Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн 2224 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... ........ аймгийн ......суманд төрсөн, ....... настай, ............боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ах, дүүгийн хамт ......... аймгийн .......... сумын ........... багт байнга оршин суух хаягтай, С.О, регистрийн дугаар: ИГ

Шүүгдэгч С.О нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Урд Шивэртий /Нарийн харын ар, Мухарт/ гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.7 метр куб галын түлээний хуурай мод бэлтгэж, ЗАН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Урд шивэртий гэх газарт байрлах өөрийн гэрийн гадна хүртэл тээвэрлэж, ойн санд 735,392 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Иргэний нэхэмжлэгч Л.Огийн “... Ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгуулах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжлэнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-р тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Тын “... Миний дүү С.О нь надаас машинаа өгөөч гэж гуйсан. Тэгэхлээр нь би адуунд явж байгаа учир хэд хоног хэрэглүүлсэн. Мод бэлтгэх талаараа надад хэлээгүй. Харин аавын мод дуусах дөхөж байна гэж хэлж байсан...Хаанаас мод бэлтгэсэн талаар мэдэх зүйл байхгүй. Харин 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой болон 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед миний машинаар мод тээвэрлэн ирснийг би харсан. Тухайн үед хөдөө гэрт би болон төрсөн дүү С.О нар байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р тал/,

Гэрч О.Дийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Урд шивэртий гэх нэртэй газарт өөрийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй С.О гэх хүний зусч байгаа газрын хажуугаар явж байхад С.Оын гэрийн гадна хэрэглээний 2 метрийн урттай мод буулгачихсан байхыг харсан. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед дахин тухайн газраар явах үед нэмж мод буулгачихсан байхаар нь би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-р тал/

 Гэрч М.Дн “...Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн иргэн С.О нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газрын 1 давхрын 108 тоот өрөөнд орж ирээд галын түлээний гоожин бичүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхлээр нь би иргэн С.Оаас өнөөдөр мод бэлтгэх гэж байгаа юм уу гэж асуухад өнөөдөр бэлтгэнэ гэж хэлэхээр нь би 22 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж өгсөн. Тухайн үед иргэн С.О өөрөө ирж гоожин бичүүлж авсан...Завхан аймгийн Засаг даргын захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хуурайшилттай холбоотойгоор ойн мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоосон юм. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-р тал/,

Гэрч Г.Гы “... Завхан аймгийн Засаг даргын захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хуурайшилттай холбоотойгоор ойн мод бэлтэх үйл ажиллагааг зогсоосон байсан. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зөвхөн түлээний мод бэлтгэх үйл ажиллагааг зогсоосон байсан. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг сумын байгаль хамгаалагч нар олгож бичиж эхэлсэн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 10,11,12-нд мод бэлтгэх эрхийн бичгийг сумын байгаль хамгаалагч нар бичээгүй юм...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Нарийн харын ар” болон “Мухарт” гэх нэртэй газрууд нь Урд шивэртий гэх газар харьяалагддаг юм..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36, 38-р тал/

Гэрч Ө.Оийн “...Тухайн хэргийн газрын үзлэг хийж байх үед би, цагдаа, Баян-Улаан багийн байгаль хамгаалагч Г.Г болон иргэн С.О нарын хамт үзлэг хийсэн. Үзлэг хийгдэж байх үед дан байгалийн жамаар унасан унаанги моднуудыг 2 метрийн хэмжээтэй тайрч бэлтгэсэн байсан бөгөөд хажууд талд үртэс хоорондын зай нь 2 метрийн урттай байсан тухайн үртэс хоорондын хэмжээг гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Үзлэгээр 17 ширхэг унаанги модноос 90 ширхэг 2 метрийн урттай модыг иргэн С.О нь өөрөө бэлтгэсэн. Тухайн унаанги моднууд нь хуурай унаанги мод байсан. Уг унаанги моднуудыг галын түлээний зориулалтаар бэлтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-р тал/

Яллагдагч С.Оын: “...Би 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Урд шивэртий гэх газар байх аавынхаа гэрээс ЗАН улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа унаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Урд шивэртий гэх газраас унаанги мод бэлтгэсэн юм. Тухайн үед би өөрийн хөрөө болох цагаан өнгийн хөрөөгөөр унаанги мод бэлтгээд ахынхаа машинд 2-3 удаа ганцаараа зөөж буулгасан. Би бэлтгэсэн гэх модоо 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ ганцаараа гараад бэлтгэж дуусгаад 2022 оны 6 дугаар сарын 12 болон 13-ны өдөр гэрийнхээ гадаа буулгасан юм. Тухайн үед би 2 удаа мод бэлтгэхдээ Баян-Улаан багийн нутаг Урд шивэртий нарийн харын ар болон Мухарт гэх нэртэй газраас бэлтгэсэн. Би өөрийн эзэмшлийн цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг ашиглан бэлтгэсэн. Тээвэрлэхдээ ЗАН улсын дугаартай машины ашигласан. Би өөрийн биеэр мод бэлтгэсэн, морь мал ашиглан мод бэлтгээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 82-83-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь түлшний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд түлээний модонд хамаарна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Ойгоос бэлтгэсэн моднууд нь унанги хуурай мод байна. Бэлтгэсэн гэх 1-90 хүртэл дугаартай мод нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Урьд шивэртий гэх газар ойн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 109760 төгрөг байна. Ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1.0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн 109,760 төгрөг болж, бэлтгэсэн мод 6,7 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 735,392 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 47-48-р тал/,

Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/241 дугаартай “Ойд үйл ажиллагаа явуулахыг хориглох” тухай захирамжийн хуулбар /ХХ-ийн 33-р тал/,

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай “...Иргэн С.Оын хууль бусаар бэлтгэсэн 6,7 м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах. Ойн нөөцөд учруулсан хохирлыг буюу шинэс модны Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 6.7 м3-735,392 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 735,392х3-2,206,176 төгрөгийг нөхөн төлүүлэх. Актаар тогтоосон төлбөр болох 2,206,176 төгрөгийг 2022 оны 07 сарын 22-ны дотор бүрэн барагдуулахыг иргэн С.От сануулах...” гэсэн улсын байцаагчийн акт,

Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний “Хурд-Од” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №146 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын байдлаар хөх өнгийн ЗАН улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл /1997 онд Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн 3 хүний суудалтай хэвийн ажиллагаатай/-ийн зах зээлийн үнэлгээр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 67-70-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөн өдрийн Т/01 дугаартай “...түлшний хуурай мод, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1998 онд авсан, цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, Ниссан Атлас маркийн 75-71 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл...” зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 91-93-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай “...С.О /ИГ/ ам бүл-4. Аав, ах, дүүгийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн, 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /ХХ-ийн 98-р тал/,

ЗАН улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

Гэрч Г.Б-ы “...С.Оын хувийн зан байдлын тухайд гэвэл төлөв даруу зантай, хүнтэй эвсэг харьцаатай, хүнд тусархуу зан байдалтай, ажилсаг, архи тамхи хэрэглэдэггүй. Илүү дутуу зангүй, худлаа ярихгүй зантай, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багт аавын гэрт мал малладаг, хүнтэй суугаагүй, багийн нутгийн хүмүүсийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм. С.О нь урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гэж сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 108-109-р тал/,

Гэрч Ш.-н “...С.Оын хувийн зан байдлын тухайд гэвэл төлөв даруу зантай, хүнтэй эвсэг харьцаатай, хүнд тусархуу зан байдалтай, ажилсаг, архи тамхи хэрэглэдэггүй. Илүү дутуу зангүй, худлаа ярихгүй зантай, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багт хадам аавын гэрт мал маллаж амьдардаг, эхнэр аваагүй, багийн нутгийн хүмүүсийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм. С.О нь 2006-2007 онд хугацаат цэргийн албыг хилийн цэргийн 0245 дугаар ангид хаасан гэж хэлж байсан. 5 ахтай, 3 эгчтэй, эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 дүүтэй, айлын 9 дэх хүүхэд байгаа юм....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 110-111-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Л.О, шүүгдэгч С.О, өмгөөлөгч М.Г нарын эвлэрсэн талаар баталгаа гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /ХХ-ийн 112-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 06-10-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.

            Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

              Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь  иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг иргэн, хуулийн этгээдэд хуулиар үүрэг болгосон байна.

Өөрөөр хэлбэл Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Урд Шивэртий /Нарийн харын ар, Мухарт/ гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.7 метр куб галын түлээний хуурай мод бэлтгэж, ЗАН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Урд шивэртий гэх газарт байрлах өөрийн гэрийн гадна хүртэл тээвэрлэж, ойн санд 735,392 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Шүүгдэгч С.Оын хууль бусаар мод бэлтгэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 735,392 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 735,392 төгрөг гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн С.Оын ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 735,392 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,206,176 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 2,206,176 төгрөгийг шүүгдэгч С.О нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төрийн сан, Татварын бус орлого гэсэн 100090455405 тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төрийн сан, Татварын бус орлого гэсэн 100090455405 тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төрийн сан, Татварын бус орлого гэсэн 100090455405 тоот дансанд төлсөн 2,206,176 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 6,7 метр куб хэрэглээний хуурай шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, цахилгаан хөрөө болон иргэний нэхэмжлэгч С.Тын эзэмшлийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1,500,000 төгргийг шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Тт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Оыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 6,7 метр куб эзэлхүүнтэй 90 ширхэг мод, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗАН улсын дугаартай автомашины үнэ болох 1,500,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, ЗАН улсын дугаартай автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч С.О нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 735,392 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 2,206,176 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төрийн сангийн 100090455405 тоот дансанд төлсөн 2,206,176 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын  тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.ОТГОНХИШИГ