Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овгийн Ч.Мд холбогдох эрүүгийн 1734000000028 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Төв аймаг, Дэлгэрхаан сум, 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Бүргэд овгийн Ч.М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ч.М нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Давст” гэх газар А.Дтэй “манай хүүхдээр морь унуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар А.Дийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.Мы: А.Д бид 2 айл саахалт амьдарч байсан хүмүүс юм. А.Д наадмаар манай хүүхдээр морь унуулна гэж авч явсан. Наадмын өглөө хүүгээр минь морь унуулаагүй, айлын машин дотор уйлаад сууж байхад нь ээж нь очиж авсан байсан. Тэр асуудлаас болж А.Д бид 2 маргаж муудалцаж, би түүнийг цохисон. Би өмнө А.Дийн морь малын маллаж байсан. Надад муу зан авир байдаггүй. Би үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж, гэмшиж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас хэлэлцүүлж, судлуулсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч А.Дийн:

“...Би Осор гэх айлынд гүү барина гээд очоод бага зэрэг архи уугаад байж байтал Хуягаа гэх залуугийнд нүүх гэж байгаа гэхээр нь очоод тэнд бас бага зэрэг архи уусан. Маргааш нь гэртээ сэрсэн. Миний хөл, гар толгой өвдөөд хүүхдүүдээсээ асуутал Мөнхтайван ах таныг зодсон гэж Хуягаа ах хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд би Мөнхтайвангийн гэрт очтол эхнэр нь айлын хүмүүстэй хонио нийлүүлсэн гээд хонь ялгаж байхад нь очиж хэлээд, хөл гараа үзүүлчихээд би хот явж эмнэлэгт үзүүллээ гэж хэлчихээд Төв аймагт ирж эмнэлэгт үзүүлээд цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Мөнхтайван нь манай хамаатан юм. Би Мөнхтайвангийн хүүхдээр морь унуулж байгаад наадмаар унуулаагүй юм, тэрнээс болж надтай маргасан. Одоо надад гомдол санал байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн...” /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч С.Хуяг-Очирын:

“...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэртэйгээ айлд очоод байж байтал Мөнхтайван ирсэн, араас нь Дэлгэр ах ирээд хамтдаа байж байгаад 17 цагийн үед би эхнэртэйгээ гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд удаагүй байтал Дэлгэр ах, Мөнхтайван хоёр ирээд Мөнхтайван агсраад байсан. Би Мөнхтайванг битгий хөгшин хүн рүү агсраад бай, зодох гэлээ гээд салгасан. Мөнхтайван нь Дэлгэр ахад манай хүүхдээр морио унуулсангүй гэж агсраад байсан. Тухайн үед Мөнхтайван их согтуу байсан. Дэлгэр ахыг Мөнхтайван гараараа л цохисон...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Х.Цэнд-Аюушийн:

“...Манай сумын Осор гэх айл гүү барьж би нөхрийн хамт очсон юм. Тэнд Мөнхтайван болон Дэлгэр нар ирсэн байсан. Би нөхөрийн хамт оройны 17 цагийн үед гэртээ ирээд байж байтал Дэлгэр ах ирсэн. Араас нь удаагүй Мөнхтайван ирсэн. Манай гэрт Дэлгэр ах болон Мөнхтайван нар маргалдаад, Мөнхтайван нь Дэлгэр ахыг цохиж,

 

манай нөхөр салгасан. Удалгүй Дэлгэр ахын хүүхдүүд нь ирээд аваад явсан. Тэд хоорондоо хүүхдээ яриад маргалдаад байсан...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

    1. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 063-ны өдрийн 448 дугаартай дүгнэлтэд:

“...А.Дийн биед зүүн нүдний зовхи, баруун сарвуунд 1 дүгээр хуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх- ийн 18-19 дүгээр хуудас/,

 

    1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Ч.Мгийн: “...Дэлгэр ахын ээж нь нүүж ирээд намайг гэр барилцаад өг гэхээр нь би очоод

тусалчихаад Дэлгэр ахтай 2 шил архи хувааж уусан. Тэндээс гараад Осорхүү гэх айл гүү бариад Дэлгэр ахын хамт очоод бас архи уусан. Хуягаа гэх айл руу Дэлгэр ах очсон, түүний ахаас би очоод манай хүүг морь унуулна гэж авч яваад морь яагаад унуулаагүй юм гээд маргалдсан. Дэлгэр ахтай маргалдаад гараараа 1 удаа толгой руу нь цохисон. Хуягаа ах бид хоёрыг салгаад гэр рүүгээ харьцгаасан. Дэлгэр ахтай муудалцсан шалтгаан нь манай хүүхдийг 6 сарын сүүлээр морь унуулна гээд авч яваад сумын наадмаар өөр хүүхэд унуулаад манай хүүхэд уйлаад машин сууж байсан гэж манай эхнэр хэлж байсан юм. Тэр явдлаас болж маргасан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

    1. Ч.Мы иргэний үнэмлэхний хуулбар, ял шалгах хуудас, /хх-ийн 25- 26 дугаар хуудас/
    2. Хохирогч А.Дийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэрсэн гэх хүсэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Давст” гэх газар А.Дтэй “манай хүүхдээр морь унуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч А.Дийн ...миний хөл, гар толгой өвдөөд хүүхдүүдээсээ асуутал Мөнхтайван ах таныг зодсон гэж Хуягаа ах хэлсэн гэж надад хэлсэн...,

гэрч С.Хуяг-Очирын ...Мөнхтайван нь Дэлгэр ахад манай хүүхдээр морио унуулсангүй гэж агсраад байсан...,

гэрч Х.Цэнд-Аюушийн ...манай гэрт Дэлгэр ах болон Мөнхтайван нар маргалдаад, Мөнхтайван нь Дэлгэр ахыг цохиж, манай нөхөр салгасан... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 063-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж,

 

бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүх Ч.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.М цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч хохирол төлбөр, эмчилгээний зардал нэхэмжлээгүйг, гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бүргэд овгийн Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Бүргэд овгийн Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бүргэд овгийн Ч.Мыд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бүргэд овгийн Ч.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Бүргэд овгийн Ч.М цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч хохирол төлбөр, эмчилгээний зардал нэхэмжлээгүйг, гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
 
  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бүргэд овгийн Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН