| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0916/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/940 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/940
2022 06 20 2022/ШЦТ/940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Галзад овогт Готовын Нямдавааг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205 00694 1257 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 3 дугаар хороо нарны үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамжны 4 дүгээр байрны 214 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байр 214 тоотод оршин гэртээ байхдаа Б.Алтаншагайг Бүгд Найрамдах Солонгос улсын элчинд ажилладаг, виз найдвартай гэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 134 тоотод гэртээ байхад нь 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч *******гийн “...Би тухайн үед Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд ажиллаж байгаагүй. Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яамтай ямар нэгэн хамааралгүй юм. Миний бие иргэн Аптаншагайгийн визний мэдүүлгийг Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд мэдүүлсэн асуудал байхгүй бөгөөд бичиг баримт бүрдүүлсэн зүйлгүй. Би Аптаншагайгаас виз гаргаж өгнө гэж 10 сая төгрөг авсан. Тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ зарцуулаад дууссан. Хохирлыг 2 хувааж төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дугаар тал/,
Хохирогч Б.Алтаншагайгийн “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ын виз найдвартай гаргаж өгнө гэх Готовын Нямдаваа гэх залуугийн Хаан банкны 5007165040 тоот данс руу өөрийн Хаан банкны 5653084595 тоот данснаас 10 сая төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байр 4 дүгээр орц 134 тоот гэртээ байхдаа гар утасны интернет банк ашиглаж шилжүүлсэн юм. Тухайн Нямдаваа гэх хүнийг танил Очирбат гэх хүнээр дамжуулж танилцсан бөгөөд, найдвартай виз гаргаж өгч чадна гэж хэлж байсан. Нямдаваа гэх хүн нь нэг хүний 5 сая төгрөг болно, 12 сардаа багтаад виз нь гарчихна, би Элчин сайдын яаманд ажилладаг, виз найдвартай гаргаж өгнө, семинар, сургалттай холбоотойгоор гаргаж өгнө, семинар, сургалттай холбоотойгоор гаргаж өгнө гэж хэлж байсан учраас итгээд мөнгөө шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэл хугацаанд биз гараагүй бөгөөд сүүлдээ бүтэхгүй боллоо гэж хэлээд мөнгөө өгөхөөр болоод Нямдаваа 10 сая төгрөгийг 2 хувааж эхнэр Аззаяагийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Гэрч А.Аззаяагийн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр Аптаншагай бид хоёр виз найдвартай гаргаж өгдөг гэх Нямдаваа гэх залуутай ярилцаад түүгээр виз гаргуулахаар болсон. Тэгээд бид хоёр Нямдаваагийн данс руу 10 сая төгрөгийг визний материал бүрдүүлэлтийн мөнгө гэж шилжүүлсэн. Улмаар өнөөдрийг хүртэл хугацаанд виз гаргаж өгөөгүй бөгөөд сүүлдээ мөнгө авъя гэхэд өгнө гэж хэлээд 4 сар гаруй хугацаа өнгөрөхөд хохирлыг минь төлж барагдуулсан. Нөхөр бид 2-т хэлэхдээ материал бүрдүүлж байна гэж амаар л хэлж байсан бөгөөд сүүлд нь ямар ч материал бүрдүүлээгүй болох нь тодорхой болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,
Хохирогч Б.Алтаншагайн эзэмшлийн 5057239718 дугаартай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 38 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр байр 214 тоотод оршин гэртээ байхдаа Б.Алтаншагайг Бүгд Найрамдах Солонгос улсын элчинд ажилладаг, виз найдвартай гэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүнийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 134 тоотод гэртээ байхад нь 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******гий, хохирогч Б.Алтаншагай, гэрч А.Аззаяа нарын мэдүүлэг, хохирогч Б.Алтаншагайн эзэмшлийн 5057239718 дугаартай Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
*******гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан залилах”гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Алтаншагай нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 57 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ