Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Т.Пт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Пт холбогдох эрүүгийн 2224 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....... оны ....... аймгийн ..... суманд төрсөн, настай, .........., ............. боловсролтой,  мэргэжилтэй, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт ......... аймгийн ........... сумын .............. багт оршин суух хаягтай, Т.П  /регистрийн дугаар: ИИ/  нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг Нөмрөгийн арын “Жаргалантын ам” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 5,73 метр куб нойтон модыг бэлтгэж, тээвэрлэж сумын ойн санд 3,810,363 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Иргэний нэхэмжлэгч Ч.Ш-н “...Тухайн иргэний ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Түдэвтэй сум дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан 3.810.363 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

Гэрч Г.Гийн “... Намайг Түдэвтэй суманд байхгүй Улаанбаатар хотод байхад хугацаанд Нөмрөг суманд  байх Нүхэн хадны 1-103 тоотод байрлах манай Ариун майхан толгой ХХК-ны зүсвэрийн хашаанд 2022 оны 06 дугаар сарын 22, 23-ны үед Т.П нь хэрэглээний 2 метрийн урттай шинэс төрлийн 53 ширхэг нойтон модыг зүсүүлэхээр буулгасан байсныг би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд мэдсэн юм. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Т.Птой уулзаад чи манай хашаанд 53 ширхэг 2 метрийн урттай нойтон моднууд буулгасан байна чиний модонд мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэж асуухад байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би тэр үед Т.Пт би гоожингүй мод зүсэхгүй гэж хэлсэн юм. Уг нь Т.П 2022 оны 06 дугаар сарын 10-дын үеэр надтай уулзаад 2 метрийн хэдэн мод ойгоос бэлтгэж зүсүүлж банз болгож хашаагаа засаж янзалмаар байна гэж хэлэхээр нь би тэр үед Т.Пт мод бэлтгэх эрхийн бичигтэй бол мод зүсээд өгөхөд яахав дээ гэж хэлж байсан юм. Тэгсэн Т.П намайг байхгүй хойгуур манай хашаанд ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн дээрх 53 ширхэг модыг буулгасан байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р тал/

Гэрч Б.Т-н “...Манай хүүхэд Т.П надаас 2022 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдөр намайг мод ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Би тэр үед зөвшөөрөөд хүүгийнхээ хамт Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг “Нөмрөгийн арын ам” гэх газраас хүүдийнхээ Бонго-3 маркийн ЗАА улсын дугаартай автомашинд ачилцаж байсан юм. Тухайн моднуудыг миний хүүхэд Т.П Түдэвтэй сумын төв рүү тээвэрлээд явж байсан юм. Тухайн моднууд нь 2 метрийн урттай, шинэс төрлийн чийгтэй нойтон моднууд байсан юм. Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ манай хүүхэд Т.П ганцаараа 2022 оны 06 дугаар сарын 20, 21-ний үед бэлтгэсэн гэж надад хэлсэн юм... Тэр үед би хүүхдээсээ гоожин байгаа юу гэхэд байгаа гэж хэлсэн. Би тэр үед эрхийн бичгийг газар дээр үзэж шалгаагүй. Миний зүгээс өөрийн хүүхэд Т.Пын дээрх моднуудыг мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бэлтгэсэн байсныг сүүлд нь 2022 оны 06 дугаар сарын 25, 26-ны үед мэдсэн юм. Тухайн үед би хүүхдээ Нөмрөг сумын төв рүү ороод байгаль хамгаалагч Ц.Бтай уулзаад эрхийн бичиг авах гэтэл иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байгаа гэж хэлсэн юм. Тэгээд миний хүүхэд Т.П ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/

Гэрч Ц.Бн “...Иргэн Т.П нь өөрийн эцэг Б.Тын хамт 2022 оны 06 дугаар сарын 25, 26-ны үед Нөмрөг сумын төвд манай ажлын өрөөнд орж ирээд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг өгөөч гэхээр нь хуурайшилт зарласан иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байгаа гэж хэлээд би бичиж өгөөгүй юм...Мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ойгоос мод бэлтгэж болохгүй, хэрэв эрхийн бичиггүй мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж Ойн тухай хуулиар зохицуулсан байгаа. Тухайн газар нь сумын ойн санд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/

Яллагдагч Т.Пын “...Би Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг Нөмрөгийн арын “Жаргалантын ам” гэх газрын ойгоос 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд шинэс төрлийн, 2 метрийн урттай 53 ширхэг бөөрөнхий модыг ганцаараа бэлтгэсэн юм. Би ойгоос бэлтгэсэн дээрх моднуудаа өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн ЗАА улсын дугаартай автомашинаар Түдэвтэй сум руу 2022 оны 06 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд тээвэрлээд Цорго багийн нутаг дэвсгэрт Нүхэн хадны 1-103 тоотод байрлах Н.Г гэх хүний хөрөө рамны зүсвэрийн хашаанд буулгасан юм. Би нийт 7 босоо мод унагааж 2 метрийн урттай 53 ширхэг бөөрөнхий мод болгож бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 08-09тал/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 20-23-ны өдрийн 79 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь дан шинэс төрлийн нойтон мод бөгөөд тухайн ойн сан нь болц гүйцсэн ой байна. Иргэн Т.Пын ойгоос бэлгэсэн мод нийт 5,73 метр куб байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд тэгш шулуун яр багатай зэрэг нь хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. Тухайн моднуудыг 2022 оны 06 дугаар сард бэлтгэсэн байх магадлалтай. Мод бэлтгэсэн газар болох Нөмрөгийн арын “Жаргалантын ам” гэх газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар муж дахь нэг шоо метр нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн модонд шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээ /нийт/ 369436 төгрөг, хэрэглээний нойтон модны итгэлцүүр 1-8. Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг Нөмрөгийн арын “Жаргалантын ам” гэх газрын ойгоос бэлгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 369436x5.73x1.8=3,810,363 төгрөг байна. Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ босоо модноос бэлтгэсэн байна. Ойн тухай хуулийн 35.4 дүгээрт /хууль бус/ зааснаар 35.4.1, 35.4.2 зөрчсөн байна. Иргэн хүн мод бэлтгэхдээ зөвхөн Ойн тухай хуулийн 35.2-т заасны дагуу /ойн цэвэрлэгээ хийх/ унангиас бэлтгэж болно. Мөн Ойн тухай хуулийн 35.3 дахь заалтыг зөрчсөн. Мод бэлтгэсэн газар Нөмрөгийн арын “Жаргалантын ам” гэх газрын солбилцол N48.58.59.8-E096.52.12.0, N48.59.02.6-E096.52.11.7, N48.59.03.9-E096.52.04.8 байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 58хуудас/,

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “...Т.П нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн 5,73 м3 хэрэглээний модонд тавигдсан ойн ангийн шинжээч Э.Дарамсэнгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 01-рт тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг 1,810,363 төгрөгийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг үндэслэн 11,431,089 төгрөгийн нөхөн төлбөр тавив. Т.Пын нөхөн төлбөр 11,431,089 төгрөгийг 100090900988 дугаарын төрийн сангийн дансанд тушааж, тасалбарын нэг хувийг БОХ-ын улсын байцаагчийг түр орлон гүйцэтгэгчид өгөхийг мэдэгдье...” гэсэн улсын байцаагчийн акт,

Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний “Хурд-Од” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №155 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын байдлаар 53 ширхэг 2 метрийн урттай шинэс төрлийн мод, хятад улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн моторт хөрөө, Бонго-3 маркийн 17-54 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 3,421,000 /гурван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 71-74-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөн өдрийн “...2 метрийн урттай 53 ширхэг, нойтон мод...” зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 17-21-р тал/,

Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаартай “...Тус багийн харъяат иргэн Т.П нь 2021 оны жилийн эцсээр мал тоолуулаагүй нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /ХХ-ийн 31-р тал/,

ЗАА улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

Гэрч Д.Б-н “...Т.Пын тухайд өөрийн нэр дээр мал ахуй тоолуулаагүй, ам бүл ганцаараа гэж явдаг. Гэхдээ өрх тусгаарлаж гараагүй, ээж, аав нь Завхан аймгийн Түдэвтэй суманд ажиллаж амьдардаг. Амьдралын түвшин боломжийн айл байгаа юм. Би түүнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гэж сонсож байгаагүй. Намайг багийн даргаар сонгогдсоноос хойш гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 52-53-р тал/,

Гэрч Н.Д-н “...Т.Пын тухайд аав, ээжийнхээ хамт амьдардаг, амьдралын түвшин боломжийн айл байгаа юм. Т.П айлын ганц хүүхэд, түүний аав нь хамт мал малладаг, харин ээж нь Түдэвтэй сумын хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Би түүнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй байх. Ер нь их томоотой залуу, манай нутгийн хүмүүс түүнд их ам сайтай байдаг юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 54-55-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Ш, шүүгдэгч Т.П нарын эвлэрсэн талаар баталгаа гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /ХХ-ийн 82-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 12-16-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.

            Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь  иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг иргэн, хуулийн этгээдэд хуулиар үүрэг болгосон байна.

Өөрөөр хэлбэл Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг Нөмрөгийн арын “Жаргалантын ам” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 5,73 метр куб нойтон модыг бэлтгэж, тээвэрлэж сумын ойн санд 3,810,363 төгрөгийн хохирол үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Шүүгдэгч Т.Пын хууль бусаар мод бэлтгэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

           

 Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 3,810,363 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 3,810,363 төгрөг гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн Т.Пын ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 3,810,363 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,431,089 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 11,431,089 төгрөгийг шүүгдэгч Т.П нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төрийн сан, Татварын бус орлого гэсэн 100090455405 тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч нь Завхан аймгийн Нөмрөг сумын, Торгуулийн орлого гэсэн 1000090900988 тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн байх тул Завхан аймгийн Нөмрөг сумын, Торгуулийн орлого гэсэн 1000090900988 тоот дансанд төлсөн 11,431,089  төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Пын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 5,73 метр куб хэрэглээний хуурай шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, цахилгаан хөрөө болон Т.Пын эзэмшлийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Пыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 5,73 метр куб эзэлхүүнтэй 53 ширхэг мод, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож, үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

7. Шүүгдэгч Т.П нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 11,431,089 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 11,431,089 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Нөмрөг сумын, Торгуулийн орлого гэсэн 1000090900988 тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 11,431,089 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын  тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.ОТГОНХИШИГ