Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Ч.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2124000000091 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Д овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хохиурт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3,6855 метр куб хуурай, шинэс төрлийн түлшний модыг бэлтгэж, Н.Б эзэмшлийн 44-79 ЗАА улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 621,578 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хохиурт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3,6855 метр куб хуурай, шинэс төрлийн түлшний модыг бэлтгэж, Н.Б ын эзэмшлийн 44-79 ЗАА улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 621,578 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баян-Айраг багийн иргэн Н Агийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу үнэн, зөв шалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болон Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 30/,

Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Айраг багийн багийн нутаг “Шар бэлчирийн түрүүн” гэдэг газар Нямбатын гадаа очиход мод бэлтгээд кублээд хураачихсан байхаар нь хэний бэлтгэсэн мод, эрхийн бичиг байна уу гэж асуухад эрхийн бичиг байхгүй гэсэн. Нямбат нь өөрийн хүү Атэй нийлж өвлийнхөө галын модыг бэлтгэсэн гэж байсан. Нямбат нь манай хүү Агийн өвлийн галын түлээний мод гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гадаа мод байхаар нь хэний мод болохыг асуухад А миний бэлтгэсэн өвөл түлэх гэж байгаа юм гэсэн. Мод бэлтгэх эрхийн бичиггүй байхаар нь модны зургийг аваад улсын байцаагч тэмдэглэл хөтлөөд явсан. Шинэс төрлийн 1.50 метрийн урттай галын түлээний мод байсан. Яг хэдэн ширхэг байсныг мэдэхгүй байна. А 2021 оны 7 сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин зөвшөөрөлгүй мод бэлтгэснийхээ дараа 7 дугаар сарын 26-27-ны үед мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Бид нарыг шалгалтаар очиход галынхаа модыг эрхийн бичиггүй бэлдчихлээ гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Баян-Айраг багийн засаг дарга нартай хамт Нуур, Баян-Айраг багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд бид нар Баян-Айраг багийн нутаг Улаан эргийн дэнжийн доод талд Агийн гадаа очиход Нямбатын гадна А өвлийнхөө модыг бэлдсэн гээд мод байсан. Би яг хэр хэмжээний мод буулгасан байсныг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 39/,

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү А нь 2021 оны 07 дугаар сард нэг өдөр мод хийчихсэн гэж ирээд миний машинаар модоо ачиж ирээд манай гэрийн гадаа буулгасан. Манайх Баян-Айраг багийн нутаг Шар бэлчрийн мөсөн түрүү гэдэг газар зусаж байсан. Агийн бэлтгэж ачиж ирсэн мод нь хуурай моднууд байсан. А нь нэг пронтер мод ачиж ирж буулгасан. Тэгээд удалгүй сумын төвөөс эргүүл шалгалт ирээд бичиж тэмдэглэж аваад явсан. Тэр шалгалтад манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Гантөмөр, байгаль хамгаалагч Одхүү, Нуур багийн засаг дарга П, Баян-Айраг багийн засаг дарга Батмягмар нар явж байсан. Эрхийн бичиг авсан талаар сайн мэдээгүй. Надад ямар нэгэн зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх 41/,

Гэрч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай аавын унадаг машин. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Тэр машиныг Завхан аймагт хүнд зарсан гэсэн. Авсан хүн нь хууль ёсны эзэмшигч...” гэсэн мэдүүлэг /хх 122/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тэлмэн сум Баян-Айраг багийн нутаг “Хохиурт” гэх нэртэй уул байдаг. Энэ уулыг нутгийн иргэд Хохиуртын ар, Хохиуртын бэл зэргээр янз бүрээр нэрлэдэг. Энэ нь Тэлмэн сумын төвөөс 65 орчим км зайтай уул байдаг. А нь Хохиурт гэх уулнаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд аавынхаа гадаа буулгасан байхад би байгаль хамгаалагчтай явж байгаад очиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 119/,

Шинжээч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би байгаль орчин аялал зуучлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Уг хэрэгт *******гийн бэлтгэсэн мод нь хуурай хэрэглээний мод байсан тул дээрх тушаалын бүх төрлийн хуурай модны үнэлгээний нэгдүгээр мужлалын үнэлгээгээр буюу 1 метр кубыг нь 168,655 төгрөгөөр бодож тооцсон. УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумын нутгийг дамжин өнгөрөх Булнайн нуруунд хамаарч ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх 132/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай “...*******гийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3,6855 метр куб түлшний мод бэлтгэн тээвэрлэсэн Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хохиурт гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Хамаарч байгаа үндэслэл Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумын нутгийг дамжин өнгөрөх Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн байгалийн цогцолбор газрын ангилалд багтаасан. Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хохиурт” гэх газар ойн сангийн 1-р мужлал хязгаарлалтын бүсийн ангилалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Иргэн ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3,6855 метр куб түлшний модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655  төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж бэлтгэсэн мод 3,6855 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 621,578 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хх 130-131/,

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай “...Тодруулахаар өгсөн N48.10.849, Е97.56.450 координат нь Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Булнай нурууны Байгалийн цогцолборт газрын бүсэд багтаж байна...” гэсэн албан тоот, зургийн үзүүлэлт /хх 145-146/,

Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчийн акт /хх 54/ хэргийг газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/, тоолуурын хүснэгт зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч *******гийн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сум Баян-Айраг багийн нутаг “Хохиурт” гэх газар түлээний мод бэлтгээд аав Нямбатын зусланд буулгасан. Модыг Тэлмэн сумын байгаль орчны байцаагч Гантөмөр, Одхүү нар ирж үзээд зураг дараад явсан. Би 2 ширхэг унаанги, 4 ширхэг босоо мод унагааж 160 см урттай тайрч 41 ширхэг орчим мод болсон. Эдгээр моднууд нь бүгд хуурай галын түлээний зориулалттай бэлтгэсэн мод байсан. Би бэлтгэсэн модоо аавын зуслан руу зөөхдөө ямар нэг эрхийн бичиг аваагүй. Уулнаас мод ачиж зөөсөн машиныг манай аав хүнд зарчихсан. Хөрөөг манай аав цагдаад хураалгасан гэж хэлсэн...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хохиурт” гэх газраас түлшний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол 1,864,734 төгрөгөөс 621,578 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 1,243,156 төгрөгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хохиурт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3,6855 метр куб түлшний шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь 3,6855 м3 хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 621,578 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,864,734 төгрөгийн хохирол ойн санд учруулснаас 621,578 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 1,243,156 төгрөгийг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ цахилгаан хөрөө, “Porter” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх биш болох нь гэрч Д.Н “...Агийн мод бэлтгэсэн хөрөө, тээвэрлэсэн машин нь миний эзэмшлийн. Тээврийн хэрэгслийг би зарсан...” гэсэн, гэрч Н.Бын “...Тухайн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай аавын унадаг машин. Тэр машиныг Завхан аймагт хүнд зарсан гэсэн тэр хүн нь хууль ёсны эзэмшигч...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

“Хурд-Од” Хөрөнгийн үнэлгээчин Х.С 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай “...Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Хюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл 2022 оны 04 дүгээр сарын байдлаар ханш 4,800,000 төгрөг, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 70,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөний үнэлгээ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөний үнэ 70,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ 4,800,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3,6855 м3 түлшний хуурай модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ойн санд учруулсан хохиролд 621,578 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид хохиролд 1,243,156 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд гаргуулж олгохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дөшин овогт ******* зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,800,000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөний үнэ 70,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 41 ширхэг, 3,6855 м3 түлшний хуурай модыг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ойн санд учруулсан шууд хохирол 621,578 төгрөгийг төлсөн, 1,243,156 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ойн санд учруулсан хохиролд 1,243,156 төгрөгийг иргэний нэхэмжлэгчтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан хугацаанд гаргуулж иргэний нэхэмжлэгч Тэлмэн сумын засаг даргад олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ӨЛЗИЙХИШИГ