Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 00573

 

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2018/00573

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум ** тоотод оршин суух, Я.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р  ХХК-д холбогдох засал чимэглэлчний ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 тушаал, засал чимэглэлчний ажлаас халсан гэх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцож Р  ХХК-ийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, Р  ХХК-иас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 4 537 830 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Я.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Я.О нь Р  ХХК-ийн хангамжийн ахлах инженерээр 2012 оны 8 сараас эхлэн ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс барилгын мэргэжлийн дагуу суралцах болсон тул хүсэлт гарган 3 сарын чөлөө авсан. Ингээд чөлөө маань 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дууссан тул мөн өдөр дахин хүсэлт гарган 2018 оны 03 дугаар сар 1 хүртэл чөлөөг сунгасан. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох гэсэн боловч компанийн захиргаа ажилд маань оруулахгүй миний оронд өөр хүн авсан байна. Намайг засал чимэглэлчинээр ажилла гэсэн шаардлага тавьж одоо болтол ажлыг маань хийлгэхгүй байна. Гэвч миний бие засал чимэглэлчинээр ажиллахгүй өөрийн хийж байсан ажилдаа орох хүсэлтэйгээ хэлсэн боловч зөвшөөрөхгүй байгаа болно. Ийнхүү ажилд маань оруулж хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажлыг маань хийлгэхгүй байгаа тул 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөрР ХХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан боловч компаниас Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэсэн хариу өглөө . Иймээс миний бие шүүхэд хандахаас өөр аргагүй болсон юм. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 28- ны өдөр Р ХХК-ийн захиргаанаас надад миний холбогдолтой бүх бичиг баримтыг гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл надад Компанийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тухай албан бичгийг өгсөн. Ингээд намайг санал болгосон ажилд ороогүй тул ажлаас хална тушаалыг чинь гаргаад араас чинь хүргүүлнэ гэлээ. Би 2017 оны 9 сард Б/192 дугаар тушаал гарсныг огт мэдээгүй ийм тушаал гарлаа гэж надад урьд нь огт танилцуулаагүй. Би энэ ажилд шилжих тухай өргөдөл хүсэлт ч гаргаагүй. 2018 оны 03 дугаар 01-ний өдөр чөлөөний хугацаагаа дуусгаад ажилдаа орох гээд ирэхэд л засал чимэглэлчнээр ажилла гэж шаардаад байхаар нь би хүлээн зөвшөөрөөгүй өөрийн ажлаа хийхийг хүссэн боловч хийлгээгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 дугаар тушаалыг яагаад гаргасныг ойлгохгүй байна. Би өөрөө ойлгохдоо хангамжийн ахлах инженерийн ажилдаа хэвээрээ байгаа Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй гэж л ойлгож байна. Би засал чимэглэлчний ажилд орно гэж тохиролцоогүй энэ ажил дээр хөдөлмөрийн гэрээ Харин Р  ХХК-ийн удирдлагууд өөрсдөө ажлыг маань өгч хийлгэхгүй байсан атлаа одоо ажлаас хална гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Р ХХК-ийн захирлын Я.О намайг засал чимэглэлчний ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны тушаал, засал чимэглэлчний ажлаас халсан гэх 2018 оны тушаалыг тус тус хүчингүйд тооцож Р  ХХК-ийн хангамжийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Р ХХК-иас миний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ялалт овогтой О ын 2018 оны 03 сарын 29 өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 26 өдөр гардан авч танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Я.О нь Р  ХХК-д 2013 оны 08 сарын 07 өдрөөс хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2017 оны 09 сарын 29 өдөр Барилгын инженер мэргэжлээр суралцах болсон тул сургалтын чөлөө олгож өгнө үү , Мөн албан тушаалыг минь тус компанийн 1 дүгээр хэсэг буюу Их барилгын хэсэгт шилжүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан. Үүний дагуу Гүйцэтгэх захирлаас 2017 оны 09 сарын 29 өдрийн Б/192 тоот Шилжүүлэн ажиллах тухай тушаал, 2017 оны 10 сарын 02 өдрийн Б /197 тоот 2017 оны 10 сарын 18 - 2018 оны 01 сарын 18 хүртэл 3 сарын хугацаатай цалингүй сургалтын чөлөө олгох тухай тоот тушаал, 2018 оны 01 сарын 18 өдрийн Б/ 22 тоот цалингүй чөлөөг 2018 оны 1 сарын 18 - 2018 оны 3 сарын 1-г хүртэл сугасан тухай тушаалууд тус тус гарсан. Гэвч Албан ёсны захиргааны чөлөө дууссан атал ажилтан Я. О нь 2018 оны 04 сарын 02 өдрөөс 31 өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй ажилд тасалж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 131 зүйл 131.1.3, Р  ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11 зүйл 11.9.1-д тус тус зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд нэхэмжлэгч Я.О ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч  Я.О нь Р  ХХК-д холбогдуулан засал чимэглэлчний ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 тушаал, засал чимэглэлчний ажлаас халсан гэх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцож Р  ХХК-ийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, Р  ХХК-иас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 4 537 830 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Я.О нь Р  ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн материал хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Р  ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 дугаар тушаалаар түүнийг Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр шилжүүлэн ажиллуулахаар тушаал гарсан нь зохигчийн тайлбар, Б/192 дугаар тушаалаар нотлогдож байна.

Ажил олгогч материал хангамжийн инженерээр ажиллаж байсан Я.О той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 21, 24 дүгээр зүйлд заасныг баримтлан дуусгавар болгож түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр ажиллуулсугай гэж дурьдаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Я.О ын өөрийнх нь хүсэлтээр түүнийг Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр шилжүүлэх тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Я.О д суралцах чөлөө өгөхгүй байсан. Харин Р  ХХК-ийн захирал ...чамд хангамжийн инженерээр сургалтын чөлөө олгох боломжгүй, харин Их барилгын хэсэгт шилжин ажиллах хүсэлт гаргавал сургалтын чөлөө олгох боломжтой. Суралцаад ирэхээр чинь хангамжийн инженерээр ажиллуулна гэсний дагуу Я.О хүсэлт бичиж өгсөн байдаг. Мөн Я.О өөрийг нь их барилгын хэсэгт инженерээр ажиллуулах тушаал гарсныг мэдээгүй байж байгаад 2018 оны 03 сард ажилдаа орох гэж ирээд мэдсэн гэж маргаж байгаа.

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Я.О ...Я.О миний бие хангамжийн инженер ажилтай.Миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ноос барилгын инженер мэргэжлээр суралцах болсон тул сургалтын чөлөөг минь 2017 оны 10 дугаар сарын 02-ноос Р  ХХК-ийн 1 дүгээр хэсэг буюу их барилгын хэсэгт шилжүүлэн сургалтын чөлөөг минь олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн ажил олгогч Я.О той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулах харилцааг зохицуулсан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон гэдэг нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр, ажилтан зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгээр хүсэлтээ гаргасныг ойлгоно. Тиймээс Я.О суралцах чөлөө авахын тулд хүсэлт гаргасныг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор талуудын тохирсон гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн ажил олгогч Я.О ыг Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр ажиллуулахаар тушаал гаргасан атлаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгуулсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.Ийнхүү Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч ажил олгогчийн өөрийг нь өөр ажилд шилжүүлсэн шийдвэрийг 2018 оны 03 сард мэдээд шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 зөрчөөгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Я.О өөрийг нь Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр ажиллуулахаар тушаал гарсаныг мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 тушаалыг Я.О д хэзээ хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.Иймд дээрхи үндэслэлээр Я.О ыг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2-рт Я.О ыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, Б/86 дугаар тушаалаар тогтоогдож байгаа.

Ажил олгогч Я.О ыг Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр ажиллуулахаар тушаал гаргасан атлаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгуулсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин Я.О той 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн З-11 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байгаа.

Гэтэл Б/86 дугаар тушаалд Барилга, угсралтын хэсгийн засал чимэглэлчин Я.О хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан З-11 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Я.О ыг Барилга, угсралтын хэсгийн засал чимэглэлчинээр ажилуулахаар З-11 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь тодорхойгүй, нотлогдоогүй байхад түүнтэй байгуулсан З-11 дугаартай /З-11 хангамжийн инженерээр Я.О той байгуулсан хөдөлмөрийнн гэрээ / хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээрхи үндэслэлүүдээр Р  ХХК-ийн Я.О ыг засал чимэглэлчний ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 тушаал, засал чимэглэлчний ажлаас халсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцож, Я.О ыг Р  ХХК-ийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 4 537 830 төгрөг гаргуулж Я.О д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 1 478 235 төгрөг болохыг тодорхойлсон цалингийн тодорхойлолтыг үндэслэн 1 өдрийн цалинг 68 755 төгрөгөөр тооцож шүүх хуралдаан болох өдөр хүртэл 66 хоногийн цалин 4 537 830 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж үзсэн./ 1 478 235₮:21,5 хоног=68 755₮ 1 өдрийн, 68 755х66хоног=4 537 830₮/

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 87 555 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Р  ХХК-ийн Я.О ыг засал чимэглэлчний ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 тушаал, засал чимэглэлчний ажлаас халсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцож, Я.О ыг Р  ХХК-ийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Р  ХХК-иас 4 537 830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.О д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Я.О ын цалинтай тэнцэх олговор 4 537 830төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Р  ХХК-нд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Р  ХХК-иас 87 555 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА