Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00323

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/00333

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Э  ХХК-нд холбогдох 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4 349 639 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 458 839 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 14 026 905 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 702 500 төгрөг, нийт 19 537 885 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4 349 639 төгрөгөөс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч М.Ж , хариуцагчийн өмгөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.Э  ХХК нь татварын хэлтэст 2001 онд *** тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд 2010-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийж ***тоот актаар 4,349,639.5 төгрөгийн төлбөрийг татвар төлөгчид хариуцуулж гардуулан өгсөн байна. Татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран гардан авсан байна. Татварын ерөнхий хуулийн 34.2 дахь хэсэгт Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид акт, дүгнэлт гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон байгаа юм.

Татварын ерөнхий хуулийн 57.1.2 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг.

2.   Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 458,839 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын 702,500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 14,026,905 төгрөгөөр тус тус тайлан гаргасан байх боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч Э  ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа юм.

Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн ихуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй Э  ХХК-иар татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдон өр барагдуулах шаардлага тавьж ажилласан бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Э  ХХК-ийн захирал М.Ж аас 19,537,885 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжпэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э  ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас заримыг буюу 15 188 246 төгрөгийг хүлээн зөвшөөрч 4 349 639 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот актаар тогтоогдсон төлбөр 4 349 639 төгрөг, тайланд тусгагдсан ААНОАТ-ын 458 893 төгрөг, НӨАТ-ын 14 026 905 төгрөг ХХОАТ-ын 702 500 төгрөгний төлбөр 15 188 246 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй зэрэг нийт 19 537 885 төгрөгний төлбөрийн асуудал байна. Үүнээс тайланд төлөхөөр тусгагдсан 15 188 246 төгрөгийг хүлээн зөвшөөрч актаар төлүүлэхээр гарсан 4 349 639 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.

Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот актаар манай компанийн 2010-2014 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийгдэж 2011 онд ААНОАТ-ын зөрчилд 2 112 830 төгрөгийн нөхөн татвар 633 849 төгрөгийн торгууль, 1 056 415 төгрөгний алданги, 2012 онд НӨАТ-ын зөрчилд 363 636,40 төгрөгийн нөхөн татвар 181 818,20 төгрөгийн торгууль, 1 090.90 төгрөгийн хүү нийт 4 349 639,50 төгрөг төлүүлэхээр акт гарсан.Энэхүү актаар илэрсэн зөрчлүүд нь 2011, 2012 онуудын зөрчил бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д зааснаар нэг удаа чөлөөлөгдөх боломжтой байх учир энэхүү төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Э  ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот актаар манай компанийн 2010-2014 оны албан татвар ногдуулалт төлөтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2011 онд ААНОАТ- ын зөрчилд 2 112 830 төгрөгийн нөхөн татвар, 633 849 төгрөгийн торгууль, 1 056 415 төгрөгний алданги, 2012 онд НӨАТ-ын зөрчилд 363 636,40 төгрөгийн нөхөн татвар, 181 818,20 төгрөгийн торгууль, 1 090,90 төгрөгийн хүү нийт 4 349 639,50 төгрөг төлүүлэхээр акт гарсан. Энэ актаар илэрсэн зөрчлүүд нь 2011, 2012 онуудын зөрчил бөгөөд тайлагнаагүй орхисон байсан тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4.1-д зааснаар нэг удаа чөлөөлөгдөх боломжтой байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Э  ХХК-ийн захирал М.Ж ы тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаж хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4 349 639.40 төгрөгийг Э  ХХК-ийн захирал М.Ж д хариуцуулан гардуулж өгсөн байдаг бөгөөд актыг татвар төлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран гардан авсан байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 34.2 дахь хэсэгт Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид акт, дүгнэлт гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд татварын улсын байцаагчийн акт 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тавигдсан юм. Өөрөөр хэлбэл хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнөх зөрчил баримт байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэгч Э  ХХК-нд холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4 349 639 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 458 839 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 14 026 905 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 702 500 төгрөг, нийт 19 537 885.0 төгрөг гаргуулах,

Хариуцагч Э  ХХК нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4 349 639 төгрөгөөс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Татвар төлөгч Э  ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх, 18.1.2д зааснаар татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэгтэй.

Хариуцагч Э  ХХК нь хуульд заасан дээрхи үүргээ биелүүлээгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 458 839 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 14 026 905 төгрөг, хувь хүний орлогын албан татварын өр 702 500 төгрөг төлөөгүй, мөн 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4 349 639 төгрөг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, татварын тооцооллын жагсаалт, Татварын албаны мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 458 839 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 14 026 905 төгрөг, хувь хүний орлогын албан татварын өр 702 500 төгрөг төлөөгүй талаараа маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.

Хариуцагч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх үүргээ биелүүлээгүй учраасЭ  ХХК-иас татварын өр, төлбөр 19 537 885 төгрөг гаргуулах үндэстэй гэж үзлээ.

2-рт: Хариуцагч нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ***тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4 349 639 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтаар Э  ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын хяналт шалгалтыг хийж шалгалтаар тус компанийг 2 476 466 төгрөгийн нөхөн татвар, 815 667 төгрөгийн торгууль, 1 056 415 төгрөгийн алданги, 1 090 төгрөгийн хүү, нийт 4 349 639 төгрөгийн төлбөртэйг актаар тогтоосныг татвар төлөгч Э  ХХК-ийн захирал М.Ж  хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №***тоот татварын улсын байцаагчийн акт, актын хавсралт, татварын хяналт шалгалтын ажлын карт, татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, акт танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл зэрэг баримдуудаар тогтоогдож байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй, 3 дугаар зүйлийн 3.1-д Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна гэж тус тус заасан.

Э  ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй, дээрхи зөрчил нь шалгалтын явцад илэрсэн учраас Э  ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 255 639 төгрөг гаргуулж төрийн санд оруулах, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг шаардлагад хариуцагчийн төлсөн 84 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэстэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтланхариуцагч Э  ХХК /захирал М.Ж аас/ татварын өр, төлбөр нийт 19 537 885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Э  ХХК-иас 255 639 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 84 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА