Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Ж.Б, Д.Г нарын өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Э,

Шүүгдэгч Ж.Б, Б.Б, Д.Г,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Б, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Ж.Б, Д.Г нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2224 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч-1: улсын иргэн, төрсөн, настай, эрэгтэй,  боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, аав, ээж, эгч дүү нарын хамт  суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИГ регистрийн дугаартай, Ж.Б.

Шүүгдэгч-2: улсын иргэн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЦ регистрийн дугаартай, Д.Г.

Шүүгдэгч-3:  улсын иргэн, төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЭ регистрийн дугаартай, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Огторын ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.8219 м3 хэрэглээний хуурай мод бэлтгэж, бусдад худалдан ойн санд 755,085 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.8346 м3 хэрэглээний хуурай болон нойтон мод бэлтгэж, бусдад худалдан ойн санд 2,774,750 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 01-02-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Огторын ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4 метрийн урттай 43 ширхэг хэрэглээний хуурай модыг Ж.Б, Д.Г нараас гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, Тосонцэнгэл сум руу “Зил 131” маркийн ЗАВ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн, мөн 2022 оны 3 дугаар сарын 4, 5-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4 метрийн урттай 73 ширхэг хэрэглээний хуурай болон нойтон модыг Ж.Б, Д.Г нараас гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, Тосонцэнгэл сум руу “Зил 131” маркийн ЗАВ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Огторын ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.8219 м3 хэрэглээний хуурай мод бэлтгэж, бусдад худалдан ойн санд 755,085 төгрөгийн хохирол учруулсан хэргийн

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 01-02-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Огторын ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4 метрийн урттай 43 ширхэг хэрэглээний хуурай модыг шүүгдэгч Ж.Б, Д.Г нараас гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу “Зил 131” маркийн ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримтууд нь:

Иргэний нэхэмжлэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүгдэгч Ж.Б, Д.Г нарын сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тосонцэнгэл сумын төвөөс 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна. Г гэх залууг гуйгаад түүний машинаар өөрийн эцэг өндөр настай Д.Лын хамт Баян-Улаан баг руу найз Д.Ггийнд очих ажлаар явсан юм. Тэгээд аав бид хоёр Д.Ггийнд 5 хонож байсан юм. Миний одоо санаж байгаагаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тосонцэнгэл сумаас чиргүүлгүй улсын дугаар мэдэхгүй байна Зил-131 маркийн автомашинтай хөрөө рамын Б.Б гэдэг залуу манай найз Д.Ггийнд ганцаараа ирсэн. Тэгсэн манай найз Д.Г надад би Огторын араас хэдэн мод хийсэн юм Б.Бд зарж байгаа юм чи надад ачилцаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хамт очсон Гийг мод ачилцаад өгөөч гэж аваад бид нар тэр Б.Бын Зил-131 маркийн автомашинд сууж яваад “Огторын ар” гэх газраас шинэс төрлийн хэрэглээний 4 метрийн урттай 40 гаран тооны модыг Г, Г бид гурав хамт ачилцсан. Бид нар тухайн үед мод ачих үедээ 5-7 ширхэг модыг тухайн газарт үлдээж байсан. Тухайн үед Б.Б гэх залуу ажлын хөлс гээд надад 40,000 төгрөг өгсөн. Тухайн өдөр Б.Б гэдэг залуу модоо ачаад шууд сумын төв рүү явсан. Манай найз Д.Г тухайн моднуудыг ачих үед надад хэлэхдээ би дээрх моднуудыг хуурай дүү Ж.Бгийн хамт 2022 оны 02 дугаар сарын сүүлчээр бэлтгэсэн гэж хэлсэн. 1 ширхэг 4 метрийн модоо газар дээр нь 15,000 төгрөгөөр бодож худалдсан гэж хэлсэн. Би 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр найз Д.Гг мод ачилцаад өгөөч гэж гуйхаар нь юун мод юм гоожин авсан юм уу гээд асуухад би Бд хэдэн мод зарж байгаа юм. Тэгээд Огторын араас 2022 оны 2 дугаар сарын сүүлчээр 4 метрийн 50 ширхэг мод бэлтгэсэн юм түүнийгээ одоо өгөх гэж байна гэж хэлсэн юм. Харин мод бэлтгэх үедээ эрхийн бичиг аваагүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 37/,

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн газраас бэлтгэсэн байсан моднууд нь шинэс төрлийн моднууд байсан. Намайг хэргийн газрын үзлэгт оролцоход 7 ширхэг босоо мод, унанги 14 ширхэг модноос мод бэлтгэсэн байсан юм. Ойгоос бэлтгэсэн моднууд дандаа хуурай шинэс төрлийн моднуудыг бэлтгэсэн байсан юм. Тухайн мод бэлтгэсэн газарт 4 метрийн урттай 7 ширхэг мод байсан тухайн моднуудыг мод ачиж явахдаа тэнд үлдээсэн байх шиг байсан юм. Тухайн газраас мод бэлтгэхдээ нэг доороос бэлтгэсэн байсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 2022 онд ойгоос бэлтгэх модны хуваарийг баталсан. Харин 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд иргэдэд хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байгаа. Ж.Бгийн зүгээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг 2022 он гарсаар надаас аваагүй. Б.Бын хувьд “Огторын ар” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заасан газраас заагдсан хугацаанд тухайн бэлтгэх ёстой модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр модоо бэлтгэж, эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэн оруулж ирэх ёстой...” гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Г.Гы: “...Ж.Б, Б.Б нар нь 2022 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Цэвэрлэгээний ажлаар унанги мод бэлтгэнэ. Зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авсан бол хууль бусаар мод худалдан авсан гэж үзэх байх...” гэх мэдүүлэг /хх 41/,

Шүүгдэгч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн танил ах болох Г гэх хүний хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Огторын ар” гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тэр бэлтгэсэн модоо Б гэх хүнд 1 ширхгийг нь 15,000 төгрөгөөр зарсан. Голоод үлдээсэн модыг нь дараа нь авч ирээд цагдаагийн хэлтсийн журмын хашаанд буулгаад орхисон. “Огторын ар” гэдэг газраас 2022 оны 2 дугаар сарын 25-наас 28-ны хооронд бэлтгэсэн. Би 2022 оны 2 дугаар сард мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд Г ахаар Б гэх хүн рүү яриулаад 1,000,000 төгрөг зээлсэн юм. Тэр мөнгөндөө мод хийж өгсөн юм. Мод бэлтгэх санааг Г ах бид 2 ярилцаж байгаад гаргасан...” гэх мэдүүлэг /хх 86-87/,

Шүүгдэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Огторын ар” гэх газрын ойгоос Ж.Бгийн хамт зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 50 ширхэг мод бэлтгэсэн. Тэр модоо Тосонцэнгэл сумын хөрөө рам ажиллуулдаг Б гэх хүнд 1 ширхгийг нь 15,000 төгрөгөөр бодоод газар дээр нь зарсан. Нийт 50 ширхэг модноос 43 ширхэг мод ачаад 7 ширхэг мод тэндээ үлдээсэн. Би 2022 оны 2 дугаар сарын дундуур Б гэх хүнээс 1,000,000 төгрөг зээлж авсан байсан. Тэр мөнгөндөө мод хийж өгсөн юм. Би мөнгө авахдаа Бд танай тусгаарлалттай газраас мод хийж өгье гэж хэлсэн. Гэхдээ мод хийхдээ тусгаарлалтын газраас нь гарчихсан байсан. Б тэр модыг ачихдаа 7 ширхэг модыг голоод үлдээсэн байсан. Би мод бэлтгэхдээ Ж.Бтай хамт хийсэн. Бид хоёр мод бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Мод бэлтгэх санааг Б бид хоёр ярилцаж байгаад гаргасан...” гэх мэдүүлэг /хх 95-96/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэдэг танил залуу надаас 1,000,000 төгрөг зээлээч эгчдээ хүчилтөрөгчийн аппарат авах гэсэн юм гэж хэлээд авсан. Тэгээд хэд хоногийн дараа 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байсан байхаа Г над руу залгаад мод хийсэн байгаа ирж ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн ЗАВ дугаартай “Зил 131” маркийн машинаар 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр яваад очсон. Тэр газар нь 4 метрийн урттай 50 ширхэг мод бэлтгэсэн байсан. Тэрнээс нь 43 ширхэг мод ачаад 7 ширхэг мод үлдсэн. Би Ггаас та нарт энд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэж асуухад Г надад юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх 104-105 /,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 2 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд бэлтгэгдсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 3,8219 метр, куб мод байна. Мод бэлтгэсэн газар болох Тосонцэнгэл сум Баян-Улаан багийн нутаг “Огторын ар” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. “Огторын ар” гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109.760 төгрөг, итгэлцүүр 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 3.8219 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 755,085 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх 51-53/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/ зэргээр тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.8346 м3 хэрэглээний хуурай болон нойтон мод бэлтгэж, бусдад худалдан ойн санд 2,774,750 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 4, 5-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 4 метрийн урттай 73 ширхэг хэрэглээний хуурай болон нойтон модыг шүүгдэгч Ж.Б, Д.Г нараас гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, Тосонцэнгэл сум руу “Зил 131” маркийн ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэргийн үйл баримтууд нь:

Иргэний нэхэмжлэгч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүгдэгч Ж.Б, Д.Г нарын сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 2,774,750 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 135/,

Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр найз Д.Ггийн гэрт байхад сумын төвөөс хөрөө рамын Б.Б гэдэг залуу бор ногоон өнгийн “Зил-131” маркийн машинтай манай найз Д.Ггийнд ганцаараа ирсэн. Тэр өдөр манай найз Д.Г сумын төвөөс ирсэн Б.Б гэх хүнд 4 метрийн мод зарна гээд намайг мод ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Тухайн өдөр би Г, Д.Г нарын хамт Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газраас 4 метрийн 70 гаран тооны модыг хамт ачилцаж байсан юм. Мод ачих үед 8-9 ширхэг 4 метрийн нойтон мод ачигдсан юм. Харин бусад моднууд нь хуурай моднууд байсан юм. Тухайн үед Б.Б гэх залуу ажлын хөлс гээд надад 40,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мод ачих үед цөөн тооны хэдэн ширхэг 4 метрийн модыг үлдээсэн. Тэр өдөр Б.Б гэдэг залуу модоо сумын төв рүү ачаад явж байсан юм. Тухайн моднуудыг манай найз Д.Г хамт айл байгаа Ж.Б гэх залуугийн хамт 2022 оны 3 дугаар сар дөнгөж гараад бэлтгэсэн гэж надад хэлсэн. Мод бэлтгэхдээ эрхийн бичиг гоожин авч чадаагүй тэгээд Б.Бд худалдаж байгаа гэсэн юм. Ж.Б, Д.Г нар өмнө тэр хөрөө рамын Б.Б гэх хүнд мод хийж өгнө гээд мөнгө зээлээд авчихсан гэж Д.Г надад хэлсэн юм. Тэр Б.Б гэх залууд ачуулсан модоо 1 ширхгийг газар дээр нь 15,000 төгрөгөөр худалдаж байгаа гэж манай найз Д.Г надад хэлсэн юм. Миний хувьд тухайн өдөр найз Д.Гг мод ачилцаад өгөөч гэхээр нь найздаа тус болох санаатай өөрөө Гийг гуйгаад хамт тухайн моднуудыг ачилцаж байсан юм. Түүнээс Г бид хоёрын хувьд ойгоос мод бэлтгэсэн асуудал огт байхгүй. Намайг мод ачилцах үед тухайн газарт 4 метрийн хэрэглээний 80 орчим ширхэг модыг бэлтгэж хураасан байсан юм...” гэх мэдүүлэг /хх 149/,

Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрийн үед Д.Г, Д.Г гэх хүмүүсийн хамт Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутгаас хөрөө рамын Б.Б гэх хүний “Зил-131” маркийн автомашинд газрын нэрийг нь мэдэхгүй 2 өөр газраас 4 метрийн моднуудыг 2 удаа хамт ачилцаж байсан юм. Намайг тухайн үед Д.Г ах мод ачилцаад өгөөч гэхээр нь ачилцаж байсан юм. Миний ачилцсан дээрх моднуудыг Баян-Улаан багт байдаг Д.Г ах бэлтгээд хөрөө рамын Б.Б гэх хүнд худалдаж байгаа гэж хэлсэн. Миний ачилцсан моднууд бүгд 4 метрийн урттай Шинэс төрлийн моднууд байсан юм. Ойролцоогоор 100 гаран тооны модыг “Зил-131” маркийн автомашинд 2 удаа ачилцаж байсан юм. Би хамгийн эхний мод ачилцахдаа 40 гаран тооны модыг ачилцсан харин дараа нь ачилцахдаа 60 гаран тооны модыг ачилцаж байсан юм. Мод ачих үед өөрөө бэлтгэсэн гээд яриад байхыг би сонссон юм. Миний хувьд тэр Д.Г гэх ахаас тухайн моднуудыг хэзээ яаж бэлтгэсэн талаар ямар нэгэн зүйл асуугаагүй надад ч гэсэн ямар нэгэн зүйл хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх 151/,

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн үеэр байгаль хамгаалагч Л.Г, сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ө.О, ойн ангийн техникч Г.Б нарын хамт Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анага” гэх газарт мод салхинд унасан байсан гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж үзэж шалгахаар явсан юм. Тухайн газарт очиход байгалийн салхинд босоо нойтон моднууд унасан байсныг бид нар үзэж харсан юм. Дээрх ажлаар явах үед “Ар амны дээд анага” гэх газарт автомашины мөр гараад тухайн газраас мод бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон юм. Тэгээд тухайн асуудлыг шалгуулах гэж 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн газарт мөрдөгчийн хамт хэргийн газрын үзлэг хийхэд хамт оролцсон юм. Хэргийн газрын үзлэгээр ойгоос бэлтгэсэн модны хожуулуудыг тоолж диаметрийг хэмжиж байсан юм. Намайг хэргийн газрын үзлэгт оролцоход 37 ширхэг босоо мод, 4 ширхэг унанги модноос мод бэлтгэсэн байсан юм. Хожуулуудын тайралт шинэвтэр тайралттай мод бэлтгэлтийн үйл ажиллагаа явуулсан байсан юм. Тухайн газраас бэлтгэсэн байсан моднууд нь шинэс төрлийн моднууд байсан. Ойгоос 37 ширхэг босоо модыг огтолж бэлтгэсэн байсан. Босоо модны хожуул тус бүрийг хэмжиж шинж чанарыг үзэж байсан юм. Тухайн газраас 3 ширхэг босоо нойтон мод бэлтгэсэн байсан харин бусад 34 ширхэг мод нь хуурай модны хожуулууд байсан юм. Ойгоос мод бэлтгэхдээ мориор чирч цагаалж байсан болов уу гэмээр ул мөр байсан юм. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 2022 онд ойгоос бэлтгэх модны хуваарийг баталсан. Харин 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд иргэдэд хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байгаа. Д.Г, Б.Б нар нь 2022 он гарсаар надаас “Ар амны дээд анага” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх 153-154/,

Гэрч Ө.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа 2010 оны MNS: 23792010 стандартын дагуу бөөрөнхий мод, зүсмэл материалын эзлэхүүний хүрдийг баталсан байдаг. Тухайн стандартын дагуу Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газраас бэлтгэсэн гэх модонд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэмжилтийг хийж тухайн модны метр куб эзлэхүүнийг гаргаж тоолуурын хүснэгтийг хөтөлж байсан юм. Хэмжилт хийхэд хэрэглээний 4 метрийн бөөрөнхий мод 66 ширхэг байсан. Бусад нь зүсмэл материал байсан юм. Зүсмэл материалаас 4 метрийн 10х10 см-ийн хэмжээтэй палк 2 ширхэг, 4 метрийн 10х15 см-ийн хэмжээтэй палк 1 ширхэг, 4 метрийн 15х15 см-ийн хэмжээтэй палк 6 ширхэг, 4 метрийн 5 см-ийн зузаантай банз 4 ширхэг, 4 метрийн 7.5x15 см-ийн зузаантай банз 1 ширхэг байсан юм. Тоолуурын хүснэгтээр дээрх зүсмэл материалууд 0.86 метр куб болсон юм. “Ар амны дээд анаг” гэх газраас бэлтгэсэн гэх мод, зүсмэл материал нийлээд 8.8346 метр куб мод болж байсан юм. Ойгоос бэлтгэсэн босоо модны хожуулаас метр куб, экологи эдийн засгийн үнэлгээг гаргах боломжтой. Хангайн тайгажуу шинэсэн ойн моддын хожуулын диаметрээр таксацын үзүүлэлтүүдийг тодорхойлох аргачлалын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг гаргах боломжтой. Би 2022 оны 3 дугаар сарын 10-ны үеэр сумын байгаль хамгаалагч С.Б, Л.Г, манай ойн ангийн техникч Г.Б нарын хамт Баян-Улаан багт салхинд унасан мод үзэх ажлаар явж байсан юм. Тухайн үед Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газарт машины мөр гарсан байна мод бэлтгэсэн байж болзошгүй байна гээд байгаль хамгаалагч С.Б, Л.Г нар үзчихээд ирье гээд алхаад явсан юм. Харин Г.Б бид хоёр яваагүй машиндаа хоцорсон юм. Тэгээд удалгүй нөгөө хоёр хүрч ирээд “Ар амны дээд анаг” гэх газраас мод бэлтгэсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 156/,

Гэрч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэрт байгалийн салхинд жамаараа унасан моднууд байна гэсэн мэдээллийг шалгах ажлаар байгаль хамгаалагч С.Б, Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ө.О, техникч Г.Б нарын хамт 2022 оны 03 дугаар сарын 10-ны үеэр явсан юм. Бид нар тэр “Ар амны дээд анаг” гэх газарт очтол тухайн газарт босоо моднууд салхинд унасан байсан юм. Тухайн үед бид нар салхинд унасан моднуудыг ерөнхийд нь үзэж харчхаад буцах гэтэл тухайн газраас мод бэлтгэсэн бололтой машины мөр гарчихсан байхаар нь байгаль хамгаалагч С.Б бид хоёр хожуулуудыг ерөнхийд нь үзэж хартал ойролцоогоор 30 гаран тооны босоо модны хожуул, ганц хоёр унанги модноос мод бэлтгэсэн байсан. Харин тайралт хийсэн хэсэгт шинэхэн тайралттай 3 сар дөнгөж гараад бэлтгэсэн болов уу гэмээр хожуулууд байсан юм. С.Б бид хоёрын үзсэн хожуулууд дотор ганц хоёр босоо нойтон модны хожуул байсан юм. Харин бусад хожуулууд босоо хуурай модны хожуул байсан юм. Тухайн мод бэлтгэсэн ойн сан урьд өмнө түймэрт өртөж байгаагүй газар байсан юм. Дээрх иргэдийн зүгээс 2022 оны гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Харин иргэн хүн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг /хх 158/,

Гэрч Г.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Д.Г, Ж.Б нар 2022 он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх 160/,

Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн мод бэлтгэсэн газарт 1 метр куб модны үнэлгээ 197,568 төгрөг болж байсан юм. Хэмжилт хийхэд хэрэглээний шинэс төрлийн хуурай 4 метрийн урттай бөөрөнхий 66 ширхэг мод байсан. Бусад нь зүсмэл материал байсан юм. Зүсмэл материалаас 4 метрийн урттай 10х10 см-ийн хэмжээтэй палк 2 ширхэг, 4 метрийн 10х15 см-ийн хэмжээтэй палк 1 ширхэг, 4 метрийн 15х15 см-ийн хэмжээтэй палк 6 ширхэг, 4 метрийн 5 см-ийн зузаантай банз 4 ширхэг, 4 метрийн 7.5x15 см-ийн зузаантай банз 1 ширхэг байсан юм. Тоолуурын хүснэгтээр дээрх зүсмэл материалууд 0.86 метр куб болсон юм. Ар амны дээд анаг гэх газраас бэлтгэсэн гэх мод, зүсмэл материал нийлээд 8.8346 метр куб мод болж байсан юм. Ойгоос бэлтгэсэн босоо модны хожуулаас метр куб, экологи эдийн засгийн үнэлгээг гаргах боломжтой. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тухайн 3 босоо модны хожуулын диаметр, газрын хөрснөөс дээш өндрийг хэмжиж тухайн моднуудын хожуулын ойролцоо ургасан байсан ижил хэмжээтэй босоо модны диаметрийг харьцуулж хэмжилт хийсэн байсан. Тухайн 3 ширхэг нойтон модны хожуулын диаметр 36 см, 42 см, 38 см-тай байсан. Хангайн тайгажуу шинэсэн ойн моддын хожуулын диаметрээр таксацын үзүүлэлтүүдийг тодорхойлох аргачлалын дагуу би экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан...” гэх мэдүүлэг /хх 174-175/,

Шүүгдэгч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зохих зөвшөөрөлгүй 2 удаа уулнаас мод хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх 213-214/,

Шүүгдэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ар амны дээд анаг гэх газрын ойгоос хажуу Ж.Бгийн хамт зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 80 ширхэг мод бэлтгэсэн, тэгээд тэр модоо Тосонцэнгэл сумын иргэн хөрөө рам ажиллуулдаг Б гэх хүнд 1 ширхгийг нь 15000 төгрөгөөр бодоод газар дээр нь зарсан. Нийт 80 ширхэг модноос 73 ширхэг мод ачаад 7 ширхэг мод тэндээ үлдсэн. Би мод бэлтгэхдээ Ж.Б гэх хүний хамт үйлдсэн. Бид хоёр мод бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэсэн улаан алаг хөрөө ашиглан хөрөөдөөд, бас миний өөрийн ямар нэгэн им тамга байхгүй, 4 настай хонгор халзан морь, Бгийн 4 настай бор хээр морь ашигласан, мориор ойрхон газар чирээд тэндээ бөөгнүүлж орхисон байсныг Б ачиж авсан. Намайг эрхийн бичиггүй мод бэлтгэж байгаа талаар Б мэдэж байсан. Б бас мэдэж байгаа байх. Би Бд эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Б эрхийн бичгээ өөрөө аргалахаас гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 224-225/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б, Г нарын бэлдсэн модыг өөрийн ЗАВ дугаартай “Зил 131” маркийн машинаар очоод ачиж ирсэн нь үнэн. Би 2 удаа мод ачиж ирсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх 234/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай, нойтон мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 3 дугаар сарын 1-4-ний өдрийн хооронд бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн модны хожуулаас метр куб, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжтой. Хожуулын диаметр 36 см, 42 см, 38 см-тай 3 ширхэг босоо модны экологи эдийн засгийн үнэлгээ 36 см-0,518 метр куб, 38 см-0,596 метр куб, 42 см-0,866 метр куб, нийт 1,98 метр куб байна. “Ар амны дээд анаг” гэх газрын ойгоос бэлтгэсэн моднууд нь 5,9946 хуурай, 1.98 метр куб мод нь нойтон мод, хуурай модоо бэлтгэсэн зүсмэл материал 0.86 метр куб, нийт бэлтгэсэн мод 8.8346 метр куб байна. Мод бэлтгэсэн газар болох Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Ар амны дээд анаг” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Ар амны дээд анаг гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 5,9946 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,184,341 төгрөг болж байна. Хожуулын диаметр 36 см, 42 см, 38 см-тай 3 ширхэг босоо нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний нойтон модонд 369,436 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 664,984 төгрөг болж, бэлтгэсэн мод 1,98 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,316,668 төгрөг болж байна. Зүсмэл материалд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 2,9-өөр үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 318,304 төгрөг болж, бэлтгэсэн мод 0,86 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 273,741 төгрөг болж байна. Нийт 2,774,750 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /1хх 162-167/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх 111-117/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Б.Б, Д.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохиролд 10,589,505 төгрөгийг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Б, Д.Г нарыг бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж худалдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ж.Б, Д.Г нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, худалдах,

шүүгдэгч Б.Бын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Ж.Б, Д.Г нарын үйлдлийг мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б, Д.Г, Б.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрт 10,589,505 төгрөг төлсөн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ойн санд учруулсан хохирол 10,589,505 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Б, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Ггийн эзэмшлийн им тамгагүй 4 настай хонгор халзан морь, улаан алаг өнгийн моторт хөрөө, шүүгдэгч Ж.Бгийн эзэмшлийн 4 настай бор хээр зүсмийн морь, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн “ЗИЛ-131” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 116 ширхэг хэрэглээний мод, 4 метрийн урттай 14 ширхэг палкийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б, Д.Г нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, худалдсан, шүүгдэгч Б.Быг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авч тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Г нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ггийн эзэмшлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий им тамгагүй 4 настай хонгор халзан морь, 50,000 төгрөгийн үнэ бүхий улаан алаг өнгийн моторт хөрөө, шүүгдэгч Ж.Бгийн эзэмшлийн 950,000 төгрөгийн 4 настай бор хээр зүсмийн морь, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэ бүхий “ЗИЛ-131” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 116 ширхэг хэрэглээний мод, 4 метрийн урттай 14 ширхэг палкийг тус тус улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 10,589,505 /арван сая таван зуун наян ёсөн мянга таван зуун тав/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох шүүгдэгч Д.Ггийн эзэмшлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий им тамгагүй 4 настай хонгор халзан морь, 50,000 төгрөгийн үнэ бүхий улаан алаг өнгийн моторт хөрөө, шүүгдэгч Ж.Бгийн эзэмшлийн 950,000 төгрөгийн 4 настай бор хээр зүсмийн морь, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэ бүхий “ЗИЛ-131” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 метрийн урттай 116 ширхэг хэрэглээний мод, 4 метрийн урттай 14 ширхэг палкийг тус тус худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

12. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

13. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ӨЛЗИЙХИШИГ