Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 126/2022/0010/З |
Дугаар | 221/МА2024/0235 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0235
“Х Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд “АА” ХХК-ийн захирал болон гуравдагч этгээд Д.Ч, Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Х Э” ХХК
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга
Гуравдагч этгээд Д.Ч, Д.П, “АА” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Х Э” ХХК-ийн захирал Л.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., Д
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.
Гуравдагч этгээд “АА” ХХК-ийн захирал Д.Э
Гуравдагч этгээд Д.Ч
Гуравдагч этгээд Д.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Гуравдагч этгээд Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н
Хэргийн индекс: 126/2022/0010/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 он) 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.1.7, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт, хэмжээнд хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х Э” ХХК-д холбогдох хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээд Д.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шц, “АА” ХХК-ийн захирал Д.Э нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “
2.1. ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн ерөнхий агуулгаас харахад “Хөвсгөл Эх” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж тодорхойлохдоо Газрын тухай хуульд газар эзэмшигч хуулийн этгээд, хувь этгээдийн ялгамжтай зохицуулалтыг үл хэрэгсэн нэхэмжлэгчийн ирүүлсэн 2002 оны үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, аймгийн татварын хэлтсийн ямар нэгж талбарын дугаартай, ямар хэмжээний газарт төлж байсныг нь тодорхой зааглаагүй газрын төлбөр төлсөн баримт, ашиг сонирхлын зөрчилтэй буюу тухайн үед газар эзэмшүүлэхтэй холбоотой ажил хариуцаж байсан гэрч нарын мэдүүлгээр маргаан бүхий газрыг “Х Э” ХХК-ийг газар эзэмшиж байсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Ингэхдээ хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь хэд хэдэн газар эзэмшдэг байсныг 2 л газар эзэмшдэг байснаар дүгнээд зогсохгүй газрын төлбөрийг “дүйцүүлэн” авч үзэж маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзсэнийг гайхаад барахгүй байна.
2.2. Мөн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн “хэмжээ”-ний талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэл, түүнд хавсарган өгсөн баримт, давж заалдах шатны шүүхээс хэрэг анхан шатны шүүхэд эргэж очсоны дараа нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтад дурдаагүй хэмжээ буюу “4000 м.кв газар”-ын талаар дурдаж үүнийгээ “...гуравдагч этгээд Д.Чт газар эзэмших эрх шилжих үед 4000 м.кв газар болсон зэргээр тогтоогдож байна.”(“ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 5 дахь заалт) гэж тодорхойлсон атлаа 6 дахь заалтаар ”Х Э” ХХК нь 4400 м.кв газрыг эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь яав ч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.
2.3. Түүгээрч зогсохгүй “ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 7.4 дэх заалтын дүгнэлтээс нь харахад “1500 м.кв газар” юм уу?, “4000 м.кв газар” юм уу?“, “4400 м.кв газар” уу? гэдгийн аль нь “илт хууль бус захиргааны акт байна” гэж дүгнээд байгаа нь ойлгогдохооргүй болсон төдийгүй, нэхэмжлэгчид хэзээ олгогдсон, хэд дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт байгаа болоод “Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй асуудал юм.
2.4. Түүнчлэн анхан шатны шүүх “маргаан бүхий газар” хэзээ инженерийн шугам сүлжээ “бүхий газар” болсныг хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг өөрт олгогдоогүй эрх хэмжээнээс хэтэрсэн захиргааны акт гаргасан гэж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг буруу тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 болон 34.2 дахь хэсгийг хэрэглэж чадаагүйг тодорхой харуулж байгаа болно.
2.5. Энэ бүхэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2023/0255 дугаар магадлалд заасан эргэлзээ бүхий бүх л асуудалтай холбоотой ажиллагааг анхан шатны шүүх хийсэн боловч тэдгээр нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй болох, нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодорхой болгох. зөрчигдсөн эрх нь юу болох, түүнийг шүүхээр хэрхэн хамгаалуулж сэргээлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаандаа нэхэмжлэл гаргасан эсэх зэргийн аль нь ч үндэслэл бүхий нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүйг харуулж байх тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 126/ШШ2023/0192 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээд нарын зарим гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “Х Э” ХХК-аас дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан:
1.1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х Э” ХХК-д холбогдох хэсгийг,
1.2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Д.Пт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
1.3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамж,
1.4. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах.
2. Анхан шатны шүүх “... 2005 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь 7 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэсэн хуулийн заалтыг дурдсанаас бус хуульд заасан хүсэлт, бүрдүүлбэр баримтгүйгээр тус газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй буюу илт хууль бус байна... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 он) 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасанд хамаарна, бичиг баримтын бүрдэл дутуу байхад газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, газрын зориулалтыг автозогсоол, гараж байсныг үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамж нь Газрын тухай хуульд нийцээгүй ... ” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
3. Нэхэмжлэгч “Х Э” ХХК нь тус компанид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар олгосон 4400 м.кв газар эзэмших эрхийг 2005 оны 07 дугаар захирамжаар хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр Д.Чт шилжүүлсэн, түүний үндсэн дээр бусад захирамжууд гарсны улмаас уг 4400 м.кв газраа эзэмших эрх нь зөрчигдсөн гэж маргаж, тус компанийн захирал Л.Т нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 70 дугаар албан бичгээр 2000 оны 74 дүгээр захирамжийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
3.1. Хэргийн 159 дүгээр хуудсанд авагдсан уг захирамжид газрын хэмжээг “4400 м.кв” гэж бичсэн байх ба тухайн захирамжийн “Хуулбарын үнэн зөв”-ийг нотариатч гэрчилсэн, харин хариуцагчийн ирүүлсэн “1500 м.кв” газрыг эзэмшүүлсэн 2000 оны 74 дүгээр захирамжийн хуулбар авагдсан, мөн шүүхийн үзлэгээр[1] газрын албаны баримт бичигт 1500 м.кв газрыг эзэмшүүлсэн хувь хадгалагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх захирамжаар “4400 м.кв” газрыг анх эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, уг захирамж бодитой гарч байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч компанийн 4400 м.кв газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.2. Харин хэрэгт “Мөрөн сумын Засаг даргын захирамж, эхэлсэн 2000.01.03, дууссан 2000.12.30, хадгалах хугацаа байнга, хуудасны тоо 182” гэсэн хадгаламжийн нэгж бүхий захирамжийн өнгөн хувиас 106 дугаар хуудсанд байгаа Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дугаартай “Газар олгох тухай” захирамжийг хуулбарлаж авав...” гэсэн шүүхийн үзлэгээр хуулбарлан авсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжид “Худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар “Х Э” ХХК-ийн захирал Лд Чандмань компанийн баруун талд 1500 м.кв ... газар олгохыг зөвшөөрсүгэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч компанид 1500 м.кв газрыг эзэмших эрхийг анх олгожээ.
3.3. Уг захирамж гарах үндэслэл болсон газар эзэмших хүсэлтийг хүлээж авсан эсэхийг тогтоох боломжгүй болсон нь хэрэгт авагдсан “...”Х Э” ХХК болон иргэн Д.Лгээс 1999-2000 онд Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын газрын даамалд хүсэлт гаргаж байсан эсэх талаар баримтад шүүхийн үзлэг хийхэд 1999-2000 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрүүдийг устгасан гэсэн тул устгасан актын хуулбарыг хуулбар үнэн тэмдэг даруулж, шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргав” гэсэн баримт болон удаа дараа шүүх холбогдох газруудаас лавласан боловч тухайн баримтууд олдоогүй зэргээр тогтоогдож байна.
3.4. Харин тухайн үед 1999-2001 он хүртэл газрын даамлаар ажиллаж байсан Б.О-ийн “... 2000 онд “Х Э” ХХК-д тухайн үеийн нэрээр “Чандмань” ХХК-ийн эзэмшил газрын баруун талд байсан догол газрыг хүсэлт гаргасны дагуу эзэмшүүлсэн. Би тухайн үед захирамжийг төлөвлөж байсан. ... Ямар хэмжээтэй байсныг санахгүй байна. Хашааны хэмжээтэй л байсан. Би улаан шугамыг тавьж өгөөгүй ... миний ажлыг авсан Б.Б зааж өгсөн байх ...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн “... яг миний зааж өгсөн улаан шугамаар хашаа барьсан байсан, хашаа өөрчлөгдөөгүй ...” гэх мэдүүлэг зэргээс үзвэл хашааны хэмжээгээр “4000 м.кв” эзэмших эрхийг “Хөвсгөл”Эх” ХХК-ийн захирал Д.Лд хууль ёсоор үүссэн гэж үзэхгүй.
3.5. Учир нь дээрх захирамжийн өнгөн хувьд хадгалагдсан 2000 оны 74 дүгээр захирамж гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай /1994 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 2-т “Шийдвэрт газар эзэмших этгээдийн нэр, хаяг, уг газрын хэмжээ, байршил дангаар буюу дундаа эзэмших талаар нэг бүрчлэн заана.” гэсэн бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд Мөрөн сумын Засаг дарга тухайн захирамжид газрын хэмжээг “1500 м.кв” гэж зааж эзэмших эрх олгосон байхад газрын даамалд тус захирамжид зааснаас илүү хэмжээний газрыг зааж өгөх бүрэн эрх олгогдоогүй, ийнхүү газрын даамлын заасны дагуу хашаа барьсан хэмжээгээр буюу 4000 м.кв газрыг эзэмших эрх “Х Э” ХХК-д хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх уг хуулийг хэрэглээгүй, дээрх баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй болжээ.
3.6. Энэ талаарх гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын “... хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн газар нь “1500 м.кв газар” юм уу?, “4000 м.кв газар” юм уу?“, “4400 м.кв газар” уу? гэдгийн аль нь “илт хууль бус захиргааны акт байна” гэж дүгнээд байгаа нь ойлгогдохооргүй болсон төдийгүй, нэхэмжлэгчид хэзээ олгогдсон, хэд дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт байгаа болоод “Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй асуудал юм ...” гэснийг үгүйсгэхээргүй байна.
4. “Х Э” ХХК-ийн тухайн үед захирал байсан, газрыг анх эзэмшсэн Д.Л /асан/ нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтэд (1-р хавтас, 110 хуудас) “... Би 2005 онд “Х Э” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Ч компанийн баруун талд байрлах “Х Э” ХХК-ийн нэр дээрх 4495 м.кв газарт төрсөн дүү Д.Чтай хамтарч хөрөнгө оруулалт хийх тохиролцоотойгоор уг газрыг Д.Чт шилжүүлсэн ...”,
2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгт (1-р хавтас, 203 хуудас) “... 2020 онд “Х Э” ХХК, Д.Эын “АА” ХХК-иуд хамтраад орон сууцны хотхон барихаар болсон. Тухайн хотхоноо “е ” гэж нэрлэхээр болсон. Яагаад “Есөн эрдэнэ” гэж нэрлэх болсон гэхээр би эхээсээ ах дүү 9-үүлээ тул тэгж нэрлэхээр шийдсэн. ... Харин 1 блок барилгыг нь би өөрийн охин Л.Тгийн мөрөөдлийг биелүүлж бие даасан хувийн хаус барьж, түүнийг амьдруулахаар шийдсэн. Харин 1 блок барилгыг нь үйлчилгээний төвийн зориулалттай бариад Д.Пын ажил, мэргэжил, хийдэг ажлыг нь дэмжээд эрүүл мэндийн шинжилгээ үйлчилгээний төвийн үйл ажиллагаагаар ашиглахаар шийдэж, түүнийг нь Д.П удирдаад ажиллуулна гэж шийдсэн. Харин 2 блок орон сууцны барилгыг нь “Х Э” ХХК өөрийн хөрөнгөөр барьж, 2 блок орон сууцны барилгыг нь “АА” ХХК өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулаад, хувь хувьдаа худалдан борлуулахаар шийдсэн. ... Ингээд яахав барилга бариад дууссаны дараа нийтийн эзэмшилд тэртээ тэргүй шилжихээс хойш барилгаа бариад явъя, ах дүү хүмүүс хэнийх нь нэр дээр байх нь ямар ялгаа байхав гэж бодсон...”,
2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт (3-р хавтас, 60-65-р хуудас) “... 2001 онд хашаа барьж байх үед Д.Чын 4 настай банди нь түлэгдэж нас барсан. .... Д.Чыг манай хашааг барьж байх хойгуур хүү нь буцалсан аарцанд түлэгдээд би тэр хүүг нь эхнэртэй нь хамт Улаанбаатар хот руу авч явсан боловч хотод нас барсан. Тэгээд би дүү Д.Чт энэ хашаандаа байшин барихыг нь зөвшөөрсөн. ... Би тэр үед төрийн албан хаагч болчихсон байсан учраас компанийн ажилдаа оролцохгүй болсон тул газраа алдахгүйн тулд авто зогсоолоор ашиглах санаачилга гаргаж дүү Д.Чт хэлсэн. энэ газарт нийтийн орон сууц барих юм чинь газар эзэмших эрх нь нийтийн эзэмшилд шилжинэ гэж бодоод 2021 онд 2005 оны Мөрөн сумын Засаг даргын захирамжийн талаар хэл ам хийгээгүй. Миний төрсөн дүү нар миний үгнээс гарахгүй гэж бодоод газрыг Д.Чт шилжүүлсэн захирамжийн талаар 2021 оны 03 дугаар сард мэдсэний дараа заргалдаагүй...” гэх тайлбар зэргийг өгч байсан нь хэрэгт авагдсан зэргээс үзвэл Д.Чт өөрийн эзэмшиж байсан газраа шилжүүлснийг үгүйсгээгүй, Д.Ч нь үл хөдлөх хөрөнгө барьж амьдарснаас хойш уг газрын талаар маргаагүй байна.
4.1. Үүнээс дүгнэвэл маргаан бүхий Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар захирал Д.Лгээс дүү Д.Чт шилжүүлснийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна шүүхэд хандах хүртэл 17 жилийн өмнөх газрын албаны баримтууд олдоогүй нь тухайн үед газар эзэмших эрх шилжүүлэх талаар хүсэлт, холбогдох баримт огт байхгүй байхад илт хууль бусаар газар эзэмших эрхийг нь шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.
4.2. Харин уг 07 дугаар захирамжид аж ахуйн нэр гэсэн хэсэгт “Х Э” ХХК гэж, газрын хэмжээ хэсэгт “4000 м.кв” гэж, хэнээс гэсэн хэсэгт “Д.Л”, хэнд гэсэн хэсэгт “Д.Ч” гэж бичигдсэн боловч “Х Э” ХХК болон Д.Лд “4000 м.кв” газар эзэмших эрх олгосон шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Чт шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ.
4.3. Гэвч уг илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч “Х Э” ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэлийг хангаж, захирамжийг “илт хууль бус” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна.
5. Мөн хэрэгт авагдсан гэрч Д.Лгийн дээрх мэдүүлэг, тухайн газар дээр 9 ах дүү хамтраад орон сууц, үйлчилгээний зориулалтаар барилга барихыг хэлэлцэн тохирсон талаарх хэргийн оролцогчдын тайлбар, гуравдагч этгээд Д.Ч болон “Х Э” ХХК-ийн захирал Л.Т нарын байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /7 хавтас 1-2 хуудас/ барилгын зураг төсөл, кадастрын зургууд, мөн тухайн газраас Д.Ч нь 435 м.кв газрыг нэхэмжлэгч “Х Э” ХХК-ийн захирал Л.Тд шилжүүлсэн талаарх баримтууд болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжаар 435 м.кв газрыг Л.Тд эзэмшүүлсэн, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, Л.Т нь уг газар дээрээ нийтийн зориулалттай орон сууцны барилга барьсан зэргээс бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч нь 2005 онд газар эзэмших эрхээ шилжүүлсэн, улмаар тухайн газраас тодорхой хэмжээний газрыг Л.Т нь шилжүүлэн авч нийтийн зориулалттай орон сууц барьж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлсэн зэргээс үзвэл маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгч “Х Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
6. Түүнчлэн анхан шатны шүүх газрын төлбөртэй холбоотой тухайн газрын төлбөрийг нэхэмжлэгч нь 22 жилийн туршид хугацаанд нь бүрэн төлж байсан талаар хэрэгт баримт байхгүй, нэгэнт маргаан бүхий 2005 оны 07 дугаар захирамж гарснаар төлбөр төлөх үүрэг нь дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт нь тухайн нэгж талбарын дугаараар газрын төлбөрийг төлснийг нотлохгүй, газар эзэмших эрх нь бусдад шилжсэнийг мэдээгүй гэх үндэслэл болохооргүй байхад энэ талаар дүгнэсэн нь хэрэгт ач холбогдолгүй болжээ. Энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр “Х Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн улмаас зөрчигдөөгүй бөгөөд түүнээс хойш гарсан маргаан бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай /1994 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2, Газрын тухай /2002 оны/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус баримтлан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн “Х Э” ХХК-д холбогдох хэсгийг, мөн аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн Д.Пт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Х Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “АА” ХХК-ийн захирал Д.Э болон гуравдагч этгээд Д.Ч, Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус заасныг баримтлан “Х Э” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] 4 хавтасны 5 дугаар хуудас.