Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2022/0036/Э |
Дугаар | 2022/ШЦТ/35 |
Огноо | 2022-05-30 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Хохирогч Т.Т,
Гэрч Б.О,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2124001050023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *************************
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутгаас хохирогч Т.Тын эзэмшлийн 1 тооны үхэр хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг Огзомын нугын сайр гэх газраас хохирогч Т.Т ын эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутгаас хохирогч Т.Т ын эзэмшлийн 1 тооны үхэр, мөн 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг Огзомын нугын сайр гэх газраас хохирогч Т.Т ын эзэмшлийн 2 тооны үхрийг тус тус хулгайлж нийт 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 12 дугаарын сарын дунд үед Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэр “Үзүүрийн өтөг” гэх газраас 1 тооны соёолон насны, сувай үнээ, сүүл цагаан, улаан хүрэн зүсмийн үхэр алдаад олоогүй. Мөн 2021 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд миний бие багийн засаг дарга сонгох орон нутгийн сонгуульд нэр дэвших ажилтай Тэс сумын төв явсан байх хойгуур манай аав над руу холбогдоод 2 тооны үхэр буюу сувай үнээ, шүдлэн гунж байхгүй байна гэж хэлсэн. Манай аав ойр хавийн айлуудаасаа асуугаад сураг гараагүй. Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын төвөөс хөдөө гэрт ирэх үед тухайн алга болсон хоёр үхрийн нэг болох шүдлэн гунжин үхэр нь гүйгээд ирсэн байсан. Тэгээд би нөгөө үнээгээ хэсэг хайгаад олоогүй. Сүүлд би алдсан бог малаа олж аваад явж байтал Баянтэс сумын малчин О гэх хүний үхэр дотор миний 2020 оны 12 дугаар сард алдсан цагаан сүүлтэй улаан хүрэн зүсмийн үнээ болон 2021 оны 10 дугаар сард алга болсон үхрийн нэг болох сувай үнээ байж байхаар нь О ахтай уулзаад энэ үхрүүд яагаад танай үхэрт байгаа талаар асуухад манай Баянтэс сумын залуу Ренчиндорж манай үхэрт нийлүүлж орхиод харж байгаарай гээд үлдээсэн гэж хэлсэн. Манай алдсан үхэр нь цагаан сүүлтэй улаан зүсмийн соёолон насны эм үхэр, улаан зүсмийн шүдлэн эм үхэр, хоёр чих имгүй, хоёулаа салаа эвэртэй үхэр байсан. Би одоогийн байдлаар өөрийнхөө үхрийг 1,200,000 төгрөгөөр үнэлж байна. Малаа эрж хайхдаа 100,000 төгрөгийн шатахууны зардал гаргасан нийт 2,500,000 төгрөгийн хохирол учирсан. Би одоо алдсан 3 үхрээ олоод авсан болохоор гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай сумын Жавхлан багийн иргэн ******* нь 2020 оны 12 дугаар сарын дундуур манай үхэрт улаан зүсмийн дунд зэргийн биетэй охин үхэр нийлүүлсэн байсан. Би түүнээс хэний ямар учиртай үхэр болохыг асуухад хүнээс авсан юм. Танай үхэрт байж байг та харж байгаарай гээд захисан болохоор түүний үхэр юм байна гэж бодоод л байсан. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр ******* нь улаан зүсмийн дунд зэргийн биетэй охин үхэр манай үхэрт нийлүүлсэн байсан. Р манай гэрт ирж надад танай үхэрт нэг үхэр нийлүүлсэн байгаа шүү харж байгаараа гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Тэс сумын хэсгийн төлөөлөгч гэж залуу надаас мэдүүлэг авах үед Т гэж хүний үхэр болох талаар мэдсэн. Би үхэр нийлүүлсэн даруй нь чи энэ үxэрээ хэзээ авах юм бэ гэхэд тэгж байгаад авна ах та сайн харж байгаарай гэсэн дахин асуугаагүй. Манай үхэрт нийлүүлсэн нэг үхэр нь жил гаран болж байна. Үхрийг Тэс сумын хэсгийн төлөөлөгчийн хамт Т гэдэг хүн аваад явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 сарын дундуур манай үхэрт улаан үхэр нийлсэн байхаар нь нөхөр О асуухад ******* нь ганц үхэр нийлүүлсэн байгаа шүү та харж байгаарай гэж хэлсэн гэж манай нөхөр хэлж байсан. Манай үхэрт нийлүүлсэн үхэр нь нэг жил гаран болж байгаа. Үхэр нийлүүлсэн талаар манай нөхөр Б.О, ******* нар мэдэж байсан. Манай үхэрт нийлүүлсэн үхэр цагаан сүүлтэй, аль билээ нэг талын нүдний дээрээ цагаан үстэй нас гүйцэж байгаа болов уу гэмээр имгүй жижиг эвэртэй улаан үнээ байсан. Тэр үнээ манай үхэртэй өвөлжөөд хавар нь тугалж охин улаан зүсмийн тугал гаргасан тэгээд зусаж намаржаад саяхан 2021 оны 12 сард эзэн нь гэх залуу ирээд аваад явсан. Дараа нь манай үхэрт мөн л ******* үхэр тууж ирж нийлүүлсэн талаар манай нөхөр Б.О надад хэлэхээр нь би ямар үхэр нийлүүлсэн болохыг хартал улаан зүстэй, жижиг хумбан эвэртэй, гунжин үхэр нийлүүлсэн байсан. ******* ирж авна гэсэн чи малын наагуур цаагуур явахдаа харж байгаарай ижил буруу мал салаад явчих байх гэж манай нөхөр хэлэхээр нь би малд явахдаа хардаг байсан. Сүүлд манай үхэрт нийлүүлсэн нэг үхэр нь 1 сар гаран болоод Тэс сумын хэсгийн төлөөлөгч эзэн нь гээд нэг хүний хамт ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-51, 36-138/,
Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153 дугаартай “...2021 оны байдлаар хязаалан насны үхэр 1,200,000 төгрөг, шүдлэн насны үхэр 1,000,000 төгрөг нийт дүн 2,200,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-59/
Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 152 дугаартай “...2021 оны байдлаар хязаалан насны үхэр 1,200,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-148/
Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 120-122/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч ******* : “...Би 2020 оны 12 дугаар сарын дундуур Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн Үзүүрийн өтгө гэх газраас өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн нас гүйцсэн морио унаад тухайн газраас Тын эзэмшлийн 1 тооны улаан зүсмийн үхрийг тууж О ахын мал сүрэгт нийлүүлсэн. Хэд хоногийн дараа О ахад үхэр нийлүүлсэн талаар хэлээд харж байх талаар захисан. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 5 хоногийн өмнө адуундаа явж байхдаа Тэс сумын Нисэг багийн нутаг Бэрхийн өврийн Базарайн өвөлжөөний өтгөнд хэвтэж байсан 10 тооны үxэрээс 2 тооны үхэр тасдаж аваад тууж явах үед 1 тооны үхэр нь буцаж гүйгээд байхаар нь орхиод, нэг улаан зүстэй монголын үхрийг О ахын үхэрт нийлүүлсэн маргааш нь О ахтай хонины бэлчээрт таараад үхэр нийлүүлсэн шүү харж байгаараа гэж захисан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хохирогч Т.Түмэнжаргалын эзэмшлийн үхэр сүргээс 2020 оны 12 дугаар сард 1 тооны, 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед 2 тооны үхэр авсан болохыг давхар нотолж байна.
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлийн малыг эзэмшигч болон өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч ******* хохирогч Т.Т ын 1 тооны үхрийг 2020 оны 12 дугаар сард, 2 тооны үхрийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар авч, гэрч Б.О үхэрт нийлүүлж өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлэн авч байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* 2020 оны 12 дугаар сард хохирогч Т.Тын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй. Харин алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Учир нь Т.Тын алдсан байсан алдуул малыг Б.О үхэрт нийлүүлсэн. Тиймээс түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2021 оны Өршөөлийн хуулийг хэрэглэж боломжтой...” гэжээ. Шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд ямар нэг идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэн байдаг. Гэтэл шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард хохирогч Т.Т 1 тооны үхрийг үхэр сүргээс нь нууцаар хууль бусаар салган тууж гэрч Б.О үхэр сүрэгт нийлүүлсэн идэвхтэй үйлдэл хийж байгаа нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг үгүйсгэж, мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Харин шүүгдэгч ******* 2020 оны 12 дугаар сард, 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед хохирогч Т.Т ын 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлсан 2 удаагийн үйлдэл нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд, нэг хохирогчийн үхэр сүргээс нэг нутаг дэвсгэрт, цаг хугацааны хувьд завсарлагатай үргэлжлэн хийгдсэн байх тул үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж үзнэ.
Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн хувьд үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжтэй байх ба эхний үйлдэл хийснээр гэмт хэрэг эхэлж, хамгийн сүүлчийн үйлдлээр төгссөнд тооцдог онцлогтой. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогч Т.Тын 1 тооны үхрийг 2020 оны 12 дугаар сард үхэр сүргээс тууж гэрч Б.О үхэрт нийлүүлснээр гэмт хэрэг эхэлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед мөн хохирогчийн 2 тооны үхрийг тууж гэрч Б.О үхэрт нийлүүлсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
Тодруулбал үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн гол онцлог нь нэгэнт эхэлсэн гэмт хэргийн ерөнхий, нэгдмэл санаа үргэлжлэх өвөрмөц үе шат болдог учраас үргэлжилсэн үйлдэл тус бүртээ бие даасан гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй байх үндэслэлтэй болно.
Иймд шүүгдэгч ******* хохирогч Т.Т 1 тооны үхрийг 2020 оны 12 дугаар сард, 2 тооны үхрийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед үхэр сүргээс тууж гэрч Б.О үхэрт нийлүүлсэн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зөв болно.
Тиймээс шүүгдэгч ******* 2020 оны 12 дугаар сард хохирогч Т.Т ын 1 тооны үхэр хулгайлсан үйлдлийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
“Олон тооны мал” гэж хоёр бод түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* хохирогч Т.Т ын 3 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би хулгайд алдсан 3 үхрээ олж авсан. Бусад зардалд 250,000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байсан, хохирогчид хохирол төлбөр төлсөн, тэрээр оюуны хөнгөн хомсдолтой /хх 71-74/ зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 05 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт *******ийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1,000,000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ