| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 155/2017/00868/И |
| Дугаар | 00045 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 00045
А.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.М, нэхэмжлэгч А.Б, хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Д нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 979 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ны Хөвсгөл аймгийн газарт 1992 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тушаалаар цахилгааны бичээчээр ажилд орж 25 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд ШАТ /шугам аппаратын техникч/, архив бичиг хэрэг, нярав, касс зэрэг ажил албан тушаалыг хийж гүйцэтгэж байсан. Миний өөрийн мэргэжил бол техникч, эдийн засагч юм. Б.О дарга 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр надтай нярав, бичиг хэргийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж уг албан тушаалд томилсон. ...Гэтэл Даваахүү дарга ажлаа аваад намайг “мэргэжлийн ажилд нь буцаан томилно” гээд 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Б/09 дугаартай тушаалаар шугам аппаратын ээлжийн техникчийн ажилд маань буцаан томилсон.
...Намайг амралтаа дуусгаад ажилдаа орох гэтэл 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Тушаалд компаний хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтуудыг тус тус барьсан байсан, уг заалтууд нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх заалт байсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК-ны Хөвсгөл аймгийн газрын шугам аппаратын ээлжийн техникчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Учир нь А.Б нь “Солонгос улс руу явна” гээд 1 сарын хугацаатай техникчээр ажиллая гэж гуйж техникчээр түр ажилласан гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 979 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Б-ыг Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газрын шугам аппаратын ээлжийн техникчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,747,913 /хоёр сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун арван гурав / төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-д олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2,747,913 /хоёр сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун арван гурав/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаний Хөвсгөл аймгийн газраас улсын тэмдэгтийн хураамж нийт 129,117 /нэг зуун хорин есөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Д давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн үнэн зөв дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч А.Б-тай байгуулсан 2017.03.29-ний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул 2017.03.29-ний өдөр түүнийг нярав-бичиг хэргийн ажилтны албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл А.Б нь 2017.03.29-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалд хуулийн хугацаанд нь гомдол гаргаагүй юм. Харин 2017.02.09-ний өдрийн ээлжийн техникчээр томилсон болон 2017.05.25-ны өдрийн тушаалууд нь өөрийнх нь Солонгос улсын визийн материалд өгнө гэсэн хүсэлтийн дагуу хийгдсэн энэхүү хэрэгт ямар ч ач холбогдолгүй баримтууд юм. А.Б нь 2017.03.29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг намайг ажлын өрөөнөөсөө түр гарсан үед сэм аваад 2017.04.04-ний өдөр хийсэн болгож засварлан хуурамчаар үйлдэн шүүхэд өгсөн байв. Энэ талаар би шүүхэд албан ёсоор мэдэгдэхэд зохих ёсоор үнэлж дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иимд дээр дурдсан баримтууд болон бусад нотлох баримт, нөхцөл байдлыг үндэслэн 00979 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон А.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч А.Б нь Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын ШАТ-ын ээлжийн техникчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардахдаа тус газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/09, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг үндэслэл болгожээ.
Хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Д нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй, А.Б нь Солонгос улс руу явна гээд 1 сарын хугацаатай техникчээр ажиллая гэж гуйж техникчээр түр ажилласан” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч А.Б нь Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын даргын 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 тушаалаар нярав, бичиг хэргийн ажилтнаар томилогдож, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 29-р тал/, даргын тушаал /хх-ийн 3-р тал/, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс ШАТ-ын ээлжийн техникчээр түр томилогдсон нь даргын тушаал /хх-ийн 2-р тал/, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газар нь нэхэмжлэгч А.Б-г “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Компаний дотоод журмын 3.2.2.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалт “...дараах ноцтой зөрчил нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.” гэсэн заалтыг үндэслэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь шаардлага ба татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасныг баримтаар нотлоогүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулахаар хуульчилсан байхад “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэсэн үндэслэл зааж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүйн дээр ШАТ-ын ээлжийн техникчээр ажиллаж байсан ажилтныг нярав, бичиг хэргийн ажилтны ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ШАТ-ын ээлжийн техникчээр түр томилсон байх боловч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар нярав, бичиг хэргийн ажилтны ажлаас чөлөөлснөөс хойш дээрх ажил, үүргийг гүйцэтгүүлээгүй, уг албан тушаалаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, холбогдох баримтыг зохигч гаргаагүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан ээлжийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй гэж үзнэ.
Хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Д-н давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир хариуцагч нь нэхэмжлэгч А.Б-ыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн гэх байдлын талаарх нотлох баримт, тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, “хөдөлмөрийн гэрээний он, сар, өдрийг зассан” гэх тайлбар гаргаж байх боловч энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, гэрээ засварласан эсэх нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлтээр тогтоогдоогүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд үндэслэн явагдах бөгөөд зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг учир шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүй.
Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь даргын тушаал /хх-ийн 3-р тал/, нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт /хх-ийн 29-р тал/, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх ба 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “...шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор” шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.
Хариуцагч Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын дарга Ж.Даваахүүгийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад гаргасан “шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаан хэзээ болохыг мэдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ж.Д-ийн “...хэргийн материалтай 1 цагийн өмнө танилцсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримт гаргах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байх ба зохигч шүүх хуралдаанд оролцжээ. Шүүх зохигчид шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь давж заалдах шатны шүүх хуралдаанд судалсан шүүгчийн захирамж /хх-ийн 44-р тал/, тов мэдэгдэх тухай баримт /хх-ийн 45-р тал/, шүүх хуралдааны бичлэг, хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болох шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул “шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шийдвэрт хариуцагч байгууллагын нэрийг буруу бичсэнийг зөвтгөж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 979 дүгээр шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:
а/ Шийдвэрийн “Үндэслэх” хэсэг, “Тогтоох” хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтын “Мэдээлэл холбоо сүлжээ Төрийн өмчит хувьцаат” гэснийг “Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Мэдээлэл Холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,117 /нэг зуун хорин есөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.ГАНБАТ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Б.СОСОРБАРАМ