Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 67

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Г.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Даваанямд холбогдох эрүүгийн 201621000092 дугаартай, 153/2016/0071/Э/ индекстэй хэргийг 2015 оны 09 дүгээр  сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Гантулгын Давааням, 1991 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн, 25 настай, ПЗ 91102114 регистрийн дугаартай, эрэгтэй, яс үндэс мянгад, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-18 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2007 оны  10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж   байсан  гэх 

                                      Холбогдсон хэргийн талаар:                              

Шүүгдэгч Г.Давааням нь давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-12 тоот хашаанд оршин суух Л.Нарандуламын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Самсунг маркийн 32 инчийн зурагт, ЛЖ маркийн гар утас хулгайлж 560.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-23 тоот хашаанд оршин суух иргэн Д.Ганбатын гэрээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөөрөг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ц.Сувдаагийн гэрээс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цоожийг нь эвдэж ороод Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж 400.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 9-22 тоот хашаанд оршин суух Б.Хаянхярваагийн байшингаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 750.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 13-18 тоотод байрлах Б.Гочоогийн гэрээс 2 ширхэг шилэн аяга, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг суран хазаар, 30000 төгрөг хулгайлж 1.157.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-11 тоот хашаанд байрлах А.Энэрэлийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 40 инчийн Тошиба маркийн LCD  зурагт хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-36 тоот хашаанд байрлах Н.Нямбаярын гэрээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Фунай маркийн 40 инчийн зурагт, Асер маркийн нөүтбүүк, 6 метр урттай очиртой хивс, эмээлийн мөнгөн хэрэгсэл, Нокиа-2700 маркийн гар утас хулгайлж, 2.0 10.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-16 тоот хашаанд байрлах М.Намсрайжавын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цоожийг нь эвдэн орж 42 инчийн ЛЖ маркийн зурагт хулгайлж 699.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 4-12 тоот хашаанд оршин суух Д.Нямхүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 ширхэг монгол хивс, 2 ширхэг хөөрөг хулгайлж 1.370.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-1 тоотод байрлах Санж-Осорын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 42 инчийн Самсунг маркийн зурагт, кабелийн станц хулгайлж 650.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-14 тоотод оршин суух Б.Галбадрахын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-нд 42 инчийн TCL маркийн зурагт хулгайлж 850.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14-05 тоотод байрлах А.Баатархүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны үеэр улаан шар өнгийн хөөрөг хулгайлж 500.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7-3 тоотод байрлах Ш.Нямдоржийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр PHILIPS маркийн 32 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Г.Давааням мөрдөн байцаалтанд сэжигтнээр анх удаа өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт явж байгаад саарал өнгийн хаалгатай хашаан дотор  нэг гэр байсан.Хашаан дотор ороод гэрийн цоожийг нарийн төмрөөр цохиж онгойлгоод гэрийн хоймор байсан хавтгай дэгэцтэй зурагт, авдар дээр байсан гар утсыг аваад гэрээс гарч цоожийг нь буцаагаад түлхэж оруулсан. Тэндээс гараад такси аваад сангийн хэрмийн хойт талд казак айлын гадна ирж буугаад таксиний мөнгө байхгүй болохоор айлаас авсан гар утсаа өгөөд буусан. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан. Уг зурагтаа тэр айлд 60000 төгрөгөөр зарсан. Тэр айлд ороход Тилеухан тэднийд байсан.Бид хоёр хорих ангид ял эдэлж байхдаа танилцсан, бид үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / 1-р хавтасны 25-26-р хуудас/

Г.Давааням мөрдөн байцаалтанд сэжигтнээр 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ:... 2016 оны 04 сарын 22-ны өдрийн үйлдлээс өөр би гэмт хэрэг үйлдсэн. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд байсан монгол гэрийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод гэрээс шаргал өнгийн толгойтой хөөрөг авсан.Тэр хөөргөө аваад зах дээр очиж Мөст сумын гэсэн нэг ахтай тааралдаад асуухад би өөрөө хөөрөгтэй үүнийг залуудаа авч өгнөө гээд 85000 төгрөгөөр авсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын дундуур байх Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад нэг хашаа руу орж хашаан дотор байсан байшингаас 2 ширхэг мөнгөн хазаар, 6 ширхэг мөнгөн аяга авсан. Мөнгөн аяга, хазаараа зах дээр хөл Даваасамбуу гэгчид бүгдийг нь 80000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2015 оны 12 сард Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрээс монгол гэрийн цоожийг эвдэж ороод очиртой хивс 1 ширхэг, LCD зурагт авсан. Тэдгээр зүйлсээ Эрдэнэбүрэн сумын хүнд 90000 төгрөгөөр зарсан.Дараагаар нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байх Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрээс  монгол гэрийн цоож эвдэж ороод 32 инчийн зурагт авсан. Тэр зурагтаа такси барьж зах дээр ирээд зарсан, хэнд өгсөнөө санахгүй байна.Мөн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Цэргийн ангийн дээд талд байхаа нэг айлаас зурагт, гар утас авсан. Зурагтаа зах дээр нэг эмэгтэй хүнд 60.000 төгрөгөөр, гар утсаа 20000 төгрөгөөр зарсан.Мөн 04 сарын 20-ны үед Баатархайрхан багийн нутаг дэвсгэрээс нэг зурагт авсан. Тэрийгээ захын дээд талд байрлах таксины жолооч ахаар дамжуулан дүүд нь 50000 төгрөгөөр зарсан. Өөр хулгай хийгээгүй гэжээ. /1-р хавтасны 27-29-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ганбатын өгсөн мэдүүлэгт:  Би 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн орчим зах руу явсан. Зах дээр байж байгаад 16 цаг өнгөрөөд гэртээ иртэл манай байшингийн хаалга нээлттэй байсан.Гэрт ороход хүн байхгүй болохоор нь манай эхнэр Ариунгэрэл хаалгаа цоожлоогүй юм байх гэж бодоод түлээгээ бэлдэхээр гартал байшингийн үүдэн дээр модны үртэс уначихсан байшингийн цоож эвдчихсэн байсан. Би анх гэр лүүгээ орохдоо тэрийг анзааралгүй орсон байсан.  Гэтэл авдар дотор тавиур дээр байсан дунд гарын улаан толгойтой, ясан халбагатай, цагаан шаргал өнгөтэй, манан хөөрөг алга болсон байсан. Би хөөргөө буцааж аваагүй. Хохиролд хөөрөг буюу 1000000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 Хохирогч Л.Нарандулам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 07.40 цагийн үед гэрээсээ гарсан. Орой 17 цагийн үед манай дүү Л.Цагаанцоож над руу ярьж манайд хулгай орсон талаар хэлсэн.  Манай гэр хятад цоожтой байгаад түлхүүрийг нь алга болгосноос хойш ямар ч хамаагүй түлхүүр хийхээр онгойдог болсон. Зурагтаа 2 жилийн өмнө 580.000 төгрөг авч байсан, гар утсыг манай дүү Л.Цагаанцоож 5 сарын өмнө худалдаж авсан, 150000 төгрөгний үнэтэй. Эд зүйлээ хүлээгээд авчихвал надад гомдол санал алга, миний алдсан зүйл бүрэн бүтэн байна. Одоо надад нэхэмжлэх зүйл алга гэжээ. / 1-р хавтасны 18-19-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 1-р хавтасны 3-6-р хуудас/

Үнэлгээ тогтоолгох баримт / 1-р хавтасны 9-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтасны 21-23-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 101-111-р хуудас/

 Гэрч Ш.Ариунгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад найз Золзаяагийнд очоод байж байтал манай нөхөр Д.Ганбат над руу 16 цагийн үед залгаад манай гэрт хулгай орсон байна, чи хэдэн цагийн үед гарч явсан юм бэ гэсэн.Би 13 цагийн үед гарч явсан гэж хэлээд гэртээ 19 цагийн үед харьсан. Манай авдран дотроос нөхрийн хөөрөг алга болсон байсан гэжээ. /1-р хавтасны 75-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 56-58-р хуудас/

Хохирогч Ц.Сувдаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 05.30 цагийн үед манай хадам дүү болох Баасанхүү залгаад танай гэрийн цоож эвдэлж хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ иртэл манай гэрээс 32 инчийн Шарп маркийн зурагт алга болсон байсан гэжээ./ 1-р хавтасны 108-р хуудас/

Гэрч Я.Баасанхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2015 оны 12 сарын 13-ны өглөө 06 цагийн үед манай ээж Цагаанцоож гэрээс бие засахаар гараад манай хажуу гэр буюу манай ахынд хулгай орсон байна гэсэн. Тэгээд би гэрт ороход харанхуй байсан тул хөргөгчний гэрэл асаагаад харахад хоймор нь байсан 32 инчийн Шарп маркийн зурагт алга болсон байсан.Тэгээд би цагдаад  дуудлага өгсөн.Тухайн үед манай ах Орос руу явчихсан, бэргэн эгч аавындаа хонохоор явсан байсан гэжээ. /1-р хавтасны 113-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтасны 91-92-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / 1-р хавтасны 94-р хуудас/

Хохирогч Б.Хаянхярваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг Улаанбаатар хот явсан хойгуур 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл манайд байж байгаад явсан. Гэтэл 03 дугаар сарын 07-ны өдөр манайд хулгай орж Самсунг брендийн 40 инчийн өнгөт зурагт алга болсон байсан. Уг зурагтыг 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Некст цахилгаан барааны дэлгүүрээс 850000 төгрөгөөр худалдан авсан гэжээ. /1-р хавтасны 148-149-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтасны 139-141-р хуудас/

Үнэлгээ тогтоосон баримт / 1-р хавтасны 153-р хуудас/

 Хохирогч Х.Бямбацог мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 сарын 13-ны өдөр манайх Говь-Алтай аймгаас Ховдод нүүж ирээд хадам ээжийнхээ гадна гэрээ барьсан. Тэр шөнө хадам аавындаа орж хоносон.Өглөө эрт 04 цагийн үед  манай гадаа машин ирж зогсох шиг болоод айлуудын нохой хуцаад байхаар манай нөхөр гарч юу ч алга гээд буцаж орж ирээд унтсан. Өглөө нь гэртээ орж юм угаахаар орох гэтэл цоож онгойхгүй байсан. Тэгээд харсан чинь хатавчны мод хагарчихсан хаалгаа татсан чинь онгойчихсон.Тэгээд гэрт байгаа хүмүүст хэлж хадам ээж цагдаа дуудсан. Манай гэрээс шилэн аяга -2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга -6 ширхэг, мөнгөн хазаар -2 ширхэг, суран хазаар-1 ширхэг, бэлэн 30000 төгрөг алга болсон байсан гэжээ./ 1-р хавтас 186-187-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 173-177-р хуудас/

Гэрч У.Бадамцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: би Б.Гочоогийнд очиход тэднийх гэрээ барихаар ханаа дугуйлж байсан. Би очоод хажуу талын чулуунуудыг нь түүсэн. Намайг тэнд байхад эхнэр  Оогий нь 4 ширхэг мөнгөн аяга бариад аавындаа орж байсан, мөнгөн хазаарыг нь хараагүй гэжээ. /1-р хавтасны 188-р хуудас/

Гэрч Б.Гочоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...манай аяганууд шинэ хэрэглээгүй аяга байсан. 2 ширхэг мөнгөн хазаар нь 5 ширхэг мөнгөн товруутай, хар хар савхин бүрээстэй, нэг дан хазаар нэг суран хазаар байсан. суран хазаар нь 2-3 удаа моринд хэрэглэж байсан, хар төмөр амгаатай. 2 шилэн аяга нь лууны зурагтай шар өнгөтэй байсан гэжээ. /1-р хавтасны 192-р хуудас/

Үнэлгээ тогтоосон баримт/1-р хавтасны 195-р хуудас/

Хохирогч А.Энэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:Би 2016 оны 04 сарын 24-ний өдөр 12.30 цагийн үед гэрээсээ гараад нөхөр Батсайханаар аавындаа хүргүүлээд манай нөхөр ээж Пагмын хамт зах руу яваад замаараа гэрээрээ орж авсан эд зүйлээ тавьчихаад аавынд ирсэн.Тэгээд 15 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэртээ очтол манай гэрийн хаалганы дээд талд нуусан байсан түлхүүрээр гэрийн цоожийг онгойлгоод гэрт байсан 40 инчийн хар өнгийн LCD Тошиба маркийн зурагтыг аваад буцаагаад манай гэрийг цоожлоод түлхүүрийг нь авч явсан байсан.Би хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, одоо надад гомдол санал байхгүй гэжээ. /1-р хавтасны 233-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 223-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтасны 225-226-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтасны 227-р хуудас/

Үнэлгээ тогтоосон баримт /1-р хавтасны 230-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Г.Давааням сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчим гэрээсээ гараад ахынх руугаа явж байтал замд бороо орсон. Тэгээд Баатархайрхан багийн 5-11 тоот хашаанд  цоожтой гэр байхаар нь хашаа руу ороод гэрийн түлхүүрийг хайтал цавгандаа байсан. Түлхүүрээр нь гэрийг онгойлгож ороод 42 инчийн Тошиба зурагтыг нь авч гэрийг нь цоожилчихоод таксинд суугаад явсан. Тэгээд таксины жолоочийн хамаатны хүнд уг зурагтаа 50.000 төгрөгөөр зарсан гэжээ. /1-р хавтасны 237-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 108-111-р хуудас/

 Хохирогч Н.Нямбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:Би 2016 оны 03 дугаар сарын 16-ны орой байшингаа цоожлоод хөдөө байдаг гэр лүүгээ явсан. Маргааш өдөр нь 13 цагийн үед ирэхэд манай байшингийн цонхыг хагалсан байсан. Гэрт орж үзэхэд хойморт байсан Фунай маркийн зурагт, шаргал өнгийн очиртой монгол хивс, Асер маркийн нотебүүк, бас манай охины найз Н.Гантигчулууны гар утас, эмээлийн мөнгөн хэрэглэл зэрэг зүйл алга болсон байсан.Би байшингийнхаа вакум цонхыг 22000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. /2-р хавтасны 27-р хуудас/

Гэрч Б.Буяндалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манайхан гэр бүлээрээ хөдөө яваад маргааш нь гэртээ ирэхэд байшингийн цонх хагалаад хулгай орсон байдалтай байсан. Урьд өмнө нь цоожлоод хөдөө яваад  байдаг байсан. Хашаанд өөр айл байхгүй гэжээ./2-р хавтасны 28-р хуудас/

Гэрч Н.Жавзанхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр аав ээж хоёр хөдөөнөөс ирээд сургуулийн амралт тавьсан байсан болохоор бид нар бүгдээрээ хөдөө явсан. Маргааш нь гэртээ ирэхэд манай байшингийн цонх хагарсан байсан. Манай гэрээс 40 инчийн зурагт, хивс, зөөврийн компьютер, эмээлийн мөнгөн баавар, тоноглол, манай найз Н.Гантигчулууны гар утас зэрэг зүйл алга болсон. Манай найз урьд өдөр нь манайд утсаа цэнэглэж байгаад мартаад явсан байсан гэжээ./ 2-р хавтасны 34-р хуудас/

Гэрч Н.Гантигчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би найз Н.Жавзанхорлоогийнд очоод гар утсаа цэнэглэж байгаад мартаад явсан байсан. Гар утсанд миний сим карт байгаагүй, зөвхөн утсаа цэнэглэж байсан.Маргааш нь утсаа авах гэтэл Н.Жавзанхорлоо манайд хулгай ороод чиний утсыг авсан байна гэсэн.Би 2013 онд Нокиа-2700 утсыг 70000 төгрөгөөр авч байсан гэжээ. /2-р хавтасны 36-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүэлэлт /2-р хавтасны /10-12-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоох баримт / 2-р хавтасны 20-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Г.Давааням сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 20-21 цагийн үед би ганцаараа Бугат багт байх айлын хашаанд орж дотор нь байх байшингийн цонхоор орж байшингаас LCD зурагт,гар утас, нотебүүк,хивс, эмээлийн мөнгөн хэрэглэл аваад байшингийнх нь цонхоор гаргаад хашааны даамангийн хажууд тавьчихаад гудамжны өнцөгөөс такси аваад буцаж ирээд авсан зүйлээ ачиж аваад чулууны үйлдвэрийн хашаан дотор дутуу барьсан байшинд оруулж тавьчихаад ах Тайваагийнд  очиж хоносон. Маргааш өглөө нь 07 цагийн үед ирж эд зүйлээ харчихаад зах руу явсан. Зах дээр очоод Эрдэнэбүрэн сум явдаг машины зогсоол дээр танихгүй ах эгч хоёртой таараад дээрхи эд зүйлийг авах уу гэж асуухад эхнэр нь хивсийг нь авъя гэсэн. 100.000 төгрөг гэсэн чинь 70000-аар авъя гээд би юмаа авчрахаар явж байтал нөхөр нь араас ирээд өөр ямар зарах зүйл байна, аваад ир гэсэн. Эд зүйлсээ авчраад үзүүлэхэд хивс, зурагт, гар утас гурвыг 225000 төгрөгөөр авсан.Би мөнгөө аваад таксины мөнгө өгчихөөд нотебүүк,эмээлийн мөнгөн хэрэглэлээ аваад зах руу орж Отгоо эгчийн гуанзанд оруулаад энийг түр хадгалж бай гэж орхиод явсан. Маргааш орой нь 16 цагийн үед нөгөө зүйлээ авахаар ирэхэд Отгоо эгч алга болчих байх гээд гэртээ аваачаад тавьчихсан гэсэн. Та тэр зүйлийг авах уу гэхэд нотебүүкийг нь 60000 төгрөгөөр авъя гээд 40000 төгрөг бэлнээр өгч маргааш нь 20000-г өгсөн. Эмээлийн мөнгөн хэрэглэлээ дараа авъя гээд тэднийд  орхисон.Юм зарсан хүмүүсдээ манайх хот руу шилжиж байгаа юм, тэгээд юмаа зарж байна гэж хэлсэн, хулгайнх гэдгийг мэдээгүй гэжээ. /2-р хавтасны 39-40-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 2-р хуудасны 41-45-р хуудас/

Хохирогч М.Намсрайжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө машинаа засуулахаар засварын газар явсан. Өдөр нь манай охин над руу ярихаар нь гэртээ очсон чинь цагдаа нар ирчихсэн манай гэрт хулгай ороод 42 инчийн LG маркийн зурагт алга болсон байсан. Одоо зурагтаа буцаагаад авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / 2-р хавтасны 64-65-р хуудас/

Гэрч Ц.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал манай охин утсаар яриад манай гэрт хулгай орсон байна  гэсэн. Тэгээд яваад очсон чинь хаалганы цоож эвдэрсэн байдалтай, гэрт ороход гэрийн зүүн хойт талын тавиур дээр байсан 42 инчийн LG маркийн зурагт алга болсон байсан гэжээ./2-р хавтасны 59-60-р хуудас/

Гэрч Б.Мөнхөө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 14.30 цагийн үед манай ач хүү гэрээсээ цэнэглэгч авна гэхээр тэднийд орж цэнэглэгч авчихаад цоожлоод ач хүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд буцаад ирэхэд даамангийн хаалга жаахан онгойчихсон гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан гэжээ./2-р хавтасны 61-62-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтасны 50-р хуудас/

Үнэлгээ тогтоолгох баримт /2-р хавтасны 58-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Г.Давааням сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-16 тоотод байрлах иргэн М.Намсрайжавын гэрийн цоожийг эвдэн орж  LG маркийн 42 инчийн зурагт хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна.Би хашааны даамангаар ороод гэрийн цоожийг нарийн төмрөөр хөшиж онгойлгоод гэрт ортол зүүн хойт хойморт зурагтны тавиур дээр байсан хар өнгийн LCD маркийн хавтгай зурагт байсныг аваад хашааны буланд тавьчихаад замаас такси бариад нөгөө зурагтаа аваад 24 айлын ломбарданд аваачиж тавих гэтэл надад бичиг баримт байхгүй жолооч ахыг тавиад өг гэж гуйгаад нөгөө ах ломбард орох хооронд би дэлгүүр ороод гараад иртэл цагдаа нар ирчихсэн байсан тул би зугтаад явчихсан гэжээ. /2-р хавтасны 68-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 2-р хавтасны 72-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, 2-р хуудасны 75-78-р хуудас/

Гэрч М.Амина мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: сар өдрөө сайн санахгүй байна. Г.Давааням манайд зурагт авч ирээд та энийг худалдаад авчих гэхээр нь 80000 төгрөгөөр худалдаж авсан.Хулгайн эд зүйл биш биз гэхэд, үгүй ээ би эхнэрээсээ салсан юм, тэгээд эд зүйлээ зарж мөнгө болгоод  хувцас хунар аваад хөдөө явах гэсэн гэж хэлсэн.Манайд ирэхдээ Телухаан буюу Телештэй ирсэн гэжээ. / 2-р хавтасны 84- 85-р хуудас/

Хохирогч Д.Нямхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай байшингийн цонхоор хулгай орж 3 ширхэг монгол хивс,2 ширхэг хөөрөг хулгайд алдагдсан. Манай гэр нэг хоног эзэнгүй байсан.3 ширхэг монгол хивсний нэг бүрийг 330000 төгрөгөөр, халтар манан хөөргийг 12 жилийн өмнө 500000 төгрөгөөр, цагаан манан хөөргийг 280000 төгрөгөөр худалдан авч байсан гэжээ. /2-р хавтасны 177-178-р хуудас/

Гэрч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: би 2016 оны 07 сарын 24-ний өглөө байшингийнхаа цонхыг арчаад зогсож байтал нэг зүс таних дунд зэргийн нуруутай, 25-28 насны, хар өнгийн арзгар үстэй,цэнхэр жинсэн өмдтэй,пүүзтэй залуу 2 хивс тэврээд хашаа даваад ороод ирэхээр хөөе гэсэн чинь энэ хивсийг ахынхаасаа авсан юм, харж байгаарай гэж хэлээд  манай байшингийн үүдэн дээр орхичихоод хойт хаалгаар гараад явахаар нь би цагдаад дуудлага өгсөн./ 2-р хавтасны 196-197-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтасны 167-171-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтасны 172,175-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 189-191-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хавтасны 195-р хуудас/

 Хохирогч Д.Ганчимэгийн  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 29-ний өдөр гэртээ байж байтал Насанхишиг над руу утсаар залгаж Санж-Осор ахын гэрт ирээд хаалгыг нь онгойлгох гэсэн чинь хаалганы цүү нь цоожтойгоо мултраад гараад ирлээ гэсэн.Тэгээд орой болчихсон байсан тул цагдаа дуудаагүй. Тухайн үед айлын хүмүүс нь Хятад явсан байсан учраас утсаар ярьсан. Манай хадам ах Санж-Осорын гэрээс Самсунг маркийн 42 инчийн хар саарал өнгийн зурагт, кабелийн станц алга болсон байсан гэжээ. / 2-р хавтасны 231-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хавтасны 215-217-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтасны 232-235-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хавтасны 237-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хавтасны 238-р хуудас/

Гэрч Б.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 07 сарын 28-ны өдөр зах дээр дэлгүүр дээрээ зогсож байтал Лхагвадорж орж ирээд нэг зурагтыг видео руу нь  оруулах гээд чадахгүй байна гээд 42 инчийн хар өнгийн зурагтыг хажуудаа нэг залуутай хамт оруулж ирсэн. Тэгээд би оролдоод видео руу нь оруулж чадахгүй байтал гаднаас Базараа орж ирээд тухайн зурагтыг видео руу нь оруулж өгсөн. Тэгээд тэр хоёр зурагтаа аваад гарсан. Лхагвадоржтой орж ирсэн хүн нь Г.Нямтулга мөн байсан гэжээ. / 2-р хавтасны 239-р хуудас/

Гэрч Ж.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 07 сарын 29-ний өдөр таксинд явж байтал нэг залуу суусан. Тэгээд би зурагтаа зарах гэсэн юм та 200.000 төгрөгөөр авахгүй биз гэсэн.Чи яагаад хямдхан зарж байгаа юм гэсэн чинь би Улаанбаатар явж ажил хийх гэж байгаа, замын зардалгүй болчихлоо, эхнэр хүүхэд Мөнххайрхан суманд байгаа гэж хэлсэн.Тэгээд  Г.Даваанямтай хамт эмнэлэг дээр очоод эхнэртээ үзүүлээд АТМ-ээс 200.000 төгрөг авч өгөөд зурагтыг авсан. Хулгайнх гэдгийг мэдээгүй гэжээ. /2-р хавтасны 240-241-р хуудас/

 Хохирогч Б.Галбадрах мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:2016 оны 07 сарын 26-ны өглөө найзындаа хоночихоод 10 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож мултраад цүүнд нь зүүчихсэн байхаар нь аваад гэртээ ороход гэрийн баруун талд зурагтны тавиур дээр байсан 42 инчийн TCL маркийн зурагт алга болчихсон байхаар нь цагдаа дуудсан гэжээ. /3-р хавтасны 8-р хуудас/

Гэрч Н.Таванцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 26-ны шөнө Мөстөөс гэртээ ирсэн. Өглөө нь зурагт алга байхаар нөхрөөсөө асуухад манай нөхөр Б.Галбадрах манайд хулгай ороод зурагт авчихсан байна ,цагдаад дуудлага өгчихсөн гэсэн. Намайг 2 хоног хөдөө яваад ирэхэд зурагт алга болчихсон байсан гэжээ. /3-р хавтасны 9-р хуудас/

Гэрч Т.Тилеухан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 25,26-ны үеэр байх таксинд явж байтал нэг залуу суугаад би гэрээсээ юм авах гэсэн юм гээд нэг цэнхэр хаалгатай хашааны гадна ирээд хавтгай зурагт авч гарч ирээд зах орсон. Тэгээд машинд дотор сууж байгаад би энэ зурагтаа зармаар байна, эхнэр хөдөө явчихсан мөнгөний хэрэг болоод 350.000 төгрөгөөр авч байсан, одоо 100.000 төгрөгөөр зармаар байна гэсэн.Тэгээд ах та авчих гээд гуйгаад байхаар нь 40.000 төгрөг байна гэсэн чинь за тэгвэл ав, 2,3 хоногоос үлдсэн мөнгийг нь өгчих гэсэн. Гэртээ дагуулж очоод асааж үзээд авсан. Хулгайнх биш биз гэхэд тийм юм байхгүй гэсэн гэжээ./3-р хаавтасны 10-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээний баримт /3-р хавтасны 12-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Г.Давааням сэжигтнээр мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 25-ны орой 16 цагийн үед Наран багт явж байгаад сараалжин даамантай хашаанд ороод нэг цоожтой гэр байсан.Хятад  цоожтой байхаар нь цоожийг нь чулуугаар 2 удаа цохиод эвдэж ороод 42 инчийн TCL маркийн зурагтыг авч амбаарын хажууд тавьчихаад хойшоо явж такси барьж ирээд зурагтаа аваад уг таксины жолоочийг энэ зурагтыг 100.000 төгрөгөөр авах уу гэхэд надад 50.000 төгрөг байна гэсэн.  Тэдний гэрт очиж залгаж үзээд 40000 төгрөгөөр аваад, үлдсэн мөнгийг нь 2,3 хоногоос өгөхөөр болсон. Хулгайнх биш биз гэхээр биш манайх гэж хэлсэн. 40.000 төгрөгөөр архи, тамхи аваад дууссан гэжээ. /3-р хавтасны 14-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээний баримт /3-р хавтасны 12-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтасны 16-19-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 2-р хавтасны 245-247-р хуудас,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /2-р хавтасны 248-249-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 3-р хавтасны 6-р хуудас/

Хохирогч А.Баатархүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны үеэр манай гэрийн цоожийг онгойлгож гэрээс чүнчигноров нэртэй, хуванцар улаан шаргал толгойтой, мөнгөн нуух,мөнгөн халбагатай хөөрөг хулгайд алдагдсан. Хөөрөг бор үйтэн хуар даалинтай байсан, даалинг нь үлдээгээд хөөргийг нь авсан байсан. Манай гэрийн цоожийг гэрийн хаалганы хатавчинд байсан түлхүүрээр онгойлгоод орсон байсан. Одоо хөөргөө хүлээн авсан, ямар нэгэн санал гомдол байхгүй гэжээ./3-р хавтасны 30-31-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг / 3-р хавтасны 32-33-р хуудас/

Гэрч Т.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: би гэртээ хулгай орсныг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн. Манай нөхрийн 22 жил барьсан чүнчигноров нэртэй, улаан шаргал өнгөтэй, хуванцар улаан шар өнгийн толгойтой, мөнгөн нуух халбагатай хөөрөг хулгайд алдагдсан гэжээ./3-р хавтасны 34-35-р хуудас/

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрт хулгай орсныг мэдсэн. Манай аавын 22 жил хэрэглэж байгаа чүнчигноров нэртэй, улаан шаргал өнгөтэй, хуванцар улаан шар өнгийн толгойтой, мөнгөн нуух халбагатай хөөргийг авсан байсан. Манай гэрийн түлхүүр гэрийн хатавчинд байдаг. Тэндээс аваад гэр онгойлгоод хулгай орсон байсан. Бид нар гэрээ цоожлоод байнга тэр газарт түлхүүрээ үлдээгээд явдаг байсан гэжээ./3-р хавтасны 38-39-р хуудас/

Үнэлгээ тогтоох баримт / 3-р хавтасны 42-р хуудас/

Г.Давааням сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би өдрийг нь сайн санахгүй байна. Цагдан хорихоос батлан даалтанд гараад арван мянгатын орчим явж байгаад цэнхэр өнгийн даамантай хашаа руу орсон. Хашаан дотор байсан монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж онгойлгоод гэрийн орон дээр байсан бор өнгийн даалинтай  хөөргийг аваад даалинг нь үлдээгээд гарсан. Гэрийн цоожийг буцаагаад цохиж оруулаад явсан гэжээ. /3-р хавтасны 44-45-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт / 3-р хавтасны 46-49-р хуудас/

Хохирогч Ш.Нямдорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: би Улаанбаатар хотод байж байгаад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийнхээ хамт гэртээ ирэхэд манай гэрийн цоожны даруулганаас хаалганы самбарыг мулт татаад гэрийн хойморт байсан 47 инчийн зурагтыг аваад явсан байсан. Уг зурагтыг 2012 онд 2.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай хашаанд дүү П.Долгорсүрэнгийх байдаг, өглөө ажилдаа явахдаа анзаарч хараагүй гэсэн. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авлаа, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /3-р хавтасны 63-64-р хуудас/

Гэрч П.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байгаад Улаанбаатар хотоос хүргэн ах Ш.Нямдорж ирж байна гэхээр гэртээ ирсэн. Тэгтэл Ш.Нямдорж ахын гэрийн цоожны даруулга сөхөгдөөд хаалга нь онгойчихсон байсан.Гэрт ороод харахад хойморт байсан зурагт нь алга болчихсон байсан.Тэгээд удалгүй ах эгч хоёр ирээд цагдаад дуудлага өгсөн гэжээ. /3-р хавтасны 65-р хуудас/

Гэрч Г.Амарсанаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гадуур ажилтай явж байсан. Тэгтэл 2-р 10 жилийн сургуулийн хажуу талын Болорын 27 айлын орон сууцны урд талд батлан даалтанд гараад удаагүй байсан Гантулгын Давааням зурагт барьчихсан зогсож байхаар нь сэжиглээд Г.Давааням руу явж очиход намайг хараад зурагтаа үлдээгээд зугтаад явчихсан. Хуучин 47 инчийн PHILIPS маркийн зурагт байсан гэжээ./3-р хавтасны 66-р хуудас

Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хавтасны 68-70-р хуудас/

Г.Давааням сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд байх би Бугат багийн 7-3 тоот хашаа руу ороход 2 цоожтой гэр байсан. Хойт талынх гэрийн цоожны даруулгыг эвдэж гэрт ороод хойморт нь байсан PHILIPS маркийн зурагтыг авч гарсан.Тэр зурагтаа зарах гэж авч явж байгаад эрүүгийн төлөөлөгч Г.Амарсанаатай таарсан. Тэгээд зурагтаа газарт тавиад зугтчихсан гэжээ. /3-р хавтасны 73-74-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хуудасны 75-79-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Давааням нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-12 тоот хашаанд оршин суух Л.Нарандуламын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Самсунг маркийн 32 инчийн зурагт, ЛЖ маркийн гар утас хулгайлж 560.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-23 тоот хашаанд оршин суух иргэн Д.Ганбатын гэрээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөөрөг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ц.Сувдаагийн гэрээс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цоожийг нь эвдэж ороод Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж 400.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 9-22 тоот хашаанд оршин суух Б.Хаянхярваагийн байшингаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 750.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 13-18 тоотод байрлах хохирогч Х.Бямбацогийн гэрээс 2 ширхэг шилэн аяга, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг суран хазаар, 30000 төгрөг хулгайлж 1.157.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-11 тоот хашаанд байрлах А.Энэрэлийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 40 инчийн Тошиба маркийн LCD  зурагт хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-36 тоот хашаанд байрлах Н.Нямбаярын гэрээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Фунай маркийн 40 инчийн зурагт, Асер маркийн нөүтбүүк, 6 метр урттай очиртой хивс, эмээлийн мөнгөн хэрэгсэл, Нокиа-2700 маркийн гар утас хулгайлж, 2.032.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-16 тоот хашаанд байрлах М.Намсрайжавын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цоожийг нь эвдэн орж 42 инчийн ЛЖ маркийн зурагт хулгайлж 699.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 4-12 тоот хашаанд оршин суух Д.Нямхүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 ширхэг монгол хивс, 2 ширхэг хөөрөг хулгайлж 1.370.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-1 тоотод байрлах Санж-Осорын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 42 инчийн Самсунг маркийн зурагт, кабелийн станц хулгайлж 650.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-14 тоотод оршин суух Б.Галбадрахын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-нд 42 инчийн TCL маркийн зурагт хулгайлж 850.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14-05 тоотод байрлах А.Баатархүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны үеэр улаан шар өнгийн хөөрөг хулгайлж 500.000 төгрөгний хохирол,

 Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7-3 тоотод байрлах Ш.Нямдоржийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр PHILIPS маркийн 32 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Гантулгын Даваанямыг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний хохирол урчуулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Давааням нь бусдад нийт 11.218.000 төгрөгний хохирол учруулснаас хохирогч Л.Нарандулам, А.Энэрэл, М.Намсрайжав, Д.Ганчимэг, Б.Галбадрах, А.Баатархүү, Ш.Нямдорж нарын хулгайд алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч Д.Нямхүүгийн халтар манан хөөрөг, 3 ширхэг хивсийг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч М.Аминад 80.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Н.Гантигчулуунд 40.000 төгрөг, хохирогч Д.Ганбатад 1.000.000 төгрөг, Ц.Сувдаад 400.000 төгрөг, Б.Хаянхярваад 750.000 төгрөг, Н.Нямбаярт 2.032.000 төгрөг, Д.Нямхүүд 250.000 төгрөг, Х.Бямбацогт 1.127.000 төгрөг тус тус төлөгдөөгүй болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтууд, шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч М.Аминад 80.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Н.Гантигчулуунд гар утасны үнэ 40.000 төгрөг, хохирогч Д.Ганбатад бор шаргал манан хөөрөгний үнэ 1.000.000 төгрөг, Ц.Сувдаад 32 инчийн зурагтын үнэ 400.000 төгрөг, Б.Хаянхярваад 40 инчийн зурагтын үнэ 750.000 төгрөг, Н.Нямбаярт 40 инчийн зурагт буюу 750000 төгрөг, зөөврийн компютер буюу 450000 төгрөг, хивс буюу 700000 төгрөг, эмээлийн мөнгөн хэрэглэл буюу 70000 төгрөг, цонхны шилний үнэ 22000 төгрөг, нийт 2.032.000 төгрөг, Д.Нямхүүд цагаан манан хөөрөгний үнэ 250.000 төгрөг, Х.Бямбацогт шилэн аяга 2 ширхэгийн үнэ 7000  төгрөг , дунд гарын 6 ширхэг мөнгөн аяганы үнэ 600000 төгрөг, 2 ширхэг мөнгөн хазаар  ширхэгийн үнэ 500000 төгрөг, суран хазаар 1 ширхэгийн үнэ 20000 төгрөг,  30000 төгрөг нийт 1.157.000 төгрөгийг тус тус  гаргуулж олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн 1  ширхэг эвдэрхий цоожийг тогтоол хүчин төгөлдөр болохоор устгах, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар 201621000092 дугаартай хэрэгт 201521000418, 201621000006, 201621000067 201521000392,201621000102,201621000084,201621000095,201621000174,201621000180, 201621000181, 201621000189, 201621000178 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн нь хуульд нийцэж байх ба шүүгдэгчийн цагдан хоригдсон 164 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Даваанямыг давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Даваанямыг эд хөрөнгө хураахгүйгээр 04 / дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 164 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Даваанямаас иргэний нэхэмжлэгч М.Аминад 80.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Н.Гантигчулуунд 40.000 төгрөг,хохирогч Д.Ганбатад 1.000.000 төгрөг, Ц.Сувдаад 400.000 төгрөг, Б.Хаянхярваад 750.000 төгрөг, Н.Нямбаярт 2.032.000 төгрөг, Д.Нямхүүд 250.000 төгрөг, Х.Бямбацогт 1.157.000 төгрөг тус тус гаргуулан олгож, хохирогч Л.Нарандулам, А.Энэрэл, М.Намсрайжав, Д.Ганчимэг, Б.Галбадрах, А.Баатархүү, Ш.Нямдорж нарт хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн бичиг баримт  хураагдаж ирээгүйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА