| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 181/2017/2357/и |
| Дугаар | 3 |
| Огноо | 2017-12-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 3
| 2017 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2018/00003 |
Ц.Тийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02357 дугаар шийдвэртэй, Ц.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шд холбогдох, өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 7 543 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т миний бие 1979 онд Монгол Улсын их сургуулийн герман хэлний ангийг төгсч, дээд боловсролын системд орос, англи, герман хэлний багшаар 36 жил тасралтгүй ажилласан. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн гадаад хэлний сургуульд 2000 оны 10 дугаар сараас эхлэн орос, герман хэлний багшаар ажиллаж байгаад 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч Монгол Улсаас Оросын холбооны улсад суугаа Элчин сайдын яаманд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. 2016 оны 8 дугаар сард албан томилолтын хугацаа дуусч яамны шийдвэрээр урьд багшилж байсан Ш-ийн гадаад хэлний сургуульдаа ахлах багшаар үргэлжлүүлэн ажилласан. Ингээд өөрийн хүсэлтээр багшийн албан тушаалаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарсан ба ректорын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/307 тоот тушаалаар нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох болсон.
Миний бие дээд боловсролын системд 36 жил, тус сургуульд 12 жил /гадаадад буюу ОХУ-д суралцагч 2500 гаруй монгол оюутан суралцагчдын сурлага, хүмүүжлийн асуудлыг хариуцан ажилласан 4 жилийг оролцуулвал нийт 16 жил/ ажилласан. Гэтэл үүнийг харгалзан үзэлгүйгээр Ш-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2-т сүүлийн 5 жил тус сургуульд тасралтгүй ажиллаагүй гэх үндэслэлээр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон хохироож байна. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ Ш-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, Ш-ийн ректор Б.Очирбатад 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гомдлоо гаргасан боловч хүлээн аваагүй.
Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно, хүн бүр эрх зүйн этгээд байна, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах, мөн Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан болзлыг хангасан монгол улсын иргэн дипломат албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж, монголын дээд боловсролын асуудал хариуцахаар дэвшин гадаад улсад боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын чиглэлээр үргэлжлүүлэн ажилласан нь тус сургуульд сүүлийн 5 жил ажиллаагүй гэх үндэслэл болохгүй ба өөр салбар, өөр байгууллагад ажилласан гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх байдлуудаар Дээд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, МУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогч байгууллага хамтарсан гурван талт гэрээний үндсэн заалтуудыг зөрчин хууль эрх зүйгээс давсан, амьдралд нийцээгүй хамтын гэрээгээр дээд боловсролын системд тасралтгүй 36 жил, тус сургуульд 2000 оноос ажилласан ахмад багш намайг тэтгэвэрт гарахад нэг сарын үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмж олгосонд гомдолтой байна. Тухайн үед элчин сайдын яаманд боловсролын чиглэлээр ажиллах ажилтныг 5 байгууллагаас судалсны эцэст томилогдсон бөгөөд ажлын байрны тодорхойлолт, ажил мэргэжлийнхээ дагуу Боловсролын чиглэлийг хариуцан ажиллаж байсан нь хэрэгт нотлох баримтаар өгсөн ажлын байрны тодорхойлолт, хийсэн ажлын тайлан, тодорхойлолт зэргээр тогтоогдоно.
Дипломат албаны тухай хуулиар дипломат албанд ажилласан хугацааг төрийн алба хаасан нийт хугацаанд оруулж тооцохоор заасан бөгөөд миний ажилласан хугацааг Дээд боловсролын тухай хуулийн 14.1-д заасны дагуу тооцох үндэслэлтэй талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тус сургуульд албан бичиг хүргүүлсэн. Иймд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажилласан 2012-2016 оныг дээд боловсролын системд ажилласан, мөн сүүлийн 5 жилд нь багшаар ажилласанд тус тус тооцож болох юм. Мөн Ш-ийн хамтын гэрээний 4.2-ийн 2 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад надад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан тул нэг сарын цалин хөлсийг 1 257 200 төгрөгөөр хасч тооцон нийт 7 543 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргаан таслах комиссын шийдвэрийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан гэдэгт маргахгүй. Гэхдээ уг шийдвэрийг хүлээн авсны дараа 2017 оны 2 дугаар сарын 21-нд дахин сургуулийн ректорт хандахад хүлээж бай, дахин энэ асуудлыг хэлэлцэхээр болсон гэж амаар хэлсэн тул хариуг гартал хүлээсэн. Энэ хугацаанд 4 удаа сургуулийн ректортой уулзахад хүлээж бай, олгох боломжтой гэсэн тул шүүхэд хандаагүй байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр өргөдлийн хариуг өгсөн. Уг хариуг авснаар шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Боловсролын тухай хуульд 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсноор их дээд сургуульд ажиллаж байгаа багш ажилтан тэтгэвэр тогтоолгоход тэтгэмж олгох зохицуулалт хуулиар үйлчлэхээ больсон. Тийм учраас ажилтны нийгмийн баталгааг сайжруулах үүднээс тус сургуулиас өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа багш ажилтанд хамтын гэрээний нөхцөл журмын дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгодог болсон. Ш-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээг байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртүүлснээр энэхүү хамтын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Хамтын гэрээний 4.2-д өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох нөхцөлийг Ш-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байх, шинжлэх ухаан боловсролын байгууллага болон Ш-д ажилласан жилийг харгалзан үзэхээр тогтоосон.
Ц.Т нь 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс тухайн үеийн Техникийн их сургуулийн Гадаад хэлний сургуулийн багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тэрээр 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдөлдөө Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичсэн байдаг. Хүсэлтийг үндэслэн Ш-ийн Ректорын 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/175 тоот тушаалаар Ц.Тийг ахлах багшийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Ийнхүү Ц.Т Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/163 тоот тушаалаар Монгол улсаас Оросын холбооны улсад суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарын бичгийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/31 тоот тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг.
Дээрх хугацаанд Ц.Т нь Ш-д ямар нэгэн албан үүрэг гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Ц.Тийн ажлын туршлага, чадварыг харгалзан өөрийн сургуульдаа тодорхой ажлаар хангаж ажиллуулахыг хүссэн Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яамны 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 9/474 тоот албан бичиг, Ц.Тийн ажилд орох талаар гаргасан хүсэлтийг харгалзан үзээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар Гадаад хэлний институтийн Европ судлалын тэнхимд ахлах багшийн албан тушаалд түр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан. Ийнхүү Ц.Т нь дээрх хугацаанд ажиллаж, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу авч байсан ба 2016 оны 12 дугаар сарын 20-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг судалж үзэхэд тэрээр шинжлэх ухаан боловсролын байгууллагад 33 жил, үүнээс Шд 12 жил 19 хоног ажилласан байдаг. Харин 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2-д заасан Ш-д сүүлийн 5 жил ажилласан байх нөхцлийг хангахгүй байсан тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1 257 200 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Дээрх асуудалтай холбогдуулан Ц.Т нь Ш-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан бөгөөд тус комисс 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр түүний өргөдлийг хэлэлцэж, шийдвэрийг эх хувиар нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтаар давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан тул хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан байна. Мөн гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгчийг Элчин сайдын яаманд ажилласан хугацааг дээд боловсролын системд ажилласан хугацаанд тооцож болно гэдэгт манай зүгээс маргахгүй. Харин хамтын гэрээнд зааснаар тэтгэвэр тогтоолгохын өмнөх сүүлийн 5 жил тус сургуульд тасралтгүй ажилласан байх, шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 18-20 жил, үүнээс Ш-д 13-15 жил ажилласан байх гэсэн гурван шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан. Үүнийг ойлгомжтой болгож хамтын гэрээний дээрх заалтыг хэрхэн ойлгох талаар 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тодруулгад тусгагдсан байгаа. Дээрх гурван шаардлагыг нэхэмжлэгч зэрэг хангаагүй тул нэхэмжлэгчид тэтгэмж олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 6 286 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 257 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 185 710 төгрөг гаргуулж, 115 510 төгрөгийг улсын орлогод, 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, улсын орлогоос илүү төлсөн 135 641 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хууль буруу хэрэглэсэн. Ц.Тийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажилласан 2012-2016 оныг багшаар ажилласанд тооцох үндэслэлгүйг анхан шатны шүүх “...Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэж, Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т их дээд сургуульд мэргэжлийн хичээлийг багш заахаар зохицуулсан, нэхэмжлэгчийн дээрх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, ажлын байрны тодорхойлолтод багшлах чиг үүрэг тусгагдаагүй байх тул Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажилласан хугацааг багшаар ажилласан гэж үзэх боломжгүй юм” гэж тайлбарлан нотлосон байдаг. Гэтэл тус шүүх өөрийн гаргасан тайлбарыг анхаарч үзэлгүй Ц.Тийн сүүлийн 5 жилийг багшаар ажилласанд тооцоод 6 286 000 төгрөг гаргуулахаар тогтоосон.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д дипломат албан тушаал нь төрийн тусгай албан тушаал хэмээн заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал гэж ангилан зааснаас харахад төрийн тусгай албан тушаалыг хашиж байсан Ц.Тийг төрийн үйлчилгээний албан тушаалд хамруулан үзэх нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан нь харагдаж байна.
Боловсролын тухай хуульд 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт орсноор их, дээд сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан тэтгэвэр тогтоолгоход тэтгэмж өгөх зохицуулалт хуулиар үйлчилэхээ больсон учраас ажилтны нийгмийн баталгааг сайжруулах үүднээс тус сургуулиас өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа багш, ажилтанд хамтын гэрээний нөхцөл журмын дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгодог. 2016-2017 оны хичээлийн жилийн Хамтын гэрээний 4.2-т “Ш-д сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан багш ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмжийг ажилласан хугацаанаас хамааруулан шинжлэх, ухаан, боловсролын байгууллага болон Ш-д ажилласан жилийг харгалзан үзэхээр тогтоосон. Гэтэл Ц.Т шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 33 жил, үүнээс Ш-д 12 жил 18 хоног ажилласан байдаг. Харин Ш-д сүүлийн 5 жил ажилласан байх нөхцөлийг хангаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1 257 200 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон бөгөөд шүүх үүнийг харгалзан үзээгүй нь буруу юм.
Нотлох баримтыг буруу үнэлсэн. Ц.Т дээрх асуудалтай холбогдуулан Ш-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан бөгөөд маргаан таслах комисс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэж, холбогдох шийдвэрийг эх хувиар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 21-нд өргөдөл гаргасан, түүнээс хойш 4 удаа сургуулийн удирдлагатай уулзсан гэх боловч тухайн өдөр гаргасан өргөдөл нь хэргийн материалд авагдаагүй бөгөөд архивын бичиг баримтыг шүүж үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлөөс өөр бичиг баримтгүй байсан. Ш-ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хариу өгөх тухай албан бичгээр тайлбар гаргахдаа 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гаргасан өргөдөлд хариу өгсөн байдаг.
Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж үзэхэд давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан ба давж заалдах гомдол гаргах хугацааг 3 сар 19 хоногоор хэтэрсэн байхад санаатайгаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сургуульд өргөдөл гаргасан байна. Шүүгч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хариуг 2017 оны 02 дугаар сарын 21-нд гаргасан өргөдлийн хариу хэмээн үзэж 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь өөрийн буруу үнэлсэн нотлох баримтыг хамгаалсан, маргаанд хамааралгүй зүйлд дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургуульд холбогдуулан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмжид 7 543 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/307 дугаар тушаалаар Ц.Тийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42, 43 дугаар зүйлд заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийнх нь дагуу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Гадаад хэлний институтийн Европ судлалын тэнхимийн ахлах багшийн албан тушаалаас чөлөөлж, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 1 257 200 төгрөгийг олгосон байна. /хх20/
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ, 2016-2017 оны хичээлийн жилийн хамтын гэрээний 4.2-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох багш ажилтан тус сургуульд сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байх, боловсролын байгууллагад 18-20 жил, Ш-д 13-15 жил ажилласан байх гурван нөхцлийг зэрэг хангасан тохиолдолд 6 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор зохицуулсан ба нэхэмжлэгчийн хувьд дээрх шаардлагыг хангаагүй гэж тайлбарлажээ. /хх89-91/
Нэхэмжлэгч Ц.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл улсад нийт 35 жил, үүнээс боловсролын байгууллагад 30 жил, хариуцагч байгууллагад 12 жил 19 хоног ажилласан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, хариуцагч байгууллагын хооронд байгуулсан хамтын гэрээний 4.2-т тухайн байгууллагад сүүлийн таван жил тасралтгүй ажилласан багш, ажилтан тэтгэвэр тогтоолгох тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгох нөхцлийг тодорхойлсон байх боловч хариуцагчийн тайлбарлаж буй дээрх 3 нөхцөл нэгэн зэрэг хангасан байх агуулга тусгагдсан гэж үзэхгүй. Энэ талаар хамтын гэрээнд оруулсан тодруулга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гарах хугацаанд хамаарахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог” ойлгоно гэж зааснаас үзвэл хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж буй ажилтны эрх ашгийг хамтын гэрээгээр хамгаалах зорилгыг агуулжээ.
Хамтын гэрээний дээрх заалтаас үзвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ажилтан шинжлэх ухаан, боловсролын байгууллагад хамгийн багадаа 15 жил, тухайн сургуульд 10 жил ажилласан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох нөхцлийг зохицуулсан байхад тус сургуульд 12 жилээс дээш хугацаанд, харин боловсролын байгууллагад 30 жил ажилласан нэхэмжлэгчийн хувьд нэг сарын тэтгэмж олгогдсон нь уг гэрээний хууль зүйн агуулга болон зорилгод нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Тын 2012 оны 8 дугаар сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаар хоёр орны хамтын ажиллагааны асуудлыг хариуцан ажиллаж байсныг боловсролын системд ажилласан хугацаанд хамааруулан тооцох үндэслэлтэй гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, дээрх 3 жил 3 сарын хугацааг нэмж тооцон хамтын гэрээний 4.2-т заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгчээс өөрийн эрх ашиг хохирсонтой холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь Шинжлэх ухаан, техниологийн их сургуулийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан, тус сургуулийн захиргаанд 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл гаргасныг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр тэтгэмж олгох боломжгүй талаар хариу өгсөн, улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзан учир 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх дүгнэлт Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д “хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл”-ийг шүүхээр хянан шийдвэрлэхээр мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хамтын гэрээний 4.2-т заасан тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэх маргаанд хамаарахгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Т.ТУЯА