| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0871/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/878 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/878
2022 06 13 2022/ШЦТ/878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ч.Батзориг /томилолт/,
шүүгдэгч Т.О, У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Багш овогт Төмөр-Очирын Оюун-Амгааг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Баатар овогт Уранчимэгийн Энхзул нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1336 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо тамирчны 7а гудамжны 51 тоотод оршин суух хаягтай, урьд
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Багш овогт Төмөр-Очирын Оюун-Амгаа /РД:НБ90033011/.
Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Жаргалантын 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгэгдсэн, Баатар овогт Уранчимэгийн Энхзул /РД:УХ9301823/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Green apartment байрны гадна хохирогч У.Этай маргалдан улмаар биед нь зулайн хуйх, баруун дээд, доод зовхи баруун чихний дэлбэн, баруун хөхлөг сэртэн, дээд уруул, хүзүү, баруун зүүн бугалга, шуу, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун алимны салстал цус хуралт, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний эмтэрэл, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч У.Э нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Green apartment байрны гадна өөрийн төрөл садны хүн болох Т.Огийн эзэмшлийн 62-90 УБЧ улсын дугаартай тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийн цонх, эд анги руу тоосго шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч У.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч Т.Огийн “У.Эын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Тухайн үед У.Э нь эхлээд миний гэрийн цонхыг тоосгоор хагалаад, дараа нь 62-90 УНЧ улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгслийг тоосгоор цохиод байхаар нь би очиж болиулах гээд цохичихсон. У.Э нь миний аав Төмөр-Очирын дүү Арсланзоригийн дагавар хүүхэд юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,
Яллагдагч У.Эын “Би сонсгосон ялыг ойлгож мэдлээ, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ би гэмшиж байна. Би 1.390.000 төгрөгийн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Хохирогч У.Эын “Оюун-Амгаа нь намайг ирж нүүр лүү маань цохиод дараа нь машин дотроо оруулж зодсон. Толгой руу баруун гараараа 2-3 удаа, нүд рүү баруун гараараа 1 удаа, баруун гараараа нүүр лүү 2-3 удаа цохиж зодсон. Миний нүд хөхөрч, хамар, уруул маань хавдчихсан, гарын булчин хэсэгт хөхөрсөн эмзэглэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4171 дугаартай “У.Эын биед зулайн хуйх, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, баруун хөхлөг сэртэн, дээд уруул, хүзүү, баруун, зүүн бугалга, шуу, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун алимны салстад цус хуралт, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний эмтэрэл, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Хөрөнгө үнэлгээний “Арвижих-Эсимэйт” ХХК-ийн 20187 дугаартай “шууд болон шууд бус зардал нийт 1.390.000 төгрөг” гэх тайлан /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Green apartment байрны гадна хохирогч У.Этай маргалдан улмаар биед нь зулайн хуйх, баруун дээд, доод зовхи баруун чихний дэлбэн, баруун хөхлөг сэртэн, дээд уруул, хүзүү, баруун зүүн бугалга, шуу, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун алимны салстал цус хуралт, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний эмтэрэл, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч У.Э нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Green apartment байрны гадна өөрийн төрөл садны хүн болох Т.Огийн эзэмшлийн 62-90 УБЧ улсын дугаартай тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийн цонх, эд анги руу тоосго шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагч Т.О, У.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний Арвижих-Эстимэйнт ХХК-ийн тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
У.Э, Т.О нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Т.Ог “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, У.Эыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Т.О, У.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 80-81 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, Т.О, У.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.О, У.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Т.О, У.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Т.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, У.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Т.О, У.Э нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Т.О, У.Э нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О, У.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,
У.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Од 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Т.О, У.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, У.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч .Оюун-Амгаа, У.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.О, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ