Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/141

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж 

Нарийн бичгийн дарга Ц.С

Улсын яллагч М.Ф

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уд холбогдох 1713001300083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овгийн Мын У, 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 00000  Шүүгдэгч М.Угийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.У нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Г.Аын Х банкны 000 тоот данстай картнаас 700000 /долоон зуун мянга/ төгрөг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.У нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Г.Аын Х банкны 000 тоот данстай картнаас 700000 /долоон зуун мянга/ төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    • Шүүгдэгч М.Угийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Арвин рестрораны караокед зөөгчөөр ажилд ороод ганц, хоёр хоног болж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21-22 цагийн үед “Арвин” рестораны караокены өрөөний хажуу талын VIP өрөөнд гаднаас 3 эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. ...нийт 63000 төгрөгийн тооцоо гарсан. Тооцоо хийхэд картны машин байхгүй тул би картыг нь авч АТМ орж мөнгө авч тооцоо хийсэн. ...Тэр үед картыг нь аваад үлдсэн юм. Тэгээд би 23 цаг 40 минутын үед ажлаас буугаад 4 замын С худалдааны хажуу талд байдаг АТМ-ээс нөгөө хүний виза картыг ашиглан 2 удаа гүйлгээ хийж эхний ээлжинд 500.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг нийт 700.000 төгрөг авсан. ...Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
    • Хохирогч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр согтуу явж байгаад гар утас болон түрийвчтэй бичиг баримтаа гээгдүүлсэн байна. Түрийвчтэй бичиг баримтыг олж авсан байгаа бөгөөд гар утас маань одоогоор олдоогүй байна. М.У миний картыг ашиглан авсан 700000 төгрөгөө барагдуулан өгч намайг хохиролгүй болгож өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,
    • Гэрч Г.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байсан байх өдрийг сайн санахгүй байна, надад хөдөө явах зардлын мөнгө хэрэгтэй болсон тул охин М.Угаас аавдаа мөнгө байвал өгөөч гэж асуухад охин болох М.У урьдчилгаа цалин авсан та зардлаа хийгээрэй гэж надад 20000 төгрөг өгсөн. Охин М.Угийн надад өгсөн 20000 төгрөг хүний картнаас авсан мөнгө гэдгийг дараа нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
    • Гэрч Ө.Ганаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний танил болох Атэй уулзах гэхэд иргэн А Онцгой байдлын хажууд баригдаж байгаа байранд байна гэсэн юм. Тэгээд би уг байранд очих үед А иргэн Атай хамт байсан ба Г.А уг байранд орж байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэд нартай хамт 1 цаг сууж 5 хүн 1 шил архийг хувааж уугаад миний машинаар Арвин үйлчилгээний төвд очиж иргэн А, А,

А нарыг үлдээсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-28 дугаар хуудас/,

    • Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намхан  махлаг биетэй нэг эрэгтэй хүн ирж надад картаар тооцоо хийнэ гэхэд би картын машин байхгүй талаар хэлсэн. Тэр үед банкны картыг манай зөөгч Уд өгч 65000 төгрөг авч ир гэж явуулсан ба надад өгөх тооцоо 63000 төгрөг гарсан юм. Тэгээд У банкнаас 65000 төгрөг авч ирж надад банкны баримтын хамт өгсөн тул 63000 төгрөгийг авч, үлдсэн 2000 төгрөг болон дансны баримтын хамт үйлчлүүлсэн эрэгтэй хүнд өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
    • Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Миний охин У 2017 он 11 дүгээр сарын 04-ний өдөр Арвин худалдааны төвд ажилд орсон ба 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагт гэрээс ажилд яваад шөнө 00 цагийн үед гэртээ ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
    • Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
    • Дискэнд хуулсан бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Угийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 Иймд шүүгдэгч М.Угийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

 Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СD дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.  

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.А нь “М.У миний картыг ашиглан авсан 700000 төгрөгөө барагдуулан өгч намайг хохиролгүй болгож өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ш овгийн Мын Уг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СD дискийг хэргийн хамт хадгалсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Угийн 01175022 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай. 
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ