Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00516

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2018/00516

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух, Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух,Б холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б бид хоёр 2003 онд танилцаж, 2006 онд нэг гэрт орж 2008 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Г.Н төрсөн. 2009 оноос эхнэр Г.Б гадуур хонуутаар явдаг болсон бөгөөд 2011 оны 12 дугаар сард гэрээсээ бүр мөсөн явсан. Түүнээс надаас салах шалтгаан гэвэл Хөвсгөл аймгийн иргэн Б гэгчтэй гэр бүлийн харилцаатай болсноос шалтгаалсан. Г.Б Б-тэй амьдарч байгаа гэсэн. Охин Г.Н эцэг миний асрамжинд үлдсэн бөгөөд Орхон аймгийн Ерөнхий боловсролын * бүлэгт суралцдаг. Хойшид бид хоёр нэг гэрт эхнэр, нөхөр гэж амьдрах боломжгүй учир бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Г.Н-г эцэг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг авахгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: О.Г миний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн боловч намайг архи уудаг өөрийг нь зодож гэрээсээ хөөсөн гэжээ.

Би архи огт хэрэглэдэггүй бөгөөд хариуцагч Г.Б-н бичиж байгаа шиг би тийм хүн юм бол нялх охин хүүхдээ эцэг миний асрамжид үлдээгээд явахгүй шүү дээ

Хариуцагч Г.Б 4-6-12 тоот орон сууцыг дундын өмч гээд эд хөрөнгийн маргаангүй гэжээ. Дээрх орон сууцыг зээлээр авч байсан бөгөөд төлбөрийг би өөрөө бүгдийг нь төлсөн. Мөн 2012 оны 03-12-нд надаас 5.0 сая төгрөг, 2012-03-13-нд 10.0 сая төгрөг, 2012-03-14-нд 4.0 сая төгрөг нийт 19.0 сая төгрөгийн зээлийг надаар авахуулж авсан.

2018-04-30-ны өдөр 2.0 сая төгрөг нийт 21.0 сая төгрөг авсан. Би 19.0 сая төгрөгийн хүүд 7.0 сая гаруй төгрөг төлсөн.Г.Б надаас салж явсан цагаасаа хойш охиндоо нэг ширхэг |оймс ч авч өгч байгаагүй. Сая ирчихээд охинтойгоо уулзана гэхийн оронд надаас 5.0 сая төгрөг өгчих гэж нэхэж байсан бөгөөд нэг удаа охинтойгоо уулзаад хоолны газар орж таваг хоол ч авч өгөөгүй байсан.

Охиноо төрсөн цагаас нь хойш өнөөдрийг хүртэл би харж хандаж эхийн үүргийг давхар биелүүлж явна.

Би шүүхээс дараах зүйлүүдийг хүсэж байна.

Үүнд: 1 .Г.Б бид 2-ын гэрлэлтийг цуцлах:

2.2008-06-07-нд төрсөн Г.Н-г эцэг минй асрамжид үлздээх:/ ээжээс нь тэтгэлэг гаргуулахгүй/

3.Хариуцагч Г.Б-н ХААН банкан дахь *** дугаартай дансанд нэхэмжпэгч О.Г би 21.0 сая төгрөг хийсэн болохыг шийдвэрт тусгах:

4.ХАС банкан дахь Г.Н-н ** дугаартай дансны хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байгаа Г.Б хасаж О. Г намайг бүртгэхийг даалгаж өгнө ү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. Б миний бие О. Г нэхэмжлэгчтэй гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа болно.

2018 оны 04 сарын 25-ны өдөр тус шүүхээс дуудсаны дагуу очиж Гын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд:

О.Г-тэй 2003 онд танилцаж 2004 оноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт хашаа байшин хөлсөлж байгаад, худалдан авч амьдарч байгаад 2008 оны 6-р сарын 7-ы өдөр Н охин маань төрсөн. Энэ хугацаанд О.Г нь хувийн бизнес болох "Т  хийд-дээ ажиллаж, би охиноо өсгөн хүмүүжүүлж, ар гэрээ авч явдаг байсан.

2010 оны 6-р сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** тоот болох 3 өрөө байрыг худалдан авч гэр бүлээрээ амьдарсан. Охиноо 2 нас хүрэхэд цэцэрлэгт өгч, хүргэж өгч авахынхаа хажуугаар "Т " хийдэд бичээчээр 2 жил орчим хугацаанд ажиллаж гэр бүлийнхээ санхүүд хувь нэмэр оруулж байсан. Хамт амьдарч байх хугацаанд О.Г нь архи хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлээс галуурх бэлгийн харилцаанд удаа дараа ордог байсныг гэр бүлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж уучилж, итгэсээр өнгөрүүлдэг байсан. Мөн дүү нар нь намайг шалтгаангүйгээр хэл амаар доромжилж, нэг удаа зодож, ална гэж заналхийлж хүртэл байсныг нь тэвчсээр байсан. О.Г нь 2012 оны 4-р сард архи ууж намайг зодож гэрээсээ хөөсөн. Энэ үед би өмссөн хувцастайгаа хөөгдөж гарахдаа охиноо гэрт нь үлдээхээс өөр аргагүй байсан. Охиноо санаад гэртээ очиход намайг удаа дараа хөөж, би улмаар Эрдэнэтэд байх газаргүй болсон тул Хөвсгөлд ээжийнхрүүгээ явж /2012 он/ тэндээ амьдарч байгаад 2015 оны 10 сард Б.Б-тэй хамт амьдарч эхэлсэн.

Одоо О.Г ** тоот байрандаа хамтран амьдрагч, тэдний дундаас гарсан хүүхэд болон охин Н-тэй амьдарч байгаа. Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд амьдарч байгаа бөгөөд Эрдэнэтэд ирэхдээ охинтойгоо уулзаж боломжтой үед нь утсаар ярьдаг. Цаашид ч мөн адил холбоотой байж, уулзаж байна. Цаашид охиныхоо бие хүний хөгжил болон дассан орчиндоо өөрийнхөө гэрт өдий хүртэл хугацаандаа амьдарч ирснийг бодоод аавынх нь асрамжинд үлдээх тул бидний дундын өмч болох байрны эзэмшлийн гэрчилгээнд охин Н-н нэрийг эзэмшигчээр оруулахыг нөхөр О.Гаас хүсээд эд хөрөнгийн маргаан үүсгэхгүй болохоо мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид 2003 оноос эхлэн хамтран амьдарч, 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2008 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Г.Н төрсөн нь зохигчдын тайлбар, Г-** дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа, хэн аль хамтран амьдрагчтай болсон, зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан гэрлэгчидэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагч маргаагүй, мөн хүүхэд эцгийнхээ асрамжид байна гэсэн санал өгсөн, хүүхдийн насны байдал, эцэг, эхийн ёс суртахууны хүмүүжил, ахуйн нөхцөл бололцоо, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал зэргийг харгалзан насанд хүрээгүй Г.Н-г эцэг О.Гын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод тайлбарлаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Эд хөрөнгийн хувьд талууд маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгөнөөс ногдох хувийг Г.Баянцагаанд өгсөн, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 сая төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг нийт 21,000,000 төгрөгийг өгсөн. Зээлийн хүүнд 7,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна. Охин Г.Н-г эцэг О.Гын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн тул Хас банкин дахь Г.Н-н ** дугаартай дансны хамтран эзэмшигчээс Г.Б-г хасаж, О.Гыг хамтран эзэмшигчээр бүртгэхийг Хас банкинд даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.Г, Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г.Н-г эцэг О.Гынх нь асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Б ХААН банкин дахь ** дугаартай дансанд 21.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг гэснийг дурьдсугай.

4.Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2,129.3-д заасныг баримтлан Хас банкин дахь Г.Н-н ** дугаартай дансны хамтран эзэмшигчээс Г.Б хасаж, О.Гыг хамтран эзэмшигчээр бүртгэхийг Хас банкинд даалгасугай.

5.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гт олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН