Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2018/00090/И |
Дугаар | 00323 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 00323
2018 оны 03 сарын 26 өдөр Дугаар 142/ШШ2018/00323 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух Д.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э ХХК-нд холбогдох
Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/189 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О , хариуцагч Д.Э , хариуцагчийн өмгөөлөгч Р.Н , гэрч С.А , Ш.М , Д.Б , Э.У , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 16-нд байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ дууссаны дараа нягтлан бодогч Д.Б тэй Төгөл их дэлгүүрийн гадаа 5 минут хүрэхгүй хугацаанд согтуу муудалцсан. Баярын арга хэмжээн дээр нэлээд согтсон биеэ хянах чадвар муутай байхад, мөн албан ёсны үйл ажиллагаа дууссан байхад компаний дотоод журмын 8.8.9-д зааснаар сахилгын арга хэмжээ 2 сар 20 хувь цалин бууруулах буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ажил эхэлсэн 12 сарын 19-ний өдөр Д.Б , Ш.М нараас уучлалт гуйсан. Хэрэв гомдолтой бол цагдаад гомдолоо гаргаач гэж хэлсэн боловч тийм юм байхгүй гээд өнгөрсөн.Гэтэл боловсон хүчин, захирал тухайн үед байхгүй байсан атлаа нягтлан Д.Б ээр тайлбар бичүүлж аваад 5 минут хүрэхгүй маргалдасны төлөө цалингаас 500 000-600 000 төгрөг хасагдаж байгаа нь гомдолтой байна. Албан ёсны үйл ажиллагаа 18 цагт эхэлж 21:30 цаг болж байхад дууссан. Иймд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/189 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК нь Э ХХК энгийн хувьцааг нь 100 хувь эзэмшдэг тэдний охин компани бөгөөд тус үйлдвэрийн ажиллагсдын ажлын болон тусгай зориулалтын хувцас, баяжмал савлах шуудай оёдог оёдлын төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани 2017 онд идэвх чармайлттай ажиллаж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг 2,5 дахин нэмэгдүүлж борлуулалтыг 1,6 тэрбумаас 4,0 тэрбум төгрөгт хүргэж, алдагдалтай ажиллаж байсан компанийг 70,0 сая төгрөгийн ашигтай ажиллуулж энэ хирээр ажиллагсдын цалин хөлс, ажилд хандах хандлага сэтгэл ханамж дээшилсэн гэж үздэг. Ийм учраас 2017 оны ажлаа дүгнэж шинэ жилийн цэнгүүнээ 2017 оны 12 дугаар сарын 16-нд "Төгөл төвийн Чингис зоогийн газарт зохион байгуулсан. Оны шилдэг ажилчид, ажил мэргэжлийн аваргуудаа тодруулж, урлаг уран сайхны арга хэмжээ явуулж, өвлийн өвгөн бэлгээ гардуулж, дуу хуур, бүжиг наадам гээд шинэ жилд байдаг бүх л арга хэмжээ болсон. Хүмүүс хамт олон сэтгэл өндөр байсан. Шинэ жилийн арга хэмжээнд толгой компани Э ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн орлогч, ХАБЭА-н хэлтсийн дарга, тус компани,цехийн дарга байсан хүмүүс, ахмад ажилчид урилгаар оролцсон. Ингээд 18.00 цагт арга хэмжээ албан ёсоор эхэлсэн ба албаны бүх арга хэмжээгээ дуусгаад 21.30 минутын орчимд зочид явсан ба тэднийг үдэж өгөөд гүйцэтгэх захирал миний бие гэрээт хуулийн зөвлөх Р.Н гийн хамт захиргааны санхүү, маркетингийн албаны дарга бөгөөд ахлах нягглан бодогч Д.Б , хүний нөөцийн менежер Б.А . мастер Э.У , П.М нартай уулзаж Цэнгүүнээ нэг их сунжруулалгүй, бас хүмүүстээ эвгүй сэтгэгдэл төрүүлэлгүй аятайхан дуусгаарай, согтсон өөрийгээ удирдах чадваргүй хүн гарвал ар гэртэй нь холбоо барьж авахуулах эсхүл компанийн унаагаар хүргэх арга хэмжээ аваарай, гадаа гараад янз бүр болох вий, хүмүүсийг унаанд сууж гэр гэр рүүгээ явтал хяналт, анхаарал тавиарай гэж анхааруулж үүрэгжүүлээд явсан болно.
Гэтэл арга хэмжээ дуусах үеэр ажилчдыг үлгэрлэх манлайлах ёстой ҮЭ-ийн сонгуультай Д.Б нь арга хэмжээ болсон Чингис ресторанаас тарах үед хувцас солих өрөөнөөс эхлэн Төгөл группийн барилгаас гарах шатаар явах үед согтуугаар мастер С Б ыг ҮЭ-ийн хорооны дарга гэж мэдээгүйн төлөө Намайг үг хэлүүлсэнгүй, ажилчид ҮЭ-ийн дарга гэж танихгүй байна, энэ нь захиргааны та нартай холбоотой гэж захиргааны ажилтан Д.Б нягтлан бодогч Ш.М нар руу агсан тавьж хэл үгээр доромжлох, нүүр рүү нулимах, салаавч гаргах зэргээр авирласан ба үүнийг болиулах гэсэн Ш.М-г барьж явсан туфль гутлаараа цохиж толгойг нь шалбалж цус гаргах, мастер Э.У-г нулимж доромжлох зэргээр танхай авирласан, гүтгэн доромжилсон байдаг. Энэ асуудал 12 дугаар сарын 19-ний өглөө ажил цуглах үед надад мэдэгдсэн ба би байдлыг илтгэсэн ажилчдаас тайлбар бичүүлж авч тодруулаад Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилчин Д.Б т сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан. Д.Б ын гаргасан зөрчил нь компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.9 төдийгүй 8.9.12 дахь заалтыг ч зөрчсөн үйлдэл болох нь тогтоогдсон. Д.Б нь архи уусан, өөрийгөө хянах чадваргүй согтуу байсан гэдгээ шүүхэд гаргасан өргөдөлдөө ч хүлээн зөвшөөрсөн байх ба харин үдэшлэгийн танхимаас гарсан л бол компанид хамаагүй мэтээр гомдол гаргаж шүүхэд хандсан юм байна. Д.Б ын өөрийнх нь гаргасан үйлдэл, үг хэл нь шинэ жилийн арга хэмжээтэй холбоогой байсан, уг арга хэмжээ тарах үед байгууллагын ажиллагсдын дунд болсон, арга хэмжээ болсон барилга байшингаас бүрэн гарч хувийн эрх чөлөөгөө эдлэх үед болоогүй зэрэг шинжээрээ Д.Б ын гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журамд хамаарна. Нөгөө талаас орон нутгийн болон үндэсний хэмжээний Цагдаагийн байгууллагаас Шинэ жилийн арга хэмжээний үеэр архи дарсыг тохируулан хэрэглэх, арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, түүний удирдлага ажиллагсдыг гэр гэртээ харьтал нь анхаарал, хяналт тавих талаар анхааруулга, сэрэмжлүүлгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд өгсөөр байсан болно. Д.Б ын гаргасан зөрчилд энэхүү Б/189 тоот тушаалаар арга хэмжээ авснаас хойш Д.Б нь захиргааны ажилтнуудтай ямар нэгэн шалтаг, шалтгаан гарган байнга хэрүүл өдөн маргаан үүсгэх, ажиллагсдаар худлаа үндэслэл хэлэн гарын үсэг цуглуулан компанийн удирдах ажилтнуудыг толгой компани, цагдаад гомдол өгөх зэргээр хандаж Э , Б , А гурвыг зайлуулна гэж ил зарлаж дахин давтан сахилгын зөрчил гаргасаар байгааг бид баримтжуулж байгаа. Иймд Д.Б т авсан сахилгын арга хэмжээ нь түүний гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн тул түүний гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Э ХХК-нд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/189 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Э ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/189 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.8.9-дэх заалтуудыг тус тус баримтлан Д.Б д үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байх ба уг арга хэмжээг авах үндэслэлээ ...оёдолчин Д.Б нь компаниас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ тарах үеэр зохисгүй үйлдэл гаргасан гэж дурьдсан байна.
2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Чингис ресторонд болж, арга хэмжээ тарах үед Д.Б ...намайг үйлдвэрчний хороон дарга гэж ажилчидад танилцуулсангүй, шинэ жилийн арга хэмжээн дээр үйлдвэрчний эвлэлийн даргын хувиар үг хэлүүлсэнгүй гэж Д.Б болон бусад хүмүүст хандаж хэлэхэд нь Д.Б ...та одоо гэртээ хариж амар, явцгаая гээд шат руу буух үед түүнийг түлхэж, хэл үгээр доромжилсон, гадаа гарч ирэхэд нь тэдний маргааныг зогсоох гэсэн Ш.М , Н.У нарыг барьж явсан тортой гуталаараа цохиж, салаавч гаргах, нулимах зэргээр зохисгүй үйлдэл гаргасан үйл баримт болсон нь зохигчдын тайлбар, гэрч Д.Б , Ш.М , Н.У , С.А нарын мэдүүлэг, Д.Б , Ш.М нарын Э ХХК-ийн захиргаа, хүний нөөцөд гаргасан хүсэлтүүд зэрэг баримтаар тогтоогдсон.
Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.8-д хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчил гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.Үүнд ....8.8.9 Компаниас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээний үеэр зохисгүй үйлдэл гаргасан гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж заасан.
Мөн Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.1-д Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам нь компанийн хэмжээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн, журмын 1.2-д компанийн эрхэм зорилго, зорилтын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох....энэхүү журмын зорилго оршино гэж заасан.
Д.Б дээрхи үйлдлийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тарах үеэр өөрөөр хэлбэл ажлын байран дээр биш, ажил үүргээ гүйцэтгээгүй байхдаа гаргасан нь зохигчдын болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.
Тиймээс ажил олгогч Д.Б ын хөдөлмөрлөх үүрэгтэй холбогдолгүй, хөдөлмөрийн харилцаанд оролцоогүй байх үед нь гаргасан үйлдэлд нь түүнд дотоод журмын 8.8.9 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрхи үндэслэлээр Д.Б д сахилгын арга хэмжээ авсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/189 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/189 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүүшийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА