Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа,    

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дд холбогдох 2224 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... онд  ....... аймгийн ......сумд төрсөн, настай, ........эй,............ боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...........аймгийн гэх газарт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч.Д. /регистрийн дугаар: ИГ/

Шүүгдэгч Ч.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас УНМ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч В.Б нь замын хажуугийн шонг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Уийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч С.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ ... 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумаас нагац ах П, түүний эхнэр Н нарын хамт Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт эмээгийнхээ газрыг эргэхээр Б гэдэг ламыг аваад түүний машинаар гарсан...Бид нар буцаад Тосонцэнгэл сум руу ойртоод засмал замаар явж байтал сумын төв талаас цагаан өнгийн жижиг ачааны машин гарч ирээд бид нарын явж байсан засмал зам руу шороон замаас нийлсэн. Тэр цагаан өнгийн жижиг ачааны машин бид нарын сууж явсан машины урдуур гэнэт зам руу ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 30-31 дүгээр тал/

Гэрч В.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумаас өөрийн эзэмшлийн  УНМ улсын дугаартай Верна аксент маркийн автомашинаар нутгийн танил П, түүний эхнэр болон бас нэг эмэгтэйгийн  хамт гараад Тосонцэнгэл сумын Голын эх гэх газар буяны ажлаар нас барсан хүний газар дээр очиж ном уншчихаад буцаад явж байсан. Бид нар хойд зүгээс урд зүг рүү чиглэсэн засмал замаар Тосонцэнгэл сумын зүг явж байтал Тосонцэнгэл сумын төвийн ойролцоо замын баруун гар талаас цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Тэр тээврийн хэрэгсэл туслах замаас гэнэт ороод ирэхээр нь би уг тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд зугтаагаад зүүн гар тал руу дараад замын хажуу талын хаалт шон мөргөөд цааш гараад шороо руу ороод зогссон. Тэгтэл нөгөө цагаан өнгийн тээврийн хэрэгсэл төв зам хөндлөн гараад миний машины зүүн хойд талд зогссон. Тэгэхээр нь би бууж ирээд тэр машины жолооч дээр очоод “чи яаж явж байгаа юм бэ, эрүүл юм уу өвчтэй юм уу” гэхэд “нөгөө машины жолооч нэг эмэгтэйгийн хамт явж байсан ба “ахаа уучлаарай би мал идээндээ яараад явж байна хоёулаа тохиролцоод асуудлаа эндээ шийдчихье” гэж хэлсэн...миний машины хойд талын суудал дээр суугаад явж байсан эмэгтэй бие сонин болоод байна гэхээр нь дүү нар нь машинаар аваад Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39-40 дүгээр тал/

Гэрч Т.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Бид нар засмал замаар Тосонцэнгэл сум дөхөөд явж байтал Тосонцэнгэл сумын төв талаас засмал зам руу цагаан өнгийн ачааны машин гэнэт гарч ирээд бид нарын явж байсан зам руу хөндлөн ороод ирсэн. Тэгтэл миний сууж явсан машины жолооч уг машиныг мөргөхгүй гээд зүүн гар тал руугаа дараад замын хажуу талд байсан жижиг битон шонг мөргөөд замын хажуу тал руу орсон. Тэгтэл нөгөө цагаан өнгийн жижиг ачааны машин зам хөндлөн гараад шороон зам руу гараад зогссон. Тэгээд бид нар бууж ирээд юу болов гэтэл бид нарын машины хойд талын суудал дээр сууж явсан манай дүү, эхнэр хоёр бие сонин болоод байна гэхээр нь эмнэлэг дуудаж үзүүлээд тэр хоёрыг эмнэлэг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

Гэрч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тосонцэнгэл сум дөхөж байтал засмал замын хажуу талаас нэг цагаан өнгийн машин гэнэт гарч ирээд бид нарын сууж явсан машинтай мөргөлдөх гэтэл миний сууж явж байсан машины жолооч зүүн тал руугаа дараад замын хажуу талын жижиг шон мөргөөд замын хажуу тал руу гарсан...” гэсэн мэдүүлэг /147-48 дугаар тал/,

 Гэрч Н.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Сумын төвийн зүүн тийш засмал зам хөндлөн гарч явах гэж байхад хойд зүгээс нэг жижиг машин ирээд манай машины урд талаар гараад замын хажуу руу орсон. Тэгэхээр нь нөхөр бид хоёр засмал зам хөндлөн гараад зогсоод машинаасаа буугаад нөгөө машин дээр очсон. Тэгтэл тэр машинаас жолооч нь гарч ирээд “хүн алах нь ээ, та хоёр, эмнэлэг дууд, цагдаа дууд” гээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр эндээ зохицоод шийдье гэж нөгөө жолооч ахаас гуйсан боловч цагдаа дууд гэсээр байгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,

Шүүгдэгч Ч.Дгийн: мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тосонцэнгэл сумын төвийн зүүн талаар явсан төв зам дээр очиж байхдаа хоёр талаас машин ирж байгаа эсэхийг харахад баруун гар талаас буюу Улаантолгойн шил талаас машин байхгүй байсан, зүүн тал руугаа харахад хойд талаас нэг машин ирж байсан. Тэгэхээр нь би машины урдуур амжаад зам хөндлөн гарчих байх гэж бодоод машиныхаа хаазаа гишгэтэл нөгөө хойд зүгээс засмал замаар ирж байсан машин урдуур орж ирээд зүүн гар талруугаа дараад замын хажуу талын хаалт шон мөргөөд замаас гараад зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213-р тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 000000043 дугаартай: “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн гэрч В.Б /РД:ИЗ/-н биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Гэрч В.Б /РД:ИЗ/-н биеэс авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 000000044 дугаартай: “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн Ч.Д /РД:ИГ/-н биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Гэрч Ч.Д /РД:ИГ/-н биеэс авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 000000233 дугаартай: “...С.Уийн биед гэмтэл учирсан байна. Сээрний 9 болон 11 дүгээр нугаламын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. С.Уийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/,

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн: “...Жолооч Ч овогтой Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэстэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 88-90-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-22талс/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Ч.Д нь энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын биед хүнд хохирол учруулсан нь тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид хамаарна.

Шүүгдэгч Ч.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас УНМ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч В.Б нь замын хажуугийн шонг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Уийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Дгийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч С.Уийн “...Иргэн Ч.Д нь миний эмчилгээний зардал болон Улаанбаатар явах зардлыг бүрэн барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч В.Бын “...Иргэн Ч.Д нь миний машины эвдрэл гэмтлийг бүрэн барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж  шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахадаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугааар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ч.Дгийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугааар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасах ялыг тоолсугай.

7. Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.ОТГОНХИШИГ