Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 00197

 

2018 оны 02 сарын 26 өдөр Дугаар 142/ШШ2018/00197 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум А  ХХК-нд холбогдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 266 922,8 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 2 007 345,6 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 2 825 267,6 төгрөг, нийт 5 099 536 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. А  ХХК нь татварын хэлтэст 2004 онд ** тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,564,922.8 төгрөг тайлагнан 1,298,000 төгрөг төлсөн, Хувь хүний орлогын албан татварын 2,825,267.6 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 2,397,635.7 төгрөг төлөхөөр тайлагнаж 1,500,000 төгрөг төлсөн байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч Аллегро- Эрдэнэт ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татварын өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй байна.

2. Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдон өр барагдуулах шаардлага тавьж ажилласан бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А  ХХК-ийн захирал Э.Э-ээс 5,099,536.0 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжпэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш татвараа төлсөн.Тиймээс төлсөн татварыг хасаад одоо 4 824 035 төгрөг нэхэмжилж байна.Нэхэмжлэлийн шаардлагаас 275 501 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэгч А  ХХК-нд холбогдуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 266 922 төгрөг, хувь хүний орлогын албан татварын өр 2 825 267 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 2 007 345 төгрөг, нийт 5 099 536 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд ...хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш татвараа төлсөн.Тиймээс төлсөн татварыг хасаад одоо 4 824 035 төгрөг нэхэмжилж байна.Нэхэмжлэлийн шаардлагаас 275 501 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа 275 501 төгрөгөөр бууруулж, 4 824 035 төгрөгийн шаардлагыг дэмжиж оролцсон.

Хариуцагч А  ХХК-ийн захирал Э.Э-т 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Э.Э- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Татвар төлөгч А  ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаах үүрэгтэй.

Хариуцагч А  ХХК нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 266 922 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өрөөс 8 578 төгрөг төлж, үлдэх хувь хүний орлогын албан татварын өр 2 825 267 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 1 998 767 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төйлбар, татварын тооцооллын жагсаалт, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, татварын албаны шаардлага, мэдэгдэх хуудас гардуулсан тухай татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгчийн бууруулсан шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч А  ХХК-иас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 4 824 035төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 92 134 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтланхариуцагч Аллегор Эрдэнэт ХХК / захирал Э.Э-ээс / татварын өр 4 824 035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Аллегор Эрдэнэт ХХК-иас 92 134 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА