Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, нарийн бичгийн дарга Ц.С улсын яллагч Б.Б шүүгдэгчийн өмгөөлөгч А шинжээч С.Е
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хын Б холбогдох 201404000156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс к, 1979 оны 05 дугаар сарын 08-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан, Ж овогт Хын Б РД:0000.
Шүүгдэгч Х.Бын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь Засгийн Газраас багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зарласан 2012 онд Баян-Өлгий аймгийн 13 сумын 30 багт багийн төвийн байр буюу багийн Засаг даргын контор барих тендерт “Н” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, уг компанийн менежер Д.Ч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Бтай Д сумын Хөх сэрх багийн болон Өлгий сумын Х багийн Засаг даргын нийт 2 конторыг бариулахаар тохиролцон Х.Бд иргэн Ш.Ддамжуулан 55.000.000 /тавин таван сая/ төгрөг өгсөн байна. Улмаар Х.Б нь Х багийн Засаг дарга Х.Бтой 2012 оны 08 дугаар сард уулзан ярилцсанаар багийн байрыг Х.Б барихаар болж тохироод 2012 оны 09 дүгээр сарын эхэнд Х.Б Х.Б жолооч Дий машинаар 2 удаагийн тээвэрлэлтээр барилгын материал хүргүүлж, 2016 оны 10 дугаар сарын 05-07ны хооронд Х банкны 3 удаагийн шилжүүлгээр иргэн Сы дансаар дамжуулан нийт 7.500.000 /долоон сая, таван зуун мянга/ төгрөгийг материал, цалин гэж шилжүүлэн өгсөн байна. Х.Б нь уг мөнгө, барилгын материалыг авч багийн Засаг даргын конторын байрыг 2012 оны 09-10 дугаар сард нийт 22852718 төгрөг зарцуулан хашаандаа барьж дуусгасан боловч багийн байр биш өөрийн хувийн байшингаа өөрийн хөрөнгөөр барьсан гэж худал хэлж улсын комисст хүлээлгэн өгөхгүй, 2013 оны 10 дугаар сараас өөрийн хувийн сууц болгож, хуурч, итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдын эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Засгийн Газраас багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зарласан 2012 онд Баян-Өлгий аймгийн 13 сумын 30 багт багийн төвийн байр буюу багийн засаг даргын контор барих тендерт “Н” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, уг компанийн менежер Д.Ч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Бтай тус аймгийн Д сумын “Хөх сэрх” багийн болон Өлгий сумын “Х” багийн засаг даргын нийт 2 конторыг бариулахаар тохиролцон Х.Бд иргэн
Ш.Ддамжуулан 55.000.000 /тавин таван сая/ төгрөг өгсөн байна.
Улмаар Х.Б нь “Х” багийн Засаг дарга Х.Бтой 2012 оны 08 дугаар сард уулзан ярилцсанаар “Х” багийн байрыг Х.Б барихаар болж тохироод, 2012 оны 09 дүгээр сарын эхэнд Х.Б Х.Б жолооч Дий машинаар 2 удаагийн тээвэрлэлтээр барилгын материал хүргүүлж, 2016 оны 10 дугаар сарын 05-07-ны хооронд Х банкны 3 удаагийн шилжүүлгээр иргэн Сы дансаар дамжуулан нийт 7500000 /долоон сая, таван зуун мянга/ төгрөгийг материал, цалин гэж шилжүүлэн өгсөн байна. Х.Б нь уг мөнгө, барилгын материалыг авч “Х” багийн байрыг 2012 оны 09-10 дугаар сард байшинг барьж, 2013 оны 09 дүгээр сард дотор засалыг хийж дуусган нийт 22852718 төгрөг зарцуулан өөрийн амьдарч буй хашаандаа барьж дуусгасан боловч “энэ нь багийн байр биш өөрийн хувийн байшингаа өөрийн хөрөнгөөр барьсан” гэж худал хэлж улсын комисст хүлээлгэн өгөхгүй, 2013 оны 10 дугаар сараас өөрийн хувийн сууц болгон ашиглаж, хуурах аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Иргэний нэхэмжлэгч Д.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2012 оны 4 дүгээр сарын үед Монгол Улсын Засгийн газрын хэрэх эрхлэх газраас зарласан багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймагт 30 багийн төв барих тендерт манай “Н” ХХК шалгарч тендерийг авч байсан. Манай компани Баян-Өлгий аймагт 30 багийн төв барих ёстой байсан. Уг 30 багийн төвийн Х баг болон Д сумын нэг багийн төвийг буюу 2 багийн төвийг барихаар “Бүргэд хайрхан” ХХК-ны захирал Х.Б гэх хүнд 55 сая төгрөг өгөх гэхэд
Х.Б байхгүй байсан ба би тухайн үед ХЦ-ийн **** дугаар ангийн захирагч Д гэх хүнд өгсөн. Дараа нь Х.Б надад 18 сая төгрөгийг буцаагаад өгч би “Х” багийн төвийг барьчихлаа, Д сумын баг баригдаагүй, учир нь сумаас багийн төв барих газар өгөхгүй байна гэж хэлсэн...
Тэгээд би анх “Х” багийн төвийг барих 36 сая 800 мянган төгрөгийг хэн буруутай этгэдээс нэхэмжилнэ. Би Х.Б гэх хүнээс “Х” баг яасан талаар асуухад
Х.Б нь “Х” баг баригдсан гэж багийн төвийн байрны зураг нь явуулсан. Х.Б нь “Х” багийн засаг дарга Х.Б гэх хүнээр бариулсан гэж хэлсэн. Тэгээд би тус багийн засаг даргад манай ажлын нэг хүнийг явуулаад асуулгахад Х.Б нь надад Х.Б гэх хүн багийн төв бариулаагүй, надад зөвхөн хэдэн ширхэг дээврийн гөлмөн төмөр, тоосго, мөн бэлэн 7.5 сая төгрөг л өгсөн өөр юу ч байхгүй, дээрхи өгсөн зүйлүүд нь бүгд энд байгаа гэж хэлсэн. Би тэгээд Х.Бгаас дахиад асуухад би Х.Б мөнгийг өгч бариулахаар болсон. Харин Х.Б нь намайг залилчихлаа гэж хэлсэн. Иймд би 36.8 сая төгрөгийг хэн буруутай этгээдээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 276-277, 301-302-р хуудас/,
- Яллагдагчаар татагдсан Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2012 оны 08 дугаар сарын сүүлээр уулзаж ярилцаад Өлгий сумын Х багийн байрыг бариулах талаар ярихад Х.Б өөрийнхөө багийн төвийг өөрөө баръя, нутгийнхаа ажилгүй залуусыг ажилуулъя гэж надад санал тавьсан юм. Тэгэхээр нь би Х.Быг багийн засаг дарга болохоор найдвартай байх гэж бодоод бас нутгийнхаа хүмүүсийг сайн таньдаг болохоор нь зөвшөөрсөн. Тэгээд 2012 оны 09 дүгээр сарын 01-нээс барилгын ажил эхэлж 2 удаагийн шилжүүлгээр нийт 7.5 сая төгрөгийг Х.Б шилжүүлсэн. Эхний удаад 4.5 сая, дараа нь 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ конторын албан ёсны зураг төсөл нь байхгүй. 2012 оны хавар тендер зарлаж "Н" ХХК-нь ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан байна лээ. "Н" ХХК-ны туслан гүйцэтгэгчээр ХЦ-ийн **** дугаар ангийг сонгосон байна. 2012 оны 07 дугаар сард би ХЦ-ийн **** дугаар ангийн захирагч Дтай очиж уулзахад " бид нар барилгын ажилд хүн хүч дутаад байна, та хоёр багийн конторын байр бариад өгөөч гэж санал тавьж бид хоёр тохиролцсон. Ингээд манай "БүргэдХайрхан" ХХК нь Х баг болон Д сумын Хөх сэрх багийн конторыг барихаар болсон. Би Д хурандаагаас 27.5 сая төгрөг авч Х.Б 7.5 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 20 сая төгрөгийг барилгын материалаар шилжүүлсэн. Багийн байрыг эсхүл түүний эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаа зорилго нь багийн байр барихаас өмнө бий болсон нь тодорхой байгаа тул залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байна... ...Энэ барилгын шууд бус зардалд би нийт 6230000 төгрөг зарцуулсан байгаа. Энэ мөнгө надад ноогдох ёстой хувь байсан учираас би өөрөө авсан байгаа. Нэмэгдэл зардалд 572850 төгрөг гэж төсөл гаргаж, уг мөнгийг зарцуулсан гэхдээ зураг төсөл бүх юмыг би өөрөө хийсэн учраас би өөрөө авсан байгаа. Төлөвлөгөөт хуримтлалд 712500 төгрөг зарцуулагдах ёстой гэж би өөрөө төсөвлөж 712500 төгрөгийг би өөрөө авсан байгаа. Энэ талаар баримт сэлт байхгүй...Захиалагийн хяналтын зардалд 645918 төгрөг зарцуулсан, энэ талаар бас л баримт сэлт байхгүй…Зураг төсөлд 968877 төгрөг зарцуулсан, энэ талаар зураг зурсан байгаа өөр баримт сэлт байхгүй. Сүүлд төсөл гаргасан байгаа. Барилгын төсөлийг би өөрөө хийсэн хэн ч төсөл хийсэн ч хөлс мөнгөө авах ёстой, тиймээс зураг төслийн мөнгө надад үлдэх естой учир би авсан байгаа. Нэмэгдсэн өртөгийн албан татварт 2150000 төгрөгийг төлсөн гэхдээ татвар төлсөн баримт надад байхгүй. Тооцоо тухайн үед тэгж гарсан болохоос, албан ёсоор би тэр үед нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөөгүй, учир нь тухайн үед төсөв байхгүй учраас яг хэдэн төгрөгийн нэмэгдсэн өртөгийн татвар төлөх нь тодорхой бус байсан. Тийм учир уг мөнгийг би мөн өөртэй авч үлдсэн. Магадлашгүй ажлын зардал гэж би 611069 төгрөгийн тооцоо гарсан энэ хэмжээний зардал үйл ажиллагаанд зарцуулагдсан байгаа, энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Энэ мөнгийн мөн би өөрөө өөртөө авч үлдсэн…Норомчлолын зардал гэж барилгын баримт бичгийг боловсруулахад БХБ-ын зураг төсөлийн газарт өгч байгаа хураамжын мөнгө юм. Энэ хураамжыг төлсөн талаар баримт надад байхгүй. Харин мөн тэгж тооцоо гарсан гэхдээ тухайн үед уг мөнгийг хэнд шилжүүлэх талаар тодорхойгүй байсан тул ямар нэгэн хүнд шилжүүлээгүй өөртөө үлдээсэн. Нийт би 6230000 төгрөг зарцуулсан байгаа ба нэмж шууд бус зардал гэж 58,74% -ийн шууд бус зардал буюу 440450 төгрөгийг үйл ажиллагааны зардалд авсан байгаа. Гэхдээ энэ талаар надад одоогоор тодорхой баримт сэлт байхгүй, зураг төсөл, магадлашгүй зардал гэх зэрэг нь угаасаа би өөрөө хийсэн байх тул надад үлдэх ёстой зардал гэж үзэж байгаа..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110, 124-125, 4-р хх-62-63-р хуудас/
- Гэрч А.Бердиханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Өлгий сумын 7 дугаар багийн байр баригдах гэж байгаа юм байна, Х.Б гэж хүн тендрийг нь авсан байна. Байрыг Х.Б барихаар болсон байна гэж сонссон. Тэгээд 2012 оны 09 дүгээр сард Д гэдэг жолооч багийн даргын байрыг барих барилгын материал авсан гэж сонссон. Тухайн үед Х.Б К улсад нүүж явсан Ж гэдэг хүнээс худалдаж авсан 4 өрөө байшинг нурааж тус газарт шинээр байшин барьсан. Уг байшинг Х, Ж, Т, Ардабек гэдэг хүмүүс барьж гүйцэтгэсэн. Тухайн барилгыг 2012 оны 09 дүгээр сард эхлээд сар гаруй хугацаанд барьж гүйцэтгэсэн ба 2013 оны 09, 10 дугаар сар хүртэл хоосон байж байсан. Тэгээд 2013 оны 09 дүгээр сар билүү, 10 дугаар сар билүү Х.Б өөрөө ирж өвөлжсөн ба одоо хүртэл суун амьдарч байна. Д гэдэг жолооч саарал цементэн тоосго, банз, дээврийн мод, цемент ээрэг зд зүйл материал авч ирсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79-р хуудас/,
- Гэрч Т.Бтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх би Хт очиж ажил хийж Өлгий рүү явах өдөр Х багийн Засаг дарга Х.Б гэдэг хүн ирж надад өөрийн байшингийн шаварыг хийлгэх санал тавьсан юм. Тэгээд би зөвшөөрөөд 2013 оны 09 дүгээр сарын эхэн үед байх Х.Бын өвлийн байшингийн дотор талын нарийн шаврыг 4 хоногт багтаан хийж гүйцэтгэж өгөөд цалин хөлсөнд 500000 төгрөг авсан юм" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р хуудас/,
- Гэрч С.Ардабекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би зөвхөн 2013 оны 08 дугаар сарын сүүлээр Х.Бын барьсан байшингийн дотор талын нарийн шаврыг Бт гэдэг хүний хамт туслахаар 3 хоног ажилласан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,
- Гэрч С.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Өлгий сумын 7 дугаар баг буюу "Х" багийн төвийн барилгын туслан гүйцэтгэгч "Бүргэд Хайрхан" ХХКны захирал Х.Бтай 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн албан өрөөнд дуудан уулзсан. Би Х.Бтай уулзах болсон шалтгаан нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн Тилейхан, аймгийн ЦШСГ-ын дарга Керей бид гурав Х багийн ард иргэдтэй уулзах үед багийн төвийн барилга дуусаагүй байна, хурдан бариулах талаас яриулж өгөөч гэсэн асуудлыг иргэд тавьсан. Тэгээд Х.Бтай уулзахад бид барилгыг барьж байгаа, энд бол та санаа зовох шаардлага байхгүй, барилга барих газар зэрэг бүгд бэлэн болсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р хуудас/,
- Гэрч М.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний хүргэн ах болох Х.Б миний Х банкны *******дансны дугаарыг тэмдэглэж аваад хэсэг хугацааны дараа надад ирж чиний дансанд 7500000 төгрөг орсон байх ёстой гэж миний дансыг шалгуулахад 7500000 төгрөг байсан. Би уг мөнгийг хүргэн ах Х.Б аваад өгсөн хэнээс орж ирсэнийг би мэдэхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-р хуудас/,
- Гэрч З.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Х.Б өөрөө барилгын компанитай учир манайхаас ирж барилгын материал авдаг байсан. 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Х.Б гэх хүн надаас нийтдээ 15 төрлийн барилгын материалыг зээлээр авсан байсан. Миний гаргаж өгсөн баримтын дээд талд хар өнгийн балаар бичсэн хэсгийг тухайн үед Х.Б өөрөө бичиж өгсөн. Дараа нь Х.Б над руу утсаар ярьж одоо танд Х.Б гэх хүн очно, та уг хүнд барилгын материалыг өгч урьд нь авсан зээлэнд нэмж бичээрэй гэж хэлсэн. Би за гэж зөвшөөрсөн. Тэгээд надад Б гэх хүн ирж 1 ширхэг нь 5000 төгрөгийн үнэтэй хөөс 5 ширхэг авсан.Тухайн уед Б гэх хүнээр Х.Бгийн урьд нь надад бичиж өгсөн баримтын доод хэсэгт авсан барилгын материалын тоо ширхэг үнийг нь бичүүлж гарын үсэг зуруулж утасны дугаарыг нь бичүүлж авсан. Миний гаргаж өгсөн баримтын доод хэсэгт цэнхэр өнгийн балаар бичсэн эхний мөрийг Б гэх хүн бичсэн. Харин түүний доод мөрөнд цэнхэр өнгийн балаар бичсэн хэсгий би өөрөө бичсэн. 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х.Б надад бүх авсан барилгын материалын мөнгийг өгч өргүй болсон гэж бичсэн. Тэр нь 2012 оны 11 дүгээр сарын 05ны өдөр Х.Бгаас надад барилгын материалын мөнгө шилжиж ирсэн утгатай бичиг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 303-305-р хуудас/,
- Гэрч Б.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2012 оны 09 дүгээр сарын эхээр Х.Бгийн ачуулсан барилгын материал болох цемент, тосго, дээврийн төмөр, хадаас, хултааз зэргийг 2 удаагийн тээвэрлэлтээр ачиж очсон. Уг материалуудыг Х багийн Засаг дарга Х.Б хүлээлгэж егсөн. Ямар ч байсан Х.Бгийн ачиж өгсөн материалуудыг бүгдийг хүргэж өгсөн. Х.Б захын ар талаас материалуудыг ачиж өгсөн. Тэгээд уг материалуудыг уурхайд хүргэж Х.Бын хашаанд буулгаж өгсөн маань үнэн. Тухайн материалын хамт хаалга, цонх байсан. Яг хэдэн ширхэг байсан эсэхийг санахгүй байна. Х.Б уг материалуудаар Х багийн төвд багийн байр барих ёстой гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-р хуудас/,
- Гэрч Е.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...дараа нь 5-6 хоногийн дараа манай Х багийн дарга Х.Б өөрийн хувийн байшин барих гэж байна гэж хүмүүс хэлэхээр нь би Х.Б руу залгаж Х.Б өөрийн хувийн байшингаа барих гэж байгаа юм байна. Та Х.Бтай ярьсан уу багийн даргын конторыг бариулах юм уу гэж асуухад Х.Б надад би Х.Бтай ярьсан Х.Б багийн даргыг 8 жил хийсэн хүн юм байна, өөрийн багийн байшингаа өөрөө бариулья гэхээр нь би Х.Б бариулахаар болсон гэж хэлсэн. Х.Бын байшинг Ж, Х гэх 5,6 хүмүүс барьж байсан юм. Бусад хүмүүсийн нэрийг мартсан байна. Х.Б уг байшинг К улс руу нүүж явсан Ж гэх хүнээс худалдаж авч...нурааж оронд нь бариулсан юм" гэх мэдүүлэг /1-р ххийн 68-69-р хуудас/,
- Гэрч Х.Рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2012 оны 09 дүгээр сарын эхээр байсан шиг санагдаж байна сар өдрийг нь мартсан байна. Х.Б надад ирж өөрийн эзэмшлийн Ж гэдэг хүнээс худалдаж авсан өвлийн байшинг нурааж шинээр өөрийнхөө хувийн байшинг хөлсөр барьж өгөхийг надаас хүссэн. Тэгээд миний бие Х.Б надтай ирж уулзсанаас хойш 2-3 хоногийн дараа очиход хуучин байшинг нурааж түүний оронд нураасан байшингийн модоор байшингийн рамыг Х гэдэг хүн Ж, Т нарын хамт барьж байсан. Тухайн үед Х зөвхөн рамыг босгож өгөөд явсан. Харин бид нар байшингийн хана, нуруу мод, дээврийн шалны банз, шар шавардаж гадна талын саарал өнгийн цемент тосгоор бүрх зэрэг ажлуудыг хийж өгсөн. Эдгээр ажлуудыг гүйцэтгэсний хөлсөнд хүн тус бүр таван зуун мянган төгрөгийг бэлнээр авсан юм. Дээврийн тулгуур модонд хуучин шурга модоор хийж гүйцэтгэсэн. Харин дээврийн уртаашаа болон хөндлөн 3x5 см-ийн зүссэн банзнууд шинз банзнууд байсан юм. Х.Б надад хэлэхдээ өөрийнхөө хувийн байшинг бариулахаар тохирсон юм. Д гэдэг хүн аймгаас тосго авч ирэхэд нэг удаа буулгаж байсан. Тухайн тосго нь 4800-5000 орчим ширхэг байсан байх. Тухайн үед тосгыг Ж, Т нарын хамт буулгасан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-77-р хуудас/,
- Гэрч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Миний аав болох Ж гэдэг хүн өөрөө 1999 онд нас барсан. Миний ээж болох С гэдэг хүн Х багт оршин сууж байгаад 2008 онд Улаанхус сумын "С" баг руу нүүсэн, нүүхдээ Х багт байдаг хувийн байшингаа манай Х багийн Засаг дарга Х.Б гэдэг хунд худалдаж байсан юм. Одоо уг байранд Х.Б амьдарч байна. Х.Б манай аавын байшинг 2012 онд нураан өөрийн хувийн байшинг барьсан юм. Миний ээж С одоо К улсад нүүж амьдарч байгаа" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-р хуудас/,
- Гэрч Ш.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2012 оны 08, 09 дүгээр сард байгаа байх Х.Б байшин барих гэсэн ба барилцаад өгөөч гэхээр нь миний бие Х.Бын Ж гэдэг хүнээс худалдаж авсан байшингийн оронд шинээр суурь тавьсан байхаар нь байшингийн рамыг босгож өгсөн. Харин хана болон бусад ажлыг Ж, Р, Т нараар гүйцэтгүүлсэн. Тухайн байшинг босгож шаварыг нь хийж дууссаны дараа миний бие дээврийг нь хийж өгсөн. Хөлсөнд бэлнээр 500000 төгрөг авсан. Байшингийн рамыг Ж гэдэг хүнээс худалдаж авч нураасан байшингийн модоор босгосон. Харин дээврийн тулгуур модонд мөн байшингаас гарсан хуучин модоор хийсэн ба хөндлөн моднуудыг щинэ 5 см болон 3 см шинэ зүссэн банзаар хийсэн. Х.Б хэлэхдээ өөрийн хувийн байшинг бариулна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,
- Гэрч К.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2012 оны намар 9 дүгээр сарын уед Х.Б надад ирж өөрийн эзэмшлийн Ж гэдэг хүнээс худалдаж авсан өвлийн байшинг нурааж шинээр өөрийнхөө хувийн байшинг барьж өгөхийг надаас хүссэн юм. Тэгээд би уг байшинг Ж, Салтанат бид нар нурааж, түүний оронд Х гэдэг хүн шинэ байшингийн рамыг босгосон. Дараа нь бид нарт Р гэдэг хүн нэмэгдэж ажилласан. Харин бид нар байшингийн хана, нуруу мод, дээврийн шалны банз, шар шавараар шавардаж гадна талыг саарал өнгийн цемент тоосгоор бүрх зэрэг...ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсний хөлсөнд өдрийг нь 20000 төгрөгөөр тохиролцож 20 хоногт дууссан ба 400000 төгрөг авах ёстойгоос би 370000 төгрөг авсан юм. Үлдсэн 30000 төгрөгт нь би ажиллах хугацаандаа Х.Бын дэлгүүрээс утасны нэгж болон ус, ундаа зэрэг зүйлүүд авсан юм" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87-р хуудас/,
- Гэрч Ж.Кий мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Х.Б нь 2012 онд байшингийн дээврийн төмөр захиалж байгаагүй юм. 2013 оны 09 дүгээр сарын үед Х.Б надад дээврийн гөлмөн төмөр захиалсан юм. Х.Боос 1200000 төгрөг аваад 30 ширхэг дээврийн гөлмөн төмөр авч ирж өгсөн юм. Х.Б надад өөрийн өвлийн байшинд ашиглан гэж хэлсэн юм" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-р хуудас/,
- Гэрч О.Жн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2012 оны 08 дугаар сарын үед байх Х.Б надад өөрийн хувийн байшинг барих гэж байна та ажиллаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Р, Х, Т нарын хамт Х.Бын өөрийнхөө өвлийн байшин барьсан юм. Уг байшинг 2012 оны 09 дүгээр сарын эхэнд барьж дуусгасан. Х.Б нь тухайн үед К улс руу нүүж явсан Ж гэх хүний байшинг худалдаж авсан байсан ба тэр Ж гэх хүний өвлийн байшинг нурааж тэрний оронд нь Х.Б өөрийн байшинг бариулсан юм. Би байшингийн рамыг босгож гадна талыг нь шавардаж, тоосгоор өрж өгсөн юм. Ажлын хөлсөнд 400000 төгрөг авсан юм. Уг байшинд Х.Бын хашаанд байсан 5000 орчим саарал өнгийн тосго зарцуулсан юм. Жолооч Д авч ирж буулгасан цемент 3 тонн байсан байх, тосго 5000-6000 ширхэг байсан шиг санагдаж байна. Бид жолооч Д авч ирсэн тосго, цементийг байшин барихад хэрэглэсэн юм. Хэдэн ширхэг тосго хэрэглэсэнийг мэдэхгүй ямар ч байсан 100 гаруй тосго үлдсэн байсан. Харин цементийг хэдэн ширхэг хэрэглэж, хэдэн ширхэг үлдсэнийг нь мэдэхгүй" гэх мэдүүлэг
/1-р хх-ийн 100-102-р хуудас/,
- Гэрч Ш.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Уг багийн байруудын тендерийг "Н" ХХК авч барилгын ажлыг эхлэх ёстой байсан. Манай ангийн хувьд тус компантай туслах гүйцэтгэгчийн ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд ийм эрх зүйн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гэрээ хэлцэл хийж баталгаа гаргаж үүрэг хариуцлага хүлээсэн асуудал байхгүй. Тэгээд 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Б над дээр ирээд Х баг, Д сумын нэг багийн байр барихаар болсон гэж хэлээд 55000000 төгрөгийг бэлнээр Х.Бд өгсөн. Дараа нь сонсоход Х багийн байр дутуу баригдсан, Дий байр баригдаагүй байна гээд над руу Ч утсаар ярихаар нь би мэдэхгүй та нар Х.Бтай учраа ол гэж хэлсэн. 2014 онд 02 дугаар сард Улаанбаатар хотод Х.Бтай таараад асуухад Х багийн байр барих газар шийдэж өгөөгүй, багийн Засаг даргын хашааны гадна 35000000 төгрөгөөр бариад үлдэгдлийг нь Чт өгсөн гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-118-р хуудас/,
- Гэрч Ж.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Тэр үед би Х.Бтай харилцан тохиролцож, хөлсөнд 900000 төгрөг авч, байшингийн рам бетоны ханыг татаж, хаалга, цонх, дээврийг хийж, банзыг хийж өгсөн” мэдүүлэг /3-р ххийн 09-р хуудас/,
- Гэрч Н.Абылайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 10 дугаар сарын үед "Нийслэл-Өргөө" ХХК-ны төлөөлөгч гэх нэг хүн надад утсаар ярьж БаянӨлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргатай ярьж байгаад тус багт барьсан барилгыг яаж улсын өмчид оруулах талаар асуу, мөн уг барилгыг багийн Засаг дарга нь өөрөө хувиараа барьсан бол уг барилгыг хэдэн төгрөгөөр худалдах талаар асуугаарай гэж хэлсэн. Тэгээд би тус оны 10 дугаар сарын үед тус багийн Засаг дарга Х.Б гэх хүнтэй уулзаад барьсан барилга ямар учиртай барилга талаар мөн худалдах талаар асуухад надад Х.Б энэ миний хувийн өөрийн байшин мөн энэ байшинг зарахгүй, худалдахгүй гэсэн. Надад Х.Б барилга бариулахаар явуулсан тосго нь хашаанд байгаа, цемент нь хөлдсөн буцаагаад авна гэвэл би өгөхөд бэлэн байна гэсэн. Би тэгээд Х.Боос танд бас мөнгө төгрөг өгсөн байна гэж асуухад надад 7.5 сая төгрөг егсөн гэхдээ би уг мөнгийг өөрийн дансаар аваагүй, өөр хүний дансаар авсан. Би энэ мөнгийг хэнд ч өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд би Засаг дарга Х.Бтай багийн төвийг дахиад баригдах юм бол чи газар гаргаж өгөхөд туслаж ажиллаарай гэж хэлэхэд Х.Б дуртай зөвшөөрсөн. Тэгээд би явчихсан байсан ба дараа нь "Н" ХХК нь асуудалд ороод мөнгө төгрөг байхгүй болчоод баригдаагүй юм. Надад "Н" ХХК-ны төлөөлөгч нь утасаар ярихдаа Х багт багийн контор баригдсан байгаа, гэхдээ багийн Засаг дарга нь хулээлгэж өгөхгүй байна. Чи тэр талаар тодруулж асуучих гэж хэлсэн" мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/,
- Шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Х.Б сэжигтэн Х.Б нарын хооронд тооцоо нийлсэн гэх А4 бичгийн цаасны хоёр талд хар өнгийн бичгийн хэрэгсэл ашиглан тоо болон бичгээр бичигдсэн гар бичмэл нь сэжигтэн
Х.Бын гар бичмэлтэй тохирч байна” гэх 04 тоот дүгнэлт /1-р хх-ийн 139-р хуудас/,
- Х.Б, Х.Б нарын хооронд тооцоо нийлсэн гэх баримт, уг баримтанд гаргасан Х.Бгийн тайлбар /1-р хх-ийн 128-129-р хуудас/,
- Шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Б хөөц 5х5.0=2500 гэж бичээд гарын үсэг зурсан 1 мөр бүхий бичиг яллагдагч Х.Бын гар бичмэлтэй тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 310-р хуудас/,
- Тооцоо нийлсэн баримт /хх-ин 308-р хуудас/
- Х банкан дахь иргэн Ш.Эны 000 дугаартай данс руу 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х.Бгийн 000 дугаартай данснаас 18200000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт, уг баримтыг хураан авсан тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 78-р хуудас/,
- Х.Бын амьдарч буй байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-р
02-04-р хуудас/,
- Х.Бгийн зурсан гэх Х багийн конторын схем зураг /1-р хх-ийн 53-р хуудас/,
- Х.Бгийн Х.Б 7500000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 251-р хуудас/,
- *******тоот дансны эзэмшигч М.С болохыг тодорхойлсон Х банкны албан тоот /1-р хх-ийн 43-р хуудас/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 62-63-р хуудас/,
- Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 148-р хуудас/,
- Х.Бын гэх байшинг барихад ашигласан барилгын материал болон тоо ширхэг, үнэлгээг тогтоосон шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт
/1-р хх-ийн 150-159-р хуудас/,
- Шүүгдэгч Х.Бын амьдарч буй байшингийн үнэлгээг гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд зарим зардал тооцогдоогүй байсныг тооцуулж нэмэлт шинжилгээ хийлгэж гаргасан 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 012 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалтаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Бын бусдыг хуурах замаар өмчлөгчийн мөнгө, эд зүйл залилан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуульд нийцсэн, прокурорын яллах дүгнэлтэд зөв тодорхойлсон, оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэсэн нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг үйлдэгдэж дуусах үед буюу 2013 оны 10 дугаар сард мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулинд үлэмж хэмжээний хохиролыг тухайн үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-иас дээш 125 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ /192000*125=24000000/ гэж тодорхойлсон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Агийн шүүх хуралдаанд хэлсэн саналд: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд “Быг 4-5 үндэслэлээр буруутгаж байна. Банкаар мөнгө авсан, 2 удаа тээврээр материал хүргэсэн” гэж байна. Банкаар мөнгө авсан талаар шүүгдэгч тайлбарлаж хэллээ...Би мөнгө авсан, аваагүй гэж урьд нь мэдүүлэг өгсөн гэж байна...Блок цохиж өгөөч гэж 7 сая төгрөг өгсөн...Мөнгө төгрөгийг нь аваад ашиглаагүй буцаагаад өгсөн. Ашигласан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй. 2 удаа тээвэр хийсэн гэж байна. Өвөл тээвэр хийсэн нь үнэн. Даркей гэдэг хүн “уурхай явах замд надад дайсан, 2 удаа дайсныг аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа...Хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Хүлээлцсэн тухай бичиг баримт байхгүй...тооцоо нийлсэн бичиг баримт тийм байдаггүй юм. Тооцоо нийлсэн баримт хаягтай, оршилтой, юунд тооцоо нийлж байгаа болон юу хийх ёстой юм, танай талаас юу гарахын, манай тал яах ёстой” зэрэг гэрээ хэлцэл байх ёстой. Нотариатаар батлуулаагүй ч 2 тал гарын үсэг зурсан, сар улирал дурдсан, юу хийх талаар гэрээ байх ёстой...30 гаруй сая төгрөгөөр хийж босгосон ажил нэг ч бичиг байхгүй...Гэрч нар Ж гэдэг хүний хуучин байшинг нураагаад барилга барьж өгсөн,...М зэрэг нэр бүхий иргэд Х.Бын эсрэг чиглэсэн мэдүүлэг өгсөн ...тэд бид сонссон...гэх мэдүүлэг өгсөн...сонссон яриаг нотлох баримтын хүрээнд үнэлэх болмжгүй...Шинжээчийн дүгнэлт нэг талыг барьж гарч байна. Компани барих хөрөнгөнөөс энэ байшин хэчнээн төгрөгөөр баригдсан бэ, зардал нь хэрхэн хасагдсан бэ гэх асуулт тавиад дүгнэлт гаргасан. Түүнээс байшинг хэдэн шургаагаар барьсан, орон нутгийн ханш хэд гарах уу гэдэг талаас нь огт шинжлээгүй. Шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй дагаж үнэлэх боломж байхгүй. Шинжээч дүгнэлт гаргасан ч гэсэн яв цав нотлогдчихсон зүйл байхгүй. Х.Бын барьсан байшин улсын төсвөөр баригдсан гэдгийг нотолж чадахгүй байна. Х.Б К улс руу нүүсэн айлын байшинг нураасан. Энэ талаар байшин нураасан хүмүүс гэрчилж байгаа. Мөн тухайн байрыг сэргээж барьсан гэж байна. Засаг захиргааны нэгж төвийг барихаар болбол Бөхмөрөн сумын Засаг даргаас газрын зөвшөөрөл авах ёстой. Үүнийг утсаар хэлсэн байна. Компани газрыг нь авч өгөх ёстой байтал авч өгөөгүй. Газартай нь худалдаж авсан байшинг нураагаад сэргээж барьсан барилга минийх гэж гаднаас нь яваад байдаг нь маш их эргэлзээтэй байгаа...шүүгдэгчийг гэм буруутай гэж тогтоосон хангалттай нотлох баримт байхгүй...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд гэм буруугүй гэх шийдвэр гаргаж өгнө үү...гэв.
Шүүх хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зарим санал нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т “Прокурор, мөрдөгч...иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллгаа...шалгалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн...баримтат мэдлээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Бын тайлбаруудыг нотлох баримтаар тооцон үзвэл мөрдөгч
Х.Тд /1-хх-21-23/, прокурор Б.Ботакөзд /1-хх-39-40/ өгсөн тайлбарууддаа “...даснаар мөнгө шилжүүлж байгаагүй, би мөнгө Х.Бгаас авч байгаагүй...” гэж мэдүүлж байсан боловч мөрдөн байцаалт, шүүхийн шатанд мэдүүлэгээ өөрчлөн, тогтворгүй мэдүүлэг өгч байгааг үнэн зөв гэж үзэх боломжгүйн дээр Х банкны дансны хуулга /2-хх-251/, Х.Б болон шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
- Бараа материал хүлээлгэж өгсөн нь гэрч Б.Дий болон бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд тооцоо нийлсэн баримтыг шүүгдэгч нь “...миний бичиг биш...” гэж үгүйсгэсэн боловч кримналистикийн шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд: “Х.Б сэжигтэн Х.Б нарын хооронд тооцоо нийлсэн гэх А4 бичгийн цаасны хоёр талд хар өнгийн бичгийн хэрэгсэл ашиглан тоо болон бичгээр бичигдсэн гар бичмэл нь сэжигтэн Х.Бын гар бичмэлтэй тохирч байна” гэх /1-р хх-ийн 139-р хуудас/, мөн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтэд: “Б хөөц 5х5.0=2500 гэж бичээд гарын үсэг зурсан 1 мөр бүхий бичиг яллагдагч Х.Бын гар бичмэлтэй тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 310-р хуудас/, Х.Б, Х.Б нарын хооронд тооцоо нийлсэн гэх баримт, уг баримтанд гаргасан Х.Бгийн тайлбар /1-р хх-ийн 128-129-р хуудас/, тооцоо нийлсэн баримт /2-р хх-308х/ зэргээр няцаагдаж байна.
- Гэрч нар Ж гэдэг хүний хуучин байшинг нураагаад барилга барьж өгсөн гэдэг нь үнэн боловч тэрхүү хуучин байшингийн мөнгийг Х.Б дансаар шилжүүсэн нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Харин мэдүүлгийнхээ эх сурвалжыг зааж чадаагүй гэрч Т.Меруертийн мэдүүлэгийг /хх-ийн 8183-р хуудас/ шүүх үнэлээгүй болно.
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шинжээчийн дүгнэлт нэг талыг барьж гарч байна. Компани барих хөрөнгөнөөс энэ байшин хэчнээн төгрөгөөр баригдсан бэ, зардал нь хэрхэн хасагдсан бэ гэх асуулт тавиад дүгнэлт гаргасан. Түүнээс байшинг хэдэн шургаагаар барьсан, орон нутгийн ханш хэд гарах уу гэдэг талаас нь огт шинжлээгүй. Шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй дагаж үнэлэх боломж байхгүй...” гэж мэтгэлцэж байгаа боловч Х.Бын гэх байшинг барихад ашигласан барилгын материал болон тоо ширхэг, үнэлгээг тогтоосон шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 150-159-р хуудас/, шүүгдэгч Х.Бын амьдарч буй байшингийн үнэлгээг гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд зарим зардал тооцогдоогүй байсныг тооцуулж нэмэлт шинжилгээ хийлгэж гаргасан 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 012 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжээч С.Ержаны өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийсэн байна гэж шүүх үзлээ. Харин шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаагүй шинжээчийн овог, эцэгийн нэр, боловсрол, мэргэжил, мэргэшил, ажилласан хуагцаа зэрэг шинжээчийн талаарх мэдлээллийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцээснийг дурдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэж байгаагийн дээр хэрэгт авагдсан мэдүүлэг, тайлбар болон бусад баримтаар уг барилга барьсан газар нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт харьялагдах ба хувь хүний өмч биш бөгөөд хэн нэгэнд өмчлүүлээгүй төрийн өмчид хамаарах газар байна.
Иймд шүүгдэгч Х.Быг хуурах аргаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 22852710 төгрөг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ. Шүүгдэгч Х.Б нь "Н" ХХК-наас багийн барилгыг барих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хэт хайхармжгүй байдал, барилга захиалагч байгууллагын хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлыг ашиглан, амар хялбар аргаар хөрөнгөжих зорилгоор, анх багийн байрыг барьж эхэлэхдээ л өөрийн хашаанд, зураг төслийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж өөрчлөн барьж, бусдад өөрийн өмчийн байшин гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар тус гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгч Х.Бын гэмт санаа зорилго, сэдэлт, үйлдэл нь яллагдагч Х.Бгийн гэмт үйлдэлээс өөр бие даасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул залилан мэхлэх гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Шүүх тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр төсөвлөн гаргасан шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 150-159-р хуудас/, энэхүү дүгнэлтэд зарим зардал тооцогдоогүй байсныг тооцуулж нэмэлт шинжилгээ хийлгэж гаргасан 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 012 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан шийнжээчийн мэдүүлэг зэргийг үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэн Х.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Н” ХХК-д нийт 22852710 хохирол учирсан байна гэж дүгнэлээ. Харин мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Б нь "Н" ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чт дансаар 7500000 төгрөг, битүүмжилсэн тоосго, төмрийг худалдан борлуулж 1210000 төгрөг тус тус шилжүүлж нийт 8710000 төгрөг өгсөн байх тул учруулсан хохирлоос уг мөнгийг хасаж тооцвол 14142710 төгрөгний хохиролын үлдэгдэл төлбөртэй байна.
Хавтаст хэргээс үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллагдагчаар татагдсан Х.Бгын үйлдсэн гэмт хэрэгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. Шүүгдэгч Х.Б 2012 оны 09 дүгээр сард Х.Бгаас барилгын материал болон мөнгийг авч, өөртөө зориулан байшин барьж эхэлсэнээр түүний бусдыг залилах гэмт үйлдэл нь эхэлж, 2013 оны 09 дүгээр сард барилгын ажилыг бүрэн дуусгаж, 2013 оны 10 дугаар сард “Х” багийн байрыг улсын өмчид хүлээлгэн өгөлгүй, өөрийн хувийн орон сууц болгон ашигласанаар түүний гэмт үйлдэл дууссан байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг болон урьд нь “завших” гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас бодож, төлөвлөж үйлдсэн байх тул “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарахгүй юм.
Иймд шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хөрөнгө орлого зэрэг шүүгдэгчийн хувийн байдалуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэвч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан өршөөлийн хууль үйлчилэх цаг хугацаанд хамаарч, харин тус хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, хүнд хамаарахгүй байх тул мөн хуулийн 4.1-дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Б оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй үлдсэн мөнгийг иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Ч нь хэлэлцээгүй орхисон 13947282 төгрөгийг холбогдох этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргуулах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Увс аймгийн Бөхмөрөн сум, Хын нүүрсний уурхайн орчим байрлах Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн байрны зориулалтаар баригдсан шүүгдэгч Х.Бын амьдарч буй орон сууцыг хураан авч, худалдан борлуулан, хохирлыг барагдуулж, илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Х.Бын гэр бүлийн дундын өмч болох 24-24 БӨТ улсын дугаартай “Ланд-80” маркын автомашин, 10 адуу битүүмжилсэн тогтоолыг хохирол төлбөрийн биелэлтийг хангах зорилгоор хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу шүүгдэгчийн оршин суугаа буюу эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн харьялалын дагуу Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Ж овогт Хын Быг хуурах аргаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 22852710 төгрөг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Х.Бын эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Боос 14142718 төгрөг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Д.Чт олгож, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцээгүй орхисон 13947282 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргуулах эрхтэйг дурдсугай.
- Энэ хэргийн учир шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Увс аймгийн Бөхмөрөн сум, Хын нүүрсний уурхайн орчим байрлах Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн байрын зориулалтаар баригдсан шүүгдэгч Х.Бын амьдарч буй орон сууцыг хураан авч, худалдан борлуулан, хохирлыг барагдуулж, илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Х.Бын гэр бүлийн дундын өмч болох 24-24 БӨТ улсын дугаартай “Ланд-80” маркын автомашин, 10 адуу битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өөрт нь буцаан олгосугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ