Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00485

 

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2018/00485

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум ** тоотод оршин суух О.У-д холбогдох 2 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У  , хариуцагч О.У , гэрч Ө.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Э  ХХК нь О.У тай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6 200 000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Кирби Сентриа төхөөрөмжийг зээлээр худалдсан юм. Гэрээнд худалдан авагч тал /О.У / нь сар бүрийн 30-ны дотор 500 000 төгрөгийг худалдагч тал /"Э " ХХК/-д шилжүүлэх замаар 11 сарын хугацаанд үндсэн төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар заасан бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан юм. О.У  нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гэрээнд зааснаар сард төлөх төлбөр болох 500 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч үүнээс хойш үүргээ зөрчин 100 000 төгрөгийн төлбөрийг алдаг оног төлж, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд гэрээний хугацаа нэгэнт дууссан тул О.У ас Кирби Сентриа төхөөрөмжийн төлбөрт 2 150 000 /хоёр сая нэг зуун тавин мянган / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.У  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 сарын 12-ны өдөр Керби Сентриа төхөөрөмжийг авах шаардлага сонирхолгүй байх үед 14 хоног орой бүр хаалга нүдэж танайх энэ төхөөрөмжийг заавал аваад хэрэглээд үз, төлбөрийн уян хатан нөхцөлийг үүсгэж өгье гэрээгээ хийчих, боломжоороо төлчих гэж үндсэндээ залхаан ятгаж байж төхөөрөмжөө зарсан. Эхний үед боломжоороо төлбөрөө төлж байсан ба зарим сар зах зээлийн хямрал бусад цалин мөнгө, мөнгө орж ирэх нь хоцорсонтой холбоотой 3 сар гаран төлбөрөө хойшлуулсан. Гэхдээ тухайн үед Эрдэнэт дахь салбарын хүмүүстэй нь байнга холбогдож мөнгө орж ирэхээр нь шууд төлөлтөө хийгээд дуусгачих амар хэлэлцээр хийсэн байсан үед Улаанбаатараас ирсэн гэж 4 хүн гэрт орж ирээд хэл амаар доромжлон манай эхнэр Ө.Ц г 2 удаа түлхэж биед нь халдсан ба 3 хүүхэд маань айж уйлалдаж болиулсан. Энэ үед даргалж явж байгаа залуу нь өөр айлуудаар явж ууртай байсан, тэр уураа танайд гаргачихлаа уучлаарай та сард 100 000 төгрөг л төлж бай гээд 1 сард 100 000 төгрөгөөр төлбөрөө төлье гэсэн 2 талаас  гарын үсэг бүхий бичгээр дахин гэрээ хийгээд явсан болно.

Тэр үеэс хойш сар бүр төлөлтөө 100 000 төгрөгөөр хийсэн байгаа бөгөөд сар бүр төлж байгаа төлбөрийн төлөлт нь Э  ХХК-д байна. Бид төхөөрөмжийн төлөлтийг сүүлд хийсэн /давтан/гэрээний дагуу 1 сард 100 000 төгрөгөөр хийж дуусгах болно.  Харин Э  ХХК НӨАТ-ын баримт  нэг ч удаа өгөөгүй бөгөөд хэлэхээр мэдэхгүй гэдэг хариулт өгч байна. Э  ХХК яагаад Монгол улсын Татварын хуулийг дагаж мөрдөхгүй байгааг болон иргэнд олгох НӨАТ баримт яагаад олгохгүй байгааг шалгаж өгөөч. Төлөлт хийсэн 4 050 000 төгрөгийн НӨАТ авмаар байна. Сүүлд гэр оронд хүчээр орж ирэн бага насны 3 хүүхдийн дэргэд эзнийг нь зодож хэл амаар доромжилсон, хүүхдүүд уйлуулж айлгасан нь ямар хариуцлага хүлээх вэ. Сар бүр манай төлж байгаа төлбөрт баримтыг яагаад хавсаргаагүй байгаа вэ. Сүүлд давтан хийсэн 1  сард 100 000 төгрөгийн төлөлтөөр хийнэ гэсэн бичгийг яагаад хавсаргаагүй тодруулж хариу нэхэмжилж байна. Хүсээгүй барааг гэрээгээ л хийчих дараа ань цувуулаад төлөх боломжийг манай компани танайд олгож байна гээд хүч хэрэглэж сүлжээний бизнес хийснийг зөв гэж дүгнэхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э  ХХК хариуцагч О.У д холбогдуулан хивс цэвэрлэгч төхөөрөмжийн үнэ 2 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчид Кирби Сентриа хивс цэвэрлэх төхөөрөмжийг 6 200 000 төгрөгөөр худалдаж, уг төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Талууд гэрээ байгуулагдсан, хивс цэвэрлэгчийг хариуцагчид шилжүүлсэн худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүрийн 30-ны өдөр 500 000 төгрөгөөр тооцоо хийж 11 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон нь хэрэгт ирсэн худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбаруудаар нотлогдож байгаа ба хариуцагч уг эд хөрөнгө нь ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолтой талаар маргахгүй байгаа.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд зээлээр худалдах худалдах авах гэрээний харилцаа үүсчээ.

Дээрхи гэрээний дагуу худалдагч Э  ХХК нь худалдан авагч О.У ас худалдсан тоос сорогчийн үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч төлбөрөө худалдах, худалдан авах гэрээний 3.3.2-д заасан хугацаа хэтрүүлэлгүй, цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан бэлэн мөнгөний орлогын баримтуудыг жагсаавал 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт 200 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төхөөрөмжийн урьдчилгааны үлдэгдэл төлбөрт 300 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 400 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сар бүрийн төлөлт 600 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 100 000 төгрөг нийт 2 600 000 төгрөг төлсөн баримт ирүүлсэн, харин нэхэмжлэгч хариуцагчийг нийт 4 050 000 төгрөг төлсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа.

Хариуцагч шүүх хуралдаанд ...2017 оны 05 дугаар сарын 20-дын үеэр 120 000 билүү 150 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-нд 100 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сард 100 000 төгрөг бэлэн өгсөн.Энэ баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...компанийн зүгээс өөрт байгаа бүх баримтыг шүүж үзээд нэхэмжлэгчийн төлсөн дүнг 4 050 000 гэж хүлээн зөвшөөрч байгаа.Нэхэмжлэгчийн дурьдаж байгаа баримтууд манай компанид байхгүй.Бид төлсөн бүх тооцоог үнэн зөвөөр төлөлтийн хуулганд бичсэн.Байхгүй баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж заасан.

Хариуцагч нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчид хэзээ, хэдэн төгрөг бэлнээр өгсөн болохоо тодорхой мэдэхгүй, баримжаагаар цаг, хугацаа, мөнгөний дүнг илэрхийлж байгаа, түүнчлэн нэхэмжлэгчид хариуцагчийн гарын үсэг бүхий /хариуцагчийн тодорхойлж байгаагаар/ 2017 оны 05 дугаар сарын 20-дын үе, 2017 оны 10 дугаар сарын 16, 2018 оны 04 дүгээр сард бэлнээр өгсөн мөнгөний баримт байгаа эсэх нь лавтай сайн тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч талаас нотлох баримтыг албадан гаргуулах боломжгүй гэж үзсэн.

Хариуцагч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хэрэг хэлэлцэж эхэлсэнээс хойш мэтгэлцээний шатанд нэхэмжлэгч талаас нотлох баримт албадан гаргуулах хүсэлт гаргасан тул шүүгчийн захирамжаар хүсэлтийг шийдвэрлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Тэрээр шүүх хуралдаанд ...Э  ХХК-ийнхан биднээс бэлнээр авсан 350 000 орчим төгрөгийг төлөлтийн хуулгандаа тусгаагүй байна гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийг хангаж хариуцагч О.У ас 2 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 49 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг бармтлан хариуцагч О.У ас 2 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 49 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гарданавсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА