Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/135

 

 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

              Нарийн бичгийн дарга Ц.С,

              Улсын яллагч М.О,

             Хохирогч А.М,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

 Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох 1713000050043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Совгийн Сгийн Б, Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын **дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 000000.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 Шүүгдэгч Сгийн Б нь иргэн А.Мын гэрээс хар өнгийн хуучин ашиглаж байсан “Асег” маркын, мөн “Сомрар” маркын 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Шүүгдэгч Сгийн Б нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр БаянӨлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн А.Мын гэрээс хар өнгийн хуучин ашиглаж байсан “Асег” маркын, мөн “Сомрар” маркын 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 -  Хохирогч А.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед БаянӨлгийн аймгийн Ө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хувийн өвөлжөөний байшинд очиж гадна хаалгыг онгойлгож, дотор нь гал түлж байшингийн өрөөнүүдийг янзлаад явж байтал байшингийн ертөнцийн баруун хойд буланд байрлалтай өрөөний цонхны салхивч нь онгорхой байсан ба салхивчны нугас хэсэг нь эвдэрсэн байдалтай байхаар нь салхивчны нугас хэсгийг нь янзалж, салхивчийг хаасан юм. ... Миний эхнэр С.Жанбота зөөврийн компьютерүүдийг том заалны өрөөний буланд тавьсан байна. Дараа нь эхнэр бид хоёр гэрээс хайгаад олоогүй. ... Миний хулгайд алдагдсан гэх 2 ширхэг зөөврийн компьютерийн нэг нь хар өнгийн “Асег” маркийн 2012 онд Улаанбаатар хотоос 950000 төгрөгөөр худалдаж авсан. Уг зөөврийн компьютерийг асаах үед дэлгэцэнд нууц үгтэй, 2 настай миний хүүгийн зураг гарч ирдэг юм. Би Улаанбаатар хот руу явах үедээ гэрийн хаалганы түлхүүрийг хадам ах Бд орхиод өдөрт нэг удаа гал түлж байгаарай гэж хэлээд явсан юм. Би гэрээс алдагдсан гэх 2 ширхэг нөүтбүүкийг бүрэн бүтэн буцааж авсан ба одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 Гэрч Х.Күлипагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн үед байх дэлгүүрт зогсож байхад гаднаас зүс таньдаг Х, түүний хажууд үл таних 2 залуугийн хамт манай дэлгүүрт орж ирээд Х нь хар өнгийн цүнхнээс хар өнгийн “Асег” маркийн зөөврийн компьютерийг гаргаж ирээд барьцаанд тавья гэж хэлээд нөүтбүүкийг асаасан ба компьютерийг асаах үед компьютерийн дэлгэцэнд нууц үгтэй байхаар нь би түүнд “Энэ компьютерийн нууц үгийг оруулаарай. Би үзэж байгаад барьцаанд авна” гэхэд Х надад “Миний эзэмшлийн компьютер байгаа юм. Би нууц үгийг нь оруулахгүй. Энэ нөүтбүүкийг 20000 төгрөгт барьцаанд тавиад маргааш орой ирээд авна” гэж хэлээд барьцаанд тавиад явчихсан юм. Тухайн үед уг нөүтбүүкийн дэлгэцэнд 2 орчим настай эрэгтэй хүүхдийн зургийг тавьсан байсан юм. Би Хаас “Энэ нөүтбүүк хулгайн нөүтбүүк биш үү?” гэж асуухад тэр надад өөрийнх гэж хэлсэн юм. Дараа нь 1 цаг болоогүй байхад Х хажуудаа 3 залуугийн хамт дэлгүүрт орж ирээд миний өгсөн төгрөгийг өгөөд буцаад нөүтбүүкийг аваад явчихсан ба би “5000 төгрөг нэмж өгөхгүй юм уу?” гэхэд “Би саяхан тавьсан шүү дээ нэг цаг ч хүрээгүй шүү дээ” гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хх- ийн 2425-р хуудас/,

 Гэрч С.Жанботагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр миний нөхөр А.М нь хотоос ирээд гэрт орж ирэхэд байшингийн хойд талын өрөөний цонхны салхивч нь онгорхой байсныг хараад нөүтбүүкийг гэрээс хайгаад олоогүй болохоороо надруу залгаад асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд энэ талаар миний нөхөр А.М цагдаад дуудлага өгсөн. ...Тэгээд байж байтал 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр билүү, миний төрсөн ах С.Б хөдөөнөөс ирсний дараа энэ талаар асуухад миний ах С.Б “Танай гэрт байсан нөүтбүүкийг би аваад нэгийг нь барьцаанд тавьсан, нэг нь энэ байна” гэж хэлээд нөхөрт гаргаж өгсөн болно. Тухайн үед манай гэрээс хулгайд алдагдсан гэх нөүтбүүкийг төрсөн ах С.Б авсан гэдгийг мэдээгүй болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 Гэрч М.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байх өглөө 09 цагийн үед гэрт сууж байхад таньдаг манай багт оршин суудаг С.Б гэгч гартаа хар өнгийн цүнхэнд хийгээд нөүтбүүк аваад ирсэн ба уг нөүтбүүкийг ямар маркийн хэнийх гэдгийг мэдээгүй. Ямар ч гэсэн уг авч ирсэн нөүтбүүк минийх гэж хэлж байсан юм. Тэгээд уг нөүтбүүкийг Жанар, С.Б бид гурав Ө сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н-1” нэртэй дэлгүүрт 20.000 /хорин мянга/ төгрөгийн барьцаанд тавьж 1 шил архи авч бид гурав хувааж уусан юм. Дараа нь уг нэг шил архийг хувааж уусны дараа С.Б нь “Би хөдөө Баяннуур сум руу явах ёстой. Надад таксины мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь С.Б бид хоёр гэр нь Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг Х гэгчийн гэрт нь очиж түүнтэй уулзаж уг нөүтбүүкийг урьд нь барьцаанд тавьсан дэлгүүрээс аваад Хт 50000 төгрөгт барьцаанд тавьсан. Дараа нь үлдсэн  30.000 /гучин мянга/ төгрөгийг С.Б өөрөө авсан юм. ...С.Б анх уг нөүтбүүкийг надад авч ирэхэд “Энэ миний өөрийн нөүтбүүк” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

 Гэрч Ш.Жанарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Ө сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” дэлгүүрийн хажуугаар явж байгаад С.Б, Х нартай тааралдсан ба С.Б гартаа хар өнгийн цүнхэнд нөүтбүүк хийгээд явж байсан юм. С.Б нь уг нөүтбүүкийг “Н-1” дэлгүүрт 20.000 /хорин мянга/ төгрөгт барьцаанд тавьж гурвуулаа нэг шил архийг хувааж уусан ба архи дууссаны дараа би гэрлүүгээ явчихсан. ... Дараа нь би С.Баас “Түрүүн та нарын барьцаанд тавьсан нөүтбүүк хулгайн нөүтбүүк биш үү?” гэж асуухад С.Б нь эмэгтэй дүүгийн гэрээс авсан. Тэр шөнө эмэгтэй дүүгийн гэрт хоносон ба маргааш өглөө босохдоо авч яваад барьцаанд тавьсан гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 Гэрч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр 26-ны өдөр билүү 27-ны өдөр билүү өдрийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн үдээш хойш 14 цагийн үед байх ажил дээр сууж байтал миний нөхөр болох Г овогтой Х нь миний өрөөнд гартаа цүнхэнд хийсэн хар өнгийн хуучин ашиглаж байсан “Асег” маркийн нөүтбүүкийг цэнэглэгчтэй хамт авч ирээд “Энэ нөүтбүүкийг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдаж авах гэж байгаа гэхээр нь би уг нөүтбүүкийг цүнхнээс гаргаж ирээд асаасан ба дэлгэцэнд нууц кодтой байсан тул нөүтбүүкийг бүрэн онгойлгож чадаагүй болно. Тэгхээр нь би нөхрөөс “Энэ нөүтбүүк хулгайн эд зүйл биш үү?” гэхээр нь бишээ сая нэг хүн авч ирж өгсөн гэж хэлээд нөүтбүүкийг миний өрөөнд

орхиод өөрөө гараад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

  Шүүгдэгч С.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөнгөний хэрэг гараад хүргэн А.Мын гэрт байсан хар өнгийн хуучин ашиглаж байсан 2 ширхэг зөөврийн компьютерийг авч гараад гэр нь гүүрний аманд байдаг Х гэгчтэй уулзаад Жанар бид гурав уг компьютерийн асааж ажиллаж байсан нэг компьютерийг Ө сумын 10 дугаар багийн нутагт байрлах нэрийг сайн мэдэхгүй дэлгүүрт 20.000 /хорин мянга/ төгрөгийн барьцаанд тавьсан юм. Дараа би хөдөө явахаар болоод Хаас дахиж 20.000 /хорин мянга/ төгрөг авсан болно. Би хүргэний итгэмжлэн үлдээсэн зөөврийн компьютерийг завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой гэж үзлээ. 

 Иймд шүүгдэгч С.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн А.Мын гэрээс хар өнгийн хуучин ашиглаж байсан “Асег” маркын, мөн “Сомрар” маркын 2 ширхэг нөүтбүүкийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

 Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 Шүүгдэгч С.Бы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 Шүүгдэгч С.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр нар нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчид тохирох ял гэж шүүх үзлээ. 

 Шүүгдэгч С.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

 Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний “Accent verna” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч С.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Совгийн Сгийн Быг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.                                                                                                                          
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
  6. Шүүгдэгч С.Бы “Accent verna” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 
  7. Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч С.Бы 01039933 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.  
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ