Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2023/0800/З |
Дугаар | 221/МА2024/0251 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0251
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.Ж
Нэхэмжлэгч: А.Ж
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “E-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0141 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч А.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0800/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ж нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “E-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 141 дүгээр шийдвэр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримтлан А.Жгийн Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Шүүгч Б.Адъяасүрэн нь шүүхийн тухай хуулийг олон удаа зөрчиж хууль бус шийдвэр гаргасныг хэрэгсэхгүй болгож А.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ялгүй байдлын тухай мэдээллийг И-Монголиад оруулахыг ЦЕГ-т даалгах хэргийг анхан шатны шүүхээр гүйцэт хэлэлцүүлж өгнө үү. Шүүгч анх хэрэг нээхээс эхлэн шийдвэр гаргах хүртлээ шүүхийн тухай хуулийг зөрчсөн байдаг бөгөөд шүүгчийн хувийн зан характераараа, үзэмжээрээ, хууль бус заншлаараа хууль зөрчсөн үйлдлийг Монгол улсын нэрийн өмнөөс гаргасан 128/ШШ2024/0141, 2024 оны 02 дугаар сарын 15-ны шүүхийн шийдвэрт дурдсан тодорхойлох, үндэслэх хэсэгт заасан байдлын хуулийн дагуу няцааж гомдол гаргаж байна. ЗХАШШ-ийн тус шийдвэрийн тодорхойлох хэсгийн доорх утга агуулгад гомдолтой байна:
Нэхэмжлэл 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗХАШШүүхэд очсон ч 3 удаа буцаасан тухай дурдсан байна. Энэ нь тус шүүгчийн туслах байсан Энхжаргал нь намайг танихгүй байна уу? гэх мессеж илгээж улсын тэмдэгтийн хураамж тушааж дээд шатны байгууллагад гаргасан гомдлын хариу албан тоот хавсаргаж нэхэмжлэлээ бичиж үндэслэл шаардлага тодорхой байхад тодорхой бус хэмээн ахин дахин буцаасан. Араас нь намайг таньж байна уу? гэх утгыг ойлгохгүй байна. Хуулийн асуудал таньдаг, давуу байдлаар бий болох ёсгүй. Үүнээс хойш таниагүйгээс хойш асуудал шийдвэрлэгдээгүй хэрэгсэхгүй болж байна. Энэ нь шүүхийн тухай хуулийн 5.1. Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ гэх заалтыг зөрчсөн.
Мөн Жавхлан миний бие өөрийн өвчтэй байгаа тухай акт баримтыг шүүхэд хавсаргасан байхад түүнийг үгүйсгэж нэхэмжлэгчгүйгээр шүүх хурлыг явуулж шүүхийн шийдвэр гаргасан тул анхан шатанд ахин нэхэмжлэгчийн оролцоотой шийдвэрлэх нь зүйтэй. Энэ нь 7.1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. /Тухайн үед өвчтэй байсан тухай зурагт баримтыг хавсаргасан байгаа болно./ Үндэслэх хэсгийн доорх утга агуулга хууль зөрчиж байна:
3.1. Шүүгч Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017.07.31-ны А/195 мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журмыг дурдсан бөгөөд 2002 оны эрүүгийн хуульд үйлчлэх журмыг нэрлээгүй. Өөрөөр хэлбэл он цагийн хувьд хуультай хэрэглэгдэх дагах журмыг буюу 2017.07.31-ээс өмнөх журмыг хэрэглэх нь зүйтэй байсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулиар тус ялгүй болох тухай мэдээлэл орж ялгүй болох ёстой байсныг зориудаар буруу орчин үеийн журмыг дурджээ. Бид 2017 оноос өмнөх асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг ухамсарлаагүй.
3.2. Мөн Дээд шүүх сонгуулийн хууль тайлбарлахдаа ялгүй байдлын тухай тухай тайлбарлаж нэр дэвшиж байгаа хүн 78.2-т тусгаснаар ялгүй болох гэж хэрэглэхгүй огт ял шийтгүүлж байгаагүй гэж хэрэглэнэ хэмээн тайлбарласан. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар үндсэн хуулийн 16-д хүний сонгогдох сонгох эрхийг зөрчсөн тухай заагаад 78.2-т ялгүй болсноор сонгон шалгаруулалтад орох боломжтойг дурдсан байсан. Энэ тухай хэргийн материалд хавсаргасан байгаа. "Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт үндсэн хуулийн холбогдох заалтын зөрчсөн эсэх тухай /Дүгнэлт/ 2008.05.14, Дугаар 06 Үндэслэл:
1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд буй "Ялгүй байх гэсэн ойлголт нь уг хуульд Улсын Дээд шүүхийн хийсэн тайлбар, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргагчдын тавьсан үндэслэл болон бусад нотолгооноос үзэхэд өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлж байна.
2. Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад "Ялгүй байх" гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон Монгол улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь:
1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "Нэр дэвшигч дараахь шаардлагыг хангасан байна" гээд 27.4.3-т "ялгүй байх" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсгийн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй", Хорин нэгдүгээр зүйлийн 3-т "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т "... эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Арван есдүгээр зүйлийн 1-д "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй" гэсэн заалтуудыг зөрчөөгүй байна.
3. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын "ялгүй байх" гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай." Гэжээ. Миний бие үндсэн хуулийн 16-д заасан эрхийнхээ дагуу эрхээ хамгаалж ялгүй болох хуулийн заалтад үйлчлэх дүрэм журмыг үндэслэмээр байна. Эрхээ хамгаалж шүүхэд өөрийн биеэр мэтгэлцмээр байна. Энэ тухай хуульд тусгайлан заагаад өгсөн байхад нэхэмжлэгч хүсэл зоригоо илэрхийлж шүүхэд акт баримт материалаа хавсаргасан байхад хүндэтгэн үзэх шалтгаан биш хэмээн шүүх хурлыг нэхэмжлэгчгүйгээр явуулсан нь шүүхийн тухай хууль, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож ахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.Жгаас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “E-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч А.Жгаас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллах хүсэлт гаргасан байх ба Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 8/7082 тоот албан бичгээр “... Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт “Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй ... Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно” гэж заажээ ... Таны хувийн байдлыг судлахад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар тогтоолоор ... 1 жил 3 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна. Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу өгснөөр энэхүү маргаан үүсжээ.
3.2. Нэхэмжлэгчээс “... Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ял шийтгэлгүй болсон байгаа тул Е-Монголиа мэдээллийн санд ялгүй байдлын мэдээлэл оруулах ёстой” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааны жагсаалтад ял шийтгэгдсэн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээллийг олон жил хадгалахаар зохицуулсан байдаг. Ийм учраас санд байгаа мэдээллийг шууд байхгүй болгох боломж байхгүй” гэж маргасан байна.
3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор шүүгчдэгч А.Жг Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
4. Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т “гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах”, мөн хуулийн 61 дүгээр зүйлд “Цагдаагийн байгууллага дараахь тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сүлжээ, сан үүсгэн үйл ажиллагаандаа ашиглана”, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т “ял шийтгүүлсэн хүний талаар” гэж зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/239 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох /код 706/ журам”-ын дагуу тус газарт эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн цахим мэдээллийн болон архивын сан бүрдүүлж, уг мэдээлэл нь E-Монголиа мэдээллийн санд татагдан хадгалагддаг болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
4.1. Төрийн үйлчилгээний цахим системээс “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай”, “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай” гэсэн хоёр төрлийн тодорхойлолт гарах бөгөөд нэхэмжлэгч А.Жгийн хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.
4.2. Нэхэмжлэгчээс 2002 оны Эрүүгийн хуулийн заалтыг тайлбарлан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон байх ба тус хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно”, 78.2-т “Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно” гээд 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж тус тус заасан.
4.3. Дээрхээс үзвэл “ялгүйд тооцох буюу ялгүй болно” гэсэн ойлголт нь ялыг тэнсэж хянан харгалзсан, эсхүл ялаа эдэлж дууссанаас хойш гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд А.Жг ялгүйд тооцсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсныг үгүйсгэх, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллийг устгаж, өөрчлөх үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
4.4. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан “ялгүй” болсон гэх нөхцөл байдал нь “гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй” гэсэн Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д заасан цагдаагийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
5. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... миний бие өөрийн өвчтэй байгаа тухай акт баримтыг шүүхэд хавсаргасан байхад түүнийг үгүйсгэж нэхэмжлэгчгүйгээр шүүх хурлыг явуулж шүүхийн шийдвэр гаргасан тул анхан шатанд ахин нэхэмжлэгчийн оролцоотой шийдвэрлүүлмээр байна” гэжээ.
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасан.
5.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “... 13,14-ний өдөр эмчилгээнд шинжилгээ хийлгэх, хэвтэж эмчлүүлэх, гам барих шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн байх ба хавсаргасан эмнэлгийн магадлалд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэж тэмдэглэгджээ.
5.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал ямар шалтгаанаар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон нь тодорхойгүй, энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
5.4. Мөн давж заалдах гомдолдоо шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчийн харилцаа, хандлагатай холбоотой асуудлыг дурдсан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ