Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                               С.Баянжаргал

 Улсын яллагч                                              Д.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ш.Цэдэн

             Шүүгдэгч                                                            Б.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Наранхүүд холбогдох 201518020394 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Дуушийн 47 тоотод оршин суух, урьд өмнө 6 удаа ял шийтгэтгэгдэж байсан.

1. 1996 онд ЭХ-н 98.2-р 2 жил тэнсэн,

2. 1996 оны 05 дугээр сарын 21-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жил, З сар хорих ялаар шийтгүүлж 1996 оны 09 дүгээр сарын 0З-нд ӨҮТХ-р суллагдсан.

3. 1998 оны 12 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  285-р таслан шийдвэрлэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар З жил хорих ялаар шийтгүүлж,  2000 оны 10 дугаар сарын 13-нд тэнсэн суллагдсан.

4. 2001 оны 10 дугаар сарын 17-нд Дархан-Уул аймгийн  №21 дүгээр таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3-т зааснаар 8 жил 6 сар 26 хоног хорих ялаар шийтгүүлсэн.

5. 2005 оны 11 дүгээр сарын 22-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 142-р Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар  4 жил 26 хоног хорих ялаар шийтгүүлж 2009 оны 05 дугаар 12-нд ялын хугацаа дуусч суллагдсан.

6. 2012 оны 6 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №57-р Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2013 оны 10 дугаар 13-нд ялын хугацаа дуусч суллагдсан. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Батдоржийн Наранхүү /РД:МЬ:78122010/.

 

Шүүгдэгч Б.Наранхүү нь 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Дуушийн 38 тоотод оршин суух иргэн Э.Энхбайгалийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч дотроос нь 40 инчийн “Samsung” маркын LED загварын телевизор, нэхий дээл, сурагчийн цүнх зэрэг 7 төрлийн эд зүйл хулгайлж 1455000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Наранхүү мэдүүлэхдээ: ... 2015 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цаг 30 минутын үед энэ хэрэг болсон. Өмнө нь би Энхбайгалын хашааг хөлсөлж ногоо тарьдаг байсан. Энэ жил ахиж ногоо тарих болоод тэр өдөр Энхбайгалынд орж энэ жил хашаагаа ахиж хөлслүүлэх үү гэж асуух гээд очтол гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би байшингийнх нь цонхыг нь хагалж ороод цүнх, нэхий дээл, зурагт зэрэг эд зүйлс авсан. Нэг сая гаран төгрөгний хохирол учируулснаас зурагтыг нь буцааж өгөөд үлдсэнийг нь бүгдийг нь төлчихсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж гэмт хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэв.

           Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Энхбайгаль мэдүүлэхдээ: ... Би 2015 оны 12 дугаар сарын 12-ны өглөө гэрлүүгээ орсон чинь манай байшингийн гал тогооны өрөөний хойшоо харсан вакум цонх тэр чигээрээ хагарчихсан байсан. Би гайхаад яагаад ийм болчихдог билээ гээд анзаарсан чинь пийшингийн дэргэд хуучин блок байж байсан. Тэр блокоор хагалсан бололтой байсан. Манай том өрөөний хананд байрлуулсан телевизорыг мулт татаад аваад явсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн. Тэгээд гэр доторх эд зүйлээ шалгаж үзэхэд жижиг өрөөнд байсан шургуулга, хувцасны шкаф зэрэг зүйлсийг онгичиж эмх замбараагүй байсан. Манайхаас авсан зүйлүүдийг хагалж орж ирсэн цонхоор авч гарсан юм шиг байна лээ. Манайхаас  “Samsung” загварын LED хэлбэрийн дэлгэцтэй телевизор,

 


 300000 төгрөгөөр үнэлэх эмэгтэй хүний /миний/ бор өнгийн уртавтар малгайтай нэхий дээл, 80000 төгрөгөөр үнэлэх саарал өнгийн эмэгтэй пельник /өвлийн куртик/, 40000 төгрөгөөр үнэлэх эмэгтэй хүүхдийн хар өнгийн үдээстэй пүүз /спорт пүүз/, 45000 төгрөгөөр үнэлэх эмэгтэй хүүхдийн хар хөх өнгийн 4 ширхэг цагаан канттай бэлтгэлийн өмд, 45000 төгрөгөөр үнэлэх эмэгтэй хүүхдийн сурагч цүнх, 15000 төгрөгөөр үнэлэх ногоон цагаан өнгийн спорт үүргэвч, манай том охины техникийн их сургууль төгссөн ромбо, мөн гал тогооны өрөөнд байсан 15000 төгрөгөөр үнэлэх хар иштэй хутга зэрэг зүйл алдагдсан юм. Заазуур алга болчихсон байна гэсэн чинь орон доороос олдсон. Тэр заазуураар манай угаалгын машиныг хөшсөнийг заазуураа олсны дараа мэдсэн. Угаалгын машинаас юм алдагдаагүй байна лээ, сэнсийг нь авах гэж оролдсон эсвэл моторыг нь авах гэж оролдсон байх гэж бодож байгаа ер нь согтуу хүн л хулгай хийсэн байх гэсэн бодолтой байгаа юм гэх мэдүүлэг /ХХ-н 12-р хуудас/

 

              Мөрдөн байцаалтанд Гэрч С.Рэнцэнханд мэдүүлэхдээ: ... Би хэсгийн ахлагчийнхаа хувьд айл өрхүүдээрээ явж ажилладаг. Энэ хугацаанд болон өмнөх хугацаанд дээрх алдагдсан зүйлсийн талаар сэжигтэй зүйл мэдэгдэж сонсогдсонгүй. Бусад хэсгийн ахлагч нартай холбоотой ажилладаг ба дээрхи хулгайн талаар ямар нэгэн мэдээ мэдээлэл сонсогдоогүй, цаашид энэ талаар мэдээлэл олдвол эргэн мэдээлье гэх мэдүүлэг /ХХ-н 13-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Энхболд мэдүүлэхдээ: ... Манай охин Отгон-Эрдэнэ 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр над руу утасдаад аав манай гэрт урьд шөнө хулгай ороод телевизор, миний сурагчийн цүнх, хувцас, ээжийн хувцаснуудийг авчихаж хичээлд өмсөх хувцасгүй болчихлоо гээд уйлаад ярьсан юм. Охин маань салсан эхнэр Э.Энхбайгальтай хамт амьдардаг юм л даа. Тэгээд би хоёр хоногийн дараа охиндоо ойр зуурийн хувцас аваад гэрт нь очиж өгсөн юм. Тэгэхэд Энхбайгаль надад хулгай орсон тухай ярьж байсан юм гэх мэдүүлэг /ХХ-н 14-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Оюунцэцэг мэдүүлэхдээ: ... Ойрын үед төр захиргааны зүгээс буюу иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний талаарх үүрэг өгөгдөөгүй. 2015 оны 12 дугаар сард хүн малын тооллого хийх ажлаар айл өрхүүдээр явж ажилсан юм. Ер нь энэ талаарх мэдээлэлийг одоо авлаа. Цаашид анхаарч ажиллая. Энэ талаар мэдээлэл олдвол эргэн мэдээллэе гэх мэдүүлэг /ХХ-н 15-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Мөнхнаран мэдүүлэхдээ: ... Би Баруунхараагийн алтны тээрэм дээр байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Зүүнхараад гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд манайх дээрх телевизортой болчихсон байсан. Манай эхнэр надад өчигдөр Наранхүү энэ зурагтыг барьж орж ирээд 100000 төгрөгөөр худалдаад авчихаа гээд байхаар нь би байгаа 30000 төгрөгөө өгөөд үлдэгдлийг чамайг ирэхээр өгчихье гэж хэлээд авчихлаа гэж ярьж байсан. Харин маргааш өглөө нь намайг унтаж байхад 09 цагийн үед Наранхүүг ирэхээр нь би үлдэгдэл 70000 төгрөгийг нь өгсөн. Ингээд Наранхүү гараад явсан гэх мэдүүлэг/ХХ-н 40-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч О.Хишигтөгс мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 08-ны өглөө намайг Нэгдэлийн гэрт байж байхад Хоомоо гэдэг хүн Наранхүү гэдэг залуутай хамт орж ирсэн. Намайг Нэгдлийнд байж байхад тэр гурав гараад хашаан дотор хоорондоо юм ярьж байснаа ороод ирсэн тэгснээ модны рам орж мод зүсэхээр болж Наранхүү, Нэгдэл бид гурав явсан. Наранхүү 5000 төгрөгөөр замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад модны рам дээр очих замдаа хуваан уусан. Дараа нь модоо зүсэх гэсэн чинь хөрөө нь зуураад явдаггүй Дамбийнхаас хөрөө олж авч зүсэхээр болоод Дамбийнд очиж хөрөө авахад хөрөө нь хагархай болохоор нь Нэгдлийнд очиж үлдээгээд Хоомоогийнд очсон. Нэгдэл намайг дуудахаар нь очсон чинь Наранхүү надад нэг эзэнгүй байшингийн дээвэр дээр даавууунд ороосон том зурагт байгаа тэрийг гурвуулаа авъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав хашаа даваад явж байхад би Наранхүүгээс ямар учиртай зурагт юм бэ гэж асуусан чинь манай найз өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд явж байгаад эзэнгүй том хашаатай дотор нь жижигхэн шавар байшин байсныг Наранхүү заагаад Нэгдэл та хоёр ороод авчих, дээвэр дээр нь байгаа шүү би ийшээгээ алхаж байя гэж хэлэхээр нь Нэгдэл бид хоёр тухайн хашаа руу орж нөгөө байшин дээр очиход гадна талд зүүн хананд босгоод тавьчихсан том нимгэн зурагт байсныг авсан. Тэгээд тэр хашаанаас гарахад Наранхүү цаана байсан. Бид хоёрыг Наранхүү дээр очиход наад зурагтыг чинь зарчихмаар байна гээд байсан ба Дамбынд очие гээд очсон. Тэгсэн чинь Дамбыг эхнэр нь байхгүй гээд байхаар нь Нэгдлийнд очсон. Наранхүү Нэгдэл хоёр гарч зурагт авах хүн байна уу хүнээс асууя гээд гараад явснаа удалгүй орж ирээд Улаанаад зарчихья гэхээр нь зурагтаа аваад гурвуулаа очсон. Улаанаагийнд очиход Улаанаа байхгүй харин эхнэр нь байсан бас тэднийд Хоомоо байж байсан. Зурагтыг асаахад асч байсан тул зарахаар болсон. Тэгээд Улаанаагийн эхнэрийн ажил дээр Наранхүү бид хоёр очиж 30000 төгрөг авсан гэх мэдүүлэг /ХХ-н 41-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Нэгдэл мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 08-ны өглөө Наранхүү манайд хүрч ирээд парникны банз зүсэх гэсэн юм гэж хэлсэн. Тэр үед Төгсөө манайд байж байсан бөгөөд Наранхүүгийн банз зүсүүлэх далимаар Төгсөө түлээний мод авах зорилгоор Хорих 413-р ангийн цаана байдаг модны рам дээр очихоор явсан. Замдаа Наранхүү хорихын урд талын дэлгүүрээс нэг шил архи аваад модны рамны хажууд очиж Наранхүү бид хоёр хувааж уугаад модоо зүсэхээр рам руу орсон боловч рам ажиллахгүй байхаар нь буцаад гурвуулаа Дамбынд очиж түүнээс бөөрөнхий хөрөө аваад манайд ирж хөрөөгөө тавьчихаад архи уучихсан болохоор дахиж архи уух гээд Хоомоогийнд очицгоосон. Тэднийд байж байхад Наранхүү намайг дуудахаар нь гарахад хоёулаа Чукагийнд очоод архиний мөнгө аваадхая гэж хэлэхээр нь би Төгсөөг дуудаж гаргаж ирээд гурвуулаа Чукагийнх руу алхсан. Гудамжаар алхаад явах гэсэн чинь Наранхүү хашаануудыг даваад явчихяа, намайг авгай харчихвал бахираад унана гэхээр нь Наранхүүгийн араас хоёр айлын хашаа даваад гудамжаар ороод алхаж байхад Наранхүү задгай том талбайтай хашаан дотроо нэг жижигхэн байшинтай хашааг заагаад энэ жижиг амбаарын дээвэрт том дэлгэцтэй хавтгай зурагт байгаа аваад ир гэж Төгсөө бид хоёрт хэлэхээр нь юм бодолгүй орж очиход байшингийн гадна зүүн талын хажуу хананд том хавтгай дэлгэцтэй зурагт байж байсан. Тэгэхээр нь тэр зурагтыг Төгсөө тэврээд гудамж руу гарч Наранхүүгийн араас ээлжлэн тэвэрч явсаар Наранхүүгийн хамт Дамбынд очиход эзэнгүй бололтой байхаар нь манайх руу явцгаасан. Манайд ирээд нөгөө зурагтыг манай орон дээр тавьж байгаад асаасан. Наранхүү энэ зурагтыг зарна, худалдана гэхээр нь бид гурав худалдаж авах хүн хайгаад явсан. Тэгж яваад Хоомоогийн Урнаагынд орох гэж явахдаа Наранхүү Төгсөөд хандан энэ зурагтыг Эрдэнэсувдад миний өөрийн юм байгаа юмаа гээд хэлчихээрээ гэсэн. Тэгээд гэрт нь ороод Урнаад 100000 төгрөгөөр худалдахаар болж манай гэрээс нөгөө зурагтыг авч очоод өгсөн. Тэгээд Наранхүү, Төгсөө хоёр Урнаагийн ажил руу очиж 30000 төгрөг авна гээд явсан. Би гэрлүүгээ харьсан. Намайг гэртээ байж байхад Наранхүү, Төгсөө хоёр 1 литрийн цагаан архи аваад араас ирсэн юм гэх мэдүүлэг /ХХ-н 42-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Гэрч Ү.Уранчимэг мэдүүлэхдээ: ... Намайг 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад Наранхүү гэдэг манай арын айлын залуу орж ирээд том хавтгай дэлгэцтэй телевизор худалдаж авахуу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ямархуу зурагт юм бэ үзье гэсэн чинь Наранхүү гаднаас нэг хүн дагуулаад орж ирсэн ба тэр хүн нь даавуунд ороочихсон телевизор бариад ороод ирсэн. Тэр хүнийг Төгсөө гэдэг юм байна лээ. Би зурагтыг сонирхоод залгаад үзэхэд асч байсан. Наранхүү надад 100000 төгрөгөөр зарна гэсэн болохоор би авахаар шийдсэн. Төгсөө нь болохоор ах нь эхнэрээсээ салахдаа авч үлдсэн зурагт юмаа гээд байсан. Тэгээд би Наранхүү Төгсөө хоёрт 30000 төгрөг өгсөн. Маргааш үлдэглийг нь аваарай гэсэн гэх мэдүүлэг /ХХ-н 43-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Эрдэнэсувд мэдүүлэхдээ: ...Би түүнийг хулгайн хэрэгт холбогдоод байгааг манайхаар цагдаа нар ирээд Наранхүүг асууж сураглаад байдаг болсноор мэдсэн. Манай нөхөр Наранхүү 2016 оны 03 дугаар сарын 28-наас хойш гэртээ ирэхгүй байгаа бөгөөд түүнээс хойш 2-3 хоногийн дараа нэг утаснаас Би Дархан-Уул аймагт байна, би өөрөө байцаагч дээр очоод үнэнээ хэлнэ гэж ярьсан гэх мэдүүлэг /хх-н 44-45-р хуудас/

                     Мөрдөн байцаалтанд Гэрч Ч.Мөнхбаяр мэдүүлэхдээ: ... Би Шарын голын гудамжинд газар эзэмшдэг. Тухайн газарт байдаг жижиг байшинтай том задгай хашаа бол манай хашаа юм. Ер нь манайх тухайн хашаанд амьдардаггүй. Би тэр хашааг 2014 оны 12-р сард худалдаж авсан. Тэгээд зөвхөн зуны цагт жоохон ногоо тарьдаг. Ер нь тэнд манайх байдаггүй эзэнгүй байдаг хашаа юм. Би байшингийн дээвэр дээрээс 2016 оны 03-р сард цэнхэр өнгөтэй аяны хөнжил/мишок/ дэлгээд орхисон байгааг олж хараад ямар учиртай юм бол хүн орж хэвтэхэд зай багатай юмдаа гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд дараа нь нэг удаа очиход нөгөө мишок алга болчихсон байсан гэх мэдүүлэг /ХХ-н 46-р хуудас/

                   Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-н 18-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Наранхүү мэдүүлэхдээ: ...Тухайн үед архи уучихсан байсан бөгөөд ногоо тарих газар хэрэгтэй байсан болохоор тэднийхээс газраа түрээслэхүү гэж асууна даа гэж бодож яваад л тэднийх рүү орчихсон. Халамцуу байсан болохоор яахав тухайн үед эзгүй байхаар нь хулгай хийчие гэсэн санаа төрөөд тэгээд хулгай хийсэн. Би эхлээд байшингийнх нь хойд талын цонхыг өшиглөсөн тэгээд цонх нь дутуу хагархаар нь байшингийн хажууд байсан том блокыг шидэн хагалсан. Тэгээд дотогш орж юмнуудыг нь авсан. Тэгээд манайхаас зүүн талын гудамжинд байдаг эзгүй хашаанд байдаг жижиг байшингийн дээвэр дээр телевизорийг аваачиж орхисон гэх мэдүүлэг /ХХ-н 53-р хуудас/.

 

                   Хохирогч Э.Энхбайгаль хохирол барагдсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт /ХХ-н 109 дүгээр хуудас/.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-57 дугаар хуудас/, 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 56 дугаар хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 78 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 82-100 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч  Б.Наранхүү нь 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Дуушийн 38 тоотод оршин суух иргэн Э.Энхбайгалийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч дотроос нь 40 инчийн “Samsung” маркын LED загварын телевизор, нэхий дээл, сурагчийн цүнх зэрэг 7 төрлийн эд зүйл хулгайлж 1455000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч  Б.Наранхүү нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, орон байранд нэвтэрч, шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Наранхүүд ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд сүүлд Б.Наранхүү нь 2012 оны 6 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №57-р Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2013 оны 10 дугаар 13-нд ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа нь  “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

 

Хохирогч Э.Энхбайгаль нь хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Наранхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

      

1.Шүүгдэгч Шарнууд овогт Батдоржийн Наранхүүг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Наранхүүг 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Наранхүүд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Наранхүү энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Наранхүүд оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Наранхүүд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Наранхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.