Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 187/2017/01212/И |
Дугаар | 001/ХТ2021/00520 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2021/00520
М.М-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1063 дугаар магадлалтай,
М.М-ы нэхэмжлэлтэй,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд тус тус холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.М нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтнээр 2016.04.01-ний өдрийн Б/012 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байгаад БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016.12.12-ны өдрийн 16/05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажлаас чөлөөлж байгаа мэдэгдэл өгөх үндэслэлээ танилцуулахдаа тус төвийн бүтэц өөрчлөгдсөн гэж хэлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал гарахаас өмнө нэхэмжлэгч жирэмсэн болсон байсан бөгөөд энэ талаараа тус төвийн даргад хэлсэн. Ажлаас чөлөөлсний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэхэмжлэгчийг өөр ажилд оруулж өгөх талаар хэлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн ажлын байр санал болгоогүй.
Иймд М.М-ыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны олговрыг гаргуулан олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016.08.24-ний өдрийн Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 55 дугаар тогтоолоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны БНСУ дахь үйлчилгээний төв-ийг татан буулгасан.
Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв гэж шинээр байгуулсан. Тухайн үед сайдын тушаалаар нэг нь 14, нөгөө нь 10 хүнтэй байхаар, орон тооны бүтцийг 24-өөр тогтоосон байсан. Ингээд М.М-ы ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Өмнө нь сургалт хариуцсан мэргэжилтэн гэж байсан нь 2 яамны харьяа байгууллагыг нэгтгэхэд хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан гэдгээр нэгтгэсэн. 24 хүнээс 8 хүнийг шинэ орон тоо бүтцээр ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Мөн тус 2 байгууллагыг нэгтгэж байгаа шийдвэрийг төвийн дарга гаргаагүй. Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус төвийн дарга Б.Тэнүүн энэ шаардлагын үүднээс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна. Тус төвийн дарга нь төрөөс тогтоосон бүтэц, орон тооны дээд хэмжээнээс нь олон хүн авч ажиллуулах, илүү цалин хөлс өгөх ямар ч боломжгүй. Төрийн байгууллагын бүтэц, орон тоог өөрчилсөн сайдын тушаалыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр захиргааны байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэрийн дагуу зохих өөрчлөлтийг хийсэн гэж үзэж байна.
Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн бөгөөд ажилтан ажлаас буруу халсан талаарх гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. М.М-ыг жирэмсэн байхад нь ажлаас халсан, хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан шаардлагыг зөрчөөгүй, байгууллага татан буугдсан. 2016.07.24-ний өдөр нэхэмжлэгчийг төрнө гэсэн эмнэлгийн магадалгаа хэрэгт авагдсан. Үүнээс харахад ажлаас халах үед М.М жирэмсэн биш, төрсөн байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг шинээр байгуулсан. Шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016.10.03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон
БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдсан тул жирэмсэн эмэгтэйн ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй байна. М.М-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөх тухайгаа 2016.11.14-ний өдөр мэдэгдсэн нь хурлын тэмдэглэлээс харагдаж байна. М.М хуралд оролцсон. Тус төвийн дарга 2016.12.12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар М.М-ыг БНСУ дахь Хөдөлмөрийн яамны харьяа нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба энэ тухайгаа мэдэгдэж, улмаар М.М 2016.12.20-ны өдрийн 16/51 тоот тушаалаар 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.
Нэхэмжлэгч 2017.03.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М.М-ыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 27,424,354 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-нд олгож, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.М-ы 2016.12.12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс 295,072 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1063 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг шинээр байгуулсан. Шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016.10.03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална”, 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан. БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв нь Засгийн газрын Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдсан тул жирэмсэн эмэгтэйн ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтад хамаарахгүй байна.
М.М-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлөх тухайгаа 2016.11.14-ний өдөр мэдэгдсэн нь хурлын тэмдэглэлээс харагдаж байна. Тус төвийн дарга 2016.12.12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар М.М-ыг БНСУ дахь Хөдөлмөрийн яамны харьяа нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба энэ тухайгаа 2016.11.10-ны өдрийн 03 дугаартай Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлээр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тайлбар ирүүлээгүй. Улмаар М.М-д 2016.12.20-ны өдрийн 16/51 тоот тушаалаар 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэгч 2017 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 16/05 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан тухайгаа дурдсан. Мөн тушаал нь хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар өгсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тушаалтай танилцсан атлаа одоо болтол надад тушаалыг өгөөгүй гэж шүүх хуралдаанд зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь хуульд заасан үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд тус тус холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
М.М нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа “...тус төвийн бүтэц өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө жирэмсэн болсон байсан, энэ талаараа тус төвийн даргад хэлсэн...” гэх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй татгалзсан тайлбартаа “...шинээр байгуулсан БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016.10.03-ны өдрийн А/157 тоот тушаалаар баталсан ба орон тоо 14 байхаар тогтоосон... тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016.12.12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар М.М-ыг БНСУ дахь Хөдөлмөрийн яамны харьяа нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн...” гэж маргасан байна.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.
М.М-ыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016.12.12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/157 дугаар тушаалаар баталсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2016.12.12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хэргийн баримтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2016.08.24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 1.7-д “...Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”...” болгожээ.
Уг тогтоолыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016.10.03-ны өдрийн А/157 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар тус төвийн дүрмийг, хоёр дугаар хавсралтаар зохион байгуулалтын бүтцийг баталж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг томилох, байгууллагын дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” төвийн даргад үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг төрийн нарийн бичгийн Г.Өнөрбаярт даалгасан байна.
Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал зэрэг талуудын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгон өөрчлөн зохион байгуулсан байна.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016.12.12-ны өдрийн 16/05 тоот тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлүүдээс М.М-д аль хэсэг нь хамаарч байгаа нь тодорхойгүй байна.
Мөн М.М-ыг ажлаас чөлөөлөх үед жирэмсэн байсан болох нь БНСУ-ын Сөүл хотын Жэйл эмнэлгийн 2017.02.23-ны өдрийн эмчийн магадлагаа, түүний орчуулга, 2017.07.23-ны өдөр Шведийн Эрүүл мэндийн төвийн Иссакүа дахь салбарт Мэгги Булганыг төрүүлсэн тухай Шведийн хүүхдийн эмнэлгийн хүүхдийн төрсний гэрчилгээ, түүний орчуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. Нэхэмжлэгчийг жирэмсэн байх үед нь ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэснийг ажил олгогч зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар “...ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг ажилтныг ажлаас халагдсан өдөрт нь гардуулан өгөх...” үүргээ биелүүлсэн талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, ажлаас чөлөөлснөөс хойш хугацаанд хэрхэн, хэзээ өгсөн болохоо нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх ба ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүх М.М-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажигдсан дундаж цалингаас тооцож, сарын дундаж цалин хөлсийг 705,953 төгрөгөөр тогтоож, 27,424,354 төгрөгийг хариуцагч БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул М.М-ны ажлаа эрхлээгүй хугацаанд олгосон олговроос зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016.12.12-ны өдрийн 16/05 тоот тушаалаар М.М-ыг ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага уг тушаалд хамааралтай тул хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1063 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН