| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2018/00390/И |
| Дугаар | 00461 |
| Огноо | 2018-05-04 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 00461
| 2018 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2018/00461 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч 1973 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** тоотод оршин суух Р.Ц нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 389 966 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Ц , хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Ц миний бие Орхон аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 тоот Орхон аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Орхон аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0784 дугаар магадал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны цалин 4 389 966 төгрөгийг Орхон аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Ц 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байна. Р.Ц ийн үндсэн цалин 570 125 төгрөг, нэмэгдэл 28 506 төгрөг болно. 2017 оны 05 дугар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллавал зохих хоног 78, 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал ажиллавал зохих хоног 120 хоног, нийт 198 хоног байна. Р.Ц ийн 2017 оны ээлжийн амралтын 26 хоногийн мөнгө болох 670 521 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-нд олгосон. Одоо 3 335 725 төгрөгийг олгох боломжтой. Нэхэмжлэгч Р.Ц ийн нэхэмжилж буй 4 389 966 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагаас 3 610 132 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ц нь Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 389 966 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа.
Р.Ц нь Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 дугаартай ажилд шилжүүлэн ажиллуулж, ажилд томилох тухай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай ажилд томилох тухай тушаалуудаар тус газрын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар ...Р.Ц нь төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.
Дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр Р.Ц ийг ажлаас чөлөөлсөн Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 426 752 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг Захиргаан хэргийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны захиргааны хэргийн шүүх тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 784 дүгээр магадлал, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 426 752 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч одоо 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сар дуусталх хугацааны цалин нэхэмжилж байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3 610 132 төгрөг хүлээн зөвшөөрсөн.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэр болон Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн цалингийн тодорхойлолтоор нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 627 138 төгрөг болох нь тогтоогдож байгаа тул шүүх 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сар дуусталх хугацааны буюу ажлын 150 хоногоор тооцож нийт 4 375 350 төгрөг болж байгаагаас нэхэмжлэгчийн амралтын мөнгө гэж авсан 670 521 төгрөгийг хасаад үлдэх 3 704 829 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Сарын дундаж цалин хөлс 627 138 төгрөгийг ажлын 21,5 хувааж нэг өдрийн цалинг 29 169 төгрөг, үүнийг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сар дуусталх хугацааны ажлын өдрөөр тооцоход 150 хоног болж байгаа болно.
Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчид 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг тооцож олгосон учраас шүүх 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс ажилгүй байсан хугацааг тооцсон ба хариуцагч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн аваагүй байгаа тул нэхэмжлэгчийн тогтоосон 2018 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцсон.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 74 227 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэж Р.Ц ийн цалинтай тэнцэх олговор 3 704 829 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Хүнс хөдөө аж ахуйн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нь Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 704 829 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 685 137 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 74 227 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Р.Ц ийн цалинтай тэнцэх олговор 3 704 829 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА