Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0267

 

А.Аийн гомдолтой захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч А.А Гомдол гаргагч: А.А Хариуцагч: БӨАТГ-ын татварын улсын байцаагч нар Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах тухай” Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0011 дүгээр шийдвэртэй Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч татварын улсын байцаагч М.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр Хэргийн индекс: 110/2024/0003/З ТОДОРХОЙЛОХ нь: 1. Гомдол гаргагч А.Аээс БӨАТГ-ын татварын улсын байцаагчид холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах”-аар маргасан байна. 2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0011 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан А.Аээс БӨАТГ-ын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 3. Давж заалдах гомдлын агуулга: А.А миний бие БӨАТГ-ын татварын улсын байцаагчид холбогдох "Татварын улсын байцаагчийн 2024.01.12-ны өдрийн 0043641 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах" тухай гомдлыг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ. 3.1. Тус шүүхийн 2024.03.07-ны өдрийн 110/ШШ2024/0011 дугаартай шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд миний бие бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс хариуцагч байгууллагын алдаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмаар үнэлэн авч хэлэлцсэнгүй. Тодруулбал, татварын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д "онцгой албан татвар, тэмдэгтийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, худалдсан...." гэдэг үндэслэлээр торгосон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар худалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс худалдсан хэмээн зөрчлийн шийтгэлийг хэвээр үлдээсэн нь Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Харин өөрийн үйл ажиллагаа явуулдаг "Думан паб" үйлчилгээний газарт санаандгүй байдлаар байршуулсныг худалдсан гэж байгаа нь бодит байдалд нийцээгүй. "Худалдсан" гэх хуулийн нэр томьёо нь иргэн, байгууллагад үйлчлэх, худалдах, тодорхой мөнгөн хөрөнгө олж авсан хууль бус үйлдэл байх ёстой юм. Ийм зүйл нэг ч удаа болоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн бэлгэд ирсэн коньяк-ийг худалдсан хэмээн дүгнэж байгаа нь миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. 3.2. Мөн тухайн шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй бөгөөд шийтгэлийн хуудасны огноог буруу бичсэн, шийтгэлийн хуудас гарсны дараа Б.А гэрчийн мэдүүлэг асуусан, Х.С гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, нотлох баримтад үзлэгийг 2024.01.15-ны өдөр буюу шийтгэлийн хуудас гарсны дараа хийсэн, хурааж авсан эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлоогүй байхад шийтгэлийн хуудас үйлдсэн, хураан авсан эд хөрөнгийг хэрхсэн талаар баримтыг шүүхэд өгөөгүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр зөрчилд дурдсан баримтуудыг бүрэн бүрдүүлсний дараа худалдсан үйл баримт байгаа эсэхийг тогтоож, шийтгэлийн хуудас оногдуулах ёстой байтал энэ үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй байж дураараа шийтгэлийн хуудас оногдуулсан болох нь тодорхой байна. Үүнээс үзвэл, татварын байцаагч онцгой албан татвар төлөөгүй гэх коньякийн эзний худалдах зорилго байсан эсэх, худалдах тодорхой үйлдэл хийсэн эсэх, татваргүй согтууруулах ундааг бодитоор худалдаж, үйлчилгээ үзүүлсэн эсэхийг бодитой үнэлэлт өгөхгүйгээр анхнаасаа шийтгэлийн хуудас оногдуулах зорилготой байжээ. 3.3. Уг согтууруулах ундаагаар манай “Д” паб нь үйлчилгээ үзүүлдэггүй болохыг манай үйлчилгээний газрын "Мепи"-г нотлох баримтаар гаргаж өгсөн, тухайн коньякийг О.Ө гэх ажилтан манай үйлчилгээний газарт андуурч тавьсныг засвар хийж байсан Б.А гэх хүн манай хураасан барааг түр тавьдаг лангуунд тавьсан болохыг гэрчээр мэдүүлсэн ба эдгээр баримтуудаар анхнаасаа худалдах зорилго агуулагдаагүй болох нь тодорхой байгаа юм. Харин С.Н, А.М нар нь Казахстан улсаас ирэхдээ бэлэг болгон өгсөн болох нь тодорхой байхад эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байж зөрчил үйлдсэн гэж байгаа нь яавч хуульд нийцэхгүй байна. 3.4. Дээр дурдсанаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа алдаатай, дутуу гүйцэтгэгдсэн, түүнчлэн, худалдсан гэдгийг тогтоосон нотлох баримт, зүйл байхгүй байхад худалдсан хэмээсэн, худалдах зорилго агуулаагүй талаарх гэрчийн мэдүүлэг, нотлох баримт байхад зохих ёсоор үнэлэлгүйгээр шүүхээс шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2, 4.1- д заасан шаардлыг хангахгүй байна. Иймд, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.07-ны өдрийн 110/ШШ2024/0011 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Татварын улсын байцаагчийн 2024.01.12-ны өдрийн 0043641 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах" шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 2. Шүүх гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд: 2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар А.Аийн “Д” паб нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 2.2. Анхан шатны шүүхээс “... гомдол гаргагчаас уг бараа нь онцгой албан татварын тэмдэггүй коньяк байсан гэдэгт маргаагүй, ...тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан гэж үзэх зөрчил гаргасан нь цагдаа Х.С гэрчийн мэдүүлэг, зөрчлийн талаарх дуу, дүрсний бичлэгт хийсэн хариуцагч татварын улсын байцаагчийн тэмдэглэлээс гадна бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны огноог “2022 он” гэж буруу бичсэн, хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлахгүйгээр цагдаагийн албан хаагч Х.С мэдүүлэг авсан, зөрчлийн хэрэг бүртгэлт дууссаны дараа гэрчээр Б.А асуусан, зөрчлийн талаарх дүрс, дууны бичлэгт үзлэг хийсэн буруутай үйл ажиллагаа нь гомдол гаргагчийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан зөрчил гаргаагүй гэж үзэх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 2.3. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна. 2.4. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй согтууруулах ундааг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. 2.5. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тэмдэггүй согтууруулах ундааг зөвхөн худалдсан эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар уг заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй тул энэ талаарх гомдол гаргагчийн гаргасан “Думан паб” үйлчилгээний газарт санаандгүй байдлаар байршуулсныг худалдсан гэж байгаа нь бодит байдалд нийцээгүй гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй. 2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/085 дугаартай захирамжаар гомдол гаргагч А.Аийн эрхэлж үйл ажиллагаа явуулдаг “Думан паб” үйлчилгээний газрын спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгасан байх ба тус үйлчилгээний газрын нийтэд үйлчлэх лангуун дээр “Казакстан” гэсэн хаягтай, онцгой албан татварын тэмдэггүй, 0.5 литрээр савлагдсан 7 ширхэг коньякийг худалдан борлуулах зорилгоор нийтэд харагдахуйц байдлаар өрж байршуулсан байсан болох нь цагдаагийн албан хаагчийн үйлдсэн дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, СD, фото зураг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул гомдол гаргагчаас дээрх үйл баримттай холбогдуулан “...7 шил коньякийг бэлэг болгон өгсөн, манай ажилтан үйлчилгээний газарт андуурч тавьсан...” гэх гомдол үндэслэлгүй, хариуцагч улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна. 2.7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2024/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ