Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0028

 

2018 оны 03 сарын 16 өдөр Дугаар 142/ШШ2018/00284 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 36 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15-00** тоотод оршин суух, Ү.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1953 онд төрсөн, 65 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 00 тоотод оршин суух С.А холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 220 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , хариуцагч С.А , гэрч Ш.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ү.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.А  гуай миний ээжийн найз бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр надай уулзаад мөнгийг амархан өсгөдөг сүлжээ байна эхний ээлжинд чи нэг сая төгрөг олоод өгчих гэхээр нь түүний хүсэлтийн дагуу 1.0 сая төгрөг олж өгсөн. Авсан 1.0 сая төгрөгөө ч өгөхгүй болохоор нь мөнгөө удаа дараа нэхэж байтал 2016 оны 12 дугаар сарын 24-нд гэрт ирээд 220.000 төгрөг олоод өгчих тун удахгүй 20.0 сая төгрөг бүтэх гэж байна тэгээд л би чамд бөөн мөнгө өгнө гэхээр нь 220.000 төгрөг өгөөд явуулсан. Мөн л би хэсэг хүлээж байгаад дахин дахин мөнгөө нэхэж байтал 2017-07-23-нд 700.000 төгрөгийг чинь өсгөж өгнө гээд авсан.Энэ мэтээр миний төрсөн ээжийн найз гэх С.А  1 920 000 төгрөгийг маань залилан мэхэлж авсан учир би энэ мөнгөө гаргуулж авахаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2017 оны 10-р сард хандсанаар шүүхээр яваад ав гээд тэнд эвлэрээгүй. Гэтэл А гуай иргэн Ж-гыг шүүхэд өгсөнөөр Ж-г 2017 оны 12-р сард надад 700 000 төгрөг өгсөн учир үлдэх 1 220 000 төгрөгийг С.А ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э-гаас мөнгө төгрөг авч байгаагүй, Э нь Казакстан улсын Жи тайм сүлжээнд ороход 1 сая төгрөгийг Ч  гэж манай багийн ахлагчид өөрөө тоолж хүлээлгэж өгөөд өөрийнхөө нууц нэрийг булаг, булаг2, мөн нөхрийнхөө нэрээр Баяр99 гэдэг нэрүүдийг өгч компанийн вэбсайтруу явуулсан. Ч  багийн ахлагч энэ мөнгийг нь нярав Б-д тушааснаар Казакстан руу мөнгө нь шилжсэн. Ингэснээр Казакстанаас түүний өгсөн нэрээр кодууд ирж уг нэрээр нь шивэлт хийгдэж улмаар мөнгө тушаасан нь баталгаажсан болохыг Э өөрөө сайн мэдэж байгаа. Мөн 6 хүн нийлээд уг компаний 2 302 000 төгрөгний Вип хөтөлбөрт орох болоход нэг хүнээс 383,6 мянгөн төгрөг гарах болоход Э орохоор болж надад 220 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг та хийчих би дараа нь танд өгнө гэхээр нь миний бие 163,6 мянган төгрөгийг өөрөөсөө нэмж 383,6 мянган төгрөг болгоод М гэж залуугийн дансанд тушаасан. Тухайн үед М нь сүлжээний нярав хийж байсан хүн юм. Э-гийн надаас нэхэмжилж байгаа 1 220 000 төгрөг бол Казакстаны Жи тайм компанийн дансанд орсон болохоос би хувьдаа авч хэрэглээгүй учраас Цагдаагийн газарт өргөдлөө өг гэж өөрт нь хэлэхэд би таныг л өгнө би тэгэж явж чадахгүй гээд яваагүй. Хэрэв тэр үед Цагдаад өргөдөлөө өгсөн бол болох байсан. Иймд би Э-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ү.Э хариуцагч С.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 220 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ү.Э ....хариуцагч С.А т 2016 оны 07 дугаар сарын 13-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-нд 220 000 төгрөг, нийт 1 220 000 төгрөг зээлсэн.Зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул хариуцагч С.А ээс 1 220 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн,

Хариуцагч С.А  ...би Ү.Э-гаас мөнгө зээлж аваагүй.Харин Ү.Э жи тайм сүлжээнд орно гэж манай багийн ахлагч Ш.Ч д 1 000 000 төгрөг тоолж өгч нууц нэрийг өөрөө шивсэн.Түүний өгсөн 1 000 000 төгрөгийг нярав Б.Б- төрийн банкинд тушааж мөнгө нь Казахстан улсын Жи тайм компанийн дансанд шилжсэн. Ү.Э-гийн надаас нэхэмжилж байгаа 1 220 000 төгрөг бол Казакстаны Жи тайм компанийн дансанд орсон болохоос би хувьдаа авч хэрэглээгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж байгаа.

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэгч Ү.Э-гийн хариуцагч С.А т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1 220 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д эээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Ү.Э С.А ийн өмчлөлд мөнгө шилжүүлэн өгсөн, С.А  Ү.Э-гаас шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн болохыг өөрөөр хэлбэл зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид 1 220 000 төгрөг зээлдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин Ү.Э жи тайм сүлжээнд орно гэж 1 000 000 төгрөгийг Ш.Ч д өгсөн, уг мөнгийг нягтлан Б.Б- өөрийн нэрээр Казахстан улсын Жи тайм ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь гэрч Ш.Ч ын ...Эхлээд Ү.Э-гийн ээж нь ороод дараа нь Ү.Э ирсэн. Би өөрөө мөнгийг нь тоолж аваад хажууд байсан Б.Б-д өгсөн. 1 000 000 төгрөг гээд өгсөн чинь 30 000 төгрөг дутуу өгчихсөн байсан тул утсаар ярьж байгаад гүйцээж авсан.Б.Б- төрийн банкаар Казахстаны жи тайм ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-гийн ...2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С.А  3 хүний мөнгө авч ирж өгсөн.1 хүний 162 доллар байсан.Нийт 3 хүний мөнгийг тухайн үеийн долларын ханшаар тооцоод Казахстан улсын Жи тайм ХХК-ийн дансанд төрийн банкаар дамжуулан шилжүүлсэн.Элсэж байгаа хүмүүс өөрсдөө нууц нэрээ өгөөд логин үүсгэдэг.Ү.Э нь Булаг гэсэн нэрээр үүсгэсэн.Фото зургийг компютерээс авсан.Гуйвуулгын баримтыг англи хэл дээр бичдэг байсан учраас би мөнгийг өөрийнхөө нэрээр тушаадаг. Шивэлтээ хийхдээ хүн хүн дээр нь салгаж шивдэг гэсэн мэдүүлэг, Төрийн банкны 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн фастер мөнгөн гуйвуулга илгээх маягт, мөн өдрийн кассын орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн н.Ж-гаас 700 000 төгрөг авсан талаархи баримт нь С.А , Ү.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотолсон баримт биш юм.

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч С.А ээс зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ү.Э-гийн хариуцагч С.А т холбогдуулан гаргасан 1 220 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаарэнэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанөдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйгдурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА