Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0663/З |
Дугаар | 221/МА2024/0218 |
Огноо | 2024-03-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0218
“ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Нэхэмжлэгч: “ЭТ” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаар хариу хүргүүлэх тухай буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13268 м.кв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0663/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-иас хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаар хариу хүргүүлэх тухай буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13268 м.кв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйл 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ЭТ” ХХК-ийн газрын хэмжээг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дүгээр шийдвэрт заасны дагуу тогтоож газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...шүүхийн дээрх шийдвэрт заасан асуудлыг нэмж тодруулан, нэхэмжлэгчид эзэмшүүлэх газрын хэмжээг тогтоож, захирамжийг дахин шинээр гаргаагүйгээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр захирамж хүчингүйд тооцогдсон тул Газрын тухай хуульд заасан эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байх тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж” дүгнэсэн.
3.2. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 30-ны А/891 дүгээр захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан газар Барилгын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газар эзэмших талбайн хэмжээ өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн захирамжийг “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0694 дүгээр шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн” нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр газар эзэмших талбайн хэмжээ өөрчлөх тухай захирамжийн “ЭТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг шийдвэрлэсэн.
3.3. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг шийдвэрлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/5961 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн талаар мэдэгдсэн боловч анхан шатны шүүхээс тус асуудалтай холбоотой дүгнэлт хийгээгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/891 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжаар нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн эзэмшлийн 13,268 м.кв газрын талбайн хэмжээг 9837 м.кв, 2205 м.кв болгон 2 хэсэг хувааж, 1226 м.кв талбайг хасаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 694 дүгээр шийдвэрээр дээрх захирамжийн “ЭТ” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бол тус захирамжийн “ЭТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохоор шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...шүүхийн шийдвэрт заасан хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шинэ акт гаргаагүй учир газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/21 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 01-08/1256 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн бөгөөд дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаартай албан бичгээр гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг өгсөн. Иймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаар хариу хүргүүлэх тухай буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13268 м.кв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тайлбарлаж байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
6. Үүний дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
7. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаар хариу хүргүүлэх тухай буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон маргаан бүхий 06/3928 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргасантай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох захиргааны байгууллагад гаргасан хүсэлтэд өгсөн хариу эсхүл хариуцагч байгууллагаас гаргасан хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон эсэхийг тодруулах замаар тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх байжээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
8. Шүүх “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 694 дүгээр шийдвэрийг үндэслэл болгосон байх ба тус шийдвэрт Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаар тогтоолыг үндэслэсэн байхад шүүхийн энэ шийдвэр болон үүнтэй холбоотой бусад нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
9. Мөн нэхэмжлэгч “ЭТ” ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/21 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй уг хүсэлтийн хариу гэх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/1256 дугаартай албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх уг баримтыг үнэлсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн байна.
10. Түүнчлэн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3928 дугаар хариу хүргүүлэх тухай буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болсон.
11. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад хамаатуулан харьцуулан дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА