Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00782

 

А.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01809 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1523 дугаар магадлалтай, 

А.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,

Л.Нансалмаад холбогдох, 

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Хүрэлбаатар, хариуцагч Л.Нансалмаа, өмгөөлөгч Л.Нарандаваа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч А.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Л.Нансалмаатай гэр бүл болон амьдарч байгаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2087 тоот шийдвэрээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан. Охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг Л.Нансалмаагийн асрамжид үлдээж тэдэнд тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгэхээр болсон. Бид Капитал банктай 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 67 тоот зээлийн гэрээний дагуу авсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 76 дугаар байрны 72 тоот 2 өрөө орон сууцны зээлийн төлбөрийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус байрыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлөх үед Л.Нансалмаа, охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт Баянзүрх дүүрэгт байрлах 30-35 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар худалдан авч өгөхөөр болсон. Л.Нансалмаад 69-54 УНС маркийн Mitsubishi lancer маркийн машиныг үлдээхээр шийдвэрлэсэн. Гэвч Л.Нансалмаа нь охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байх, хөдөө явуулах, хувцас хунарыг нь угааж цэвэрлэхгүй байх, гэртээ цоожилж орхих, хоол ундаар дутаах, хүү Х.Чингүүнийг 2017 оны 09 дүгээр сард 1 дүгээр ангид оруулаагүй, охин Х.Хонгорзулыг номын санд суухаар явахад нь дүү Х.Чингүүний хамт явуулж тэнд нь удаан хугацаагаар байлгадаг байсан. Мөн Л.Нансалмаа нь би хоёр хүүхдээ өсгөж чадахгүй, чи өсгөөрэй надад хамаагүй шүү гэж удаа дараа утсаар ярьж байсан. Иймд миний хувьд охин, хүү хоёроо асран хамгаалж, хүмүүжүүлэх эдийн засгийн болон ёс суртахууны хувьд боломжтой, хоёр хүүхэд одоо надтай хамт амьдарч байгаа учир охин Х.Хонгорзул, Х.Чингүүн нарыг миний асрамжид өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Нансалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Хүрэлбаатараас 2012 онд гэр бүлийн удаа дараагийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцалсан. Ингээд салж хариуцагч Л.Нансалмаа би түрээсийн байранд амьдарсан. Миний хувьд охин болон хүүдээ аавыг нь магтаж ярьдаг, А.Хүрэлбаатартай уулзъя гэсэн үед нь уулзуулж, хонох үед нь хонуулж байсан. Тодорхой хугацааны дараа бид гэртээ ирсэн. Аавынх нь талаар сайхан бүгдээр ярьдаг. Хаана уулзана гэнэ тэр газарт нь хариуцагч би өөрийн биеэр хүргэж өгдөг байсан. Эх хүний хувьд илүү их цагийг үр хүүхэдтэйгээ өнгөрөөгөөсэй гэж боддог. Харин нэхэмжлэгч А.Хүрэлбаатар удаа дараа залгаж 2 хүүхдийн талаар ярилцах хүсэлтэй байгаа маш олон удаа утасдаж ярьж хэлж байсан. Би чамтай уулзах шаардлагагүй гээд миний дугаарыг блоклочихдог байсан. Би цагаан утас гуйж утсаар ярьдаг. Нэг бол би хөдөө байна сарын дараа очно гээд худлаа хэлсэн байдаг. Дахиад сарын дараа ярина нөгөө үгээ л хэлнэ. Энэ мэт байсаар байгаад төдий хүрлээ. Бие өвдөж байгаа тухай ярихад хохино надад хамаагүй гэж 6-7 сар үр хүүхдүүдтэй уулзах гэсэн юм гэхэд чамтай уулзахгүй байна, би чамайг танихгүй гээд уулзуулдаггүй байсан. Удаа дараа эдгээр үгийг хэлдэг. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь хүчирхийлэгч юм. Бүх нотлох баримт нь хэрэгт байгаа. Яг одоо хүчирхийлэлд байгаа юм. Нэхэмжлэгч нь хүчирхийллээс болж шүүхээр зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01809 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Хүрэлбаатарын Хонгорзул /рд:УМ07300803/, хүү Боржигин овогт Хүрэлбаатарын Чингүүн /рд:УК11221033/ нарыг эцэг Боржигин овогт Авирмэдийн Хүрэлбаатар /рд:ИЮ83020875/-н асрамжинд байлгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч А.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нансалмаагаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1523 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 101 /ШШ2020/01809 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хүү Боржигин овогт Хүрэлбаатарын Чингүүн /рд:УК11221033/... гэсний урд ...2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн... гэж нэмж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 76-р байрны 72 тоот 2 өрөө орон сууцнаас Л.Нансалмааг албадан гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч А.Хүрэлбаатар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дараа 3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар А.Хүрэлбаатар, Л.Нансалмаа нар хойшид охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай гэж нэмж, 2. гэснийг 4. гэж, 3. гэснийг 5. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Нансалмаагаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Нансалмаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600196913 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Л.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01809 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 06-ны өдрийн 1523 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Л. Нансалмаа би 2012 онд иргэн Хүрэлбаатараас гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авсан. Гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд толгой тархиндаа байнга зодуулж байсны улмаас бие муутай болсон бөгөөд биеэ эмчлүүлэх хугацаанд 2 хүүхдээ эцэг А. Хүрэлбаатарт түр харуулж байсан. Гэтэл А. Хүрэлбаатар нь 2 хүүхдийг маань асрамжид авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний амьдарч байсан байранд шөнө дайрч орон намайг гудамжинд хөөж гаргасан. Би өмгөөлөгчийн туслалцаа авч чадахгүй, сэтгэл зүйн хямралтай байх үед анхан шатны хурал болж 2 хүүхдийг А. Хүрэлбаатарын асрамжид үлдээсэн. 2 дах удаагийн анхан шатны хурлыг ч миний сонгон авсан өмгөөлөгчийг байлцуулаагүй хийсэн мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүний асрамжид миний 2 хүүхдийг байлгах шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн миний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, нотлох баримтыг хүлээн аваагүй. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дүгээр заалтыг хэрэглээгүй, уг заалтын дагуу иргэн би хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, эрх чөлөө эдлэх ёстой. Анхан шатны шүүх нь миний хууль зүйн туслалцаа авах эрхийг бүдүүлгээр зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01809 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 0б-ны өдрийн 1523 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

А.Хүрэлбаатар нь Л.Нансалмаад холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ ...хүүхдүүдээ өөрөө асран хамгаалахгүй хөдөө явуулдаг, хувцас хунарыг нь угааж цэвэрлэдэггүй, хоол ундаар дутаадаг, гэртээ цоожилж орхидог, хүү Х.Чингүүнийг 1 дүгээр ангид оруулаагүй, охин Х.Хонгорзулын хамт номын санд удаан хугацаагаар байлгадаг, хөдөө явахдаа гэрээсээ гарган гудамжинд үлдээсэн байсныг цагдаагийн байгууллага олж, хаяг тогтоосон байсан, хүүхдээ өөрөө өсгөөрэй гэж утсаар ярьдаг, ...сүүлийн 3-4 жил надтай хамт амьдарч байгаа гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...хүүхдүүддээ аавыг нь магтаж ярьдаг, уулзах үед нь уулзуулж байсан, хүчирхийлэл үйлддэг... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд гэр бүл болсон, 2007.10.8-ны өдөр охин Х.Хонгорзул, 2011.02.10-ны өдөр хүү Х.Чингүүн нар төрсөн байх ба Баянзүрх дүүргийн шүүхийн 2012.10.15-ны өдрийн 2087 дугаар шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Л.Нансалмаагийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна.  

Хүүхдүүд сүүлийн 3 жил нэхэмжлэгч буюу эцгийн асрамжид байсан нь тогтоогдсон, хариуцагч үгүйсгээгүй байна.  

Нэхэмжлэгч хүсэлт гаргасан, шүүхээс томилогдсон шинжээч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын дүгнэлтэд ...хүүхдэд нөлөөлөх эцэг, эхийн үүрэг оролцооны ялгаатай байдал, хүүхдэд хандах хандлага, хүүхдийн зүгээс эцэг эхэд хандах хандлага, дасан зохицол зэргийг үндэслэн эцэг А.Хүрэлбаатар нь Х.Хонгорзул, Х.Чингүүн нарыг асарч хамгаалах бүрэн боломжтой гэжээ /2хх 53-77 тал/.  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т зааснаар хүүхэд долоо ба үүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх ба охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нар шүүхэд гаргасан тайлбартаа ...аавтайгаа хамт амьдрах саналтай гэсэн байна /1хх236-238 тал/. 

Түүнчлэн А.Хүрэлбаатар нь хүүхдэд хүчирхийлэл үйлддэг талаарх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

Насанд хүрээгүй хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй нөхцөлд тэдний дассан орчныг солих нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй.  

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн ...асрамж өөрчлүүлэх шаардлагыг хангаж, хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн үндэслэл, шалтгааныг шийдвэрт тодорхой дурдсан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7.-г зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...орон сууцнаас Л.Нансалмааг албадан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан, шийдвэрт хүү Х.Чингүүний төрсөн огноог бичээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.  

Анхан шатны шүүх хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан, 2020.05.20-ны өдрийн шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Л.Нарандаваад 2020.05.06-ны өдөр мэдэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийг байлцуулаагүй талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.  

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1523 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД  

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

П.ЗОЛЗАЯА 

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ