| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0808/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/826 |
| Огноо | 2022-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/826
2022 06 06 2022/ШЦТ/826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Н.Ганчимэг /томилолт/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00866 1428 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймаг Даланжаргалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хянагч буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид хянагч буудагч ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх 24 дүгээр хороо овоот 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.404.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Генерал нэртэй баарны үүдэнд хохирогч П.Лхагвадоржийн нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч ******* “Тэр үед би уурандаа нөгөө залууг баруун гараараа нүүрэн тус газраас нь нэг л удаа түүний духнаас нь цус гарсан юм шиг болсон. Би тухайн үед өндөр нуруутай хүн миний араас ирж түлхэж цохисон залууг нэг л удаа цохиж биед нь гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,
Хохирогч П.Лхагвадоржийн “Тус өдөр миний найз болох Банзрагчийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Генерал нэртэй бааранд орж ганц хоёр пиво уусан. Тэгээд баар хааж гэж байсан үед үүдний коридорт байсан үл таних залуутай маргалдах үед тэр залуу баруун гараараа миний толгой руу нэг удаа цохиход миний дух язарч цус гарсан. Тэр үед баарны эзэн дуудлага өгсөн байсан ба хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/,
Хохирогч Б.Банзрагчийн “Миний бие тус өдөр найз болох П.Лхагвадоржийн хамт Баянзүрх дүүрэг 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Генерал нэртэй бааранд орж пиво уусан. Тухайн баар хаах үед буюу 00 цагийн үед миний найз П.Лхагвадорж тухайн баарны үүдэнд үл таних нэртэй хүнтэй маргалдаж зодуулсан. Тэгээд бид нар гадаа гарч ирээд явж байх үед өөрөө халтирч гадаа унасан. Тэр үед толгойгоороо газар мөргөж унасан үед зүүн талын чихэнд гэмтэл авсан байна. Яг үнэндээ бол намайг хэн ч зодож цохиогүй, би хэнтэй ч маргалдаагүй, өөрөө согтуу явж байгаад халтирч унаснаас болж эрүүл мэндэд гэмтэл учирсан. Надад хэн ч гар хүрч зодоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
Гэрч О.Нармандахын өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 00 цагийн үед баар хаах гэж байхад манай баарны дотор үүдний коридорт нэг өндөр залуу манай бааранд үйлчлүүлж гарах гэж байсан Чухал-Эрдэнэ гэх залууг араас нь ирж түлхэх үед Чухал-Эрдэнэ нь уг өндөр залууг зөрүүлж нэг удаа цохисон. Тэр үед уг өндөр залуугийн духны хэсэг нь зүсэгдсэн шархтай болж маш их цус гарсан болохоор миний бие цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2197 дугаартай “П.Лхагвадоржийн биед духанд язарсан шарх, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Гэрч О.Нармандахаас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж өгсөн нэг ширхэг цагаан өнгийн Сидид үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Генерал нэртэй баарны үүдэнд хохирогч П.Лхагвадоржийн нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******, хохирогч Б.Банзрагч, гэрч О.Нармандах нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
******* хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул ******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч П.Лхагвадорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тусгаж бичсэн мөрдөгчийн тэмдэглэлийг /хх-ийн 80 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
******* цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн тул бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ