Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2022/0046/Э |
Дугаар | 2022/ШЦТ/48 |
Огноо | 2022-08-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Нямжав |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Нямжав,
Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн 2224000000060 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, , настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ИЦ регистрийн дугаартай Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Гнь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр “Хэц” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Зийн нүүрэн тус газарт цохиж улмаар машинаас татаж буулган хөл, гар руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Гнь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр “Хэц” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Зийн нүүрэн тус газарт цохиж улмаар машинаас татаж буулган хөл, гар руу нь өшиглөсөн гэх хэргийн үйл баримт нь:
Хохирогч М.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16-17 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Хэц” гэх нэртэй газарт өөрийн Бонго-3 маркийн УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор З гэх хүнтэй цуг мод бэлтгээд машин дээрээ ачаад явж байхад шороон замын хажууд 3 машин зогссон байсан. Тэгээд үл таних залуу миний машиныг зогсоосон. Тэгээд би өөрөө машиныхаа жолоочийн талын цонхыг онгойлгоход мэндийн зөрүүгүй нүүрэн тус газарт цохисон. Тэгээд бас тухайн залуу миний сууж байсан хаалгыг онгойлгоод газарт буулгаж дахин намайг өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 12/
Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ард яваа машиныг зогсоохоос өмнө нь би Б.Гдүүдээ ард яваа машин нь З гэх хүний машин юмаа. Тухайн З гэх хүн нь ноднин ахыг нь чамайг алчихсан байхад хэн ч миний урдаас юу ч хэлж чадахгүй. Манай авгай шүүхэд ажилладаг гэж муудалцаж байсан гэж хэлэх үед миний төрсөн дүү Б.Гнь З гэх хүний машиныг зогсоосон юм. Тэгээд манай дүү Б.Гнь З гэх хүнээс хаанаас явж байгаа юм, хаанаас мод бэлтгэсэн гэж асуухад нь З нь өмнөөс нь энэ нутгийн савдаг нь байна гэж хариулахад нь манай дүү Г нь өмнөөс нь энэ нутгийн савдгийг гэж мэдэхгүй юм байна гэж хоорондоо маргалдсан. Тэгээд З гэх хүн машинаасаа бууж ирээд хоорондоо муудалцаж байсан. Тэгээд манай дүү эхлээд нүүрэн хэсэг рүү нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч П.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш 17-18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Хэц гэх газарт М.Зийн машин дотор сууж шороон замын хажууд явж байхад нэг залуу бид хоёрын машиныг зогсоогоод мэндийн зөрүүгүй тухайн залуу Зийн нүүрэн хэсэг рүү 2 удаа цохисон. Тэр үед Зийн хамраас цус гарсан. Тэгээд Зийг машинаас нь гуд татаад гаргасан. Тэгээд тухайн залуу газарт унагаагаад газарт чирсэн. Тухайн газарт хоорондоо маргалдаж муудалцсан тухайн маргааныг зогсоох гээд Б дүү З болон Гийн машиныг зогсоосон залууг салгасан. Тэр үед З ум хумгүй машиндаа суугаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх 31/,
Гэрч Л.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед З ирээд Зийн машиныг Г буюу Зоригоо зогсоогоод шууд л Зийн машины хаалгыг онгойлгоод “Чи яагаад эндээс мод бэлтгээд байгаа юм” гэж хэлээд шууд л цохисон. Нэг харахад Зийн хамраас нь цус гарсан байсан. З болон Г нь муудалцаж байгаад З нь зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г гэдэг залуу З ахын машин руу явсан. Нэг мэдэхэд З ахын хамар руу цохиод цус гарсан байсан. Г буцаад манай аавын машин дээр ирээд аавыг заамдаж аваад машинаас татахаар нь би буугаад Г гэдэг хүний араас нь барьж авсан. Тэгтэл намайг унагааж байгаад дээрээс хэд хэд цохисон. Намайг цохиж байхад аав ирээд болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/ зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Гийн: “...2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймаг Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Хэц гэх газраас өөрийн төрсөн ах нар болох Г, Г нарын хамт өөрийн дугаартай машинаар галын түлээний мод хийгээд уулнаас уруудаад орж ирж байтал миний машины араас хэрэглээний мод ачсан цагаан өнгийн Пронтер маркийн машин, бас нэг мод ачсан цэнхэр өнгийн машин ирж байхаар нь би юун машин яваад байгаа юм бол гээд зогсоод араас ирж байсан 2 машиныг хүлээж байтал цагаан өнгийн машинтай Д хүрээд ирсэн. Тэгэхээр нь Д ахтай уулзаад мэнд асуугаад, таны араас ирж байгаа машин хэний машин бэ гэхэд “З” гэдэг хүний машин гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал араас нь явж байсан З гэдэг хүн хажуу талд машинтайгаа ирээд зогссон. Тэгэхээр нь би юун хүн хаанаас мод хийгээд ирэв ээ” гэж асуухад З гэдэг хүн “чамд ямар хамаатай юм би энэ нутгийн савдаг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “оо за за манай нутаг ийм савдагтай болсон талаар мэдээгүй юм байна, чи яасан их нутаг усны савдаг болдог юм, буугаад ир” гэж хэлсэн. Тэгтэл З гэдэг хүн машинаасаа бууж ирээд над руу мод бариад, намайг цохих гээд дайрсан. Тэгэхээр нь би тэр модны үзүүрээс нь барьж аваад зөрүүлээд нүүрэн хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр З гэдэг хүний хамраас цус гараад эхэлсэн. Тэгтэл Б машинаасаа бууж ирээд, манай ах Г бас буцаж ирээд З бид 2-г салгасан. Тэгээд З машиндаа суугаад сумын төв рүү явсан. Бид нар араас нь машиндаа суугаад уруудаад явж байтал өөдөөс цагдаа нар ирээд манай ах Г, Г бид 3-г цагдаа дээр ирсэн. Би З гэдэг хүнийг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч М.Зийн нүүрэн тус газарт цохисон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Зийн биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаяр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000000353 дугаартай “...М.Зийн биед тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, зүүн гар, шуу, баруун хөхний гадна дээд тал, зүүн гуяны гадна дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Зийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. М.Зийн биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. М.Зийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн /хх 54-55/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Гийн хохирогчийн нүүр нь тус газарт цохисон үйлдэл нь хохирогч М.Зид учирсан тархи доргилт гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь “...Миний бие тархины битүү гэмтэл, доргилт оноштойгоор эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн, эмчилгээний зардал болон ор хоногийн мөнгө болох 490,000 төгрөгийг Б.Г нь эмнэлгийн санхүүгийн дансанд өөрөө тушаасан байсан, эм, эмчилгээ авах мөнгөнд 200,000 төгрөгийг эмнэлгээс гарах өдөр миний 5498299335 дугаар дансанд шилжүүлсэн. Мөн Б.Гоос машины хагарсан урд салхины шилний төлбөр, засвар болон гар утасны дэлгэцийн төлбөрт 600,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бэлэн авсан. Одоо Б.Гоос нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбараар нотлогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ