| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00402/И |
| Дугаар | 00475 |
| Огноо | 2018-05-19 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 00475
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2018/00475 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** тоотод оршин суух, А.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** тоотод оршин суух, Х.С холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.М миний бие 2008 онд Х.С-тай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин М.Б төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 онд салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд өсч торнисон.
Охин бид хоёр 2015 оны 8 сараас хойш орон сууц түрээслэн амьдардаг бөгөөд ганц хүний цалингаар охиныгоо өдий хүртэл өсгөсөн. Энэ хугацаанд охины эцэг болох Х.С-аас тэтгэмж, тэтгэлэг огт авч байгаагүй. Охин маань одоо 8 настай, сургуульд суралцаж байгаа бөгөөд миний хувьд байрны түрээсээ төлөхийн хажуугаар охиныхоо хичээл, сургалтад зарцуулах мөнгө хүрэлцэхгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй" хэмээн заасан байдаг. Гэтэл Х.С- нь өдий хүртэл охин болох М.Б ыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй. Иймд Х.С-ыг охин М.Б ын эцэг болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин М.Б ын эцэг мөн эсэхэд маргахгүй байна. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Х.С-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.С- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
А.М , Х.С- нар нь 2008 онд танилцаж, үерхсэн боловч гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдраагүй, гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна. Тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин М.Б төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна.
2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Б ын төрсөн эцэг нь Х.С- мөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул эцэг мөн эсэх талаар маргаангүй гэж шүүх дүгнэв.
Зохигчид хамтын амьдралтай байсан бөгөөд цаашид хамт амьдрахгүй гэсэн тайлбар, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар, охин М.Б нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа хүүхдийн насны байдал, эхийн хайр энэрэл, анхаарал халамж, асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх А.М гийн асрамжинд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Х.С-аас тэтгэлэг гаргуулан сар бүр охин М.Б ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Б ын эцэг нь Х. С- мөн болохыг тогтоосугай.
2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Б ыг эх А.М гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Б ыг бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Х.С-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, нэхэмжлэгч А.М гийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Х.С-аас 99,345 төгрөг гаргуулан 70,200 төгрөгийг А.М д олгож, 29 145 төгрөгийг Төрийн санд оруулсугай.
4.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
5.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН