Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2020/0778/З |
Дугаар | 128/ШШ2021/0204 |
Огноо | 2021-03-22 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2021/0204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ийн Э,
Хариуцагч: Убег,
Гуравдагч этгээд: “Ххб” ХХК,
Гуравдагч этгээд: “Мс” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Убегын Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлүүд хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот 132,2мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1-А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Эын өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Убегт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.У, гуравдагч этгээд “Ххб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч А.Э миний бие “Мс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Жтай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” № 1А/64 тоот гэрээ”-г 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж 2011 оны 7-р сарын 20-наас өмнө орон сууцны захиалгын нийт үнийн дүнгийн (доорх автомашины 1А-05 тоот автомашины зогсоолын хамт) 90%-ийг нэгэнт төлж барагдуулсан юм. Гэтэл гүйцэтгэгч “Мс” ХХК нь захиалагч талд огт мэдэгдэлгүйгээр УБ хотын банктай 2011 оны 7-р сарын 27-ны өдөр №ЗГ0001/110727 тоот зээлийн гэрээ, 2011 оны 11-р сарын 24-ны өдөр №ЗНГ0001/111124(1) тоот Зээлийн нэмэлт гэрээ, ЗБГ0002/111124 тоот Зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулж 2.5 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаагаар зээлжээ.
УБ хотын банк нь “Мс” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн 2013 оны 12-р сарын 26-нд иргэний хэргийн шүүхэд хандан “...Гэтэл 2012 оны 9-р сараас эхлэн 2013 оны б-р сарын хооронд барьцааны зүйлийг бидэнд мэдэгдэлгүй захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 1А байрны 102, 202, 902...тоот орон сууцнуудыг бусдын эзэмшилд шилжүүлсэн байдаг” гээд Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх Эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30.1 дэх заалтуудыг үндэслэл болгон дээр дурьдсан орон сууцнуудыг бусдад шилжүүлсэн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг хүчингүй болгуулах мөн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө” үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 09-р сарын 04-ний өдрийн 4010 тоот шийдвэрээр УБ хотын банкны нэхэмжлэлийн Шаардлагаас 2 тэрбум 55 сая төгрөгийн шаардлагыг хангаж УБ хотын банканд олгуулах, харин “Мс” ХХК-ийн банкны барьцаанд бариулсан орон сууцнуудыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар хариуцагч байгууллага үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Ар зайсангийн 98 тоот барилга болон бусад үл хөдлөх хөрөнгүүдийг дурдан албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг заажээ.
Гэтэл Убегын улсын бүртгэгч Х.У болон Г.Г нар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэлдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5-р сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр а) Хан-Уул дүүргийн 11-р хороо Ар зайсангийн гудамж 98 байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна, б) УБ хотын банктай байгуулсан 2011 оны 7-р сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч миний гаргасан өргөдлийн дагуу шийдвэрлэхээс татгалзсаныг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд Убегын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан шийдвэр гаргасныг 2020 оны 9-р сарын 15-нд мэдэн гардан авч дараахь үндэслэлүүдээр эс зөвшөөрч шүүхэд хандан өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. УБ хотын банкны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 98-р байрны 44 ширхэг тоот (орон сууц)-д манай 901 тоот байхгүй бөгөөд байх ч учиргүй юм.
Тус 98-р байранд нийт 90 гаруй тоот (айл өрх) байдаг бөгөөд эдгээр тоотуудын дундаж үнэлгээ 5-6 тэрбум төгрөг болно. Энэ нь УБ хотын банкны нэхэмжлэлийн шаардлагаас даруй 2-3 дахин их байгаа нь 98-р байрын үлдсэн 50 гаруй тоот (айл өрх)-ууд буюу УБ хотын банкны нэхэмжпэлийн шаардлагад тухайлан дурдаагүй тоотуудын хувьд нэн ялангуяа манай 901 тоотын хувьд орон сууц болон 1А-05 тоот автомашины зогсоолыг тус бүр өмчлөх эрхээ баталгаажуулах буюу улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нээлттэй байгаа болно.
Нэхэмжлэгч миний бие гүйцэтгэгч “Мс” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж орон сууцны үнийг бүгдийг нь нэгэнт төлж барагдуулсан бөгөөд ингэснээр тус орон сууц болон автомашины зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах эрх хуулийн дагуу нээгдсэн болно.
4. “Мс” ХХК нь 98-р байрыг 2011 оны 6-р сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд /дутуу баригдсан барилгыг/ бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан зэрэг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 09-р сарын 04-ны өдрийн 4010 тоот шийдвэр болон уг шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд манай 901 тоот орон сууц болон 1А-05 тоот автомашины зогсоол хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ баталгаажуулах хуулиар олгосон эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Ийнхүү Убегын харъяа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчдийн 2020 оны 5-р сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай” Мэдэгдлүүд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
... “Мс” ХХК , Улаанбаатар хотын банкны хоёрын хооронд байгуулсан гэрээний үр дагаврыг нэхэмжлэгч миний бие хариуцахгүй байгаа. Хариуцахгүй тухай үндэслэлийг 1/11612 албан бичиг, иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 6405 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар тус тус нэхэмжлэлийн үнийн дүнг битүүмжлэхээр хязгаарлалт хийлгэхээр хариуцагчид бичиг хүргүүлж байхад хариуцагч зориуд 1153 тоот албан бичгээр эрх түдгэлзүүлж хариу хүргүүлэх тухай албан бичгээр 98 дугаар байрыг бүхэлд нь барьцаалсан шийдвэр гаргасан явдалд бүртгэл үнэн зөв байх тухайн үеийн 2003 оны хуулийн зарчимд нийцээгүй. Тэрийг зөрчсөн. Бодит байдалтай тохироогүй. Яагаад гэвэл манайх барьцааны хөрөнгө чөлөөлөх асуудал дээр манайх Мс ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа байгуулсан. Миний байгуулсан гэрээний дагуу миний түрүүн дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болох гэрээ юм.
... Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ надтай хамаагүй. 4010 шийдвэр дээр тоотуудаар нэхэмжлэлийн шаардлагаа тавиад тэгээд 2 тэрбум төгрөг гээд заасан. Гэтэл 3 том хэсгийг тэр чигт барьцаалахаар яаж нэхэмжлэлийн үнийн дүнгээр барьцаалсан болох вэ? бүртгэлийн газар шүүхийн шийдвэр, захирамж зэргийг биелүүлээгүй байгаа. Шууд хууль зөрчсөнөөс болж огт хамааралгүй нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд үүний улмаас би өөрийнхөө өмчлөлийг хууль дагуу бүртгүүлж өмчлөлөө хэрэгжүүлж чадахгүй байна.
... Улаанбаатар хотын банк хууль бус шаардлага тавиад байна. Санал хүргүүлэх тухай бичиг хууль бус юм. Бүхэлдээ барьцаалсан хууль бус шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг үндэслэж татгалзсан хариу өгч байгаа нь хууль бус юм. 1/11612 тоот бичгэнд үндэслэж хариу өгч байна. Үндэслэлгүй шийдвэр дээр үндэслэж хариу өгч байгаа учраас тодруулж шийдвэр гүйцэтгэлийн албаны танайд явуулсан бичгийг үндэслэж хариу өгч байгаа талаар асуухад хариулж чадсангүй.
... Миний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй юм. Улаанбаатар хотын банк огт хамааралгүй надаас мөнгө нэхэж байгаа нь хууль бус юм. Үүний талаар бас хариулж чадсангүй. Гуравдагч этгээд мөн адил хариулж чадсангүй. Энэ бүхэн хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Би бол шийдвэр гүйцэтгэх газрыг буруутгахгүй байна. Асуудал бол Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн хууль бус үйл ажиллагаа явагдсан байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой тийм хариу өгч байна. Намайг хүчингүй болгуулах тухай шаардлагаа гаргахгүй яасан бэ? гээд асуугаад байхын. Ингэж асуух эрх байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой тавьсан. Би бол хууль ёсны өмчлөгч юм. Гүйцэтгэгч байгууллагын өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Гүйцэтгэгч компани гуравдагч этгээдээр татагдсан. Тайлбараа ирүүлсэн. Барьцаанд байгаа асуудал бол улсын бүртгэлийн газрын эрх түдгэлзүүлж хариу хүргүүлэх тухай албан бичгээр түдгэлзүүлсэн. Үүнээс болж татгалзсан хариу гараад байна. Буруутай шийдвэр гаргаж н.Г, Х.У нарын мэдэгдлүүд хууль бус юм. Хууль хаана байгаа гэхэд хариулж мэдэхгүй байна. Хариуцагч хууль бус шийдвэр гаргасан. Яагаад татгалзсан гэхээр тайлбарлаж чадахгүй байна. Татгалзсан шийдвэр дээр Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа дараах тусгай зарчим баримтлан гэж заасан. Хуульд үндэслэж татгалзах ёстой. Шүүгчийн захирамжийн дагуу битүүмжилсэн бол өнөөдөр ийм маргаан гарахгүй. “Мс” ХХК болон Улаанбаатар хотын банк хоёрын хооронд ямар ч хүлээх үүрэггүй гэдгээ өнөөдөр шүүхийн өмнө нотолсон гэж бодож байна. Мөнгөө төлөөд “Мс” ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. Тэгээд тэр хоёрын маргаан надаа хуулиар хамаагүй.
н.Бын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм. Яагаад гэвэл шүүгчийн эрх түдгэлзүүлж шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 6408 захирамж болон шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа н.Бын албан бичгээр нэхэмжлэлийн үнийг дүнг битүүмжлэх үүрэг хүлээсээр байхад бүхэлд нь түдгэлзүүлсэн. Өнөөдөр гарах гарцгүй болсон. Дээрх үндэслэлээр тус 2 компанитай намайг тулгах ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ холбох юм бол жинхэнэ буруу зүйл болох байгаа. Одоо бол бүртгэх үүрэг хүлээсэн. Яагаад бүртгэхгүй байгаа талаар тайлбар болоод хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Ийм учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргаж байгаа тайлбар ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас Улсын бүртгэлийн газрын харьяа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 5 сарын 15-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлүүд хууль бус болохыг тогтоож Хан-Уул дүүргийн ар Зайсан хотхоны Могултаун хотхоны 98 дугаар байрны 901 тоотын 132 м.кв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны доор байрлах 1а-05 тоот авто машины зогсоолыг тус тус нэхэмжлэгч миний бие нэр дээр улсын бүртгэлд бүртгэж өмчлөгчийн гэрчилгээ олгохыг тус бүр Убегт даалгах шийдвэр гаргахыг шүүхээс хүсч байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн А.Э нь ХУД-ийн 11 хороо, Ар Зайсангийн гудамж, 98 дугаар байрны 901 тоот орон сууц, 5 тоот автозогсоолын өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, /17025/, Ар Зайсангийн гудамж 98 тоот 30 %-ийн гүйцэтгэлтэй орон сууцны барилга нь 2011 онд “Мс” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, мөн онд Улаанбаатар хотын банктай барьцааны гэрээ байгуулж, барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар дээрх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэл дуусгавар болоогүй байгаа бөгөөд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2014 оны 1/11612, 2017 оны 3/18537, 2018 оны 4/3591 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж, 30 дугаар зүйлийн 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол тусгай тэмдэглэл хийнэ” гэж, 30.5-д “Энэ хуулийн 30.1.4.заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа бол улсын бүртгэгч бүртгэхээс татгалзана” гэж заасан тул иргэн А.Эын өмчлөх эрхийг өнөөдрийн байгаа нотлох баримтын хүрээнд барьцаагүйгээр бүртгэх боломжгүй юм.
... Манайхаас Хан-Уул дүүргийн 98 дугаар байрны орон сууцыг 2011 онд өмчлөлийг Мс ХХК-д олгож мөн Улаанбаатар хотын банктай байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь 2 удаа өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Тухайн үед улсын бүртгэгч нар шалгаад банкны барьцаанд байдаг мөн шүүхийн байгууллагаас хэд хэдэн удаа түдгэлзүүлсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж мэдүүлгийг буцаасан. Үүнийг буцаасан гэж эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газар гомдлоо гаргасан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас улсын бүртгэлийн мэдүүлэг буцаасан үндэслэл нь хуульд үндэслэлгүй байна гэсэн албан бичгийг өгсөн байдаг.
... орон сууцыг бүртгэх гэхээр барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа. Мөн эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн байгаа учраас барьцааны гэрээг дуусгавар болгохгүйгээр мөн эрх бүхий байгууллагаас эрхийг хязгаарласан тусгай тэмдэглэл хийсэн тэмдэглэлийг хүчингүй болгохгүй тул манайх бүртгэл хийж болохгүй байгаа. Ийм учраас энэ үндэслэлээр буцаад байгаа. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай маргаж иргэний хэргийн шүүхээр явж байгаа гэж ойлгож байна. Хэрвээ энэ хэрэг шийдэгдэх юм бол манай хэрэг шийдэгдээд зүйл харагдаж байна.
Нэхэмжлэлийн үнийн дүн заасан байхад тухайн барилгыг бүхэлд нь эрхийг түдгэлзүүлсэн зүйлд Убегын буруутай үйлдэл гэж яриад байх шиг байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн битүүмжлэх тухай асуудлыг манайх тодорхойлох боломжгүй. Манайх бол битүүмжлэх тухай албан бичиг болон шүүгчийн захирамжид юу гэж заасан талаар уншиж тодруулж байж битүүмжлэх юм. Энэ тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад шүүхийн шийдвэр 98 дугаар байр ч гэдэг юм уу байдлаар үнийн дүнг барьцаалж бусдыг нь чөлөөлөх тухай зүйл байсан бол манайх тэр дагуу бүртгэх юм. Тийм зүйл байгаагүй учир манайх бүхэлд нь түдгэлзүүлэх зүйл авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна” гэв.
Гуравдагч этгээд “Мс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“... “Мс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараахь хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч А.Э нь “Мс” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1А/64 дугаар “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Мс” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар Зайсан гудамж хаягт байрлах Могул таун хотхоны 98-р байрны 901 тоот, 132.22 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 1А-05 тоот автомашины зогсоолыг захиалгаар барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Дээрх гэрээний дагуу “Мс” ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд орон сууцыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа оршин сууж байгаа билээ.
Харин Улаанбаатар хотын банк буюу одоогоор Ххб /цаашид “Банк” гэх/-тай “Мс” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ0001/110727 дугаар Зээлийн гэрээ байгуулж, Банкнаас нийт 3,476,493,640 төгрөг зээлсэн.
Үүнээс 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 1,657,814,388 төгрөг, хүүнд 1,257,912,422 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 158,730,290 төгрөг, нийт 2,876,457,120 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлчихсөн байсан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Мс” ХХК-нас 2,055,460,140 төгрөгийг гаргуулж, Банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг 4010 шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2015 онд 2 ширхэг орон сууц болон 1 автомашины зогсоолыг 198,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,818,679,251.94 төгрөг болсон.
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Банк, “Мс” ХХК, захиалагч нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гурвалсан гэрээгээр нийт 839,760,000 төгрөг төлөгдсөн.
Ийнхүү нийт 3,476,493,640 төгрөг зээлснээс өнөөдрийн байдлаар “Мс” ХХК нь нийт 3,914,217,120 төгрөг төлж, 978,919,251 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0002/111124 дугаар Зээлийн барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар Зайсан гудамж хаягт байрлах Могул таун хотхоны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох 98-р байр болон ГГ95, ГГ97 блок автомашины зогсоолыг барьцаалж байсан.
Өнөөдрийн байдлаар дээрх дуусаагүй барилга, зогсоолууд нь бүгд баригдаж дууссан, ашиглалтад орсон бөгөөд нийг 93 айлын орон сууц /98-р байр/, 197 ширхэг автомашины зогсоол /1А-н зогсоол 31 ширхэг, ГГ95-н зогсоол 98 ширхэг, ГГ95-н зогсоол 68 ширхэг/, 31 ширхэг агуулахтай болсон.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болохоор заасан бөгөөд энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэхээр зохицуулсан.
Гэвч 98-р байр нь 100 хувь баригдаж дууссан боловч дууссан барилгын гэрчилгээ “Мс” ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй буюу өөрөөр хэлбэл, үлдэх 70 хувийн өмчлөх эрх баталгаажаагүй, зөвхөн 30 хувийн дуусаагүй барилгын гэрчилгээтэй хэвээр байгаа тул Убег нь барьцаагаар хангагдах шаардлага үүсээгүй үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаа бүртгэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх боломжтой байна.
Иймд нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрхийг баталгаажуулахгүй байгаа Убегын эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.
Жич: Миний бие тус хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Ххб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун хотхоны 98 буюу 1а байрны 901 тоот орон сууц Мс ХХК-аас тус банктай 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Улаанбаатар хотын банкны барьцааны үл хөдлөх хөрөнгөд хамаарч байгаа. Мс ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотын банканд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг банканд огт мэдэгдэхгүйгээр 4010 шийдвэрт тусгасан байсан орон сууцыг худалдан борлуулсан байсан. Улаанбаатар хотын банкны зүгээс Мс ХХК-тай зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн.Түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгөд барьцаалсан байдаг. Мс ХХК нь хугацаанд төлбөрөө төлөөгүй учир дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 дугаар шүүхээс 2013 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 4010 дугаар шийдвэрээр Мс ХХК-иас 2 тэрбум 55 сая 461,40 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банканд олгуулж хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могултаун хотхоны Зайсангийн 98 дугаар байр болон зогсоолуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4516 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 485 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15/2109 дугаартай гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргах тухай гэрээнүүд тус тус байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Улаанбаатар хотын банкны тухайд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны үйл ажиллагааг зогсоож дээрх үүрэг хариуцлагыг Ххбанд шилжүүлж нэгтгэсэн. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Убегын 6/8053 тоот гэж Ххбны гүйцэтгэх захирал н.Орхон танаа гэсэн бичгээр тодорхойлж байгаа. Нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлага буюу бүртгэхгүй байгаа асуудал нь Эд хөрөнгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэгээ эрх хязгаарын хүрээнд хамаарч бүртгэхээс татгалзаж байгаа. Эд хөрөнгийн эрхийн тухай хуулийн 30.1.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан бол бүртгэлийг хийхээс татгалзах заалт хамаарч байгаа учраас бүртгэхээс татгалзсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн Мс ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ өөрөө Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулж байдаг. 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үйлчлэх учраас энэ хүнд өмчлөх эрх үүссэн гэх үндэслэл байхгүй байна.
Иргэний хуулийн 69-д зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авах захирамжийг дурдаад байна. Тус захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2-т зааснаар УДШ-ийн журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байдаг. Үүнээс цааш шийдвэрлэгдсэн учраас 4010 шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж гарсан. Улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хуулийн дагуу хийгдэж байгаа.
... Нэхэмжлэлийн шаардлагад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могултаун хотхоны ар Зайсангийн 98-1а байрны тоотуудыг тусгайлан заасан байгаа. Манай барьцааны гэрээ бүртгүүлснээс хойш орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг бид нар нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байгаагүй. 4010 дугаар шийдвэр дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн зүйл байхгүй ... иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь Убегт холбогдуулан “Убегын Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлүүд хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот 132,2мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1-А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Эын өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Убегт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 тоот 3564мкв талбайтай 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь анх “Мс” ХХК-ийн өмчлөлд, аялал жуулчлалын цогцолборын зориулалттайгаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэгджээ[1].
1А-05 тоот гэж дугаарлагдсан автозогсоол нь дээрх 98 дугаар байрны зоорийн давхарт байрлаж байгаа болох нь эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан давхрын байгуулалтын зургаар тогтоогдож[2] байх ба А.Эоос гаргасан мэдүүлэгт бичигдсэн 901 тоот орон сууц болон 1А-05 тоот автозогсоол нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэгдсэн 3564мкв талбайд хамаарч байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
“Мс” ХХК нь дээрх 3564мкв талбай бүхий дуусаагүй барилгыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт Улаанбаатар хотын банктай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн ЗГ0001/110727 тоот зээлийн, ЗБГ0001/110727 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсныг мөн сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна[3].
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот 132,2мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1А-05 тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр А.Эоос 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдөр гаргасан мэдүүлгүүдийг улсын бүртгэгч Х.У болон Г.Г нараас “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр ...захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Улаанбаатар хотын банктай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна, нэгж талбарын дугаар тусгасан газрын кадастрын зураг хавсаргах, мэдүүлэг, албан бичиг, захиалгын гэрээнд автозогсоолын м2 тусгах” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ[4].
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- Намайг “Мс” ХХК-тай захиалгын гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд бүртгэгдээгүй байсан, барьцааны гэрээ бүртгүүлэх үед надад мэдэгдээгүй,
- Барьцааны бүртгэл хийгдэхээс өмнө захиалгын гэрээ байгуулагдсан байхад сүүлд байгуулагдсан барьцааны гэрээний бүртгэлийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус,
- барьцаалагч нь надаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй бөгөөд миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байхад надаас нэмэлт төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй,
- Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны зүйлд миний захиалгаар бариулсан 901 тоот орон сууц болон 1А-05 тоот автозогсоол байхгүй,
- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6408 дугаартай захирамжаар “Мс” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр заасан байхад захиргааны байгууллага бүхэлд нь битүүмжилж, улмаар бүртгэл хийхээс татгалзаж байгаа нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрх бүхий этгээдийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн, мөн банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа тул бүртгэхээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
А.Эоос урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд Убегын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7/6129 албан бичгээр “... холбогдох нотлох баримтыг хавсарган Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлгээр хандан бүртгүүлнэ үү” гэсэн хариу өгчээ[5].
Харин нэхэмжлэгч нь “...2020 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр анх шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй, нэмэгдүүлэхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэнээс үзвэл, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Гэвч А.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2017 оноос хойш удаа дараа захиргааны байгууллагад хандаж эд хөрөнгийн эрхийн мэдүүлгүүдийг гаргаж байсан[6] байх ба захиргааны байгууллагаас тухай бүрд нь “эрх бүхий этгээдийн шийдвэрээр бүртгэлд хөдөлгөөн хийхийг хязгаарласан, Улаанбаатар хотын банкны барьцааны гэрээ бүртгэлтэй” гэх ижил агуулгаар татгалзаж байсан байх тул шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэснийг тэмдэглэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:
- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун/17025/ ар зайсангийн гудамж 98 тоотод байрлах ГД:000151030, УБД:Ү-2206018350 эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн дугаартай, 3564мкв талбайтай, 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ болон ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт...” барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн[7],
- Дээрх захирамжийн дагуу “...эд хөрөнгийн эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлүүлэх”-ийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн[8],
- Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1155 тоот албан бичгээр “... дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн” болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хариу мэдэгдсэн[9],
- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр ““Мс” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулж, “Улаанбаатар хотын банк”-нд олгох”-оор шийдвэрлэж, шийдвэрийн 3 дахь заалтаар “...хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 17025 Ар зайсангийн 98 тоот барилга ... зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 485 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдсон[10] нөхцөл байдлууд тогтоогдов.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.1-т “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, 29.1.2-т “Иргэний хуулийн 185.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй” гэж тус тус заасан нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хориглолтыг бий болгосон байх ба хориглосон нөхцөл байгаа тохиолдолд бүртгэхээс татгалзахыг улсын бүртгэлийн байгууллагад үүрэг болгосон агуулгатай байна.
Мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд 30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд тусгай тэмдэглэгээ хийхээр, 30.5-д тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгохоор зохицуулжээ.
Дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2015 оны 485 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх бөгөөд гуравдагч этгээд “Ххб” ХХК-иас маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрөөгүй болох нь нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн шүүхэд гаргасан тайлбар болон Улаанбаатар хотын банкны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3з/494 тоот албан бичгээр “...орон сууц, автозогсоолын зөрүү төлбөрийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх ажиллагаа явагдаж байна”[11] гэж мэдэгдсэнээр тогтоогдов.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн авч үзвэл, хариуцагч нь А.Эын гаргасан мэдүүлгийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 1А-05 тоот автозогсоолыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд А.Эын өмчлөлд бүртгэхээс татгалзсан нь хуулиар тогтоосон хориглолтын хүрээнд, мөн хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлж гарсан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр болжээ.
Учир нь хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага тул хуулиар тогтоосон хориглолтыг зөрчин А.Эын гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийх эрхгүй.
Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нь улсын бүртгэгчийн үүрэг байх”-аар нарийвчлан зохицуулсан байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот орон сууц, 1А-05 тоот автозогсоолыг эрхийг А.Эын өмчлөлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгч Х.У болон Г.Г нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн мэдэгдлүүд нь хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж гарсан шийдвэрүүд гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн, уг тэмдэглэлийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй, барьцаалагчаас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь тухайн эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ “хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй” хэмээн тайлбарлан маргах боловч маргааны тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт хэрэгжсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчим нь захиргааны байгууллагаас түүнд хуулиар олгогдсон эрх хэмжээг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж буй байдлаар хэрэгжихээс гадна хариуцагч нь хуулиар хориглосон хориглолтыг зөрчихөөс татгалзаж, хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлснээр мөн илрэх боломжтой юм.
Хэрэвзээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр ...захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан, “Мс” ХХК болон “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ дуусгавар болсон/хүчин төгөлдөр бусад тооцогдсон, эсхүл талууд дуусгавар болгосон/, А.Эоос нэгж талбарын дугаар тусгасан газрын кадастрын зураг, мэдүүлэг, албан бичиг, захиалгын гэрээнд автозогсоолын м2 зэргийг тусгаж мэдүүлгийг дахин гаргасан үед маргаан бүхий мэдэгдлүүд гарсан байсан бол захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ.
Харин маргааны тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилаагүй, түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй/түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан этгээдийн өөрийнх нь болон шүүхийн/, барьцааны гэрээ дуусгавар болоогүй бөгөөд барьцаалагч зөвшөөрөл өгөөгүй байх тул А.Эын мэдүүлгээр бүртгэл хийхээс татгалзсан нь хариуцагчаас захиргааны үйл ажиллагааг хуульд үндэслэн хэрэгжүүлэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар “...барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, “Захиран зарцуулах эрхийг түдгэлүүлэх” тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичиг нь мөн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх агуулгатай байхад Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1153 тоот албан бичгээр эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг бүхэлд нь түдгэлзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1153 тоот албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь “Барьцаанд байгаа асуудал бол улсын бүртгэлийн газрын эрх түдгэлзүүлж хариу хүргүүлэх тухай албан бичгээр түдгэлзүүлсэн. Үүнээс болж татгалзсан хариу гараад байна” гэж тайлбарлах атлаа уг албан бичигт дурьдсан “3 тооны обьектийн захиран зарцуулах эрхийг бүхэлд нь түдгэлзүүлсэн” шийдвэртэй маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд удаа дараа илэрхийлсэн.
Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн “...үндэслэлгүй шийдвэрийг үндэслэж бүртгэл хийхээс татгалзсан, ... хариуцагч зориуд 1153 тоот албан бичгээр эрх түдгэлзүүлж хариу хүргүүлэх тухай албан бичгээр 98 дугаар байрыг бүхэлд нь барьцаалсан шийдвэр гаргасан явдалд бүртгэл үнэн зөв байх тухайн үеийн 2003 оны хуулийн зарчимд нийцээгүй, ...“Мс” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр заасан байхад захиргааны байгууллага бүхэлд нь битүүмжилж, улмаар бүртгэл хийхээс татгалзаж байгаа нь хууль бус” гэсэн тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн үнийн дүнг бид тодорхойлох боломжгүй” гэсэн тайлбаруудад дүгнэлт хийх үндэслэлгүйн дээр энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх тайлбараа “миний нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болохоос шаардлага биш” хэмээн тайлбарласан, мөн хариуцагчаас А.Эын эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нэг үндэслэл нь ““Мс” ХХК-ийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг бүхэлд нь түдгэлзүүлсэн шийдвэр мөн боловч энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй “А.Эын эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр”-ээс өөр цаг хугацаанд, өөр үндэслэлээр гарсан, эрх зүйн тодорхой үр дагаварыг үүсгэсэн бие даасан захиргааны акт байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасан журмын дагуу А.Эоос гомдол болон нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.
Түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэрээр “Мс” ХХК-ийн зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэг үндэслэлээ “Барьцааны бүртгэл хийгдэхээс өмнө захиалгын гэрээ байгуулагдсан байхад сүүлд байгуулагдсан барьцааны гэрээний бүртгэлийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж маргах боловч “Мс” ХХК болон “Улаанбаатар хотын банк”-тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн ЗБГ0001/110727 барьцааны гэрээ[12] болон уг барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл[13] хүчин төгөлдөр хэвээрээ байна.
Гуравдагч этгээд “Ххб” ХХК-иас маргаж буй эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх талаарх зөвшөөрөл олгоогүй байна.
Энэ тохиолдолд тул маргаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Эын өмчлөлд бүртгэх нь дээр дурьдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад заасан бүртгэхээс татгалзах үндэслэл болох тул энэ үндэслэлээр маргаан бүхий мэдэгдлүүдийг хууль бус гэж үзэх боломжгүйн дээр нэхэмжлэгчээс дээрх барьцааны гэрээний бүртгэлтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн “үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээ байгуулсны дараа гуравдагч этгээдүүдийн барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль бус” гэх үндэслэлд шүүх дүгнэлт хийх боломжгүй.
Мөн нэхэмжлэгчээс “Барьцааны бүртгэл хийгдэхээс өмнө захиалгын гэрээ байгуулагдсан байхад сүүлд байгуулагдсан барьцааны гэрээний бүртгэлийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус” хэмээн тайлбарлан маргах боловч Ү-2206018350 дугаартай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт А.Эын “өмнө нь байгуулсан” гэх захиалгын гэрээ авагдаагүй, нэхэмжлэгч нь уг гэрээг байгуулсан талаараа улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн эсэх тухай нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмнө нь захиалгын гэрээ байгуулсан эсэхийг бид мэдэх боломжгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг хүлээн авахуйц байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь “барьцааны гэрээг бүртгүүлэх үед надад мэдэгдээгүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцож болох гэрээ юм, барьцаалагч нь надаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй бөгөөд миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байхад надаас нэмэлт төлбөр шаардаж байгаа нь хууль бус, Улаанбаатар хотын банк огт хамааралгүй надаас мөнгө нэхэж байгаа нь хууль бус, Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцааны зүйлд миний захиалгаар бариулсан 901 тоот орон сууц болон 1А-05 тоот автозогсоол байхгүй” гэх зэргээр маргах боловч эдгээр нь хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй, гуравдагч этгээдүүдийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралтай байх тул захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.
Нэхэмжлэгч нь өөрийн захиалгын гэрээ бүхий эд хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад барьцаалсан болон үндэслэлгүйгээр илүү төлбөр шаардсан, түүнчлэн барьцааны зүйлд хамаарахгүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа нь хууль бус гэж үзвэл, буруутай этгээдүүдэд холбогдуулж гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл, Убегын Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлүүд хууль бус болох нь тогтоогдохгүйн дээр А.Э нь эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж захиргааны байгууллагад хүргүүлэхээр хуульд заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлж өгөөгүйгээс тухайн эрхийг улсын бүртгэлд бүртгэх талаарх захиргааны байгууллагын үүрэг үүсээгүй байх тул “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот 132,2мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1-А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Эын өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Убегт даалгах” тухай нэхэмжлэлийг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2-т заасныг тус тус баримтлан А.Эоос Убегт холбогдуулан гаргасан “Убегын Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Х.У, Г.Г нарын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлүүд хууль бус болох нь тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 901 тоот 132,2мкв 4 өрөө орон сууц болон тус орон сууцны дор байрлах 1-А-05 тоот автомашины зогсоолыг тус тус А.Эын өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Убегт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1][1] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь талд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь талд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх талд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь талд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь талд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 247-249 дэх талд
-[7] 1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх талд
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх талд
[9] 2 дугаар хавтаст хэргийн 33 дахь талд
[10] 2 дугаар хавтаст хэргийн 24-31 дэх талд
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь талд
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 170-172 дахь талд
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 151-153 дахь талд