ордог талаар ялгаж ойлгохгүй бол зарим нислэгийн хууль тогтоомж дүрмийн талаар байгаль орчны байцаагч мэдлэг дутмаг байна. Тэгэхээр нислэгийн зөвшөөрөл гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бол CAM0902120D гэх зөвшөөрлийн дугаар байна. Энэ нь иргэний нисэхийн дүрэмд тусгасан албан ёсны нисэхийн зөвшөөрөл юм. Холбогдох лиценз гэдэг нь нисдэг тэрэгний өөрийнх нь нислэгт тэнцэх чадвар, нисгэгчийн өөрийнх нь үнэмлэхийн хүчин төгөлдөр хугацаа юм. “ЕМАЖС” ХХК-тай байгуулсан гэрээний 4.3-т “Тээвэрлэгч нь энэхүү захиалгат нислэг үйлдэхтэй холбоотой нислэгийн дамжин өнгөрөх болон бууж хөөрөх үеийн бүх төрлийн зөвшөөрөл, лиценз зэргийг авч зохицуулах үүрэгтэй” гэсэн зүйл заалтаар манай “Хүннү Эйр” ХХК-ийг торгуулийн субъект болгосон. Бүх төрлийн зөвшөөрөл гэдэг нь холбогдох цаг агаар болон бусад иргэний нисэхийн дүрэмд заасан зөвшөөрөл юм. Улсын тусгай хамгаалалтай газарт нэвтрэх зөвшөөрлийг захиалагч тал хариуцах ёстой. Лиценз гэдэг нь тухайн онгоцны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нисгэгчийн хувийн хүчинтэй үнэмлэхийг тодорхойлдог. Гол нь тал талдаа гэрээний ойлголтыг буруу ойлгоод байгаа юм. Хилийн цэргийн дарга Отгонсүрэн гэх хүн хэнээс зөвшөөрөл авсан талаар Б.Батбилэгийн мэдүүлэгт байгаа. Батбилэг мэдүүлэгтээ бид нар зөвшөөрлөө авсан гэж байгаа юм. Б.Батбилэг нь аялал зохион байгуулагч компанийн захирал, өөрөөр хэлбэл Б.Батбилэг нь өөрөө хилийн цэргээс зөвшөөрөл авах талаараа мэдээд байна. Энэ талаараа гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Отгонсүрэн, Батбилэг хоёр хоорондын зөвшөөрлийг манайх авах ёстой байсан гэдийг юу нотлоод байгаа юм бэ? гэдгийг гайхаад байна. Батбилэг мэдүүлэгтээ Отгонсүрэнгээс зөвшөөрөл авсан гээд байгаа юм. Батбилэг нь тухайн ажиллагааг зохион байгуулж байгаа мөртлөө нислэгт явсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэрээ өгөөд өөрөө яваагүй. Нэрээ татаад авсан. Өөрөөр хэлбэл тэр аялалын хувьд гол зохион байгуулж байгаа хүн нь өөрөө аялалд яваагүй юм. Гэрээний 4.3-т заасныг тайлбарлахдаа хууль зүйн талаас нь тогтож ойлгох хэрэгтэй байна. Нислэгийн зөвшөөрөл гэдэг нь нислэгийн урсгал төлөвлөлтийн газраас олгосон зөвшөөрлийн хэлээд байгаа юм. Зөвшөөрөлгүй газар нислэг үйлдэхийг нислэгийн урсгал төлөвлөлтийн газар хэзээ ч зөвшөөрөхгүй. Зөвшөөрөл олгосон учраас нислэг үйлдэгдсэн. Код өгдөг юм. Тэр кодоо хийгээд хуваарийн дагуу нислэг үйлддэг. Тэр нислэгийн хуваарийг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар бол нислэгтэй холбоотой зөвшөөрлийг Байгаль орчны яам юм уу Улаан тайгын тусгай хамгаалалтын газар олгодог бол цаашдаа иргэний нисэхийн байгууллагын холбогдох зөвшөөрөл олгодог газар үйл ажиллагаа явуулахад хэцүү болох байх. Би энэ салбарт 10 гаран жил ажиллаж байна. Лиценз гэдэг ойлголт нь эрх бүхий гэрчилгээ юм. Үүнд тухайн онгоцны техникийн бэлэн байдал, шаардлагатай нисгэгчийн бичиг баримт байх юм. Тэгэхээр гэрээнд дурдагдсан нэр томъёог бид нар буруу ойлгоод байна. Ялангуяа торгууль бичсэн улсын байцаагч энэ талаар ойлголт муутай байна. Холбогдох хөөрч буух зөвшөөрөл болон лиценз зөвшөөрөл гэдэг нь бүгд хамаарах юм. Бид нар Монгол Улсын газар нутаг дээр зөвшөөрөлгүйгээр нисэх, буух ямар ч боломж байхгүй. Нислэгийн зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэх боломжгүй юм. Иргэний нисэхийн дүрмийн 91 дүгээр зүйлд энэ талаар тодорхой дурдсан байгаа. Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг дэмжиж байна” гэв.
Хариуцагч: Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүннү Эйр ХХК-ийн онгоц нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Тэнгис шишгэдийн тусгай хамгаалалтын газар нислэг үйлдсэн. Энэ онгоц нь тусгай хамгаалалттай газар буулт хийсэн нь үнэн. Гурван газарт 4 удаагийн зөвшөөрөлгүй буулт хийсэн гэсэн үг юм.
Зөвшөөрөлгүй буусан газар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Эхлээд “Хүннү Эйр” ХХК-ийн хуульч нь н.Тэмүүлэн гэж хүн байсан юм. н.Тэмүүлэн гэх хүнтэй бид нар харьцаж байсан. Дараа нь өөрчлөгдөж М.Лхагважав гэж хүн болсон. Гэтэл М.Лхагважав нь өөрөө энэ байдлыг сайн ойлгохгүй байна. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй ирээд буусан, нислэг үйлдсэн явдал юм. “ЕМАЖС” ХХК нь аялал жуулчлал зохион байгуулдаг компан, “Хүннү Эйр” ХХК нь “ЕМАЖС” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Би Б.Батбилэг гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. “Хүннү Эйр” ХХК нь “ЕМАЖС” ХХК-тай байгуулсан гэрээний 4.3-т “Тээвэрлэгч нь энэхүү захиалгат нислэг үйлдэхтэй холбоотой нислэгийн дамжин өнгөрөх болон бууж хөөрөх үеийн бүх төрлийн зөвшөөрөл, лиценз зэргийг авч зохицуулах үүрэгтэй” гэж заасан. Лиценз гэдэг нь өөрөө зөвшөөрөл гэсэн үг юм. Энэ нислэг үйлдэх бүх зөвшөөрлөө тусгай хамгаалалттай газраас авах ёстой байсан. Урьд онгоц хаана буух талаар мэдэгдсэн байх ёстой байсан. Гэтэл “Хүннү Эйр” ХХК нь тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөл аваагүй бөгөөд нисэхийн зөвшөөрөлтэй андуураад байгаа юм. Нисэхийн зөвшөөрөл гэдэг нь тусдаа асуудал, тусгай хамгаалалттай газарт буух, буухгүй байх зөвшөөрлийг нисэхээс өгдөггүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас авдаг юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.8-д Аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх зөвшөөрөл авна гэж заасныг үндэслэсэн юм. Нислэг үйлдсэн, буусан, нисээд явсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байгаа. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12.8-д зааснаар хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авах ёстой байсан. Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авах ёстой. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авах ёстой байсан боловч зөвшөөрөл аваагүй гэх албан бичиг хэрэгт авагдсан байгаа. “ЕМАЖС” ХХК-ийн захирал Б.Батбилэг гэх хүнээс мэдүүлэг авсан. Гэтэл “Хүннү Эйр” ХХК-тай байгуулсан захиалгат нислэгийн гэрээний 4.3 дахь заалтыг үндэслэж тээвэрлэгч компанийг шийтгэлийн хуудсаар торгосон учраас гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Гомдол гаргагч “Хүннү Эйр” ХХК-ний гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал нь гомдлын шаардлагаа: “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлжээ.
Шүүх, хэргийн үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “Хүннү Эйр” ХХК-ний гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал нь “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдол гаргажээ.
Маргаан бүхий захиргааы акт буюу “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Болдбаатарын үйлдсэн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсаар “... улсын тусгай хамгаалалттай газар Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Монгол Шарын даваа, Жошим нуур, Тэнгис Шишгэдийн бэлчир зэрэг газруудад зөвшөөрөлгүй МИ-8 нисдэг тэргээр нам доор буулт хийсэн, нислэг үйлдсэн асуудлыг шалгаж, “Хүннү Эйр” ХХК-ний МИ-8 нисдэг тэрэг Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан “Хүннү Эйр” ХХК-нийг 5.000.000 төгрөгөөр торгожээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... хуулийг этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор зохицуулжээ.
“Хүннү Эйр” ХХК-ний захирал П.Мөнхжаргал /тээвэрлэгчээр/, “ЕМАЖС” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Батбилэг /захиалагчаар/ нар нь 2020 оны 09 сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, Захиалгат нислэгийн СИ-20/13 дугаар бүхий гэрээг байгуулж, уг гэрээний Дөрөв-т ”Тээвэрлэгч”-ийн эрх, үүргийг тодорхойлж, гэрээний 4.3 дах заалтаар “Тээвэрлэгч нь энэхүү захиалгат нислэгийг үйлдэхтэй холбогдсон нислэгийн дамжин өнгөрөх болон хөөрөх бүх төрлийн зөвшөөрөл, лиценз зэргийг авч зохицуулах үүргийг хүлээнэ” гэж тусгасны дагуу тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК нь Хөвсгөл аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газар болох Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын Монгол Шарын даваа, Жошим нуур, Тэнгис Шишгэдийн бэлчир зэрэг газруудад буух, нисэх зөвшөөрлийг авах үүргийг хүлээсэн байх тул гэрээний захиалагч болох “ЕМАЖС” ХХК-нд зөрчлийн хэрэг нээж, холбогдох хариуцлагыг хүлээлгэх үндэслэлгүй болно.
Тухайлбал: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8/-д “аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх” гэсэн заалтыг тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХКомпани нь зөрчсөн гэж үзсэн нь Тусгай хамгааллалтай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-ын 1/-д “энэ хууль болон байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх” албаны чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул хариуцагч Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Болдбаатарын үйлдлийг буруутгах боломжгүй.
Улсын байцаагч нь зөрчил гаргагч “Хүннү Эйр” ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил гаргагчид холбогдуулан ажиллагаа хийхдээ Захиргааны Ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн заалтуудыг зөрчөөгүй захиргааны акт гаргасан байна гэж үзлээ.
Иймд “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8/, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хүннү Эйр” ХХК-ний гаргасан “Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үйлдсэн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 0064073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН