Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 000199

 

2018 оны 02 сарын 27 өдөр Дугаар 142/ШШ2018/00199 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, 47 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум ** тоотод оршин суух Т.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум ** тоотод оршин суух Д.Г холбогдох түрээсийн төлбөрт төлсөн 260 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.М , хариуцагч Д.Г , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мэдээллийн биржийн дулаан гражид машин тавиулна гэсэн зарын дагуу Эрдэнэт паласын байранд очиж Д.Г тай уулзсан. Тухайн өдөр Дэнж рүү өгсөх зам маш их хальтиргаатай миний машин гражийн урдаас өгсөж гарч чадахгүй 19 дүгээр цэцэрлэгийн цаагуур тойрч 11 дүгээр хорооллын урдуур явж гражийн араас очсон. Тэгээд Г ад би гэмтэлтэй байгаа болохоор хальтиргаатай замаар явж чадахгүй байгаагаа хэлтэл санаа зоволтгүй маргааш хөдөөнөөс 2 хүүхэд ирээд цэвэрлэчихнэ гэсэн болохоор түүний хэлсний дагуу 3 сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг өгсөн. Түрээсийн гэрээ байгуулсан маргааш нь 10 цаг өнгөрөөгөөд машинаа авах гээд очтол цасаа цэвэрлээгүй байсан тул машинаа авалгүй буцсан. 12 сарын 05-нд мөн цасаа цэвэрлээгүй байсан. 12 цагийн үед дүү нь та машинаа авах уу, машин гаргах гэсэн тээглээд байна гэхээр нь дүүгээр нь машинаа гаргуулж авсан. 12 сарын 05-нд очиход Г ын эхнэрийн хамт Улаанбаатар хот явсан байсан. Ингээд үүнээс хойш дүүгээр нь машинаа гаргуулж тавиулж байсан. Машинаа авах болон тавиулахдаа гадаа нь очоод 30-40 минут хүлээж маш хүндрэлтэй байсан. Иймд 12 хоног машин гражид тавьсан мөнгө хасаад 260 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн арын задгайд байрлах ЭТ паласын байрандаа иргэн Т.М тай түрээсийн гэрээ хийж 3 сарын хугацаагаар сарын 100 000 төгрөгөөр, нийт 300 000 төгрөг авч машиныг тавиулсан, Г  би гэрээ зөрчиж хугацаанаасаа өмнө янз бүрийн асуудал ярьж хэлээгүй. М  нь машин тавиад явж байснаа болилоо гэж өөрөө гэрээгээ зөрчсөн, би өөрөө группт байдаг, банкинд өртэй, дулааны өртэй тооцоондоо нэмэр болгож цөөн хэдэн машин тавиулдаг байсан. Манай тэнд манайхаас гадна зөндөө гражууд байдаг, байнга машинууд нэг замаар орж гарч байдаг, мөн урд талд Ази фарм гээд эмийн төв рүү нэг замаар машинууд явдаг. Би өөрөө ч гэсэн хохиролтой байгаа учир М ын нэхэмжилсэн 260 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.М  нь хариуцагч Д.Г аас түрээсийн төлбөр 260 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Т.М  нь ...дулаан граж түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Д.Г тай уулзаж 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж ЭТ пасалын дулаан гражид 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд автомашинаа тавих, 3 сарын хугацааны хөлс 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Хэдийгээр зохигчид хоорондоо түрээсийн гэрээ нэртэй гэрээг байгуулсан боловч түр хугацаагаар, бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлж байгаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй зэрэг шинжээс нь талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлслөгч нь хөлс төлөхөөс татгалзах, 289 дүгээр зүйлийн 289.2.4-д хөлслөгч гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах эрхтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...миний эгэм хугарсан би гэмтэлтэй байсан, мөн хариуцагч гражийнхаа гадна талын замын цасыг цэвэрлээгүйгээс хальтиргаатай замаар гражийн урдаас өгсөж гарч чадахгүй байсан учраас гражийн араас очиж машинаа тавьсан.Граж руу явах замын цас цэвэрлээгүй, би гэмтэлтэй байсан зэргээс машинаа гражид тавих боломжгүй гэдгээ би Д.Г ад хэлсэн гэсэн.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч ...хариуцагч граж руу орох замын цасыг цэвэрлээгүй гэсэн тайлбартайгаа холбоотой, мөн өөрийнх нь буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө нь ашиглах боломжгүй болсон гэдгийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.Тиймээс тэрээр хөлс төлөхөөс татгалзах эрхгүй юм.

Түүнчлэн хэдийгээр нэхэмжлэгч гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн боловч тэрээр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4-д зааснаар гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг хөлслүүлэгчид санал болгоогүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэрээр хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах эрхээ алдсан байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.М ын хариуцагч Д.Г ад холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 260 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289 дүгээр зүйлийн 289.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М ын хариуцагч Д.Г ад холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 260 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 450 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаарэнэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанөдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйгдурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА