Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 22214001290245 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хялбаршуулсан журмаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багт байх гэртээ өөрийн эхнэр *******гийн нүүрэн тус газарт нь гараараа цохин, хөл рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр суманд болон заал зохион байгуулагчийн хамтаар голын эрэг дээр очоод тус бүр 2 ширхэг лаазтай пиво уучхаад буцаад зааланд ирээд заалны гадаа байсан мотоциклийг асаагаад хөдлөөд явж байхад эхнэр ирж байхаар нь хажууд нь зогсоод суучих гэхэд үгүй гэж хэлэхээр нь мотоциклоо асаагаад хөдөлж яваад гэртээ очсон. Тэгсэн эхнэр араас орж ирээд над руу хашхичиж байгаад юм шидээд тэгээд бид хоёр хэрүүл хийсэн чинь хадам ээж, нар гэрээс гараад явсан. Хэрэлдэж байгаад би эхнэрээ нэг удаа алгадаж нэг удаа өшиглөсөн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 83-84 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ороод нөхөртөө чи яагаад худлаа яриад хүүхдээ харахгүй байгаа юм гэж уурлаад орон дээр байсан хүүхдийн цамц, шалан дээр байсан гутлаа аваад шидсэн. ******* чи ямар ганцаараа ууртай юм уу гээд намайг хүзүүгээр тэвэрч бид хоёр маргалдсан чинь гэрт байсан ээж , эгч гэрээс гараад явсан. Тэгсэн ******* тэвэрсэн байхдаа намайг түлхээд газарт унагасан. Тэгэхээр нь би "чи битгий давраад байгаарай би өгдөг газарт нь өгнө шүү” гэхэд гарт байсан утсыг булааж авчхаад "би чиний тэр цагдаагаас чинь айх юм уу” гээд гараа зангидаж байгаад миний нүүр рүү нэг удаа цохиход нь би газарт унасан чинь зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би босож ирээд барилцаж аваад “ээжид хэлнэ”гэхэд намайг түлхэж орон дээр унагачхаад цонхны хөшгийг хаачхаад “одоо чамайг алаад өгье л дөө” гэж хэлээд миний хоолойноос боож байгаад больсон...гэх мэдүүлэг / хх-ийн 51-54/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би Баянхонгор аймгийн суманд ажлаа хийж байгаад 18 цагийн үед ажлаасаа тараад *******ын гэрт нь очсон охин , нар *******ын хүүхдийн хамтаар байсан. “******* ирээгүй юм уу” гэхэд надад хэлэхдээ “та хүүхэд харж бай” гээд гараад явсан. Тэгсэн удалгүй ******* гэрт орж ирээд орон дээр хэвтээд өгсөн. Араас нь орж ирээд ******* луу "чи хаачаад ирэв хүүхэд харахгүй” гээд уурлаад загнаад байсан. Тэгээд бид хоёр гэртээ хариад унд уугаад сууж байхад над руу залгаад “та хүрээд ирээч” гээд салгасан. Тэгээд би *******ын гэрт орсон чинь гийн нүд нь хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 59-61 /,

5. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би хашаан дотор зогсож байхад ******* мотоциклоор гэр лүүгээ явлаа гэхэд эгч явуулахгүй гээд мотоциклоос нь барихаар нь эгчийг харсан чинь нүд нь хөхөрчихсөн байсан. эгчийн баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. ******* заалны арга зүйчтэй цуг 2, 2 лааз пиво уусан...гэх мэдүүлэг / хх-ийн 68-69 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн:

1.2.*******гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал,зүүн нүдний доод зовхины гадна булан, шуу, гуя, өвдөгний цус хуралт, хацар, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

3.Дээрх баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад зүүн нүдний доод зовхины гадна булан, шуу гуя, өвдөгний цус хуралт, хацар, чамархай хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.

4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / хх-ийн 31-32 /, болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багт байх гэртээ өөрийн эхнэр *******гийн нүүрэн тус газарт нь гараараа цохин, хөл рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч *******гийн мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 373 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ