Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/313

 

 

 

 

    2021            8                 31                                              2021/ШЦТ/313

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,

Шүүгдэгч Б.Д , Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-э Д , Б овогт Г-н Э нарт холбогдох эрүүгийн 2034005080591 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б овогт Б-нД , 1972 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 9-р хороо Дэнжийн 3-35 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Боржигон Галбадрахын Э , 1965 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12-р хороо, Булагын 17-798ж тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д , Г.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Д ийн өгсөн: Би арцыг хууль номыг нь мэдэлгүй түүсэн. Миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Э ын өгсөн: Би мөн адил хууль бус гэж мэдэлгүй түүсэн.

Шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Б.Д   /хх 8/, гэрч Г.Э /хх 10/, гэрч Б.Нарангэрэл /хх 41-42/, гэрч Д.Сондормаа /xx 43-44/, яллагдагч Г.Э /xx 65-66/, яллагдагч Б.Д  /xx 72-73/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунбаатар /xx 81-82/,

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /хх 17/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09/419 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 46-58/,

2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /хх 169-171/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 37-40/, яллагдагч Г.Э ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/, яллагдагч Б.Д ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 87/, шуудайтай арц, ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 88-91/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Э , Б.Д  нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Агаруутан төрлийн хуурамч хасаг арц зүйл ургамал түүж бэлтгэн, тээвэрлэж байгаль орчинд 3 615 750 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Д ийн өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн танил болох Г.Э нь намайг Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт байгалийн арц ургаж байгаа чиний машинд түлшийг нь хийгээд очоод хамт түүгээд хотод авчирч зарж мөнгө болгоё гэж хэлсэн.Тэгж болох юм уу, асуудалгүй биз дээ айгаад байна шүү гэсэн чинь зүгээрээ явчхаад ирье гээд байхаар нь аргагүй эрхэнд хамт явсан юм. Тэгээд Г.Э бид хоёр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн орой Төв аймгийн Лүн суманд манай эхнэрийн нэр дэр байдаг 6278 УНБ улсын дугаартай Мицүбүши RVR маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй очоод орой болсон тул арц түүх газраа олохгүй төөрөөд Лүн сумын төв дээр машин дотроо хоносон юм. Тэгээд маргааш нь өглөө босоод Г.Э ын зааснаар Лүн сумаас урд зүгт 20 км орчим яваад элс ихтэй нам доор газраас газарт ургасан байсан 20-40 см орчим өндөртэй арц гэх ургамлыг Г.Э бид хоёр 25 кг цагаан өнгийн гурилын шуудайгаар нийт 9 шуудай түүсэн. Тэгээд тухайн өдрийн орой буюу 2020 оны 6 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө Улаанбаатар хот руу 22-ын товчоогоор орж ирж байгаад цагдаад тээшээ шалгуулсан чинь хууль бусаар арц гэх ургамал тээвэрлэж явж байна гээд Цагдаагийн хэлтэс дээр авчирч миний авто машины бичиг баримт, түлхүүрийг хураан авсан. Би өмнө нь арц гэх ургамлын огт түүж байгаагүй бөгөөд хууль бус байдаг гэж огт мэдээгүй." гэх мэдүүлэг /хх 8/,

“Би хувиараа хөдөлмөр эрхэлж таксинд явж модны зах дээр мод хагалж мөнгө олдог. Тухайн үед унаж явсан 6278 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Д.Сондормаагийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд тухайн тээврийн хэрэгслээр би таксинд явдаг. Надад өөрт эд хөрөнгө байхгүй ч гэсэн ах, дүү, найз нөхдийнхөө тусламжийг аваад учруулсан хохирлоо төлчхөж болох байх гэж бодож байна. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм байдлаар арц түүж, хориотой ургамал, арц бэлтгэж түүж байхгүй болно. Г.Э бид 2 Лүн сумын нутгаас 25 кг-ийн шуудайтай будааны уутаар 9 шуудай арц түүсэн. Уутандаа бол нэг их чигжиж хийгээгүй. Миний бодлоор бол ойролцоогоор 5-10 кг байгаа байх. СХД-ийн цагдаагийн хэлтэст анх баригдаад очиж байхад байцаагч ойролцоогоор 20 орчим кг юм шиг байна гэж байсан. Яг намайг байлгаж байгаад бол жинлээгүй. Тиймээс Г.Э бид 2-ын түүсэн ууттай арцны жинг нарийн тогтоож өгөхийг хүсэж байна. Учир нь энэ хэрэгт хохирол төлөх гэхээр яг хэдэн төгрөгний хохирол төлөхөө мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /xx 72-73/,

Шүүгдэгч Г.Э ын өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-798ж тоотод жижиг монгол гэрт амьдардаг. Манай гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй бөгөөд би Дэнжийн 1000-ийн хажууд байрлах түлээний зах дээр мод хагалж аар саархан ажил хийж хоногийн хоолоо залгуулдаг. Тэгээд миний түлээний зах дээрх ажил маань 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш халуун болоод түлээ зарагдахгүй болчихсон учраас ажил зогсчихсон. Үүнээс үүдээд манай гэрийнхэн хоол ундгүй байгаад байсан учир би хөдөө явж арц гэх ургамал түүж худалдан мөнгө олох зорилгоор Төв аймгийн Лүн сумын нутаг явахаар өөр унаа машингүй болохоор өмнө хамт ажиллаж байгаад танилцаж байсан танил найз болох Б.Д ийг машинтайгаа хамт явчхаач гэж гуйгаад хамт явсан. Бид хоёр Б.Д ийн саарал өнгийн RVR гэх нэртэй авто машинд боломжийнхоо хэрээр түлш хийгээд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өглөө Лүн сумаас урд зүгт 20 км элс ихтэй газар ихээр ургасан байсан байгалийн ногоон өнгийн арц гэх ургамлаас 25 кг-ын гурилын  шуудайгаар 9 ширхэг шуудайнд түүж машиндаа ачиж аваад орой нь шууд хот руу гарсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 18-аас 19-ний шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан байхаа 22-ын товчоогоор орж ирэх үед цагдаа зогсоогоод бид хоёрын авч явж байсан арцыг шалгаад хууль бус арц ачиж явж байгаа юм байна гээд цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн юм. Би өмнө нь арц түүж байгаагүй бөгөөд мөнгө олох санаатай худалдаа үйлчилгээний газруудаар зардаг арцыг санаад хөдөөнөөс түүж хотод авч ирээд зарж мөнгө болж болох юм байна гэж бодоод түүсэн. Би нэг хүнээс ам дамжин сонссон бөгөөд Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс түүсэн. Яг юу гэдэг газар болох талаар нь мэдэхгүй байна. 25 кг-ын гурилын 9 ширхэг шуудайнд хийж түүсэн ойролцоогоор 150 кг орчим байгаа байх гэж бодож байна. Би арцыг түүхэд холбогдох газраас зөвшөөрөл авдаг талаар нь мэдээгүй. Би арцыг нэг л төрөл байдаг тэгээд түгээмэл байдаг ургамал гэж бодож байснаас ховор ургамал тэгээд хуулинд заагдсан гэмт хэрэг гэж огт мэдээгүй." гэх мэдүүлэг /хх 10/,

 “Би учруулсан хохирлоо Б.Д той хуваагаад төлж барагдуулах боломжтой гэж бодож байна. Б.Д  бид хоёр будааны 25-ийн уутаар 9 уут арц түүсэн. Анх баригдсаны дараа бол нарийн кг-ийг гаргаагүй. Машин дотроо л байж байсан. Тиймээс яг хэдэн кг арц түүсэн гэдгээ мэдэхгүй байна. Миний бодлоор нэг уутандаа 5-10 кг арц байгаа болов уу гэж бодож байна.” гэх мэдүүлэг  /xx 65-66/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чулуунбаатарын өгсөн: “Дээрхи ховор ургамлын жагсаалтад орсон Агаруутан төрлийн хуурамч хасаг арц зүйл ургамлын экологи эдийн засгийн одоогийн үнэлгээ нь 2015.7.09-ний өдрийн сайдын тушаалаар 1 кг нь 45 000 төгрөгөөр үнэлэгдэхээр заасан байдаг. Гэхдээ дээрхи төрлийн ургамалтай ижил, төстэй боловч нэн ховор, ховор ургамлын жагсаалтад ороогүй гадуур түүж бэлтгэхийг зөвшөөрсөн арц 1 кг нь 3500-4500 төгрөгийн хооронд зарагдаж байдаг. Дээрхи ургамлыг түүж авсны дараагаар дахин өөрөө байгаль дээрээ ургадаг. Ихэвчлэн элсэрхэг зөөлөн хөрстэй газарт, шигүү ширэнгэ үүсгэж ургадаг. Түүж бэлтгэхгүй байсан ч гэсэн хатаж унаад дахин байгальдаа ургадаг олон наст ургамал. Дээрхи хэрэгт учруулсан хохирлыг түүсэн арцны кг тус бүрийг нь 45 000 төгрөгөөр бодож экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулах хүсэлтэй байна. Өөрөөр бол ямар нэгэн гомдол санал алга байна. Дээрхи зөвшөөрөлгүй арц түүсэн иргэд нь нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулна биз дээ.” гэх мэдүүлэг /xx 81-82/,

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь агаруутан /cupressaceae gray 1822/ овгийн арцны /juniperus L6 1753/ төрөлд багтах Хуурамч хасаг арц /juniperus pseudosabina Fisch. & C.A. Mey.1841/ Fisch. & C.A. Mey. 1841/ гэх зүйл ургамал мөн. Тухайн зүйл ургамлыг ариутган анагаах зорилгоор ахуйн нөхцөлд ашигладаг. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай /1995/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг ургамлын зүйл орсон болно. Тухайн зүйл ургамал нь ургамал-газарзүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Монгол Алтай, Дундад халх, Говь Алтайн тойргуудад тархсан. Тухайн газраа шигүү ширэнгэ үүсгэн ургадаг. Уг зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн /БОНХАЖ-ын сайдын 2015-7-09 өдрийн А-282 тушаалын хавсралтаар/ одоогийн үнэлгээгээр 1 кг нь 45 000 төгрөг байна. Тухайн ургамал байгальд сэргэн ургах боломжтой. Түүж бэлтгэх зөвшөөрлийг БОАЖЯнаас олгодог.” гэжээ /хх 17/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09/419 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Д.Сондормаагийн өмчлөлийн ... УБНулсын дугаартай .. 0 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2020 оны 6-р сарын 18-ны

байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 448 800 төгрөг болно.” гэжээ /хх 46-58/,

2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Уг зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 1 кг нь 45 000 төгрөг гэж тогтоосон нь БОАЖЯ-ын сайдын 2015-7-09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтад заасан байна. Мөрдөгчийн тогтоолын 2, 3 дахь асуултад хариулах боломжгүй. Уг зүйл нь Монгол улсын Байгалийн ургамлын тухай (1995) хуулийн хавсралтын ховор ургамлын жагсаалтад багтсан болно.” гэжээ /хх 169-171/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 37-40/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 87/, шуудайтай арц, ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 88-91/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Д , Г.Э нарын зохих зөвшөөрөлгүй түүсэн хуурамч хасаг арц зүйл ургамал нь 1995 оны Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын ховор ургамлын жагсаалтад багтсан болох нь хавтаст хэргийн 169-р хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч нарын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Агаруутан төрлийн хуурамч хасаг арц зүйл ургамал түүж бэлтгэн, Д.Сондормаагийн эзэмшлийн 6278 УНБ улсын дугаартай Митсубиши маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэж байгаль орчинд 3 615 750 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал түүж, бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгийн үнийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн  7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна гэж зааснаар шүүгдэгч Б.Д , Г.Э нараас гэмт хэргийн улмаас ургамлын санд учруулсан 3 615 750 төгрөгийн /хх 17/ хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хохирлыг төлсөн болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д , Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нар анхнаасаа хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлдэг, хийсэн хэрэгтээ гэмшиж хохирлыг өөрсдийн санаачилгаар нөхөн төлсөн тул шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж, уг оногдуулсан ялыг 2021.7.02-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон

нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д , Г.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл ангиар тус бүр 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2034005080591 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 шуудай 80.35 кг арцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж,

... УБНулсын дугаартай .. 0 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 448 800 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулах, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч

нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн

22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б-э Д , Б овогт Г-н Э нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д , Г.Э нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Д , Г.Э нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Б.Д  Г.Э нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэднийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... УБНулсын дугаартай .. 0 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 448 800 төгрөгийг шүүгдэгч  нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6.Эрүүгийн 2034005080591 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 шуудай 80.35 кг арцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ... УБН улсын дугаартай   0 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д  Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ