Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0480

 

Орхон аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Орхон аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 124.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Ардчилсан намаас Д.Баярмагнай, Р.Рагчаа, Д.Эрдэнэцогт, Ж.Ганчимэг, Х.Жаргаланбаатар, Т.Бямбажаргал, Д.Мөнх-Очир, Р.Улаанхүү, Т.Болдбаатар, Г.Лхагвадорж, Х.Манлайбаатар нарыг 2016 оны Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийдвэр Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 124.2 дахь хэсгийг баримталсан нь Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлгийн “Улсын Их Хурлын сонгууль” гэх бүлэгт хамаарах бөгөөд нам бүртгүүлэх заалт юм. Иймээс аймгийн Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг үндэслэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байна.
  2. Нэр бүхий 11 нэр дэвшигчийг бүртгэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй байсан талаар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн ба нотлох баримтын хамт хүргүүлсэн болно.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Шүүхэд Орхон аймгийн Ардчилсан нам нэхэмжлэл гаргаж, шүүх 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийг “Орхон аймгийн Ардчилсан нам” гэж тодорхойлсон[1] атлаа Д.Эрдэнэбат, Д.Баярмагнай, Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Д.Мөнх-Очир, Д.Эрдэнэцогт, Т.Бямбажаргал гэх хэргийн оролцогч бус хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцуулан ажиллагаа хийж, улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч гэх Д.Доржпүрэв нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх баталж шийдвэрлэн[2] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 16 дугаар зүйлийн 16.1, 32 дугаар зүйл, 41 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нэхэмжлэлдээ “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 15 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлагыг гаргажээ.

            Тодруулбал, хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, ийнхүү тогтоосныг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооноос зохих шийдвэр гаргуулахаар шаардсан байна.

            Гэтэл шүүх шийдвэртээ Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа нэр бүхий нэр дэвшигчдийг бүртгэхийг даалгуулах шаардлагыг нь хангаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасныг зөрчжээ.

            Нөгөөтэйгүүр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Д.Доржпүрэв нарын нэр бүхий 15 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Орхон аймгийн Ардчилсан намын гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дүгнэлт хийсэн байхад анхаарч үзээгүй нь буруу байна.

            Тэрчлэн шүүх Орон нутгийн сонгуулийн хорооны үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн атлаа Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийг буюу УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэхтэй холбоотой хуулийн заалтыг баримталж, хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН