Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

    2021           6                03                                                2021/ШЦТ/160

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Шүүгдэгч Ч.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч-н Ж ид холбогдох эрүүгийн 2134000000015 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ч-н Ж , 1967 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, . регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Ж ийн өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй  гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Ж.Золбаярын өгсөн: “Би Улаанбаатар хотод гэр бүлийн хамт амьдардаг. 2020 оны 12-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн нутаг Хуримт газар байх аавындаа ирсэн. Ч-н Ж  нь миний төрсөн эцэг тул би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэх мэдүүлэг /хх 47-48/,

Иргэний нэхэмжлэгч Г.Х /хх 42-43/, гэрч Л.Оюунтуяа /хх 44/,

Г.Х /хх 45-46/, Ж.Золбаяр /хх 47-48/, Ч.Ж  /хх 49-51/, яллагдагч

Ж.Золбаяр /хх 76-78/, Ч.Ж  /хх 79-82, 83-85/ нарын өгсөн мэдүүлэг,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2021.01.19-ний өдрийн №21/01 дугаартай үнэлгээний тайлан /хх 55-60/,

2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээ гаргах тухай /хх 65-66, 67-68/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-18/, мод хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-21/, тээврийн хэрэгсэл дээрх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-24/, бензин хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-26/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 29-30, 33-34, 36-37/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж  нь цахилгаан хөрөө ашиглан зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг Дээд арангат гэх ойн сав бүхий газарт 2020 оны 12-р сарын 18-19-ний өдрүүдэд 1,934м3 хуурай нарс мод, 2020 оны 12-р сарын 23-24-ний өдрүүдэд 3,447 м3 хуурай нарс мод тус тус бэлтгэж, улмаар 2020 оны 12-р сарын 20-ны өдөр 1,9341м3, 2020 оны 12-р сарын 24-ний өдөр 3,447 м3 хэмжээтэй хуурай нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд нийт 5.3811 куб метр мод бэлтгэж, 3 022 539 төгрөгийн хохирол  учруулсан болох нь:

Иргэний нэхэмжлэгч Г.Хишигжаргалын өгсөн: “Би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. 2 машин мод нийлээд 3 122 539  төгрөг болсон байна. Гомдол санал байхгүй. Үнэлгээний байгууллагаас гарсан дээрх мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 42-43, 45-46/,

Гэрч Л.Оюунтуяагийн өгсөн: “Ж  бол манай нөхөр, Золбаяр бол миний төрсөн хүү байгаа юм. Ойлгож байна би мэдүүлэг өгнө. Манай нөхөр морьтойгоо түлээний мод бэлтгэхээр хоёр өдөр явсан. Тэгж байтал манай төрсөн хүү хүүхдүүдээ эргэхээр манайд ирсэн тэр үед манай нөхөр хүүг гуйгаад цагаалаад авч ирсэн модоо зөөж хашаанд буулгуулсан юм тэгээд л цагдаад баригдсан. Манай нөхөр  ганцаараа л мод бэлтгэсэн байгаа. Манай хүү оролцоогүй сүүлд цагаалаад ирсэн модыг л зөөж авч ирэлцэж аавдаа тусалсан. Тухайн үедээ хариуцсан байцаагчдаа хэлэх гээд холбогдож чадаагүй. Дараа нь авчихна гэж бодоод л бэлтгэхээр болсон байх. Өмнө нь ойгоос мод бэлтгэж байгаагүй өмнө нь манайх түлээний модоо худалдаж авдаг айл байсан.” гэх мэдүүлэг /хх 44/,

Ч.Ж ийн яллагдагчаар өгсөн: “Би Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн нутаг Хуримт хэсэгт хувиараа мал маллахын хажуугаар модон материалаар гэрийн хаалга, байшингийн хаалга, ширээ, сандал гэх мэт бүтээгдэхүүн хийдэг ажлын байртай болоод 5 жил орчим болж байгаа. Би Борнуур сумын Бичигт багийн нутаг Дээд Арангат гэх газраас 2 машин модыг эхний нэг машин модыг 2020 оны 12-р сарын 18-19ны хооронд 2 хоногт бэлтгээд 2020 оны 12-р сарын 20-ны өдөр Хуримт хэсэгт байх гэрийнхээ гадаа буулгасан. 2 дахь машин модыг 2020 оны 12-р сарын 23-24-ны хооронд бэлтгээд гэртээ байсан төрсөн хүү Золбаярыг дуудаж мориор уулын бэл хэсэг рүү цагаалаад машинд ачихад бэлдэж тавиад гэртээ иртэл миний араас цагдаа нар орж ирсэн. Тэр үед корона вирусээс болоод хөл хориотой байсан учраас зөвшөөрөл аваагүй. Ой хамгаалагч Хишигжаргал руу залгасан чинь утсаа авахгүй байсан болохоор нь би мод бэлтгэх хэрэгтэй байнаа гэж мессеж бичсэн хариу ирээгүй. Тэгэхээр нь маргааш нь ой руу орж мод бэлтгэсэн. Модоо Хятад улсад үйлдвэрлэгдсэн бензин хөрөөгөөр бэлтгэсэн. Би 2 жилийн өмнө 180 000 төгрөгөөр Нарантуул захаас авч байсан. Одоо манай гэрт байгаа. Эхний бэлтгэсэн машин мод нь 2-3 м-ийн урттай 15 ширхэг бүдүүн нарийн нийлсэн мод байгаа, дараагийн машин мод нь 2-3 м-ийн урттай бүдүүн нарийн нийлсэн 17 ширхэг мод байгаа. Би моднуудаа өөрөө хөрөөдөж бэлдсэн. Бүгд хуурай мод. Пронтер маркийн 15-37 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Уг 2 машин модыг ойгоос унагаж бэлтгэхдээ ганцаараа явсан. Тэгээд уулнаас буулгаж цагаалах, эхний нэг машин модыг ачиж хашаандаа буулгахдаа хүү Золбаярыгаа дуудаж хамт явсан. Өөр хүн яваагүй. Зөвшөөрөлгүй мод бэлтгэж болдоггүйг мэднэ би өөрөө Шивэртэй хайрхан ойн нөхөрлөлийн гишүүн хүн.” гэх мэдүүлэг /хх 49-51, 79-82, 83-85/,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2021.01.19-ний өдрийн №21/01 дугаартай үнэлгээний тайлан: “Бид үнэлж буй хөрөнгийн зах зээлийн шууд харьцуулалтын аргаар үнэлсэн бөгөөд үнэлгээний зорилго, үнэлгээний арга зүй нийцтэй байдал, үнэлгээнд ашигласан мэдээллийн олдоц нийцтэй байдал зэргийг харгалзан үнэлгээчин үнэлж буй үнэлгээний өдрийн бодит үнэ цэнийг тохируулга хийн дараах дүгнэлтийг гаргаж байна. Бодит үнэ цэнийг үнэлгээний 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар автомашин 1 050 000 төгрөг, цахилгаан хөрөө 60 000 төгрөг, 8 настай хул морь 440 000 төгрөгөөр тус тус тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байна.” гэжээ /хх 55-60/,

Батсүмбэр сум дахь Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын модны экологи эдийн засгийн үнэлгээг 2021.01.05-ны өдөр гаргасан: "1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.3.16-ны өдрийн А/176-р тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан, ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцон гаргав. 2.Борнуур сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаарагддаг болно. 3.Хураагдсан мод нь хуурай мод болно. 4.Уг моднуудын урт 2,0 м-с урт тул хэрэглээний мод болно. 5.Мод бэлтгэх эрхийн бичиггүй тул уг мод нь хууль бусаар бэлтгэсэн мод болно. 6.Бэлтгэсэн нийт 1,9341 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг нь тооцоход:

Нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрийг хэрэглэдэг. Нэг шоометр эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1-р мужид 312053 төгрөг байдаг. Хэрэглээний бөөрөнхий модонд 1.8 гэсэн илтгэлцүүрийг хэрэглэдэг тул экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,9341м3 Ч1.8Ч312053=1 086 375 /Нэг сая наян зургаан мянга гурван зуун далан тав/ төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж гаргана." гэжээ /хх 65-66/,

Батсүмбэр сум дахь Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын модны экологи эдийн засгийн үнэлгээг 2021.01.05-ны өдөр гаргасан: "1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.3.16-ны өдрийн А/176-р тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан, ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцон гаргав. 2.Борнуур сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаарагддаг болно. 3.Хураагдсан мод нь хуурай нарс мод болно. 4.Уг моднуудын урт 2,0 м-с урт тул хэрэглээний мод болно. 5.Мод бэлтгэх эрхийн бичиггүй тул уг мод нь хууль бусаар бэлтгэсэн мод болно. 6.Бэлтгэсэн нийт 3,447 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг нь тооцоход:

Нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрийг хэрэглэдэг. Нэг шоометр эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1-р мужид 312053 төгрөг байдаг. Хэрэглээний бөөрөнхий модонд 1.8 гэсэн илтгэлцүүрийг хэрэглэдэг тул экологи эдийн засгийн үнэлгээ нь 3,447м3 Ч1.8Ч312053=1 936 164 /Нэг сая есөн зуун гучин зургаан мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж гаргана." гэжээ /хх 67-68/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 10-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-18/, мод хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-21/, тээврийн хэрэгсэл дээрх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-24/, бензин хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 25-26/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 8 настай хуль морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх 28-31/, мод бэлтгэж  тээвэрлэсэн гэх ...улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 32 ширхэг мод тус бүрийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /хх 32-37/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Ж ийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. Тиймээс түүнийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгийн үнийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн  7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна гэж зааснаар шүүгдэгч Ч.Ж аас гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 1 936 164 төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 5 808 492 төгрөг, ойн санд учруулсан 1 086 375 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 3 259 125 төгрөг тус тус гаргуулж нийт 9 067 617 төгрөгийн хохирлоос түүний шүүхийн шатанд төлсөн 3 022 539 төгрөгийг хасаж 6 045 078 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Ж ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл ангиар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2134000000015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

60 000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 440 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны морь,

32 ширхэг мод, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1 050 000 төгрөгийн үнэ бүхий ...маркийн тээврийн хэрэгслийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулж,

энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, ...улсын дугаартай ...маркийн тээврийн хэрэгслийн №02526035 дугаартай гэрчилгээг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн

22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ч-н Ж ийг зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж ид оногдуулсан 800 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ж аас 6 045 078 /зургаан сая дөчин таван мянга далан найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6.Эрүүгийн 2134000000015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60 000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 440 000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны морь, 32 ширхэг мод, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1 050 000 төгрөгийн үнэ бүхий ...улсын дугаартай ...маркийн тээврийн хэрэгслийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, орлогыг улсын төсөвт оруулсугай.

7.Хэрэгт хураагдан ирсэн ...улсын дугаартай ...маркийн тээврийн хэрэгслийн №... дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ