Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00268

 

2018 оны 03 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2018/00268 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, ** тоотод оршин суух, Ц.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, ** тоотод оршин суух, Б.А холбогдох төмсний үнэ 4 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б , нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А нь 2016.05.25-нд иргэн Ц-аас 19 тн төмс авсан. Тухайн үед Ц- надруу утсаар ярьж энэ хүнд төмс хэрэгтэй байна, танайх төмсөө өгөх үү? гэж асуухад нь би Ц-аагийнд очиж бид 3 уулзаад 12 тн төмс өгөхөөр болсон. Ц- ярихдаа манайх (19 тн) төмсөө худалдсан талаараа нотариатаар батлуулсан. Бас 2 ш газрын гэрчилгээ барьцаанд авсан тул санаа зоволтгүй гэж хэлээд өгсөн, авсан тэмэдэглэлийг Ц- бичиж бид хоёр гарын үсэг зурж төмсөө өгсөн. Авсан төмсний үнэ 4 200 000 төгрөгийг заасан хугацаандаа нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Мөнгөө нэхэж удаа дараа шаардсан боловч янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулсаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тул хохирлыг барагдуулж 4 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймгийн Эрх ХХК нь нэхэмжлэгч Ц.Б оос 12 тонн төмсийг худалдан авч 2 тонн төмсний үнэ 600 000 төгрөгийг бэлнээр төлж 3 160 000 төгрөгний тооцоо үлдсэн билээ. Гангийн давтамжаас болж ургац алдаад өдий болтол төлбөрийг хийгээгүй байгаа болно. Энэхүү нэхэмжилсэн 4 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Б.А аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Ц.Б оос 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 тн гала сортын төмсийг 1 кг-ыг 350 / 1тонныг 350 000 / төгрөгөөр тооцож худалдан авч, үнийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний дотор төлөхөөр тохиролцсон нь зохигчдын тайлбар, төмс худалдах, худалдан авахаар тохиролцож хийсэн гэрээгээр тогтоогдож байна.

Дээрхи үйл баримтаас зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.Уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас төмсний үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч ч шүүхэд гаргасан тайлбартаа Ц.Б оос 12 тн төмсийг худалдаж авсан болохоо хүлээн зөвшөөрч энэ асуудлаар маргаагүй.Тиймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А аас 4 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч шүүхэд ...Ц.Б оос 12 тн төмсийг худалдаж аваад 2 тн төмсний үнэ 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн тайлбар ирүүлсэн. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Гэвч хариуцагч Б.А ...Ц.Б ид 2 тн төмсний үнэ 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн төлөх төлбөрөөс 600 000 төгрөгийг хасч тооцох боломжгүй юм.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 82 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-с 4 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б ид олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.А аас 82 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаарэнэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанөдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА