| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2019/0422/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 501
Б.Б, Г.Л нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ганзориг,
Шүүгдэгч Б.Б, Г.Л нарын өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 941 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ганзоригийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Б.Б, Г.Л нарт холбогдох ....................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Бэрсүүт овгийн Б.Б, 2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, ................................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан;
2. Монгол овгийн Г.Л, 1999 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;
Б.Б, Г.Л нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн Приус 20 маркийн 07-92 УБЯ улсын дугаартай автомашины гурвалжин шилийг хагалж, машин дотор байсан хоолны халуун сав, эмэгтэй хүний туулайн арьсан малгай, чихэр, архи зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б, Г.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь хэсгийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байдал зэргийг прокурор шалгаж, хяналтыг хангалттай хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд “тусгайлан хамгаалсан байр”-нд нэвтэрч үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нэвтрэх” гэсэн ойлголт байхгүй, автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна, эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг.
Иймд яллагдагч Г.Л, Б.Б нарт холбогдох хэрэгт дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нөхцөл байдлыг бүрэн тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлыг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр хэргийг шүүхээр шийдүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Л, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор А.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд:
1. “Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь зүйл, хэсэг, заалт гэсэн логик дараалалтай байдаг атал шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь хэсгийн 1 дэх хэсэгт" гэсэн нь ойлгомжгүй байх ба хуульд 1.6 дахь хэсгийн 1 дэх хэсэг гэсэн заалт байхгүй болно.
Мөн “1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэсэн нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу ямар хуулийн, ямар зүйл, заалтыг зөрчсөнийг тодорхойлоогүй, энэ нь ойлгомжгүй байна.
Харин ч прокурор, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсэн.
"Прокурор нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байдал зэргийг шалгах хяналтыг хангалттай хэрэгжүүлээгүй байна” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, хэрэгт мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон атал шүүхээс ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, юуг нотлуулах гэж байгаа талаараа огт дурдаагүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Шүүгчийн захирамжид “Тодруулбал, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууц аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд “тусгайлан хамгаалсан байр”-нд нэвтэрч үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нэвтрэх” гэсэн ойлголт байхгүй, автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг" гэжээ.
Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинж болгож “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;” гэж хуульчилснаас бус "....автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна, эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай, тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг” гэж хуульчлаагүй. Мөн автомашиныг “тусгайлан хамгаалсан байр” гэж тайлбарласан Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээ, захиргааны хэм хэмжээний акт байхгүй байхад автомашиныг “тусгайлан хамгаалсан байр” гэж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж тайлбар хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
3. Мөн шүүгчийн захирамжид “...Иймд яллагдагч Г.Л, Б.Б нарт холбогдох хэрэгт дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нөхцөл байдлыг бүрэн тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлыг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр хэргийг шүүхээр шийдүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв..." гэсэн нь агуулгын хувьд тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүл” гэж ойлгогдохоор яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх...”-ийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байна.
Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 941 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Г.Л, Б.Б нарын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ийм гэмт хэрэгт холбогдсон. Хэрвээ үнэхээр агуулах сав, орон байранд нэвтэрсэн гэж үзэж байгаа бол автомашинд нэвтэрч 300.000 төгрөгөөс бага хохирол учруулсан буюу Зөрчлийн хуулиар шийдвэрлэгдэж байгаа хэргүүд мөн энэ зүйлд хамаарна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заасан. Үнэхээр нэвтэрсэн гэж үзэж байгаа бол эдгээр зөрчлийн хэрэг ч гэсэн бүгд нэвтрэлт болно. Тэгэхээр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдаж байна. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн хийсэн дүгнэлт, прокурорын тайлбараас үзэхэд хууль тайлбарлахад гарч байгаа эргэлзээ гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх ёстой. ..” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос “Б.Б, Г.Л нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн Приус 20 маркийн 07-92 УБЯ улсын дугаартай автомашины гурвалжин шилийг хагалж, хоолны халуун сав, эмэгтэй хүний туулайн арьсан малгай, чихэр, архи зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Л, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, “мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шүүхэд ирүүлэх, мөн дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад нөхцөл байдлыг бүрэн тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлыг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр хэргийг шүүхээр шийдүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэн” хэргийг дүүргийн прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй.
Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан ажиллагааг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна.
Б.Б, Г.Л нар нь “автомашины шилийг хагалж, дотроос нь эд зүйл буюу хоолны халуун сав, эмэгтэй хүний туулайн арьсан малгай, чихэр, архи зэрэг эд зүйлүүдийг авсан” гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хуульчилжээ.
“Орон байр” гэдэгт хүн байнга, эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг,
“Тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, амбаар, пин, илүү гэр, түүнчлэн тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг тус тус хамааруулан ойлгодог.
Хохирогч Ц.Баасандорж нь өөрийн эзэмшлийн автомашин дотор хөрөнгөө хадгалж, хөрөнгө хадгалж байгаа автомашин болон эд зүйлээ хууль бус халдлагаас хамгаалан, машинаа цоожлон орхижээ.
Иймд бусдын хаалга нь цоожтой автомашины цонх, хаалга, түгжээг эвдлэн нэвтэрч, дотроос эд зүйл авсан үйлдлийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэнтэй адилтган авч үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн, тухайн зүйлд заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахыг тодорхойлохдоо, хохирогч өөрийн хөрөнгийг ямар эд зүйлд хэрхэн хадгалан хамгаалж байснаас хамааруулан хөрөнгийг хадгалж байсан объектыг тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж шүүх тайлбарлан тодорхойлох нь хуулийн хэм хэмжээний агуулгыг өөрчилсөн гэж үзэхгүй.
Дээрх байдлаар тайлбарлах нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж үзэв.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Цаашид, анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг тодорхой, ойлгомжтой бичиж байхыг анхааруулан тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 941 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Ганзоригийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ